Монголчуудын танилт, тунгаалтын онол.
Танилтын ухаан.
 
3. Байгал танихуй.
 
Таниагүй газар там. Танихгүй нутаг үхэл гэж үг бий. Бас" Таньсан зам татсан үүд" гэж нөгөө утгаар нь сэцэл эн байдаг. Түмэн зүйл ургамал, түүний шимтэй ба хортой, шингэц дуршил махлуулах, тарга хүч тогтоох, өөхлүзлэх нөлөө гээд таван хошуу малын идэш тэжээлийн онцлог чанар, өвс ургамлын шимлэг зохицол нутаг билчээрийн бүрдэл бүсийг( нам дор газар бутлаг ургамал хужир мараа, эсвэл өндөр газар сөл хөөх, бэл нуга газрын цэцэгт ногоо гэх мэт) тогтоон нутаг билчээр сонгох нь "ХҮН-МАЛ-НУТАГ" гэсэн нүүдэлч малчдын язгуурын гурвал эрдмийн цогцлол мөн. Бог мал гэхэд
Өвөл нөмөртэй, ойрын бэлчээртэй, цас их уналаа ч хад чулуу мод бут чөлөөлөх сэрмүүн багц өвстэй, нуугдмал идэштэй.
Хавар цасны хайлбар тан нуга газрын өнжмөл дарагдмал өвс шинэ ногооны соёолол бүхий. Хээл хүндэрсэн үед уул асга бартаа бага тавиу соргог ойр бэлчээр.
Зун гол усандаа ойр, ялаа шумуулгүй өндөрлөг газрын нарийн өвстэй сэрүүн нутаг.
Намар агь, таана, хүмүүл гэх мэт шүүслэг шимлэг, ургамал ус хужир ойр бэлчээр зэлүүд нутгаар оторлох.
 
Тэмээ мал
Хэзээд бутуул, баглуур, орог тэсэг, хужир мараа элбэг цайдам говирхог нутаг
 
Адуун сүрэг
Алсын харууцтай сэрмүүн сэлүүн нутаг өвс давуутай нуга газар, ширэг зүлэг мэрж идэх ургамалтай
 
