Ардчилсан-либерал номлолын цаад далд зорилго нь тухайн улс орны  мөнгө-санхүү-татварын тогтолцоог ам.доллартой уях, доллароос хамааралтай болгох, хэлбэр төдий үндэсний мөнгөн тэмдэгттэй байлган зальдан мөлжиж колончлоход оршино.
Бид өнөөдөр долларын эздийн дэлхийг хянадаг харгис цагдаа болох ОУВСангийн бүрэн хяналтан дор өөрсдийн үндэсний мөнгө болох төгрөгөө жилийн 20-30 %- н хүүтэй тэднээс худалдан авч амь зууж байгаа гэдгээ ойлгоогүй цагт хэзээ ч өрнөөс гарахгүй!!!.
Манай эдийн засгийн ямар ч салбар ийм хэмжээний хүү төлөөд ашигтай ажиллахгүй. Дээр нь татвар, төрийн авилгал нэмэгдэнэ гээд боддоо. Хэн ч хэзээ ч өрнөөс мултрахгүй. Төр засаг нь ч тэр, олигархууд нь ч тэр, жирийн бизнесийнхэн нь ч тэр. Мөн жирийн цалин тэтгэвэр авч голоо зогоогсод ч тэр, бүгдээрээ нийтээрээ хэзээ ч өрнөөс гарахгүй, улам л өртөж бүх газар нутгаа алдаж, Хятадад өртөйгөө зарагдах хүртэл энэ байдал үргэлжлэх болно. Учир нь ийм байхаар мөнгө-санхүү-татварын тогтолцоог манай улсад долларын эзэд 1992 оны Үндсэн хууль, 1997 оны Ашигт Малтмалын хууль, Монгол банкны хуулиар Бидэнд "зөвлөн" биднээр батлуулан хэрэгжүүлж байгаа юм. Бусад бүх хууль, дүрэм, журам, зохицуулалтууд нь дээрхи 3-н хуулийг л баталгаажуулж мөрдүүлэхээр маш нарийн бодож биднийг зальдан тулган гарцаагүй байдалд оруулан захирч байхаар дэлхийн бусад оронд хэрэгжүүлсэн загвараа Монголд тааруулан хэрэглэсэн байгаа. Мэдээж үүнийг нь амь оруулж тэдэнд үйлчилдэг алдарших-баяжих-завхайрах гаж донтой урвагч-хулгайч-бэртэгчид нэмэгдэхээр манай өнөөдрийн эмгэнэлт амьдралын дүр зураг бүрэн тодорно. Тиймээ бид 1990 онд ардчилсан либерал хувьсгал гээчийг хийгээд Де жүри Бүгд Найрамдах Монгол Улсыг тунхагласан авч Де Факто Монголд иргэншсэн Манж Хятад Түвдийн хойчисийн МАН-АН толгойтой Манж Чин гүрний өнөө цагийн хувилбарыг байгуулжээ.
 
Яг л тэр үед мөнгө хүүлж Монголын ард түмнийг шулан мөлжиж байсан Манж Хятадын хойчис өндийн сэргэж өнөөдөр банкны эзэн гэгдэн Монголчуудыг мөлжих нь юутай гаслантай. Тиймээ түүх дандаа давтагдах аж.
 
Түүх нэгэнт давтагдаж буй тул Монголын ард түмэн ч түүхээ давтан харийн Мөнгө хүүлэгчид, тэдний гар хөл болсон дотоодын урвагч-хулгайч-бирдүүдийг ялах л болно. Бүр тун удахгүй ялна. Бүр өнөө маргаашгүй ялна. Би итгэдэг. Бид итгэдэг. Монголчууд итгэж буй. Мөнх тэнгэрийн хүчин дор мөнхөд амьдарч ирсэн Сүпер үндэстэн Монголчууд бидний Пассионар ( оргилуун дэврүүн эрч энерги) идэвхжил эхэлсэн. Хэн бугай ч сансар огторгуй, гариг эрхсийн орон зай цаг хугацаанд идэвхжсэн Тэнгэрийн хүүхдүүдийг зогсоож үл чадму. Ингээд түүх давтагдаж буйг батлан Манжийн дарлалын үеийн Манж Хятадын Мөнгө хүүлэгч мөлжигчдийн тухай Түүхч доктор Тайжиуд Аюудайн Очирын " Монголын түүхийн судалгаа" бүтээлээс үргэлжлүүлэн хүргэе. Та бүхэн минь унших ялдамдаа өнөө цагтайгаа сайн харьцуулан бодоороо. Хэлбэрийн хувьд өөр ч цаад мөлжлөгийн сэдэл мөн чанарын хувьд бүр яг адилхан байгаа.
 
