-Энэ цаг үедээ Хүрэлсүх гэдэг нэг лидертэй гэдгийг одоо хүлээн зөвшөөрчих!  
   
Монголын ард түмэн сонголтоо хийчихсэн. “Та хичнээн ухаантай эрдэмтэй байгаад ард түмнээсээ л мандат авна. Өөрөөсөө биш, гэр бүл, найз нөхдөөсөө биш!” гэдгийг өчигдөр нотолчихлоо. Монгол Улс ухаантнуудаараа дүүрчихснийг ард түмэн харлаа. “Би л байхгүй бол эх орон сөнөлөө!” гэсэн мэргэн цэцэн уран үгсийн уралдааныг чинь харлаа. Тунгааж бодохын аргагүй ар араас нь цаасаар, цахимаар, зурагтаар бөмбөгдөөд байхлаар чинь нүүдэлчин монголчуудын тархи толгой хүлээн авч чадахгүй байна. Сонгуулийн солиорол хэрээсээ хэтэрлээ. Хорин нэг хоног багаддаггүй юм байна, харин ч ихэдлээ. Бүр залхлаа. Залхсандаа дүнгээ тавьчихлаа!
Технологи ашиглан нэр дэвшигчдийг гүтгэж харлуулах бохир арга энэ сонгуулиар гайгүй сайн хэрэглэсэн ч ард түмэн түүнд нь автсангүй, ханарсангүй. Нэр дэвшигчдийг олноор нь барьж шоронд хорьж сонгуульдуулсан тохиолдол түүхэнд анх удаа хэрэгжлээ. Сонгогчид мэл гайхлаа. Дэлхий түүнийг нь юу гэж дүгнэсэн бол? 
Яг хэд хичнээн хүн өрсөлдсөнийг Сонгуулийн ерөнхий хороо нарийвчлан тогтоож чадсан уу? Лав хоёр тоо ил болсон. Эхэндээ “606” гэж байснаа нэг мэдэхнээ “639” болчихсон ч байх шиг? Ямар ч гэсэн 600 давсан тоо. Гурван үеийн намтар дээрээ “УИХ-ын сонгуульд нэр дэвшиж өрсөлдөж байсан” гэх ганц өгүүлбэр бичүүлэхийн төлөө энэ 600 гаруй хүн өрсөлдөөгүй гэж итгэе!  
Хорин нэг хоног ихэдлээ гэдгийг би юу гэж хэлээд байнав гэхлээр хар пиар нь дэндэж, пологтуулчихсныг л хэлээд байна. Тийм дүүргийн, тэр аймгийн сонгогчид тэр нөхрийг багаар нь дэмжихээ илэрхийллээ гэсэн орой болгоны олон зурагтын мэдээ толгой эргүүллээ. Дэмжлээ гэдгийг ил зарлах нь хууль зөрчсөн болохгүй юү хэмээн эргэлзмээр байлаа. Нөгөө өрсөлдөгчид ч ам мэдэн өөрийгөө магтан, болох болохгүйг, хэлэх хэлэхгүйг амны зоргоор  амлаж өглөө. Хөөрхий наад сонгогчдын толгой эргэх бол энүүхэнд. Бод л доо, өрсөлдсөн гэх “606 нөхөр” (анх 606 гэж байснаaр!)  606 өөр өгүүлбэр нэгэн зэрэг хашгирвал юу болж дуусах вэ, тийм л юм боллоо шүү дээ. 
 
 
 
Нүүдэлчин удамтай, гэнэн цайлган, итгэмтгий, нэрлэхүү монголчууд сониуч зангаараа амар амгаланг хүссэн сонголтоо хийх нь хийлээ. Тэд улс төрийн өс хонзон, гомдол гуниг, шударга ёс шаардаж, хариуцлага тооцож сонголт хийдэггүй. Тэдний шударга ёс гэдэг нь харьцангуй. Үнэмлэхүй биш, тууштай биш, тэгсгээд зохицчихдог. Ээлжлэн төрийн эрх барьсан хоёр намаас (МАН, АН) ард түмэн залхлаа, нам бусчуудыг л сонгоно гэсэн нь байдаггүй ээ. Бие даагч нар өнгөлнө гэсэн нь хаа байна? Ганц нь ч байдаггүй шүү. Бие даагч Н.Алтанхуяг чинь АН гэх хаягнаасаа салаагүй яваа шүү дээ. 
 
