Эх орончдын нэгдсэн эвслийн тэргүүн, эдийн засгийн ухааны доктор Т.Баярхүүтэй ярилцлаа.
 
-Эх орончдын нэгдсэн эвсэл Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-ыг болон нэр дэвшигч С.Ганбаатарыг дэмжиж оролцсон. Сонгуу­лийн үр дүнгийн талаар ямар байр суурьтай байна?
 
-2017 оны Монгол Ул­сын Ерөнхийлөгчийн сон­гуулийн эхний санал ху­раалт дууслаа. Ер нь бол гурав хүртэл шатлалтай сонгууль болох магадлал эхнээсээ мэдэгдэж бай­сан. Сонгууль болж, санал хураалтын дүн эхнээсээ гарахад юу бо­лов гэдгийг ард түмэн харсан. Иймд олон түмэндээ, улс төр сонирх­дог, судалдаг бо­лон сонирх­лын бүл­гүү­дэд хандаж хэдэн санааг бодож үзээч гэмээр байна. Нэгдүгээрт, уламжлалт мон­гол ахуй, төрийн ойл­гол­тоор төр гэдэг нь ард тү­мэн дундаасаа итгэл хү­лээх замаар, хэдэн хү­ний итгэл авсан тэр хэм­жээ­гээрээ хариуцлага үүр­дэг, түүндээ таарсан эр­хийг эдэлдэг суварга /пира­мид/ маягийн бүтэц юм. Аравт, зуут, мянгат, түмт гэдэг тийм л бүтэц. Монгол Улсын үе үеийн ахуй төрийн дээд удирдлага нь Их хуралдай буюу Түмтийн ноёдын чуулган байж ирсэн. Үүнийг яагаад хэлэв гэвэл, төр гэдэг өөрөө ард түмний дун­даас шигшигдэж гарч ир­дэг, итгэлийг нь даадаг хүмүү­сийн нэгдэл. Гэтэл 1990 оноос хойш орж ир­сэн ли­бе­раль онолоор ард­чилал гэдэг нэртэй Анг­лийн саксчуудын бусад ул­сыг төргүй байлгадаг технологийн дагуу бий болсон харийн тоглоомын Үндсэн хууль, түүнийгээ зөрчдөг МАНАН бүлэглэл гэсэн оффшорчид, хул­гайч, луйварчид, монгол үгийн санд байж болох муу бүхний шин­­жийг агуулсан цаад мөн чанарын хувьд ч тийм хү­мүүс ард түмний дундаас гарч ирдэг төрийн тухай ойл­гол­тыг 27 жил гажуу­дуу­ллаа. МАНАН гэж нэр­лээд байгаа бүлэг­лэлийн толгойд сууж бай­гаа хулгайч, дээ­рэмчид ард түмнээсээ ямар их зөрж, хоёр туйл руугаа бие биеэ үзэн ядсан, тэр­сэлдсэн байдалд хүрэв. Ард түмэн тэднийг үзэн яддаг, нөгөөдүүл нь ард түмнээ мэхэлж хууль гээч юмаа өөрсдөдөө зориулж гаргаж байгаад түүгээрээ үлддэг заль нь яв­саар мухар­далд орчихсоны зангилаа сая, тайлагдлаа. Ингэж л харж байна.
 
-Зангилаа тайлагдаж гарц нээгдлээ гэж байна. Яаж ?
 
