Үргэлжлэл.
Б. Тэмдгийн соёл.
1. Жам зүйн төрөлх тэмдэг.
Байгалд заяасан төрөлх жамын тэмдэг нь хүний ухаан санаа, эрдэм мэдлэг, соёл урлалаас хамааралгүйгээрээ онцлог бөгөөд юмс үзэгдлүүдийн гадна шинжийг тогтоож улмаар ТЭМДГИЙН СОЁЛ ЖИШИГТ буулгах ухаан юм. Жишээ нь халзан хонь, хүрэн ат, хурдан морь, тэнхээтэй шар, ядруу борлон, давжаа төлөг, Алтайн цагаан оргил, өргөн Сэлэнгэ, Хангайн битүү ой, говийн элст манхан, намхан дов, цагаан дэрстэй газар, хүдэр эр, хөөрхөн хүүхэн, урт гэзэг гээд өч төчнөөнийг нэрлэж болох ба тэр бүх шинж ӨӨРМӨЦ ОНЦХОЙ агуулгатай. Эсвэл шээсээрээ өмч газрын хил хязгаар тогтоох араатны тэмдэг, төрсөн газартаа тэмүүлэх амьтны ёс, агуй нөмөр хаац өмчлөх зэрлэг амьтдын орогнол гээд тоочиж болно. Нүүдэлч малчид айлын хуучин буурин дээр буудаггүй, түрүүлж шав тавьсан газарт гэр барьдаггүй гээд төсөөтэй өвөг эрдэм олон.
2. Одон орон цаг агаарын мэдлэг зурхай, улирлын шинж.
Тухайлбал хавар эхлэхүй өдөр шөнө тэнцэх, усны шувууны түрүүч ирэх, ичээний амьтад хөдлөх, цас мөсний хайлаа, гол усны халиа хагарал, цөн түрэлт эхлэх, шар усны урсац үер, яргуй цухуйх гэх мэт...
Мөн байгалын цаг буюу амьд амьтан бүхэн мэдэрч захирагддаг цагийг 12 цагийн хэмжээст оруулж НАРАН ЦАГ тогтоон гэр доторхи тусгалаар тооцсон нь улирал өдрөөсөө болж цагуудын хоорондох хэмжээ орчин үеийн механик цагтай харьцуулахад 45 минутаас 90 минутын зөрөөтэй байдаг ч амьтан ургамлын цагийн мэдрэмж, тогтоолт, үйл хөдлөлтэй яв цав тохирдог нь гайхалтай байдаг. Мал ч гэсэн яг тэр үед хот хорооноосоо босч билчээрт тэмүүлдэг нь БАЙГАЛЫН ЦАГ ийн шинж юм. Энэ нь зуны цагт өглөөний нар 5-6 цагт мандах, өвлийн наран 8-9 цагт цухуйх өнөөгийн механик цагны тооцлын хэмжээстэй таардаг нь бидний өвөг дээдэс НАРАН ЦАГ тай түүний ЖАМ аар ажил амьдралаа зохицуулдаг байсны баримт юм. Гэтэл өдгөө цагийг нэг цагаар урагшлуулах эргэж ухраах тухай албадлага захиргаадалтын арга хэмжээ гэгчийг хэрэгжүүлж байгаа билээ. Уг нь Монголчууд Нар мандахад нэг цаг нь эхлэдэг цагтай байв даа. 
Дөрвөн улирал нь
9 сарын 22- ноос НАМАР
12 сарын 22-ноос ӨВӨЛ( хүйтний есөн ес эхлэх)
3 сарын 22-ноос ХАВАР
6 сарын 22-ноос ( халууны есөн ес эхлэх) ЗУНЫ улирал эхлэдэг НАРНЫ болон өдрийн уртсал богиносол тэнцэлтэй яв цав тохирдог ертөнцийн хуулиар тогтоодог нь шинжлэх ухааны судлалтай нийцдэг. Тэр бүү хэл НАМАР ӨВӨЛ 180 хоног, ХАВАР ЗУН 185-186 хоногтой. Энэ нь дэлхийн ЗУУВАН хэлбэртэй холбоотой гэсэн одон орны тооцоотой яг таарч байгаа нь гайхалтай. Энэ бүхэн нь ШИНЖ УХААНЫГ ТЭМДГИЙН СОЁЛ ЭРДЭМД яв цав буулнасны захын нэгэн баримт болно. Чухам иймээс " Эрт босвол хийморьтойн шинж, эрт унтвал жаргалтайн шинж" гэдэг хэвшил үг дэлгэрсэн хэрэг. " Бар цагт босохгүй бол Өдрийн ажил шившиг, бага насанд сурахгүй бол Насны эцэст шившиг" гэдэг нь Монгол зурхайн бар цаг нь нар ханын толгойд ирдэг цаг болохоос Түвд Литийн шөнийн 3-5 цаг биш болохыг нотлоно. Гэтэл энэ харийн Литэд итгээд Чингис хаан бар цагт хаан өргөмжлөгдсөн. Тэр бүү хэл Түвд Литийн бар сард бэлгэтэй гэж хаан сонгогдсон гэж манай түүхчид тольдож төр засаг түүнд нь итгэн хөтлөгддөг билээ. Чухам иймээс Монгол тооллын бар жилийн эхэнд 1205 оны баян намар эхлэсэн Их Хуралдайг Түвдийн бар буюу 1206 оны өвөл 2 сар гэж тэгээд бар цагийг нь үүр цайхаас өмнөхөн 3-5 цагт хаан өргөмжилж Их Монгол улсыг зарлан тунхагласан гэж тогтоосон ЭХ ТҮҮХЭЭ гадарладаггүй эрдэмтэдтэй улс билээ бид.
Үргэлжлэл бий. 
 
"Монгол ухаан есөн эрдэм" номноос
Эдийн засгийн ухааны доктор Т.Баярхүү