Онош.( үргэлжлэл)
 
Миний бие түүх давтагддаг тухай, өнөөдөр яг Манж, Хятадын дарангуйлал мөлжлөг, мөнгө хүүлэлтэй адил нөхцөл байдал Монголд маань үүсч хэзээ хэзээгүй Монголын ард түмэн ахуй амьдрал, эрх чөлөө, тусгаар тогтнолынхоо төлөө, эх нутаг, газар шороогоо хамгаалан босож тэмцэхэд бэлэн болсон төдийгүй тэмцэл ид эхэлсэн өрнөж буйг тайлбарлан түүхэн баримтаар баталгаажуулан толилуулж байгаа билээ. Өнгөрсөн түүхээс судлахад хувьсгал гурван үе шаттай өрнөн үргэлжилж ялсан байдаг. 
1. Монголын ард түмэн өрөндөө баригдаж доройтон тэсэхээ больж эрслэн боссон эсэргүүцэл тэмцлээр эхэлсэн хувьсгалын эхний шат.
2. Манж, Хятадын мөнгө хүүлэгчидтэй нийлсэн Урвагч нараас бусад ноёд, том лам нар ард түмэнтэйгээ хамтран харийнхан ба тэдний гар хөл бологсодтой тэмцсэн хөрөнгөтний хувьсгалын хоёрдугаар шат.
3. Харийнхан, Манж Хятадуудаас тусгаар тогтнолоо буцааж авсны дараа дотоодын мөлжигч ноёд лам нараас засгийн эрхээ авсан хувьсгалын гуравдугаар шат.
 
Өнөөдрийн Монголд ч яг ийм дарааллаар хувьсгал эхэлж, өрнөж Ард түмэн ялах болно.  
 
1. Монголын ард түмэн долларын эздийн Монголд бий болгосон дэглэм, ОУВСан, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк гэх мэт гадаадын мөнгө хүүлэгчид, тэдний гар хөл болсон дотоодын банк, банк бус, ломбардын мөлжлөгийг тэсэхээ больж ямар ч хамаагүй шалтаг байхад босон тэмцэхэд бэлэн болсон. Жагсаал цуглаан эсэргүүцэл эхэлсэн хувьсгал эхний шат үргэлжилж байна.
2. Харийн мөнгө хүүлэгчдийн, үндэстэн дамжсан корпорацийн зарц болсон газар нутаг, эх орноо харийнханд өгөгч урвагч нарын эсрэг өнөөдрийн Монголын ноёлогч бүлэглэл ард түмэнтэйгээ хамтарч буй хөрөнгөтний хувьсгалын 2-р шат яг одоо эхэлсэн үргэлжилж байна. Сүүлийн үед болж буй тухайлбал УИХ ын 5 гишүүн манлайлан, ерөнхийлөгч дэмжин өрнүүлж буй МАНАН-гийн эсрэг, 30 гэр бүлийн эсрэг гэх нэртэй үйл явдлыг сайн анхааран ажиглах аваас Ард түмний бослого тэмцэлд дотоодын ноёд баячуудын тодорхой хэсэг хамтарч байгаа.
3. Харийн мөнгө хүүлэгчид, колончлогчдыг үлдэн хөөсний дараа Монголын ард түмэн байгалийн баялгийнхаа эзэн болох, хувь заяаныхаа Эзэн байх, Дотоодын мөлжигч, хулгайч, луйварчид, дээрэмчдээсээ салах хувьсгалын гуравдугаар шат эхэлж ялна. Ямар ч тохиолдолд ард түмэн ялна. Тийм ч байсаар ирсэн. Тийм ч байх болно.
 
Энэ бүх бослого тэмцэл, эсэргүүцлийн эцсийн үр дүнд Ард түмэн өөрсдөө шинэ бүр цоо шинэ үндсэн хууль баталжтөр засгаа эмхлэн байгуулснаар ард түмэн өөрөө өөрийнхөө заяа тавилангийн эзэн байх жам ёсны эрхээ буцаан авах юм....
 