-Олон жил чадлаараа тэмцэж яваа хүний хувьд бүх давхаргын хүмүүс, жирийн иргэд, тэтгэврийн насныхан, ажилгүй, ядуу хүмүүсээс эхлээд олигарх компанийн эзэд, өрний туламнууд хүртэл бүгд одоо яах вэ, дийлэхгүй шүү дээ гэж гутаранги байдаг байсан бол энэ удаагийн сонгуулийн хамгийн том үр дүн нь “Үгүй юм байна. МАНАН гээд байгаа чинь явж явж хэн ч биш, хэврэг юм байжээ” гэдгийг харууллаа. Өөрөөр хэлбэл, Х.Баттулга “Н.Алтанхуягийн Засгийн газрыг заналтайгаар зурж огцруулсан” гэж хэлсэн шиг МАН, АН-ыг дагаж олон жил дарлуулж, дээрэлхүүлж, доромжлуулж, барьцаалагдаж явж ирсэн ард түмэн тэдний эсрэг саналын хуудаст заналтайгаар зурлаа. Энэ утгаараа үнэхээр том ялалт болсон. МАНАН сая бүрэн байхгүй болсон нь баталгаажлаа. Харин санал тооллогын сүүлийн шатанд эрх баригчид луйвар хийж М.Энхболдыгоо торгоолоо. Бодит байдалд гадаадад суугаа монголчуудын саналын дүн гарахад эрх баригч МАН-ын дарга дөнгөж 15 хувьтай гарсан. Тэр хүний өнөөдөр байгаа бодит үнэлэмж, авч байгаа дүн тэр байхгүй юу. 30 хувьд хүргэсэн тухайд бол миний харж байгаагаар 15 хувиасаа тал илүүг нь өнгөрсөн жилийн Их хурлын сонгуульд МАН 65 суудалтай болтлоо луйвардсан аргаараа нэмэлт саналын хуудсуудыг сонгуульд оролцоогүй хүмүүсийн өмнөөс хийж, ирц болоод саналын хувийг нэмж зальдлаа. Дээр нь ажиглагч, судлаач олон хүн мөнгө төлсөн, тараасан гэхчлэн ярьж байгаа, 100 тэрбумаас доошгүй мөнгө цацах шиг боллоо М.Энхболд гарахын тулд. Тэр мөнгөөрөө 200-гаад мянган хүний саналыг авна гэж үзээд өөрийгөө нэгээр, эсвэл хоёроор гарна гэж тооцож байтал түрүүний хэлсэнчлэн ард түмэн ч, намынхан нь ч заналтайгаар мөнгийг нь аваад саналаа эсрэг өгчихсөн. Өөрөөр хэлбэл, би авна гээд бардам сууж байтал С.Ганбаатарт ялагдаж, сандрахдаа баруун хэдэн аймгийг тасдаж авч байгаад улаан цагаан луйвар хийж гарч ирлээ.
 
-Эндээс ард түмэн юу ойлгож авах ёстой юм бэ, луйвар, булхайг яаж зогсоох юм бэ?
 
-Бид ялсан. Монголын ард түмэн ялсан. Ялалтаа баталгаажуулж чадсангүй луйвардуулчихлаа. Гэхдээ энэ нэг удаагийн луйвар болохоос цаашдаа Монголын ард түмэн ялчихсан гэдгээ мэдэрчихсэн, итгэл нь сэргэчихсэн. Одоо дараагийн сонгуульд Ардын намыг үсгүй арчина. Ялангуяа М.Энхболд гэдэг хүн Монголын ард түмний сэтгэлд огт байхгүй, үе цаг нь дуусчихсан. Уг нь жаахан юм ойлгодог, мэдрэмжтэй хүн байсан бол олон түмэндээ бүр муу хэлэгдэж, гэсгээгдэхгүйгээр жаахан аятайхан харагдаж байгаад гарчих боломж байсан.
 
-Тэр нь юу билээ?
 
-Мөнгөөр худалдаж авсан 200 мянган санал дээр засаг захиргааны сүлжээ төрийн барьцаанд орчихсон 300 гаруй мянган албан хаагч, дээр нь 100 гаруй мянган “амьгүй албат” нэмсэн тооцоогоороо нийт сонгогчдын 50-иас илүү бараг 60 орчим хувийг авна гэсэн бардам тооцоотойгоор сонгуульд орсон. Тэгээд ямар шившигтэйгээр ялагдав. Энэ нэг талаас М.Энхболдын ялагдал мэт боловч нөгөө талаас Монголын ард түмэн сэрчихсэн, цаашдаа тэсэхээ больчихсон, сая ялалтынхаа амтыг гартаа бариад үзчихлээ. Одоо М.Энхболдыг тэр сүлжээтэй нь, намтай нь, хүчний байгууллагуудтай нь, бүлэглэлтэй нь ялж чадсан Монголын ард түмнийг цаашаа хэн ч зогсоож чадахгүй.
 
-Та түрүүнд ард түмэн саналын хуудаст заналтайгаар зурсан гэж тодотголоо. Түүнийгээ дэлгэрүүлэхгүй юу?
 
