1. Ард түмэн нь анх үүссэн. Энх амьдарсаар ирсэн. Мөнх орших туйлын үнэн. 
2. Улс гэдэг нь хүний олон тоо хүмүүс гэсэн утгатай ёс, цааз, засгийн дор эвлэлдэн нийлсэн нийгмийн зохион байгуулалттай, тодорхой цаг хугацаа, орон зайд оршсоор ирсэн, оршиж буй, ирээдүйд орших үнэмлэхүй үнэн.
3. Төр нь тухайн  ард түмний Улсын ёс, цааз, засаглалд хэлбэржсэн биет хүний, хүмүүсийн тухай ойлголт буюу харьцангуй үнэн.
Хүн төрөлхтөний түүхэнд хүний үүслийн анхдагч голомтын нэгэнд тооцогддог Алтайн нурууг сахин амьдарч буй Монголчууд бидэнтэй үүх түүх, уг гарвал, урт удаан аж төрж  оршсоор ирсэнтэй нь маргалдах хүн үгүй биз ээ.
 
Мөн тодорхой газарзүйн байрлалыг эзэгнэн, эзэмшин Улс хэмээн нэрлэгдэж ирснийг ч үгүйсгэх боломжгүй. 
Өнөөгийн түүхийн шинжлэх ухааны аргачлалаар баталгаатайдтооцож болох хүлээн зөвшөөрөгдсөн Төрт ёс, Төрийн байгууламжийн 2300-аад жилийн түүх ч албан ёсных. 
 
 
Тэгвэл эндээс яагаад бидний өвөг дээдэс хүний анхдагчид тооцогддог, тэдний байгуулсан Улс гүрнүүд мандан бадарч, бууран доройтсон ч сүйрч мөхөхгүй, устаж үрэгдэхгүй өдий хүрч бидэнд өвлөгдөв гэх асуулт, хариулт нь бидний сүүлийн үед хайж буй гарц, гаргалгаа биш үү...
 
 
Бүр энгийнээр хялбаршуулж тайлбарлавал өнөөгийн Монголын Ард түмэн бид энэ газар нутгийнхаа эзнээр олон зуун байтугай хэдэнмянган жилээр оршин тогтнож Хүннү, Сүннү, Жужан, Тавгач, Хамаг Монгол, Их Монгол, БНМАУ, БНМУ гэх мэтийнУлсуудыг байгуулж, тухайн Улс болгон нь Хаан, Хан, Ван, Хуралдай, АИХ, АИХ-ын дарга, Ерөнхийлөгч, Сайд Нарын Зөвлөлийн дарга, Ерөнхий сайд гэх мэтээр Төрөө засаж хэлбэржиж, биежиж ирсэн байдаг. 
 
 
Энэ нь өнөөгийн бидний ухаарах, цаашид баталгаажуулж үлдээх гол зүйлАрд түмэн эзэн, Улс өмчлөгч, Төр ашиглагч гэсэн хэзээ ч өөрчилж үл болох үндсэн зарчим.
Өөрөөр хэлбэл түүхэн наслалтынхаа хувьд Ард түмэннь мөнхийн буюу хүний үүслээс өнөөг хүртэлх байсан бол Улс нь янз бүрийн нэрээр 1 жил хүрэхгүй хугацаанаас хэдэн зуун жилийнх байх жишээтэй. Харин тухайн ард түмний байгуулсан Улсын Төр нь бүр богино настай солигдож ирсэн байх.
 
 
Тухайлбал Монголын Ард түмэн, Монголчууд 1206 оноос Их Монгол Улсыг байгуулж 1689 он хүртэл оршиж улмаар 1911 он хүртэл Манж Чин Улсын харъяа засаг захиргааны бүтэц байж, 1924 оноос Үндсэн хуульт БНМАУ, 1992 оноос Үндсэн хуульт БНМУ болон өнөөдөртэй золголоо.
Энэ хооронд хаад, Манжийн Төрийн томилгооны амбадаар хэлбэржсэн сайн, муу хэчнээн олон Төрийн нүүрийг Ард түмэн үзэв дээ.
БНМАУ-ын үед гэхэд л Х.Чойбалсангийн, Ю.Цэдэнбалын, Ж.Батмөнхийнх гэх мэт, 1992 оноос өдийг хүртэл 4 жилдээ солигддог МАНАН-гийн төрүүд эрх барьсаар л байж байна.
 