100 гаран жилийн өмнө Манж Хятадын мөнгө хүүлэгчид, мөлжигчид, тэдний гар хөл болсон Урвагчдын эсрэг босон тэмцэж Монголд хувьсгал эхлүүлсэн эх орончид, тэмцэгчдийн тухай " 2000" УСК тун удахгүй 3 сарын 1 нд нээлтээ хийх гэж байгаа нь үнэхээр цагаа олсон, ард түмнээ ухааруулж сэхээрүүлсэн, онош, гарц ,гаргалгаа зааж ард түмнээ чиглүүлж өгч буй энэ цаг үеийн түүхэн үйл явдал юм. Та бүхэн маань " 2000" УСК гоо үзээд өөрсдөө өдөөгдөж ухаарцгаана гэдэгт итгэж байна....
 
 
Ингээд уг кинонд гарах манж хятадын мөнгө хүүлэл, мөлжлөг Монголд хэрхэн үүсч хөгжсөн болон яаж Монголчууд түүний эсрэг тэмцэн ялсан тухай түүхэн баримтаас үргэлжлүүлэн хүргэе....
Үргэлжлэл.... Монголын ард түмнийг мөлжих тал дээр Хятадын худалдаа мөнгө хүүлэгчид, Манжийн дарангуйлагчид, Монголын феодал ноёд, том лам нар хоорондоо эвссэн байв. Манжийн алба татвар нэмэгдэхийн хэрээр Хятадын худалдаа, мөнгө хүүлэгчдийн мөлжлөг ихэсдэг байв. Манжийн ноёрхлын турш алба татвар тасралтгүй өссөөр ирсэн бөгөөд зөвхөн 19 р зууны 2р хагаст урьдхаасаа 2 дахин нэмэгдсэн байв. 19 р зууны эцсээр Манжийн гол алба татварын Ар Монголоос тогтмол авах хэмжээ 2-3 сая лан, дээр нь цаг үеийн шинжтэй татварууд нэмэгддэг байсан. Энэ татварыг нь төлөхийн тулд Хятадын мөнгө хүүлэгчдээс жилдээ 3 сая лангийн эд бараа, бусад зүйлийг зээлэн авч дор хаяхад 6 сая лан мөнгө болгон төлөх ёстой байв. Учир нь алба татварын өрийн хүү нь наад зах нь эх зээлтэйгээ тэнцэж байлаа. Манжийн алба татвар нь малчин Монголчуудыг хятадын худалдаа-мөнгө хүүлэгчдээс их мөнгө, эд зүйлийг зээлдэн авахад хүргэж байснаараа хятадын худалдаачид гүйлгээгээ улам далайцтай болгож, монголчуудыг шулах нөхцөлийг бүрдүүлж байжээ. 19 р зууны 2 р хагасаас манжийн татвар, хятадын мөнгө хүүлэгч, худалдаачдын мөлжлөг урьдахаас улам гаарч, монголын эдийн засаг доройтон хошууд үгүйрэн хоосорч, түнш пүүсүүдийн бүрэн хараат болов. Тэд өгч авах мал, бараанд дуртай үнээ тогтоож, ядуурсан хошуудын хэдэн малыг нь нэгмөсөн гартаа оруулан авчээ. Академич Ш.Нацагдоржийн онож хэлснээр үнэхээр Манжийн алба татвар, Хятадын худалдаа мөнгө хүүлэгчдийн өр хоёр хоорондоо нягт холбоотой, нэгэн зоосны хоёр тал шиг зүйл байжээ. Албаны өрөөс гадна амины өр гэж байв. Энэ нь засаг ноёд, түшмэд, ардууд өөрсдийн хэрэгцээний зүйлийг пүүснээс зээлдэн авснаар үүсчээ. Монгол ноёд өөрсдийн эрх ашгийн үүднээс үлэмж зүйлийг хятад худалдаачдаас өндөр хүүтэй зээлэн аваад, түүнийгээ харьяат ардуудаараа төлүүлнэ. (яг өнөөдөр Монголын ард түмэн Олигархуудын тавьсан өрийг төлж буйтай адил).
 
