Хүн болгон бөндгөртөө орсон бүхнээ хийж болох шахуу задгайрлыг сурталчилж тэр нь хагарлын үрийг тарьж хэрүүл тэрслийг өдөөдөг сөрөг үр дагавар байдаг нь ЛИБЕРАЛ онолын эцсийн үр дүн далд нууц санаа юм. Тодруулж хэлбэл энэ нь том хүчтэй хөрөнгөтөн хэмээгчдэд (эдний ард нуугдсан МӨНГӨ ХҮҮЛЭГЧИД- БАНКОКРАТууд)  хэрэгтэй байдаг хүн төрөлхтнийг захирдаг толгой онол нь юмсанж.
Бид 1990 онд олон мянгаараа жагссан. Түүний гол үнэн нь нэг санаатай байсанд оршдог. Тухайлбал уг жагсаалууд эхнээсээ социализмаа зөв замд нь оруулах, ил тод байлгах, алдаа завхралыг нь арилгаад коммунизм руу алхацгаах санааны цугларал байсан. Тийм нэгэн санаанд нэгдсэн учраас түүнийг ашиглагсад завшигчдад амтат идээ болсон хэрэг. Тэр зах зээлийн нийгэм энэ тэр гэдэг ШИНЭ ЗАМ-ын тухай цогтой урианууд бол жагсаалын үр дүн гажуудаж аргаа барсан үед харийнхны шидсэн өгөөш байсныг үгүйсгэх хүн өнөөдөр ч байхгүй биз ээ.
1990-ээд онд хөөрч хийрхсэн жагсагчид бид "Ю.Цэдэнбалыг шүүхэд" гэсэн лоозон барьчихсан хашгичиж байцгаавдаа. Тэр өдрийн ойг өнөөдөр ёслол төгөлдөр тэмдэглэхийг Ардчилсан Нам Монгочуудаас шаардаж тэр үеийн саарал өдрүүдийг сануулах гэж Хонхны дууг төрийн шагналаар мялаан үзэл сурталжиж , тэр үеийн Цэдэнбалчуудын баян тарганыг жигшүүлж байв. Улс төрийн товчооны гишүүн П.Дамдин гэдэг хүн дарга байх 20 гаруй жилийн хугацаандаа 186 төгрөгийн ( 60$ тэр үеийн ханшаар) зөрчил гаргаж "ИДЭЖ УУСАН" байсныг ардчиллынхан шалгаж илрүүлж билээ. Цэдэнбал гэртээ номын сантай тэр бүү хэл уран зургийн нилээд хэдэн ширхэг цуглуулгатай байна. Бүх цол цалин энэ тэртэйгээ 9000 гаруй төгрөгийн(2500$ гэсэн үг) орлоготой байжээ гэж хөгшин маршалын 44 жил төрийн удирдагч байсан хугацааны ялыг Ц.Элбэгдорж жагсаал цуглаан дээр жигшилтэйеэ илтгэж байвдаа. Ардчиллын жагсаалын удирдагч нар өнөөгийн баячууд. Энэ бол Капитализм, Либерализмийн давуу тал, ядуу ардын хүүхэд яаж баяждагийн жишээ гэлцэх. Бас ардчилсан хувьсгалын зам зөв болохын баталгаа бөгөөд ядуучууд, архичид хүн амын олонхийг эзэлж байгаа нь чөлөөт өрсөлдөөн Либерализмийн хууль, ийм шалгарал явагдах ёстой гэх. Ард түмэн гагцхүү сонгуульд идэвхтэй оролцох, мөн удирдагч баячуудаа сонгох үүрэгтэй. Анхны жагсагчид Монголын толгой хөрөнгөтнүүд болсон. Хамгийн харамсалтай, жигшилтэй нь өнөөгийн ТЭРБУМТАН гээд байгаа хүмүүс нь огцом цулайж цулцайсан ЕРӨНХИЙЛӨГЧ, ЕРӨНХИЙ САЙД, ИХ ХУРЛЫН ГИШҮҮД, ТӨРИЙН ЗҮТГЭЛТНҮҮД дунд байгаад. Тэдэнд Монгол ухаан эрдмийн шаар шавхруу ч алга, хайран сайхан Алтан төр минь. Адаглаад нийгэм маань юу ч тоохоо больж долширч догиширсон учраас хичнээн чанга хашгиравч хаана ч хад мэт нэгэнтээ цууриа татаад л өнгөрнө.Одоо ямар ч асуудал сэдвээр тэр хэмжээний жагсаалд хүмүүсийг уриалан дуудаад дуудаад бүтэхгүй. Яагаад гэвэл бидний тархи толгойд МОНГОЛоо гэсэн нэгэн дор чуулах чин санаа байхгүй болсон.