Үхэр мал
Сарлаг гэхэд болж өгвөл өндөрлөг хяр газар доших, Монгол улаан үхэр гэхэд хэл ороож идэх зэгс борог халхай ортууз цахилдаг гэх мэт урт ургамалтай олон янз нутаг бэлчээрийн хэрэгцээ хариулга маллагаатай байдаг тул тэр бүх ургамал бэлчээрийн байдлыг танин мэдэх зайлшгүй шаардлагатай. Харин ямар ургамал анагаах хүчтэй эмийн чанартай вэ?. Ямар нь эрдэс бодис ихтэй эсхүл хортой гэх мэтийг танилтаар тогтоох бололцоогүй тул шинжээ эрдмээр шалгаж тэр мэдцээ тэмдгийн соёлд буулган хоруу болон ачит дохиог нь эрдэм болгодог байна.Хоруу гэдэг нь харшлах, ачит гэдэг нь шимлэг гэсэн утга юм. Иймээс танилтын ухаанд хамгийн чухал нь гадаад өнгөн хэлбэр, төрх байдал чухал бөгөөд дээр дурдсан хүн ба адууны сэдэвтэй онгироо тэнэг, ардаг ярдаг зэрэг элдэв дурдалууд бол шинж тэмдэг дохионы гаргалгаад биш зөвхөн танилтын өнгөц ухагдхуун өгөгдлүүд бас зөн совин ёр цондонгийн энгийн танилтууд юм. Иймд танилтын ухааныг дотор нь 
Зүс царай байр байдлын ажиглалт
Зан ааш төрх тавьтарын янз
Таашаал эс таашаалын өгөгдөл гэх мэтээр нарийвчлан гүнзгийрүүлэн судлах шаардлага буй. Үүнийг уламжлал шинэчлэл, орчин үеийн хөгжил дэвшил гэмүй. Эртнээс удамшин уламжилсан танилт тунгаалтын ухаануудыг ХАЙРЛАХ-ХАДГАЛАХ-ХАМГААЛАХ ын сацуу энэ шилдэг сонгомол өв эрдмүүдийг эргэн сэргээн удамшуулах үйл чухал болов. Жишээ нь: Эртний Монголчууд нэгэн газрын өвөрмөц тогтоц онцхой содон байдлыг таниад нэр өгснийг нь өнөөгийнхөн "Гүн галуутай" гэж цээжилжээ. Тэр нь гүн дороо галуу бий гэсэн юм уу, бүү мэд. Лав л нуур цөөрмийн юм уу газрын гүндээ галуу гангинаад байх шинж тэмдэг дохионы танилт биш. Баларлаг ухааны цаанах цэцэн мэргэн үнэн нь " Гүн халуутай" байжээ. ХАЛУУ гэдэг нь бидний нүүрс гэж хэлдэг тэр зүйлийн эртний нэр. Халуу шатах гэх юм уу, халуун чулуу долоох( зөөлөн хатууг таних хашир гэсэн утга) халуу төөнөм, халуу билүү чулуу гурав гэх мэт. Эртний дээдсүүдийнхээ таньсан эрдмийг бид ингэж л мартаж маанаг болцгоосон нь үндсээ гээснийх. Эрдэнэт гэж нэр шинжиж таньсан тэр газрын эртний нэрээр мөшгөөд ЭРДЭНЭТийг " нээсэн" гэлцдэг ч үнэндээ өвгөдийн нээсэн үүц л дээ. " Гүн халуутай" ч үүнтэй ижил эртээ урьд цагийн баларлаг нэгэн танилтын улбаа. Тэр газрын гүнд халуутай буюу нүүрстэй газар, одоогийн Багануурыг зааж өгчээ. Танилтын соёлын тухайд тэрлэг дээлний ар өвөр хормойн гол оёдолтой урт хэсэг ТАВИТАР гэдэг нэртэй. Тэрлэг дээлний ТАВИТАР нь хормойгоо журамлах, нууц нандин чанар хаан цээр ёсыг чухалчилснаас тавитарыг оосойлголгүй ( богинодуулалгүй) урт тавьж эсгээрээ гэх мэтээр ярьдаг. Эндээс тавитартай өтлөх, тавитартай байх гэх мэт хормойн дон бузартай холбоотой хэллэгүүд үүссэн хэрэг. Гэтэл өнөөдөр тэр нэр цээр мартагдаж эртний " танилтын соёл" ын үүрэг өв хөсөрдөн мартагдаж байна. Үүнтэй ижил танилтын эрдмийн гаргалгаагаар эр хүнийг "Эрхтэй хүн", эм хүнийг "Эмхтэй" гэж нэрлэдэг тухайд өмнө цухас дурдсан. Одоо ч " эрэг байгаа" эрэгтэй юм уу, " эмэг бий" эмэгтэй гэсэн