Ингээд Ард түмэн, Улс, Төр гэсэн гурвалсан холбоот, харилцан шүтэн барилдлагатай энэ агуу ойлголтыг Монгол хүн ухаантай, гүн ухаантай, эрдэмт, мэргэн, цэцэн түмэндээ бүр гүнзгийрүүлэн онол болгон, уламжлалт Төр өнөөгийн Төрийн хооронд алдагдсан Төрийн хар хайрцагны бодлогыг сэргээхийг ерөөн  орхиё. Харин яг яагаад энэ бүхнийг тайлж, тайлбарлаж, хөтөлж, чиглүүлж аваачих гээд байгаагийн учир  нь өнөөдрийн бидний бүгдийнх нь сонирхоод, үр хүүхдийн маань ирээдүй нь хамаараад байгаа Оюу Толгой, Таван Толгой зэрэгтэй  салшгүй холбоотой учраас.
 
“Газар бол Улсын үндэс” -Монгол Төрийг үндэслэгч Модун хаан
“3.1. Бүгд Найрамдах Монгол Ард Улсын хязгаарын дотор бүхий газар ба уурхай хийгээд ой мод, ус ба мөн тэдгээрийн баялгууд бол эрт цагаас нааш ард нийтийн хөрөнгө байсаар ирсэн зан сургаал нь чухам одоогийн ард Улсын ёсонд нийлэлцэх тул энэхүү хөрөнгө бүрнээ ардын мэдэлд байвал зохих бөгөөд энэ тухай хувийн өмч байгуулж үл болно.” - 1924 оны Үндсэн Хууль
“6.1. Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, Төрийн хамгаалалтад байна.”- 1992 оны Үндсэн Хууль
Зөвхөн дээрх бүгд цээжээрээ хэлдэг, мэддэг гурван жишээг л харахад бид энэ газар нутгаа эх, эхнэр, үр хүүхэдтэйгээ дүйцүүлэн эх нутаг, эх орон хэмээн хайрлаж, хадгалж, хамгаалж ирсэн нь батлагддаг. 1992 оны Үндсэн хуульд зааж баталгаажуулсан нь ч тухайн үеийн АИХ-ын гишүүдийн Монголоо алдаагүй байсных.
Мэдээж гагцхүү ард түмний мэдэлд гэсэн утга тодорхойгүй, Үндсэн хуульд батлахдаа хавсралтаар тайлбарлаж баталгаажуулаагүй нь өнөөдрийн Үндсэн хуулийн цэц (шүүх), Дээд шүүхийнхэнд үгийн утгаар тоглох, МАНАНтай наймаалцах боломж олгосон зэрэг алдааг засах ёстой.
 
 
Гэхдээ Үндсэн хуулинд хэрэглэгдсэн, цаашид хэрэглэгдэх нэр томъёо, хэллэгийн утга, агуулгыг яаж зохицуулж баталгаажуулж шинэ Үндсэн хуулиндаа оруулж тусгах талаар дараа дахин тусад нь илэрхийлэх бодолтой тул энд орхиод одоо мөрдөгдөж буй Үндсэн хууль хэрхэн зөрчигдөж газар нутгаа харийнханд алдаж буй, дээр нь өрөнд орж улам цааш даамжран бүх нутгаа алдах аюул тулгарсан өнөөгийн үетэй уян гарц, гаргалгаа дэвшүүлэх нь энэ удаагийн зорилго юм.
 
