Бодоод байх нээ ингэж гарчиглахгүй бол болохгүй байна. Галуун цуваа л гэе дээ, ямар тогоруун цуваа гэлтэй биш. Дунд сургуульд биеийн тамирын хичээлд галуун цуваагаар явуулна хэмээн ихээхэн чангалуулдаг байснаа санаад гарчгаа сонгосон ухаантай. 
Үнэхээр л цуваа юм даа. 1990 оны Цагаан морин жилийн хувьсгалаас хойш Засгийн газрын саарал ордон хичнээн ч улс төрчдийг элээв дээ, хэрэв гомдол мэдүүлдэг байсансан бол үгээ барчихаар л их цуваанд дарагджээ. Яамдыг ч аваад үз. Ер нь хааяагүй л баахан хөрөг зурагтай үлдлээ. Тэр яамыг тэр гэдэг нөхөр төдөн онд толгойлж байсан гээд уран зураг зуруулж өлгөөд байвал яамны хонгил бүү хэл шатаараа уруудаад бараг хаалгаараа гарах шахуу болчих биз, мөдхөн. Гэхдээ сайн нэртэй, сайхан зүстэй ганц ч улс төрч, төрийн  сайдгүй болтлоо ард иргэддээ үзэн ядагдсан.
Манай дипломат албан дээр жишээлээд ярихад Гадаад яамыг хэн сайн толгойлж байсан бэ хэмээн санал асуулга явуулаад үзвэл явж явж ганц л нэр тодорно. Дээхнэ үеэс Дүгэрсүрэн, орчин цагт Гомбосүрэн л гэсгээд цаашаа ам амгайхгүй. Гомбосүрэн гуай нь ГХЯ-аар нүүр бардам орж гарч байгаа харагддаг. Бусад нь гэм хийчихсэн аятай нүүрээ буруулаад л. ГХЯ-аар хэзээ ч шагайхгүй гээд ам тангараг өргөчихсөн хүн ч явж байх шиг. Би ахмад дипломатчийн хувьд, ахмадуудын гал тогоонд (Элчин сайд нарын клуб, Дипломатын академи, Ахмадын зөвлөл) ойр идэвхтэй явдгийн хувьд дуулсан, харснаа л бичиж байна. Гадаад хэргийн сайд нарын тосон будгийн ярайсан өнгөт хөргүүдийг өөлж шүүмжилж байхыг олон удаа сонсож байсан юм байна. Ханддоржийн өргөөгөө ресторан хоолны газар болгож байхаар музей болгоод тэр олон зургуудаа тийш нь зөөж байрлуулах нь зөв хэмээн  Элчин сайд цолтой нэг найз маань ярьж байна билээ.
 
Бусад яамдад ч ялгаагүй дээ. Миний сайн мэдэхээр БХЯ байна. Хэн гэгч сайн сайд байсан бэ гэхэд “Ёндон генерал” гэсгээд өөр нэг их хүн нэрлэхгүй. Эмч нараас санал асуулга явуулаарай. Цэдэнбалын үеийн Ням-Осор гэж нэг лут сайд байсан гэсгээд цаашаа таг. Багш нарын их арми байна. Бас асуугаад үзээрэй. Нэг ч сайн  сайдыг нэрлэх нь бүү хэл ихэнхийг нь мартчихсан, гудамжинд бол таних ч үгүй. Бүх яам ийм байгаа.  
 
