Монголчуудын илд барьдаг эрэлхэг гарт нь эрхи бариулж номхотгох улс төрийн зорилгоор Түвдийн шашныг Монголд шургалуулж мэхлэх үедээ манжийн хаан Канси (Энх-Амгалан хаан 1654-1722) “Монголчууд лам дор мунхарч гэрийн адал (үйл явдал ажил үйл), хөрөнгөө (эд ахуйгаа) түүний (эл шашны) төлөө хоослож амуй.
 
Энэ болбаас аюул хөнөөл буян жаргалангийн хоосон сургаалыг хэтэрхэй үнэмшиж эгнэгт тусгүй болохыг эс мэдсэн мунхаг хүмүүний явдал болой” гэсэн бол Тэнгэр тэтгэгч хаан (1736-1795) “Монголчууд бүгдээр ламыг шүтсэнээс улсын хүчин нь доройтвой. Гэхдээ Монгол доройтвоос манай улсад ашигтай болой. Шарын шашнаар Монголыг илбэн тохинуулах ану бидэнд дээд мэргэн арга болой” гэж урхиндаа орсон байдлыг тохуурхан тавлаж байжээ.
 
Эцэстээ Монголчуудын амьдрал ямархуу төрхтэй болсныг Түшээт хан аймгийн Эетэй засгийн хошуунаас Шүүх яаманд аргаа баран өргөсөн бичигт “Богд хааны хувийн ба шашны хурал номын зэрэг олон зүйлийн дааж давшгүй алба гувчуурт нэрвэгдэж “гэр бүл үгээгүй, хүн бүр өлсгөлөн болж шууд өлбөрөн үхэхээс өөр аргагүй болсон” гэж бичсэн, Сайн ноён хан аймгийн Чуулган даргын газраас Эрдэнэ Шанзов яаманд хүргүүлсэн албан бичигт “Богд гэгээн ба Улсын эх дагина танаа өргөх мандал ба Ёнзон хамбын хэрэгсэл, жич хурал номын хэрэглэл зэрэг давхцаж, эр эм хүмүүс биеийн эдлэлийг мулталж өгөвч гүйцэхээ бэрх болсон” хэмээн учирласан зэрэг зарга заальхай нийтийг хамарч, тэмцэл мөчөөрхөл хаа сайгүй гарч байсныг үзэхүл Монголчуудын амьдрал байдал Богд хааны гарт ороод Манжийн үеэс дээрдээгүй харин ч улам бүр дордосныг түүх бичгүүд тэмдэглэсэн байдаг. Одоогийн Богд хааны ордон музей ямар үнээр хэний амь хөлс хүчээр буй болсон, түвдийн богд лам Монголчуудыг яаж шүү тэтгэж асны дурсгал болно.
 
1911 онд VIII богд Жибзундамбыг хаан сонгох гэсэн хий алдартай том лам нарыг эсэргүүцэж алтан урагтан Түшээт хан Дашням 27- хон насандаа “Би бол энэ түвд гаралтай Жибзундамбыг бодвол Их Чингис хааны угсаатан... Энэ лам бол ерөөс шашны хүн бөгөөд төрийн хэрэг мэдэхгүй” гэж тас эсэргүүцсэн. Шанд нь энэ омголон залуу 40-хөн хоногийн дараа 1912 оны өвөл алүүлсан. Хэдхэн сарын дараа түүнийг дэмжигч Засагт хан Сономравдан богдын ордонд залагдаад хор хүртэж сүү ууж олон лам гүрэмдсэн боловч тусыг эс олон хордож үхсэн.
 
Эндээс богдын ордонтой аллагууд Да лам Цэрэнчимэд, Сайн ноён Намнансүрэн, Дотоод яамны тэргүүн сайд Чин ван Хандорж, дотоод яамны орлогчсайд Равдан, Бүгд ерөнхийлэн захирах яамны дэд сайд цэл залуу Гончигсүрэн, Цэргийн яамны анхны сайд Гомбосүрэн... гээд өч төчнөөн тэмцэгчид Монголоо гэсэн ухаантнууд Богдын ордонтой холбоотой заллагаар алагдсан... Тэр богдын ойг тэмдэглэх, хөшөөг нь сүндэрлүүлэхээр манай өнөөгийн Ардчилсан намын удирдагч эрх  баригчид хөлсөн бужигнаж байгаа нь ямар юмны ёр цондон юм бол доо?
 
"Бэсүдэй овогт Н.Нагаанбуу агсан, Холбоос Т.Баярхүү нарын   "Монгол ухаан-9 эрдэм" номын хэсгээс..."