Үргэлжлэл.
2. ЦЭЭР, ЁР ЦОНДОН.
Монголд минь харагдагч ахуй эд байгаа бүхэн, харилцагч хүн мал тэнгэр газар бүхэн, тархинд бодогдогч хүсэл мөрөөдөл санаа бүхэн, амь зүрхэнд хайрлагдагч төрөлх бүхэн, итгэл сэтгэл зүтгэлийн утга учир нас жам бологч эх орон гал голомт юм. Энэ баялагаа шинж тэмдэгийн эрдмийн заяамал онолоор тунгаахдаа гай гамшиг үхэл хагацал зэрэг осол аюулаас хол байлгахыг хичээсэн ЦЭЭР үүд баримталж, тийм бэлгэгүй юмс үзэгдлүүдийн ёр цондон илрүүжин гэж ЦЭРВЭХ ЁС байдаг. Таварцаглаж унаад өвдгөө шалбалахад эмээ нь үлээж шивших нь эдгээхэд тус болохгүй ч бяцхан үрсийн гэнэхэн тархинд сэтгэл заслын хүч( энерги гээд байгаа) өгдөг. Босгон дээр сууж болохгүй гэх нь айлчин гийчин ирэхгүй болж харуулдах, олз орж ирэхийг горьлон хүлээхийн ёр болдог. Босгон дээр гишгэх нь айлын хил зөрчин басамжилсан түрэмхэй санааны ЦОНДОН гэж цээрлэх, багана тэвэрвээс гэрийн түшиг дутаж гай гамшигаас орон гэр голомтоо аврах осол зэхий хийгээд хүн нас барж гэрээ цаг бусаар зөөж барих вий гэх муу үйлүүдтэй жишсэн ЦЭЭР ХОРИГ болно. Харамсалтай нь тэр төрөлх бүхнээ ( хурдан морины уяаа дээр түвд хэлээр ХОРЖИЙЛОО гээд зогсож байх), манжаар сэтгэх ( миний морь түрүүлсэн тул алдар шагнал цол өгнө үү гээд мөнгө атгачихсан зэрэг нэмэх гээд ордноор гүйх) , Зөвлөлт маягаар ( төрийн их уяач болохоор гадаадын туршлага судлан дэлгэрүүлэхийг найдах) , Капиталист баруунтнууд шиг ( түрүүлсэн морио үнэ хүргэн арилжиж баяжихийн дон агуулах) ТОЛГОЙНУУДТАЙ болсон минь Монголоо алдахын ЁР ЦОНДОН мөн өө. 
 
3. ТӨРИЙН ЁСНЫ НЭГЭН МУУ ЁР, МУУХАЙ ЦОНДОН.
Монгол төрийн ёслолд зүрхэн дээрээ гараа тавих нь МУУ ЁРЫН ЦОНДОН гэж хэвлэлд хэдэнтээ хандав. Олон хүн " Нээрээ одоо үхсэн хүний баруун гарыг зүрхэн дээр нь тавьж оршуулдаг. Зүрх дарах нь зориг мохсон, зүдгээ нуусны тэмдэг гэдэг". Зүсийг нь НҮДЭЭР зүрхийг нь СЭТГЭЛЭЭР шинждэг. Зүрхгүй үхээнц дорой хүнийг илэрхийлсэн утга. Зүрхний доор хөх мах чичрэх ТҮГШҮҮР,  өвчүүний хормойд АЙМХАЙ МӨГӨӨРС, зүүн мээмэн доор АЮУЛХАЙ буй. ТҮГШҮҮР түгших нь үхлийн айдас. АЙМХАЙ МӨГӨӨРС өвдөх нь амин эрхтний айдас өвчлөл, АЮУЛХАЙ ЗҮРХ гэвээс аюулыг хамгийн түрүүнд зүрх мэдэрч дохио өгдөг эрхтэн юм. ЕРӨӨС АМЬ ГЭГЧ ЗҮРХ БИЛЭЭ. " Монголын нууц товчоо" нд дурдсан " гараа өвчүүндээ дарж" хэмээн Тэмүчин Бурхан Халдун ууланд өчил өчсөн тухай сурвалжийг зүрхэн дээрээ гараа тавьж хүндэтгэсэн утга хэмээн ухаардаг хүн байдаг шиг. Өвчүүгээ дарах гэдэг нь ӨВЧИХ( хуулах), өвчин гэм согогийн илэрц, ихэд айж түгшсэн цочиж эмээсэн, аргаа барсан утга юм. Тэмүчин Тайчуудаас шүтээнээ нуухаар зугтан амь гарсан түүх юм. Гэр бүлээ ч хайхарч чадаагүй их айдсыг нь зурагласан мэргэдийн бичлэг гайхамшигтай ажээ. Гэтэл төрийн сүлд дуулал эгшиглэж эхлэхэд АЙМШИГ ГАМШИГ нүүрлэсэн мэт АЙМХАЙ, ТҮГШҮҮР, АЮУЛХАЙ дээрээ дарах учиргүй. Түүний оронд Монгол ёсны " НОМХОН ЗОГСОХ" нь дуулгавартай байх, хүндэтгэлээ илэрхэйлэх, дөлгөөн шинжид ойр юм. Бас номхон морь мэт Монголынхоо төлөө зүтгэе гэсэн санаа утга ч эчээстэй буй. Гэтэл төрийн тэргүүн, түшээд АЮУЛХАЙ, АЙМХАЙ, ТҮГШҮҮР дээрээ дарах нь УЛС ОРОН өөдлөхгүй болсны ЁР ДОХИО мэт.
 
Үргэлжлэл бий.
"МОНГОЛ УХААН ЕСӨН ЭРДЭМ" номноос.
 
Эдийн засгийн ухааны доктор Т.Баярхүү