Ардчиллын жагсаалыг удирдагч нар өнөөгийн баячууд. Энэ бол капитализмын давуу тал, ядуу ардын хүүхэд яаж баяждагийн яруу тод жишээ гэлцэх. Бас Ардчилсан хувьсгалын зам зөв болохын батлагаа бөгөөд ядуучууд ажилгүйчууд архичид хүн амын олонхийг эзлэж байгаа нь капитализмын хууль учраас ийм шалгарал явагдах ёстой.
 
Тэд гагцхүү сонгуульд идэвхтэй оролцох үүрэгтэй. Тэдэнд чалчих эрх олгосон ч цадах эрх олгоогүй нь коммунизмыг эсэргүүцсэн капитализмын давуу тал гэх.Анхны жагсагчид монголын толгой хөрөнгөтнүүд болсон...
 
Зарим нь Улсын баатар гэх мэтээр “ард түмний” дунд Чойбалсан Цэдэнбал нар шиг мандаж хувийн амьдрал нь танигдашгүй болтлоо өөрчлөгдсөннь үнэн л дээ. Гэхдээ ямар цусан гавьяа байгуулаад хэний хамраас цус гаргаад улсын баатар болов? Тэр гавьяа нь хэзээ ил болох юм гэх мэт нууц төрд олон байдаг гэлцэх.
 
Нэг ярих нь Ж.Батмөнх дарга улс төрийн товчоог тараагаад төрийн эрхийг ард түмэнд олгосон хувьсгал болсон гэх. Ямар ч гэсэн Сүхбаатарын талбайд болсон сүрт тулалдаан гэх үйл явдал болоогүйг өнөөгийнхөн гадарлана.
 
Харамсалтай нь түвдизм шиг 105,000 лам төрсөнгүй, манжизм шиг 105,000 эрлийзийн эцэг эх үлдээсэнгүй, коммунизм шиг 100,000 шахам мянган шалгарсан зөвлөлт маягийн үзэлтэн төрүүлсэнгүй. Бүгдийг нь төөрүүлээд оронд нь арав гаруйхан том удирдагч хөрөнгөтний хүчирхэг гэр бүл л өрсөлдөн тодорлоо.
 
Бид номондоо капитализмын үзэл үүсэл, мөн чанар, түүхийн тухай нийтлэг мэдээлэл өгүүлэхгүй. Яагаад гэвэл бид монголынхоо хувь заяаг эргэцүүлэхийг хүссэн. Харин муу нэрний уут болсон социализмын үеэс ард түмний аж төрөл доройтсон, ажилгүйдэл ядуурал гээч гамшиг газар авсан зэрэг гутранги жишээ олон байгаа нь хуучин нийгмийн бас буруу юм гэх.
 
Ялангуяа дэлхийд дээгүүрт орох Оюутолгой Таван толгойн баялаг ордуудаа хашир капиталистуудтай хамтарч эзэмшээд мөнгөжих хөрөнгөжих юм бодон горьдсон биш харин ч баахан өр ширэнд ороод байгаа таагүй мэдээ түгээмэл. Баялагаа өгөөд барлаг болоод зогсохгүй гуйлгачин болох нь ямар гээчийн гэрээ хэлцэл юм бол.
 
Капитализмын жишиг, либерал үзлийн дагуу ажиллаад үзсэний гор хор тэр юм байх. Өнөөдөр энэ алдаанаас гарахын тулд хэн нэгний үзэл онол шагайгаад дээрдэхээ өнгөрсөн бололтой. Ерөөсөө капитализм гэдэг энэ юмсанж.
 
Тэгэхээр гэрээ хэлэлцээ гээчийг хийхийн тулд ямар нэгэн үзэл, гадаад хэлний ус цас ярих мэдлэг гэхээсээ илүү нөгөө л монгол ухаан эрдэм дутаад үгүйлэгдэж байна гэмээр.
 