 
 
Зурагтын мэтгэлцээн, намуудын амлалт, мөрийн хөтөлбөр, уриа, нам эвслүүдийн уянгын гоё нэрс ард түмэнд нэг их чухал биш юм байна. Тэдэнд тэр улиг болтол нь ярьж ойлгуулсан “60 тэрбум”, “ЖДҮ”, “Концесс”, “Саарал жагсаалт”, “Хар жагсаалт”, “30 тэрбум долларын өр”, “Цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн хямрал” ер нь падгүй байгаа биз дээ? Харав уу? Тэдэнд сүүлийн хагас жилийн Засгийн газрын үйл ажиллагаа–утаагүй болгосон, коронатай тэмцсэн ба тэмцэж байгаа нь л чухал болохоос 2016 онд юу амласан, дараа нь яаж яаж хөглөсөн нь ер падгүй. Харин Хүрэлсүхийн Засгийн газрыг хуйвалдаж унагасан бол өөрөөр сонгох байсан байх.  
АН-ынхан ярьдаг. Тийм ч бүтээн байгуулалт, эхлүүлсэн ажил, тэгсэн тэгсэн гээд. Гэм нь хоорондоо зодолдож төр барьдаг, АН-ын дотоод тэмцэл–хуйвалдаан ямагт нүдэн дээр явагдаад байхлаар чинь ард түмэн залхсандаа, айсандаа МАН-д саналаа өгчихдөг. Энэ удаа ч мөн тэгсэн. Миний мэдэхээс 2000, 2016 оны УИХ-ын сонгуулийн үр дүнгийн шалтгаан ердөө энэ шүү дээ. МАН харин ингэж тавьтаргүйтэхгүй, хэрүүл тэмцлээ дотроо нууна, лидерээсээ айхгүй ч гэсэн аягүй гэж хандана, ерөнхийдөө босоо тогтолцоогоо бариад дагаад явна. АН эсрэгээрээ эрх чөлөөгөө эдлээд үзэлцэнэ. Гол ялгаа нь энэ. 
Энэ хоёр нам эх орноо хорлох санаанд хөтлөгдөөгүй, хорлогчдын нам биш нь энэ удаа харагдлаа. Цувааны толгойд энэ хоёр л байна. 
Ард түмний өмнө маш өргөн сонголт байлаа. Гуч, дөчин хүнээс гурвыг дугуйлах. Хамгийн супер нь Баянзүрхэд нийт 64 нэр дэвшигч 5 суудалд өрсөлдлөө. Сонгинохайрханд 50-иулаа 5 дээр, Сүхбаатарт 38-уулаа, Баянголд 36-уулаа, Чингэлтэйд 33-уулаа, Хан-Уулд 30-уулаа тус бүр гурван мандатын төлөө үзэлцлээ. Заавал “50+1” %-иар ял гээгүй, ялуул гээгүй. Маш өргөн сонголт. Гуч дөчүүлээ саналуудаа хуваагаад оочерын толгойд гараад ирлээ гэхэд 50 хувийн тал ч байхгүй хүн олон сонгогдож л байна. Тэр тойргийн чинь оршин суугчдын талаас илүү нь Таныг таалахгүй байнаа гэхэд л сонгогдож байна. Боломж байсан юм биш үү? Ард түмний энэ сонголтыг яалтай билээ, тойргууд дээр “Арай ч дээ” гэмээр дүн гарсан гэж үзэж байгаа бол 2024 он хүртэл хүлээн зөвшөөрөхөөс өөр замгүй боллоо. 
“Дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу” гэдэг үгийг ялагдсан “530 нөхөр”-т (606-aaс өвдөг шороодсон) хандаж хэлмээр санагдлаа. Гурван мандаттай тойрогт 4-өөр гарлаа, хоёртойд нь гурваар гарлаа гэдэг чинь 2024 онд УИХ-д саадгүй гараад ирнэ гэсэн үг огтоос биш шүү. МАН, АН-ын араас Танай нам, эвсэл жагссан нь ч мөн адил хуурамч үзүүлэлт. Өөрсдийгөө хуурахаа боль!
УИХ-ын сонгуулийн дүнтэй эвлэрээд одоо тарцгаа! Та нарыг тараахын тулд ямар “Гавьяат улс төрч” цол бодож олж “530 шар тэмдэг” тараалтай биш, зүгээр л мөрөөрөө тарцгаа! Амбиц ба адайр аашнаасаа татгалз! 2024 он хүртэл амар амгалан байж үз! Тэвч! 
 