Эдийн засгийн ухааны доктор Т.Баярхүү
 
 Үргэлжлэл:
 
Ар Монголд хятадын худалдаачдын авчирч гүйлгэж байсан бараа жинхэнэ хэрэглэгчийн гар дээр хүртэл олон дамжлагатай байжээ. Энэ нь барааны үнэ өндөр байхад зохих ёсоор нөлөөлсөн юм. Том пүүсүүд хятадын зах дээрээс барааг бөөнөөр нь худалдан аваад, монгол дахь өөрийн салбарууддаа арай өндөр үнээр худалдаалуулахаар өгнө. Монгол дахь салбарууд нь цааш нь өөрийн салбаруудад мөн түүнээс өндөр үнээр өгнө. Жинхэнэ ард түмэнд хүргэж худалдагсад бас завсраас нь ашиг олно. Монголчуудаас авч байсан түүхий эдийг ч худалдаачид хямдхан аваад цааш нь үнэ өсгөн дам худалдаална.
 
1798 онд Түшээт ханы хошуунд одож худалдаалсан Буянт пүүсийнхэн " Бид таван лангийн оронд арван лан, арван лангийн оронд хорин лан авдаг заншилтай. Бид илүү авсан мөнгөний хэдэн хувийг хэрэг шийтгэх ноёнд барьдаг" гэж байжээ. Тэр хэрэг шийтгэгч ноён гэдэг нь хятад худалдаачдын хэргийг эрхэлсэн манж хятад түшмэд байсан нь мэдээж. Худалдаачид бас гүйлгээнд хэрэглэж байсан цайг хусаж авч нимгэлээд, бусдад бүтэн цайны үнээр худалдаалдаг байлаа. Мөн амь хүмүүст эд бараа зээлдүүлэхдээ, барьцаанд уг бараанаас давуу үнэтэй зүйл өгөхийг шаардаж аваад, эргүүлж өгөхгүй луйварддаг байв. Хядад худалдаачид мөнгө хүүлэгчдийн арга улам нарийссаар байжээ. Тэд аль нэг хошуу буюу амь хүний малын ноос, үсийг дараа жил авахаар урьд жил нь тусгай гэрээ бичиг хийдэг байжээ. Уг гэрээнд монголчууд ямар түүхий эдийг хэдийд өгөх, үнэ нь хэд болох, хэрэв гэрээнд заасан зүйлийг хугацаанд нь гүйцээн өгч чадахгүй буюу уг түүхий эдийн чанар муу бол үнийг нь хэрхэн хорогдуулах зэргийг тодорхой заасан байна. Энэ гэрээ нь
1. Монголчуудаас авах түүхий эд, эмийн ургамлыг бусад худалдаачдад алдахгүй баталгаатай болгох.
2. Худалдан авагч Монголчуудыг өөрсдийн эрхшээлд тогтмол байлгах.
3. Ядуурсан Монголчууд гэрээнд заасан хатуу болзлыг тэр бүр цаг хугацаанд нь биелүүлж чаддаггүй учир тэдний түүхий эд, бусад зүйлийг хямд үнээр авахад чиглэсэн заль байжээ. Хятад худалдаачдын санаачилсан, малчин ардуудын хувьд мөлжигдөх хатуу болзолтой энэ гэрээг монголчууд боогдон гачигдахын эрхэнд хийдэг байлаа. Хятадын худалдаачид бараг дангаараа монголын зах зээлд ноёрхож байснаа ашиглан чанар хийц, өнгө үзэмж муутай эд барааг жигд өндөр үнэлж худалдаад, монголын мал, түүхий эдийг хямдхан авна.
Тэр үед монгол орноор явсан харийн жуулчид, хятад худалдаачид монголд авчирч байсан барааны чанар муу, үнэ үлэмж өндөр байсныг гайхан тэмдэглэжээ. 18 р зууны сүүлчээс мөнгө хүүлэгч, худалдаачид монголд хашаа хороо, гэр байшин байгуулан суурьшиж, монголчуудаас авсан малынхаа заримыг нутагт нь адгуулан хадгалж, ашиг шимийг нь авдаг болжээ.
( Яг өнөөдрийн япон эзэнтэй ХААН БАНК шиг. Мөн тэдгээр манж хятадын хойчис 200 гаад жил Монголд амьдран Монголын иргэд болсон гэдгийг анхаарна уу!)
 
Тийм малтай хятадууд монгол эхнэр авч, мал маллуулах явдал ч байв. Хятадын худалдаачид мөнгө хүүлэгчдийн ар монголд адгуулсан мал олширч, бэлчээр гишгүүлэх нь ихсэх тутам монголчууд эсэргүүцэн тэмцэж, тэдний малыг хулгайлах, дээрэмдэх явдал гарсаар байжээ. Бас хятадууд мал адгуулахдаа муу учир алдаж осолдох, чоно нохойд орох нь цөөнгүй байжээ. Тиймээс тэд 1796 онд Хүрээний манж сайдад мэдүүлж, монголчуудаар малаа хариулгаж, алдаж осолдвол тэднээр нөхөн төлүүлж байхаар тогтоолгожээ.
(Бас л манай өнөөдрийн хууль шүүхийнхэн $-н эздийн өмнөөс ард түмнээ хянаж шүүдэгтэй адил байгаа). 
 