1. Маш яаралтай 1992 оны Үндсэн хуулийн 6.1-ийн “Гагцхүү ард түмний мэдэл, Төрийн хамгаалалтад байна” гэсэн заалтыг Үндсэн хуулийн цэц, Улсын дээд шүүх аль аль нь утга агуулгыг нь  Ерөнхийлөгч болон УИХ, засгийн газрынхан, улс төрчид, судлаачид, нийгмийн зүтгэлтнүүд хэн бугай ч өөр өөрийнхөөрөө тайлбарлан ашиглах боломжгүй болгох, хамгийн гол нь оюун санааны, эдийн засгийн алуурчдын тусламжтайгаар  газар нутгаа харийнханд алдахыг хааж өгсөн ямар ч маргаан үүсгэхээргүйгээр нэг утгатай тайлбарлаж Төр, засгийнханд мөрдүүлэх, хянах, нийт түмэндээ сурталчилж, тайлбарлаж таниулах.
 
2. Мөн Үндсэн хуулийнхаа шинээр батлагдах хувилбарт газар нутгийнхаа (сав, шим ертөнц аль аль нь хамрагдана)эзэн нь Ард түмэн, өмчлөгч нь Улс(шинэ Үндсэн хуулинд томъёологдсон нэрээрээ) байх, тухайн Ард түмнээсээ сонгогдсон төлөөллийн  Төр нь зөвхөн ашиглагч байхаар тов тодорхой олон утгагүй зарчим болгон баталж өгөх. 
 
Өөрөөр хэлбэл эзэн нь болох Ард түмнээсээ шинэ Үндсэн хуулинд заасан үүрэг хариуцлагын хязгаарт Улс нь өмчлөлийн харьцаа үүсгэж зөвшөөрөл авах ба уг хариуцлагаа даган нээгддэг өмчлөх эрхийн хүрээнд тухайн 4-5 жилийн настай Төрд ашиглах эрх, хариуцлагыг хуульчилж зөвшөөрөх нь зүйтэй.
Ялангуяа хүний гараар бүтээгдээгүй тэнгэр эцэг заяаж, газар эх бүтээсэн геологийн тогтолцоо, газрын хэвлийн баялагт энэ дарааллаар онцгой анхаарч цаашид дараагийн шинэ үндсэн хуулиар шинэ Монгол Улс бий болтол хэн ч хөндөж, гажуудуулж ашиглахгүй байхаар баталгаажуулах нь өнөөгийн эх орончдын түүхэн гавъяа байх болно.
 
Энэ зарчмаар хандсан тохиолдолд харийн мөнгө хүүлэгчдийн Монголд 1990 оноос дэс дараалалтай, шатлан хэрэгжүүлж буй оюун санааг нь самууруулж, тархийг нь гашилгаж, шуналтнууд дээр нь түшиглэн үр дүнд хүрч байгааг зогсоож, өнөөгийн Монголын ард түмнийг, Төрийг талцан тэрсэлдүүлсэн, хагаралдуулсан зүйл үгүй болж, дундуур нь хулгайч нар завшиж, оюун санааны алуурчид сэтгэлээ (сүнсээ) бидний зовлонгоор хооллож буй энэ их хямрал зөвөөр шийдэгдэн бид Эв, Эеээ олох эхлэл болох юм.
 
Анхнаасаа 1997 онд “Ашигт малтмалын тухай хууль” батлах үед л тэр үеийн Үндсэн хуулийн цэц (уг нь шүүх л дээр  олон Улсын мөрдөгдөж буй жишгээр)Үндсэн хуулийнхаа 6.1-р заалт зөрчигдсөнийг нь тогтоогоод газар нутгаа “Ард түмний мэдэлд нь, Төрийн хамгаалалтад нь” авч үлдсэнсэн бол өнөөдрийн энэ их 20 миллиард долларын өр, дотоодын санхүүгийн системийн 10 гаран их наяд төгрөгийн өр зээл үүсэхгүй, илүү өндөр хөгжил дэвшилд хүрэх боломж бүрэн байсан. Гэхдээ одоо ч оройтоогүй байна. 
 
