Үргэлжлэл. 
 
Өчигдөргүй ирээдүй гэж байхгүй. Өнөөдөр гэдэг нь зөвхөн өнгөрсөн ирээдүй хоёрын холбоос тухайн цагийн торгон агшин юм. Өчигдрийн ул мөр удамшиж эгэлшсэн ард түмний бор авдар болох эгэл амьдралд "ЗАНШИЛ" нэрээр хадгалагдаж байна. Тэр нь амин бэлгэдэл шүтлэгтэй холбоотой, уул тахих, дээж өргөх зэрэг " Зан заншил", амьдрал ахуйн онцлогт уялдсан хүмүүс хоорондын нүүдэлч малч аж төрлийн " Ахуйн заншил", төр найр хуультай холбоотой төр төмбөгөр, ёс ёмбогор гэх " Ёс заншил" хэмээх ХҮН-БАЙГАЛ-НИЙГМИЙН гэсэн гурвалд шүтэлцжээ. Тулгын гурван чулуу бат болтухай. Галын гурван зал (залах, залуу, залам зэрэг үгийн үндэс. Зал барих гэдэг нь тэнгэрээс ирэх суу залийг гараа дэлгэн тосч хүлээн авах утгс. Заль гэвэл Түвдээр гэрэл, Монголоор мэхлэх утга болой) мөнхөд бадартухай. Ертөнцийн гурвал мэргэн орштухай!
 
В. АМЬ- АХУЙ- УХАМСАР.
 
" Бие" бодот ахуй орчлонд буйг харж буй шигээ, ой ухааны (оюуны) мандал санаа ухамсар байгааг мэдэрч байгаа шигээ орчлон дүүрэн АМЬ хязгааргүй хэмжээлшгүй түгээмэл гэдэгт итгэцгээе. АМЬ бол АХУЙ биш, УХАМСАР биш. АМЬ цаг хугацаа орон зайн ЭЗЭН АМЬ-С-ГАЛ ( амьсгал) мөн. Түүнийг тоймловол МЭДРЭГДЭХ нь -хэмнэл, хэлбэлзэл, эрчимлэг ХЭРЭГЦЭЭ нь-ариун, хайр, буян ХОРЛОЛ нь-атаа, шунал, омог
СҮЛД нь- зэрэглээ, цуурай, зүүд...гэх мэтээр ухаарагдах авай. Эдгээр гурвалын шүтэлцээ нь нэг дэхь болгон нь БИЕД,  хоёр дахь бүр нь АМИНД, гурав дахь нь ОЙ ОНГОНД хамаатай болохыг дурдсу. АМЬ шингэн, БИЕ хатуу, ОЙ хий билгэтэй боловч гурамсан хэмжээнд нарийвчлагдана. Юутай ч бодот юмс тухайлбал алт үнэтэй ч хоосон юмс, сэтгэл гайхамшигтай ч Амь нь ид шидэт үнэмлэхүй тэргүүн бөгөөд эдний аль нэгийг анхдагч гэж онцгойлох нь эх дэлхийн өчүүхэн хэсгийг минийх гэж сүжрэн өмчлөхтэй адил эерэг тэнэглэл болой. Угтаа бетта, гамма, альфа гурвын аль нь анхдагч болохыг тогтоож шүүхийн шийдвэр гаргуулах гэсэнтэй утга адил болно. Бид Ж.Локкийн номлосон " Хүний мэдлэг мэдрэхүйн ертөнцөөс үүсэлтэй" -д итгэн материалист болохыг хичээвч, Г.Гегелийн обьектив ухамсар санаанд сүслэн идеалист болохыг хүсэвч "АМЬ" гэдэг нэгэн увидасыг үгүйлмүй. АМЬ- биеийн болон санааны эзэн биш гэж үү? Гегель ч юм уу Маркс ч юм уу "хүн" үхжээ. Харин үзэл санаа нь болон шарил нь үлдсэн. Гагцхүү АМЬ нь алга. Тийм учир тэд өнөөдөр хүн биш. Хөшөө нь хөрөг нь байвч тэдгээрийг хүний ухаан санаа бүтээсэн. Тэр нь Гегелийнх юм бол бодол ( Бодол санаа-Энэ утгыг " Оюун" гэж хэвшүүлжээ. Бодол санааны дүрслэл нь " ОЙ", ойн ухаан  /оюун ухаан/ , Оюун санаа(ойн бодол) болно) санаагүй, Марксийнх юм бол хөдөлгөөн үгүй. Гегелийн ухамсарыг, Марксын биеийг АМЬ нь тэтгэн алдаршуулжээ. " Обьектив оршиж байгаа зүйл нь үзэл бодол мөн" гэсэн Платоны онолд итгэе. " Ертөнц нь хоосны дотор атомуудын хэлбэрээр хөдлөж байгаа матери мөн" гэсэн Эпихурын сургаалд итгэе. " АМЬ бол матери биш оюун санаа биш" гэсэн гурвал онолд удамшлаараа итгэе. 
Үргэлжлэл бий.
 
"МОНГОЛ УХААН 9 ЭРДЭМ" номноос
Эдийн засгийн ухааны доктор Т.Баярхүү