Тэгэхдээ худалдаачдын малыг чинээтэй монголчуудад албаар тулган хариулгахаар өгч, дансанд тэмдэглэж, дараа байцаахад баримт болгодог байжээ. Монголчууд малыг нь алдаж осолдсон тохиолдолд төвөггүй төлүүлж байхын тулд тийнхүү чинээлэг монголчуудад тулган өгдөг байв. Гэтэл хэрэг дээрээ хятадуудын малыг ядуучууд дам авч хариулж байв. Тэдний мал хариулсан хөлсөнд нь монголчууд зөвхөн сүү саалийг нь ашиглах, хятадуудын тогтоосон болзлоос илүү бойжуулсан ганц нэг төлийг нь авах төдийгөөр бүх малын үс ноосыг авч тушаах, төлийг нь бойжуулах зэрэг ажлыг хийж байв. 19 р зууны дундаас монгол дахь хятадуудын мал олширч, зарим худалдаачид хэдэн зуу, мянган малыг монгол газар тогтмол хадгалан үржүүлгэдэг болжээ. Томхон худалдаачдын малыг олон өрх малладаг байв. 1840 оны үед Сэцэн хан аймгийн засаг Ранзандондовын хошуунд худалдаалан суусан Баянсан, Заяат, Хуушин, Аждай нарын малыг тус хошууны дөч гаруй айл маллаж байжээ. Гэтэл мөн аймгийн тэргүүн баян Бишрэлт ван Доржцэрэнгийн 15000 гаруй толгой малыг 44 өрх, сүжигт бэйс Жанцанхорлоогийн 11000 гаруй толгой малыг 25 өрх маллаж байжээ. Үүнээс үзэхэд 19 р зууны дундаас халх дахь хятадын мөнгө хүүлэгч худалдаачдын мал олширч, түүнийг хариулсан монголчуудын тоо нэмэгдсэн нь илт байна. Тэдгээр хятадууд халхад хадгалж байсан малаас гарах түүхий эдийг авч ашиглахаас гадна зүтгэх хүчний мал, шимийн малыг бусдад хөлсөлж ашиг олдог байв. Худалдаачид бас монголд үржүүлэн хадгалж байсан малаа албанд гачигдсан монголчуудад өндөр үнэ, олон хувийн хүүтэйгээр зээлдүүлж ашиг олдог байжээ. Ялангуяа халх, дөрвөдийн аймагтай тусгайлан түншийн холбоо тогтоосон том пүүсүүд олон мянган толгой малыг үржүүлэн хадгалж, манжийн алба татварийн төлөөнөө монголчуудад зээлдэж байв. Халхад үржүүлж байсан малын ихэнх нь монголчуудаас Өр, Зээлийн хүүд хураан авсан мал байв. Тийнхүү мөнгө хүүлэгчид худалдаачид малыг гартаа оруулж аваад, урьдын эздийг нь тэр малаар дамжуулан мөлжих арга мэх 19 р зуунаас буй болсон байна.
( Бас л өнөөдөр ХААН БАНК малыг нь хурааж аваад жинхэнэ эзэд нь болох Монголчуудад буцаан хүүтэй зээлдүүлж буйтай адил байгаа биз)
 
19 р зууны 2 р хагасаас ар монгол дахь мөнгө хүүлэгч, худалдаачдын тоо асар олширч, эдийн засгийн хүчин нь нэмэгдэн, малын тоо олшрох тутам монголчуудын бэлчээр нутгийг сүйтгэх, хомсотгох нь ихэсч, монголчууд худалдаачдын хоорондох тэмцэл улам хурцдав. Худалдаачид өөрийн эдийн засгийн байр суурь, манжийн авилгач сайд, түшмэдийн ил далд дэмжлэгт эрдэн, монголын аль сонгодог бэлчээрийг эзэрхэн эзэмших нь цөөн бус болжээ.
Тэгээд ч тэд манжийн сайд, журганы зангийг хээл хахуулиар худалдан авснаа эс нуун, бүр бардамнаж, монголчуудыг айлган сүрдүүлэх болжээ. Хятадын худалдаачид аймгийн чуулганы дэд дарга, засаг ноёдын малын өвөлжөөг эзэрхэн, малаа бэлчээж, бэлчээрийг нь гишгүүлж байсныг нь бодоход, ердийн малчин монголчуудыг хэрхэн бэлчээр, бууцаар гачигдуулан хохироож байсан нь мэдээж юм. Тэд манжийн төрийн түшмэдийн тусламжтайгаар монголын аль сайн бэлчээр нутгийг луйвардан булааж, бас монголчуудыг хөлсний малчнаар ажиллуулж байсан нь ӨРИЙН ХҮҮД бодож авсан малаа төдий л зардал гарлагагүйгээр хадгалан үржүүлэх боломжийг бүрдүүлж байсан ажээ. 19 р зууны дунд үе хүртэл ӨР НЭХЭХЭЭР яваа хятад мөнгө хүүлэгчдын унаа, бусад хэрэглэлийг монголчууд нийлүүлж байх тухай манжийн хуулинд тусгай заалт байсангүй. Харин 1856 оноос эхлэн ӨР НЭХЭХЭЭР яваа хятад мөнгө хүүлэгч худалдаачдын улаа хэрэглэлийг хоёр талаас гаргаж байхаар Хүрээний манж сайдаас тогтоожээ.
 
Үргэлжлэл бий.