Сайдаасаа дээшээ өгсүүлээд аваад үз. Монгол Улсын Ерөнхийлөгч байсан болон байгаа бүх нөхдийг таньдаг мэддэгийн хувьд би нэг л зүйл олж харсан. Хоёр явдал тэднийг хөөддөгийг мэдлээ. Нэгд хов, хоёрт долгинуур зан. Хов сонсох сайхан, долгинуулах бүр сайхан. Хожим нь нэр төрөө унагасны шалтгааныг тэр хоёроос л эхлэн хайх хэрэгтэй.  
Уг нь Очирбат, Багабанди, Энхбаяр, Элбэгдорж, Гончигдорж, Дэмбэрэл, Энхболд, Алтанхуяг, Сайханбилэг, Эрдэнэбат бүгд ариун явдалт нөхөд саарал ордон руу залагдаж очсон байх. Саарал ордоноос явахдаа, эсвэл явахаараа цаазын тавцанд очихын наагуур занагдаж зүхэгдээд Монголын саарал нийгэм рүү шингээд алга болцгооно.  Явж явж монголчуудад сайн нэртэй, сайхан дурсамжтай хоёрхон улс төрч үлдсэн. Тэр нь Чингис хаан, Цэдэнбал. Одоо төрийн ордноо заларч буй улс төрч гэгдэх бүх нөхдийг би нэвт харж байна. Удахгүй, мөдхөн Энхбаяр, Элбэгдорж, Гончигдорж шиг зүхүүлээд алга болцгооно. Цаазын тавцан руу дуудах уриалах, Сүхбаатарын талбайд авчирч олны өмнө шийтгэхийг комент тэрлэгчид ёстой нэг урсгаж өгнө. Улс төрч, олигархи хэн нь ч бай Монголд нэг жишиг тогтсон. Бүгд дэргэдээ нэг нэг хуульч, нэг нэг ламтай. Хуульчаараа амиа хамгаалуулна, ламаараа үйлдсэн нүгэл, хуримтлуулсан хөрөнгөө хамгаалуулна, сан тавиулж хариулдаг хөөдөг жатга хийлгэнэ. 
 
Ийм дээрээ тулсан шалтгаан нь нэн тодорхой....Монголын улс төрийн тамын тогооны хууль ийм юм. Монголчууд өөрсдийгөө тарчилгаж амьдардаг, сайхан амьдралаа сөнөөж мөнгө олдог хэмээн би ард олон руу хандуулж бичсэн шиг л улс төрчид тамын тогоондоо чанагдаж улс төрөө хийдэг. Энэ бол гол шалтгаан. Туслах шалтгаан гэж байнаа. 
 