санаагаар биш Эрхтэй хүн, Эмхтэй хүн гэх утгаар хэлдэг. Энэ бүхэн бол ямар нэгэн шинжээ биш яах аргагүй танилтын эрдмийн өв үгийн амин үнэн болно. Бид өнөөдөр МОНГОЛ ухаан эрдэм гэхээр бөх, сур, морь гурав юм уу үндэсний хувцас, тэрлэг дээл гэх мэтээр өчүүхэн зүйл ярилцах болжээ. Угтаа эдгээр нь танилт тунгаалтын ухаан эрдмийг ШИНЖ- ТЭМДЭГ-ДОХИОНЫ онолоор шалган урласан, утгажуулж тэмдэгжүүлсэн сэтгэлгээний соёл юм. Үүнтэй ижил уртын дуу, хөөмэй, бий биелгээ гэх мэт нь есөн эрдмийн гаргалгаа уран сэтгэлэг илэрхэйлэл бахдлаас ундран гарсан урлаг цэнгэл соёл юм. Уг язгуураа танихгүй мэдэхгүй учраас бөх гэхэд өдгөө Монгол эрдэм ухаан соёл урлаг наадам наадхай биш гуйвсан хярамцаг ээдмэг спорт болсныг харж байна. Жишээ нь: Бөх барилдахад хэдэн лам суучихсан Түвд Тангад хэлний сутра уншиж байх, давсан бөхөд дархлагдсан аварга, дархан бөхчүүд давааны хишиг хайрладаг ёстой атал эдүгээ лам хүүхдүүд улс аймгийн цолтнуудад боорцог түгээж байх. Монгол бөх дандаа тэнгэрийн амьтан, хийморийн суу билэг бэлгэдэл болсон шувууны гараа дэвээ, цолтой байдаг. Начин дэгдээ, харцага шонхорын дэвэлт, бүргэдийн шаваа, тасын дэгдэлхэйлэл өнөөдөр алга болох нь Өвөр Монголын зангиат бөх зэрэгт гараа дэвээ нь байдаг ч шаваа нь алга байх жишээтэй. Цолонд тэр спорт клуб, ийм хороо дүүргийн бөх гавьяат мастер, олимпийн алт мөнгө хүрэл медальт гэх мэтээр цоллож буй нь утгагүй бөгөөд Монгол бөх юм бол Монгол бөхийн цол чимгээ л дуудуулах ёстой. Тэр бүү хэл олимпийн аварга, Монгол улсын хөдөлмөрийн баатар гэх мэтээр цоллох нь эргэлзээтэй, ер нь олимпийн аварга хүнд Монголын цол ямар хэрэгтэй юм гэмээр. Угтаа Монгол улсын заан, сумын хөдөлмөрийн аварга гэсэнтэй адил утга юм. Харин улс эх орон нь үнэхээр хүндэтгэл үзүүлж байгаа бол өөр хэлбэр хэрэглэмээр. Дэлхийн бусад улсуудад олимпийн аварга Америкийн хөдөлмөрийн баатар гэж байдаггүйг санаа болгууштай. Цолны тухайд начин, шонхор, харцага, бүргэд цолнуудаас бүргэд нь ор тас үгүй болж оронд нь Манжийн хааны өгсөн заан арслан гэх халуун орны хоёр амьтны нэр орж иржээ. Ерөөс арслан нь Манжийн хааны бэлгэдэл, чулуун арслан зэргийг далайн орнуудаас захиалан хийлгүүлж яам журганыхаа үүд мануулах, гүүр их замын хөл сахиулах зэргээр тэндээ бэлгэдэж асныг манайд таван яамны үүд, Манж амбаны даамал сахиулах зэргээр нэвтрүүлж улмаар 20 р зууны эхнээс хүрээнд олон газрын урчуудыг цуглуулж арслантай авдар хийлгэн хуучны ОЛЗЫН ХЭЭ( өлзий гэж өнөөдөр нэрлээд байгаа), АЛХАН ХЭЭ, МАТИР УГАЛЗ ХЭЭ зэргийг урласан хуучин авдруудаар нь сольж урагш ачуулсан байдаг. Энэ нь МОНГОЛЫН буяны савыг хоослон ирэх санаа бүхий МАНЖ бодлого байв. Хуучны энэ хорон санаа одоо ч илэрч Монгол хуучин авдар авч урагш ачуулах Хятад наймаа гүйлгээтэй байх. Дээр дурдсан бүхэн МОНГОЛ язгуурын бүхнээ одооноос зөв " таньж" "тунгааж" Уламжлан Шинэчлэх нь зүйтэй гэсэн жишил санаа төдий юм.
Үргэлжлэл бий.
 
"Монгол ухаан 9-н эрдэм" номноос
 
Эдийн засгийн ухааны доктор Т.Баярхүү