Манжийн хуулинд 19 р зууны эхэн хүртэл засаг ноёд, тайж нарын амины өрийг хошууны ардууд төлөх тусгай заалт байгаагүй боловч хэрэг дээрээ манжийн эрх баригсад монгол дахь өөрсдийн түшиг тулгуураа болгож байсан феодал( өнөөгийн олигархууд) ноёдын эрх ашгийг хамгаалдаг байсан учир төлүүлэхийг хориглодоггүй байв. Төлөөлүүлэн төлөх тогтолцоо жинхэнэ өргөн дэлгэрч, газар авсан үе нь 19 р зуунаас эхэлжээ. Манжийн эрх баригсад 1824 онд амины өрийг төлөөлүүлэн төлөх тогтолцоог албан ёсоор зөвшөөрөн баталсан юм. Хувийн өрийг төлөөлүүлэн төлөхийг зөвшөөрөн бататгасан тэр зарлигт: Монголчуудын амины өр ихсэж, төлж чадахгүйд хүрсэн нь хошууны эрх баригсад хятад худалдаачдыг хугацаанд нь шавдан буцаахгүй, удаан суулгаж, ядуу монголчуудтай худалдаа хийлгэснээс үүссэн хэрэг хэмээн монгол ноёдыг буруутгаад, худалдаачдад өр тавьж, нутгаасаа хэрэн гарч одогсод, өрөө төлөх чинээгүй ядуус, гас барагсдын өрийг
1. Төрөл төрөгсдөөс нь гаргуулан өгч байх.
2. Өртөн хүмүүс төрөл төрөгсөдгүй буюу байвч өр төлөх хөрөнгөгүй бол хошууны засаг, туслагч түшмэд, харьяат ардуудад тулган төлүүлбэл зохино гэж заасан байна. Энэ нь хэрэг дээрээ шууд Хятадын худалдаа мөнгө хүүлэгчдийн эрх ашгийг хамгаалж, мөлжлөгөө улам далайцтай явуулахыг дэмжсэн арга байв.Манжийн засгийн газрын ийм дэмжлэгт түшиглэсэн худалдаачид мөнгө хүүлэгчид ядуу Монголчуудад эд бараа, мал зүйлийг өндөр үнэ, хүүтэй өгөөд тэдний төрөл садан, хошуунаас нэхэн авч байв. Мөн үхэж үрэгдсэн, хэрэн гарч сураггүй болсон хүмүүст өчнөөн төчнөөн өртэй хэмээн мөнгө хүүлэгчид гүтгэж, харьяа хошууны нь ардуудаас хүчээр гаргуулах, бусдын өрийн төлөөнөө хөндлөнгийн хүний мал, эд хогшлыг барилан авах зэргээр Монголчуудыг чирэгдүүлэн хохироож байжээ. Түүгээр ч үл барам хятад худалдаачид мөнгө хүүлэгчид худалдаалах, өр нэхэхийн улмаас хошууны засаг ноёдыг үг хэлээр доромжлох, зодож занчих, пүнлүүний мөнгө( цалин) , торгыг нь зуураас барин авах явдал ч байв. Үүнээс үзэхэд манжийн төрийн албан ёсоор тогтоосон өрийг төлөөлөн төлүүлэх тогтолцоо нь Өртөн төдийгүй жирийн Монголчуудыг ч Хятад худалдаачид, мөнгө хүүлэгчид эрхшээлдээ оруулж, эдийн засгийн талаар дарамт шахалт үзүүлж, хилсдүүлэн мөлжих нэг хэрэгсэл болж байжээ.... Үргэлжлэл бий..
 
Эдийн засгийн ухааны доктор Т.Баярхүү