Ард түмний ихэнхи нь ядуу гундуу уур уцаартай явдагт “Та нар буруугүй, миний өмнөх улс төрчид л буруутай, жишээ нь тэр тэр нар” гээд шууд заагаад өгчихтэй зэрэг хэрэгтэн тодроод ядарсан ард түмэн цайрч цагаараад ял дуудаад эхэлдэг. Цайлган цагаан ядарсан ард түмнээ мөлжиж хөлжсөн баячууд олигархичуудаас цусан өшөө авахыг улс төр нь бараг уриалан дуудна. “Улс төрчид буруутай, Та нар буруугүй ээ” гэчихтэй зэрэг ерөөсөө төр-засгийн ажил алба ч явахаа больчих янзтай. Гудамжинд дүрэм зөрчсөн нэг прүүсийг цагдаа зогсоолоо, торгууль бичлээ. Цаад нөхөр учиргүй уурлан ядарсан ард түмнээ төр нь дээрэмдлээ гээд бөөн хэл ам хийгээд гудамж дүүрэн хэрүүл хараал. Тэр цагдааг жолооч нар бөөрөлхөж алах дөхөж байна. Бүр цагдаагийн байгууллага ч ажлаа хэвийн явуулж болохгүй болж байх шиг. Би зам дээр харснаа л бичиж байна. 
“Та нар буруугүй ээ” гэдгийн л хариу гарч ирж байгаа нь тэр л дээ. Нэгэнтээ улс төрчид нь олигархитайгаа нийлээд гударчихсан тул цайлган цагаан ядарсан ард түмэндээ мөнгө тавьж олгох ёстой. “Ард түмэн чинь ядуу байна” гээд Ерөнхий сайд нь төрийн түшмэдэд заналхийлчихсэн тул одоо төрөөсөө мөнгө нэхээд байх нь тэр. Хураагдаж буй үй олон лицензийн сураг гарлаа. Түүний цаана багширсан их мөнгө. Тараах өдөр судрыг ард иргэд нь тэсэн ядан хүлээнэ. Салхитын мөнгөний орд руу ЗГХЭГ-ын дарга ахлаад лиценз хураах ажиллагаа явуулчихсан, зурагтаар баахан харуулчихсан, Салхитын мөнгөний ордын хураагдсан мөнгөнөөс Цагаан сарын өмнө хөгшчүүлийн тэтгэвэрт нэмж өгөхгүй юм байх даа хэмээн ярих хамар хашааны өвөөг би жишээлж болж байна. 
Улс даяараа марталлаа. “Мартын 8”-наар Шангри-Лад эхнэр охиноо баярлуулах гэсэн улс төрч найз маань суудал олдсонгүй гээд Айриш баар руу ирлээ, бас суудал олдсонгүй. Бив битүү. Шар айргийн Ганхүүтэй ярилцаж байгаад дээд давхарт нэг буланд суудал олж гэнэ. Хамгийн үнэтэй шилдэг Гиннес гэх пиво захиалтал нөгөөх нь дуусчихсан. Манайхны улс төрчдөөсөө босгосон нөгөө их мөнгөө зарцуулж байгаа царай нь нэг иймэрхүү. Прүүс машинтай, гэртээ зурагт хөргөгчтэй, өлөн хонодоггүй, дулаан байртай ийм ард түмэн өөрсдийгөө ядуу гээд төрдөө туничхаад төрөө сөхрүүлэх гээд байгааг би ямар нэг хорлол  юм болов уу гэж үздэг.
Өнөөгийн төр нь ийнхүү өмнөхдөө ял тохоод популизм хийчихтэй зэрэг ажил олж хийх, ажлаа үнэнчээр хийх сонирхол иргэдийн дунд яалт ч үгүй уначихна. Ерөөсөө ажил хийгээд яах юм. Улс төрчид нь мөнгө олж өгөөд байх юм бол зүгээр авч хүртчихээд, идээд, хэрэглээд, үрээд байхаас өөр яах юм. Өгөхгүй бол УИХ-д сонгохгүй, тэгэхлээр өгч л таарна.  Зүй тогтол нь ийм юм.  Монголын улс төрийн тамын тогооны нийгэм дэх тусгал ингэж буухаас өөр яах юм? Өнгөрсөн 30 жилд ард түмнээрээ ажил хийлгэж чадсан ганц ч Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Засгийн газар, УИХ байгаагүй, би бардам хэлж байна. Хойшид гарч ирэх нь эргэлзээтэй.
УИХ-ын дараагийн сонгууль наашилсан мэт улс төрийн тамын тогооны амьдрал ид буцлах дөхөж байна. Баривчилгаа, уул уурхайн ордуудын лицензийн нийгэмчлэл, төв талбай дахь жагсаал цуглаан, ЖДҮ, 60 тэрбум, борооны дараахи мөөг шиг олшрох улс төрийн шинэ намууд гэхчлэн үйл явц энэ хаваржингаа өрнөх биз ээ. Уран сайхны мэдрэмжтэй монголчуудын сэтгэлийн утсыг хөндөх гэсэн мэт намын гоё нэрэн дээр үхэлдэхийг нь яана.
Дээд Шүүхэд 31 нам бүртгэлтэй ба одоо бүртгүүлэхээр лав 5 нам тийшээ очсон сураг байна. 
 
2016 оны сонгуулиар байгуулагдсан одоогийн УИХ ба хоёр ээлжээ өнгөрөөсөн Засгийн газар нь ийм тамтай амьдрал туулж байгаа тул МАН, АН хоёр намыг нүд аниулж, дараа нь тэдний орыг залгах гэсэн намууд амь тэмцэн оволзож байгаа нь тэр. Гуравхан сая хүнд 30 хол давсан нам. Монголын улс төрийн парадокс, гаж явдал, тэнэглэл, инээдэм, эмгэнэлийн дүр зураг. Гадаадынхан шоолж үхдэг байх. 
 