-Энэ сонгуулийн өмнө нийгмийн идэвхтэй 20-25 хувь М.Энхболдыг газрын наймаачин, гарал угсаа гэхчлэн мэдэж байсан.Нэр дэвшээд сонгуулийн кампанит ажил эхлэхэд хорин хэдэн жил бугшсан МАНАН яг хэн бэ, ямар их бузар булай, гүн гүнзгий идээ бээрэндээ автагдсан юм бэ гэдгийг хоёр тал бие биеийнхээ муу муухайг хэлсээр байгаад ард түмэндээ их сайн ойлгуулж өглөө. Иймээс энэ сонгуулийн бас нэгэн том үр дүн нь ард түмний сонсчихоод үнэмшдэггүй байсан гэх юм уу, тухайлбал “За арай ч дээ, Женко төмөр замын мөнгө идээгүй байх”, “Арай ч дээ, М.Энхболд 60 тэрбумыг авчихаагүй байх” гэж бодож байтал тэр нь бодитой болоод зогсохгүй 27 жил хоёр нам Монголын төрийг ээлжлэн барьж намын гишүүдээ, ард түмнээ ашиглачихаад өөрсдөө оффшорчид болж, саарал ордонд бүгэж вакумд амьдардгаа илчиллээ. МАНАН гэж нэрлээд байгаа хэдхэн гэр бүл, тэднийг дагаж гар хөл нь болдог хамсаатан, олигарх бүлэглэл өөрсдөө яг хэн юм бэ гэдгээ хангалттай ойлгуулж өглөө. Энэ бол Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь том үр дүн. Гурав дахь том үр дүн монголчууд цаашид дараа дараагийн, тодруулбал Үндсэн хуулийн шинэчлэл гэх юм уу өргөн цар хүрээтэй өөрчлөлтийг илүү гүн гүнзгий хийх суурь, өөр өөрсдийнхөө итгэлийг олоод авчихлаа. Тэгэхээр МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар, МАХН-ын дарга, олон түмэнд зөвшөөрөгдсөн Намбарын Энхбаяр, бидний олон жил нам хамаагүй, нас хамаагүй зүтгэж ирсэн зүтгэл, хувьсгал гардаг нийтлэг тохироо, долларын эздийн хийсэн өрийн сүлжээ гэх мэт суурь шалтгаанууд олон түмний зүгээс бидэнд итгэх хүчин зүйл болж өглөө. Мөн бидний зориод байгаа зүйл зөв юм байна, оношийг зөв олж тавьсан юм байна гэж өөрсдөдөө итгэх итгэлийг сайн бэхэлж өгч, түүний илрэл болж манай нэр дэвшигчид саналаа өгсөн нь нэг талдаа энэ сонгуульд оролцсон “С.Ганбаатар ба бидэнд итгэ” гэсэн багийнхны хувьд ч гэсэн том дэвшил. Стратеги тактикаа зөв авахад ч бас сургамж боллоо. Эх орончид цааш ард түмнийхээ төлөө яаж явах вэ гэдгээ ойлгож авлаа.
 
-Та сонгуулийн талаар дотоод хүчин зүйлүүд, мөн чанарыг түлхүү ярилаа. Одоо гадаад хүчин зүйлийн талаар ямар дүгнэлт хийж байгаагаа хуваалцахгүй юу?
 
-Тэгье л дээ, үнэндээ сонгуулийн геополитик талыг хэн ч анзаарахгүй байгаа тал байх шиг. Миний бодож байгаагаар эхний шатны санал хураалтад ам.долларын эзэн америкууд хар машинаар оролцсонгүй. 2016 оны сонгуульд хар машиндсан шиг юм болсонгүй.
 
-Яагаад?
 
-Үүнийг би М.Энхболдтой холбоотойгоор ойлгож байгаа. Америкууд М.Энхболдыг дэмжихгүй гэдэг нь сүүлийн жил тойрон болсон гурван үйл явдлаар батлагдаж байна. Нэгдүгээрт, 65 суудалтай УИХ-д олонх болж, Их хурлын дарга болж аваад БНХАУ-д айлчилж, хоёр хувийн хүүтэй 4.2 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээл авах тохироо хийж ирсэн. Он гарангуут Засгийн газар хоорондын комиссын дарга У.Хүрэлсүхийг явуулж бүх асуудлаа шийднэ гэж байтал америкууд Ц.Элбэгдоржийг шахаж байгаад гэнэдүүлж Далай ламыг ирүүлэн Хятадтай хэрэлдүүлж, зээлийг нь буцаачихсан. Хоёрдугаарт, М.Энхболдыг МАН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшихийг мэдсээр байж Валютын сан шахалт үзүүлж гурван удаа Монголын ард түмний өмнө түүнийг шившигтэйгээр “зодсон”.
 