Уул нь Монголын Ард түмэн  бол Таван Толгой болон Оюу Толгойн эзэн юм. Харин 2012 онд өөрсдийгөө сонгуулсан Төрд  ашиглагчийн хувьд Рио Тинто гэнэ үү, MCS гэнэ үү тэр долларын эздийн зээл дамжуулан зуучилж ашиг хайгч нартай зөвхөн ашиглалтын гэрээ хийх эрх, боломж аль аль нь байгаа. Ашиглагчийн статустай Төрд ч амар. Зөвхөн бүтээгдэхүүн хуваах гэрээг олон Улсын жишгээр хийхэд л болоо. Эзэн нь болох ард түмнээ төлөөлсөн гэж ойлгогддог Төрийн өмчит “Эрдэнэс Таван Толгой”, “Эрдэнэс MGL” гэх хаанаас нь ч харсан 100% Монголын бэлэн хуулийн этгээд байж л байна.
 
Таван толгойн ашиглалтыг явуулахдаа тэр хэн нэгэн ашиг хайгчид(Сумитомо, Peabody, Шинхуа, Керри) алтан тэвштэй, мөнгөн дугуйтай машинаараа зөөх, алмазан хүрзээрээ хутгах, хоорондоо ашгаа хуваах, маргалдах, муудалцахдаа 20 мянган хувьсагчтай томъёо ашиглах, алданги тооцсон 20%-иа ирээдүйн олох өгөөжийн томъёо гэж нэрлэх, Лондонгийн Аугаа Арбитрийн шүүхээр биенээ дарамтлах зэрэг нь бидэнд, Монголын Ард түмэнд, Монгол Улсад, Монгол Төрд огтхон ч хамаагүй болох төдийгүй ёстой жинхэнэ утгаараа ямар ч эрсдэлгүй юм. 
 
Төрийн эрх барих дээд байгууллага болох УИХ маань ч Төр шиг Төр болж “Таван Толгойн коксжсон нүүрсэндээ доод тал нь тэдэн хувийн бүтээгдэхүүн хуваах гэрээ зур, Оюу толгойн зэс алт мөнгөний ордын олборлолтоос нь хүрздээд гарч ирсэн бүтээгдэхүүн болгоноос нь тэдэн хувийг ав” гээд хуульчилж засгийн газартаа үүрэг өгөөд хянаад суух эрхээ эдэлнэ. Энэ мэтээр бүх байгалийн баялагт төрлөөс нь хамаарсан бүтээгдэхүүн хуваах, манайд оногдох доод хэмжээг тогтоож өгөөд илүү олоод ирсэнд нь одон медаль энгэрт нь, зохих урамшууллыг дансанд нь хийгээд байвал авилга ч гарахгүй.
 
 
Тухайн Төрийн наснаас илүү хугацаагаар гэрээ зурах шаардлагатай болвол эзэн нь болох ард түмнээсээ бүх нийтийн санал асуулгаар зөвшөөрлийг нь авна. Эзэд нь “Үгүй” гэвэлТөр зөрчих эрхгүй. Сайн бодоод ухаарч чадвал өнөөгийн өрөнд орон орон улам гарцгүй болж буй Монголын олигархиудын хувьд ч энэ нь аврал, жинхэнэ үндэсний хөрөнгөтөн болох, Төр түмэндээ адлагдахгүй эргэн нийлэх боломж.
 
 
Эцэст нь хэлэхэд ямар ч хүндрэл, бэрхшээл нь амжилтын шалтгаан, ямар ч сэтгэлийн зовлон нь жаргал баяслын сэдэл (буддизмаар бол Майдар бурхан) гэдгийг нийтээрээ бүгдээрээ харж, ухаарч ойлгож чадвал бид оюун санааны шинэ тэсрэлт, хүний хөгжлийн, нийгмийн дэвшлийн, Улсын мандан бадралтын гараанд ирсэн байгаа. Гадна дотны хэн ч үүнийг эсэргүүцэж, зогсоож чадахгүй, дийлэхгүй. Харин хэрэгжих хугацааны хувьд 1-5 жилийн л нааш цаашаа асуудал.
Үеийн үед муу Төрөөр толгойлуулсан Улс мөхөж Ард түмэн нь үлддэг. Тэд дахин Улсаа байгуулж Төрөө сонгодог ба үүнийг л хувьсгал хэмээдэг.
 
 
2015 оны 5 сарын 7
 
 
Эдийн Засгийн ухааны Доктор,  Холбоос овогт Т.Баярхүү