Намууд нэрээ баастаж дууссан, одоо намд санал өгөх нь байхгүй, хүнийг нь харж сонгоно гэсэн итгэлтэй хэдэн мянган хүн УИХ-ын ээлжит (эсвэл ээлжит бус) сонгуулийг анан хүлээнэ. Ер нь хүнийг нь харна гэж сонгууль болгон дээр л хөөрцөглөдөг дөө. Онож сонгосон нь юу л бол?
Ажил хийх дургүй, ажлын байранд тэнцэхгүй, дураараа тааваараа зоргоороо амьдрахыг хүсэгч эрх чөлөөт монгол хүн бүр УИХ-ын сонгуулийг тэсэн ядан хүлээдэг. Тэд завтай, тийм зүйлээр оролдох хүсэлтэй, ганцаараа бус бүр бүлгээрээ, хамт олноороо, хороо хориноороо, сум багаараа улс төржиж хүслээ хангадаг (сонголт хийж, бүр томоор ярьвал тэрхэн мөчид засгийн эрх барилцаж) тул Монголын улс төрийн тамын тогооны галыг өрдөгч нь монголчууд бид өөрсдөө юм.
 
 
 
Ойрноос “Улс гэрээ тохинуулах Түмний 76” гэх хөдөлгөөн буй болоод гишүүдээ гурван үе шаттай элсүүлж байгаа сурагтай. Социал сүлжээгээр алдаршсаныг нь бүртгэж аваад захидал гардуулсны нэг нь надад хаяглажээ. Манайхны цөсийг хөөргөсөн  “Нэр дэвшүүлнэ” гэх  сүрлэг үгс дотор нь явж байна.  
 МАН (MAXH), АН хоёроор жишээлээд нам хэмээх хүн сүрэгт уйдсан залхсан ард түмнийг намаас жигшсэн дээр нь иргэний лут хөдөлгөөнөөс “улс төрөөр гэгээрүүлэх” гэснийг нь би буруушаах гээгүй. Улс төрийн нам хэмээх хуулийн этгээдэд бус, нийгмийн хөдөлгөөн гэх өөр нэг шинэ этгээдэд саналыг нь татах гэсэн алхмаа “Улс гэрээ тохинуулах Түмний 76” хийж эхэлсэн юм байна гэж ойлголоо. Түүний шалгуурт тэнцсэн, үнэхээр ард түмэндээ танигдсан тоогдсон 76 нөхөр засгийн эрхэнд гараад ирэхийг үгүйсгэхгүй.     
 
МАН (MAXH), АН хоёрын рейтинг нийлээд ч 30 хувьд хүрэхгүй байгаа бол цаана нь онгойсон 70 хувийг нам бус, иймэрхүү хөдөлгөөн эзлэх болтугай гээд урьдчилаад ерөөчихье.
 
Харин миний тухайд “Улс гэрээ тохинуулах Түмний 76”-гийн саналыг нулимах хэгжүүн санаа байхгүй ч би л лав тэндээс дэвших хүсэл алга. Дэвших дээрээ тулбал Улаанбаатарын унаган хүүхэд би өссөн төрсөн, одоо ч аж төрж байгаа Сүхбаатар дүүргийнхээ энэ гурав, дөрөвдүгээр хороо, төрөлх 1-р 40 мянгатынхаа тойрогт (59-р тойрог) бие даагаад үзэлцэхэд намайг танихгүйгээсээ таних нь даан ч олон л доо. Сурталчилгаанд мөнгө зарах хэрэг алга. Монголын шилдэг нийтлэлчдийн клубын байнгын бичээч, хэвлэл телевизээр нэгэнтээ танигдсан, мянга хол давсан өдий төдий шавьтай, олон арван бүтээлийн зохиогч намайг санал нэгтэй сонгочихдоггүй юм аа гэхэд энэ тойрогт нэр дэвшигчдийг би мөн ч их тамлаж сална даа! Монголын улс төрчдийн галуун цуваа жигдрэхийг бид үзэх болов уу?
 
Олон улсын харилцааны судлаач, профессор  Д.Баярхүү
Baabar.mn сайтаас зохиогчийн зөвшөөрлөөр авч нийтлэв.