Биднийг төлөөлсөн гоё яриатай бэлэн үгтэй төлөөлөгч нар маань гадаадаар үзэл санаагаа ярьж илтгэхдээ эцсийн эцэст мөнгө ярьдаг, тэгэх тусмаа хувьдаа халааслахаа яв цав тохироод гарын үсэг зурахаар үзгээ барьдаг өнгө төрх ямар олон илэрнэ вэ.
 
Нийгэм улс хамаагүй хувиа бод гэдэг мөнгө унагаа гэдэг албан тушаалд авирахын гол зорилго ч юм шиг.Капитализмын түүх эхлэж монголчуудын өнгө гундаж гандаж эхлэв. Юун социализм коммунизмыг шүүмжлэхтэй манатай харин ч “Пээ мөн сайхан байж” гэж ирээд шанаа тулан санаа алдан дурсацгаах нь их.
 
Хилийн наана цаана байгааЭрээн, Замын Үүд хоёрыг л жишээд харчих. Коммунист үзэл муу муухай юм болэнэ урд хөрш яагаад мандан бадарч хөгжөөд байнаа? Капитализм тийм сайхан юм бол бид яагаад “Замын үүд” шиг уйтгартай хэвээрээ байгаад байнаа? Бидэнд социализм зохиогүй юм бол одоохондоо капитализм бүр гутааж эхлэлээ.
 
Хамгийн харуусалтай нь хайран ч хүний мүс чанар, итгэл сэтгэл. Монголчууд хэзээ ч ийм хүний оронцгууд байгаагүй юм. Хамгийн жигшилтэй нь өнөөгийн төрийн зүтгэлтнүүд тэрбумтан гээд байгаа хүмүүс нь огцом цулайжцулцайсан Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Их хурлын гишүүд дунд байна гэдэг нь үнэн бол хэлэх ч үг алга.
 
Тэдэнд монгол ухаан эрдмийн шаар шавхруу ч алга байж. Адаглаад нийгэм маань юу ч тоохоо больж долширч догиширсон учраас хичнээнчанга хашгиравч хаана ч хад мэт нэгэнтээ цуурай татаад л бат бэх өнгөрнө...Түвдизм, Манжизм, Зөвлөлтизмийн хашраамжаас ер сургамж авсангүй.
 
Бас баахан “шинэ сэтгэлгээтнүүд” “их мэдэгч ухаантнууд” гарч ирээд сохор халтар чимээнээр гэдэг шиг үзлийн өнгөц сургаар шуурсны балаг энэ. Тэр үзэлтнүүдэд онолыг нь гадарлах хүн ганц ч байсангүй бас монголынхоо онцлогийг сэхээрэх хувьсгалч байгаагүйн илрэл өнөөгийн гундуу төрх зүдрүү амьдрал.
 
Өнгөц үзлийн ээлжит үерт ахиад л бас л хамууллаа. Ганц зөв зам либераль үзлийн замд эргэлт буцалтгүй орсон гэлцэнэ. Хаа сайгүй дампуурсан л гэнэ, өрийн барьцаанд орсон л гэнэ. Нэмэгдэж байгаа юм нь үнийн өсөлт ядуурал ажилгүйдэл гурав гэнэ. Түүнийг дагаад хоригдол, өнчрөл, амиа хорлолт ихэссэн гэнэ.
 
Нэмэгдэж ихэсч байгаа нь ердөө энэ мэт аж. Өрсөлдөөн нь мөнгөний төлөө, шударга нь мөнгөний төлөө гэнэ. Нудах үйлийг нударга үйлддэг, шудрах үйлийг шударга үйлддэг болцгооё гэж хэн нь ч юм уриалсан гэнэ.
 
Уужуухан амьсгал аваад ухаан санаагаа улс монголынхоо төлөө хандуулцгаах юмсан. Одоо бидэнд монгол ухаан эрдэм түүнээс ундран гардаг итгэл, сэтгэл, зүтгэл л юу юунаас илүү чухал байна.
 
Т.Баярхүү