-Тухайлбал?
 
-Валютын сангийн хөтөлбөрийн хүрээнд татвар нэмэх тухайд М.Энхболд өөрөө сонгуульд орох гэж байгаагийн хувьд ард түмний дургүйцлийг төрүүлсэн юм хийлгэхгүй гэхэд шахсаар байгаад бүгдийг хийлгэсэн. Олны нүдэн дээр “гутлаа долоолгосон” явдал нь “Рио Тинто”-гийн мөнгийг Монголбанкаар дамжуулахгүй гэдэг шахалт. Сэтгүүлчид энэ баримтыг сөхөөд үзчихнэ биз, тухайн үед “Рио Тинто”-гийн мөнгөний тодорхой хэсгийг Монголбанкаар дамжуулна гэж УИХ шийдсэн, тогтоолын төсөл баталсан. Гэтэл Валютын сан ирээд “Бид та нарын эзэн болохоос, 65 суудалтай та нар юм уу” гэсэн. Яг тэр үед М.Энхболд бүлгийн хурал дээрээ “Бид тусгаар улс учраас нэг компани, тэднийг төлөөлсөн Валютын сангийн шахалтаар баталсан тогтоолын төслөө өөрчлөхгүй” гэж хэлчихээд маргааш нь таг болж, хэлсэн үгээ хэвлэлийн мэдээллээс арчиж хаяад Д.Хаянхярваа тэргүүтэй намынхан нь ингэхээс аргагүй гээд явуулчихсан. Олны нүдэн дээр “Чи хэн юм бэ” гэж навстайтал зодсон байгаа биз дээ. Эцэст нь хар машин эхнээсээ М.Энхболдыг машиндчихсангүй. Тэгэхээр М.Энхболдын бригадад хэлэхэд та нарыг тэжээдэг америк кандидатууд танай даргыг дэмжихгүй байна. Тиймээс дараагийн санал хураалтад “Женко”-д үсгүй арчуулна шүү гэж хэлэх байна. Бодит амьдралд мэдрэгдсэн гурван том шалгуурыг мэдрэхгүй байгаа нь “Панда”-гийн багийнхан улстөрч биш гэдгийг харуулж байна. Төр барьж байна гэж өөрсдийгөө ойлгодог бол Валютын санд салаавч өгчихөөд татвараа нэмэхгүй байж байгаад сонгуульдахгүй яасан юм бэ. Эцэст нь ганц жишээ хэлэхэд, М.Энхболдыг цэвэр Хятадын талын кандидат гэдгийг америкууд мэдэж байна. Америкуудын хувьд Монголыг Хятадад найр тавьж өгөхгүйн тулд шат дараалан М.Энхболдыг унагалаа. Монгол жижигхэн шүү дээ, бүгд мэдэж байгаа. М.Энхболдыг Ерөнхийлөгч болохоор ажлаа эхэлнэ гээд Хятадын жижиг компаниуд өнгөрсөн жилээс хойш хүлээж байгаа шүү дээ. Түүнийг нь америкууд сайн мэдэж байгаа.
 
-Тэгэхээр та М.Энхболд гарахгүй гэж хэлж байна уу?
 
-Энэ сонгуульд монголчууд хоёрдугаар шатанд үлдсэн хоёрын хэнийг нь ч хүсээгүй. Эх орончдоо төлөөлж С.Ганбаатар маань орж ирсэн. Санал авсан, даанч эрх баригчид луйвардчихлаа. Ямар ч мөнгөгүй, сүлжээ байхгүй шахам, сонгуульд ажиллаж байгаа хүн хүчний хувьд цөөхөн, харин сэтгэл нийлсэн баг байсны хувьд бид ард түмэнтэйгээ нэг хүн шиг байж чадлаа. С.Ганбаатарыг тойрч бий болсон энэ баг бол Монголын төрийн ард түмэнтэйгээ нягт шүтэн барилдлагатай ажиллаж чадах халуун голомт юм. Х.Баттулгын хувьд авсан 40 хувийн саналынх нь 20 нь барьцааных, ямар ч итгэл үнэмшил тэнд байхгүй. Мөнгөнөөс гадна намаар, Ц.Элбэгдоржоор дарамтуулж авсан хувь. Түүнээс биш С.Ганбаатар энэ сонгуульд ялсан. Тэр ард түмнийхээ 70 хувийн саналыг авчихсан нэр дэвшигч, ийм л байна.
 
Ч.Үл-Олдох