 
ТҮВДИЗМ, МАНЖИЗМ, ЗӨВЛӨЛТИЗМ ийн хашраамжаас ер сургамж авсангүй. Бас баахан " Шинэ сэтгэлгээтнүүд" " Их мэдэгч ухаантнууд" гарч ирээд харийн ИЗМ болох ЛИБЕРАЛ үзлийн өнгөц сургаар шуурсны балаг энэ. Тэр үзэлтнүүдэд ардчилсан либерал зальт онолыг нь гадарлах хүн ганц ч байсангүй бас Монголынхоо онцлогийг сэхээрэх хувьсгалч байгаагүйн илрэл өнөөгийн бидний гундуу төрх зүдрүү амьдрал. ЛИБЕРАЛИЗМ ийн өнгөц үзлийн ээлжит үерт ахиад л бас хамууллаа. Ганц зөв зам Либерал үзлийн замд эргэлт буцалтгүй орсон гэлцэнэ. Хаа сайгүй дампуурсан л гэнэ, өрийн барьцаанд орсон л гэнэ. Нэмэгдэж байгаа юм нь ҮНИЙН ӨСӨЛТ, ӨРИЙН ДАРАМТ, ЯДУУРАЛ АЖИЛГҮЙДЭЛ гурав боллоо. Үүнийг дагаад ХОРИГДОЛ, ӨНЧРӨЛ, АМИА ХОРЛОЛТ ихэссэн гэх.
Нэмэгдэж ихэсч байгаа нь ердөө л энэ мэт аж. Өрсөлдөөн нь МӨНГӨ ний төлөө, ШУДАРГА нь МӨНГӨ ний төлөө гэнэ. ЭХ ОРОН ГАЗАР ШОРОО гэж хэн нэгэн ярихад ТҮВДИСТ үүд хамаг амьтны тусын тулд дөлөөд явчихна. МАНЖИСТ үүд аль хэдийн нөгөө талаас авлагатай авилгатай хахуультай нарийн сүлжээ бий болгочихсон түүнд нь дарга нар орооцолдчихсон, оосорлогдчихсон байна. КАПИТАЛИСТ ууд гэтэл Монголд тэр нь байхгүй учраас гадаадын Капиталистуудын( мөнгө хүүлэгчдийн) гар хөл болох санаатай цагаандаа гарсан луйварчид шүлсээ асгаруулаад босоод ирнэ. Яагаад гэвэл хүн төрөлхтний жам ёсны зам тэр юм байна гэсэн суугдал тэдний тэнэг толгойд аль хэдийн хоногшчихсон байгаа. Тэгээд зогсохгүй олон Намын олон ИЗМ үүд болох хүний эрх, эрх чөлөө хэмээн явцуурч, түүнийгээ гайхамшиг хэмээн сурталчлаад байгаа нөгөө ЛИБЕРАЛИЗМ нь үхрийн бөөр шиг үй олон жижиг булхайнцрууд болон хоорондоо эвцэлдэж таардаггүй. Бид эцэг эхээсээ Монгол хүүхдүүд төрж Монгол хүн болно гэсэн итгэл сэтгэлийн бүүвэйнд Монгол хүн болсон. Гэтэл өсч эхлэнгүүтээ ТҮВДИЗМ МАНЖИЗМ КОММУНИЗМ КАПИТАЛИЗМ ЛИБЕРАЛИЗМ ын сургаалиуд олон намуудын ИЗМ үүдийн сурталчилгаанд дарагдаад МО-ТҮ-МА КО- КА болцгоох юм. Энэ бол МОНГОЛ оо гээхийн ёр цондон. Уужуухан амьсгал аваад ухаан санаагаа УЛС МОНГОЛ ынхоо төлөө хандуулцгаах юмсан. Одоо бидэнд МОНГОЛ УХААН ЭРДЭМ түүнээс ундран гардаг ИТГЭЛ- СЭТГЭЛ- ЗҮТГЭЛ л юу юунаас илүү чухал боллоо.
 
Үргэлжлэл бий.
"Монгол ухаан 9 эрдэм ном"-ноос
Эдийн засгийн ухааны доктор Т.Баярхүү