 
 
Шударга ёс биш, олз хайж нэр дэвшсэн баахан хүн шатлаа. Нэрээ дэвшүүлээд тэгсгээд нэрээ сүрлэг татаад, тойргоо зараад хэдэн төгрөгтэй болчихно хэмээн гэнэнээр төсөөлөн өмнөх сонгуулиудын адил өнгөрнө гэсэн чинь байдаггүй ээ, сонгуулийн хуулиа судалсангүй, нэрээ татаж болдоггүй, ёстой бандан пад яалт ч үгүй шатлаа. Гэр бүлдээ санхүүгийн бөөн дарамт учрууллаа. Сонгууль болгоноор нэр дэвшиж нэрээ татаж мөнгө хийдэг башир аргаа одоо хая! Ганц хувийн санал аваагүй, тэр ч бүү хэл нойл зууны нэг хоёр хувийн санал аваагүйчүүд зөрүүдлэхгүйгээр таг чиг болцгоо! 
 
 
 
Улс төр хөөсөн сэхээтнүүдийн тухай дахиад л ярьж ятгая. Хаашаа л харна, боловсролтой иргэд, боловсролтой залуус. Эднийгээ хаашаа шингээнээ гэдэг мөдхөн үндэсний аюулгүй байдлын тулгамдсан асуудал болох биз ээ. Сэхээтний тоо цаашдаа ч прогрессоор өснө. Дунд сургууль төгссөн хүүхэд болгон ЭЕШ гэдэг юм өгдөг болсон хойно дээд мэргэжилтэн олон дахин үржинэ. Үүнийг хэн ч хориглох гээгүй. Гэм нь арав, хорин жилийн дараа хонь хариулах хүнгүй болчихсон, хоньчин малчин гэдэг нь хамгийн ховор чухал мэргэжил болчихсон байх вий. За тэр малчин ч дүүрч. Гол нь ажилгүй аагаа багтааж ядсан энэ олон сэхээтэн чинь нийгмийн тогтворгүй байдлын гол хөдөлгөгч хүч болчихсон, нийгэм маань булаатай мина шиг болчихсон байх вий гэдгийг би түгшүүр зарлан ёрлож байна. Энэ чинь л үндэсний аюулгүй байдлын гол эрсдэл болно.
Боловсролтой иргэд, боловсролтой залуусыг шингээдэг ганцхан газар нь одоогоор улс төрийн намууд, эх оронч дуудлагатай иргэний хөдөлгөөнүүд (гэхдээ цалин өгөхгүйгээр шүү дээ!) юм байна. Үүнийг УИХ-ын сонгуулийн кампани нүдэнд эвэр ургатал харууллаа. Эрдэмтэй сэхээтнүүд “76-хан суудал”-ын төлөө хэрхэн үхэлдэн тэмцэлдэхийг, ардаа ямар их хүч хуримтлуулсныг, ямар их гарлага гаргасныг (хайран ч мөнгө!), бас өвдөг шороодоод хичнээн их эмгэнэн гашуудахыг ойрын өдрүүдэд ард түмэн харна. 
 
 
 
Монголчууд эхийг нь эцээхгүй, тугалыг нь тураахгүй бөөрөнхийлдөг зангаараа уулзсан болгонд л “Дэмжинэ, багаар чинь гаргачихна” гэчихсэн, түүнд нь бултаараа хууртчихсан. “Бид ялчих юм шиг байна”, “Бид ялчихлаа”, “Ялах нь гарцаагүй боллоо”, “Бид Засгийн газраа байгуулна” гээд  хаалтын өдөр цуглаанууд дээр зарлаад байсан нам, эвслүүд дүн гарсны дараа боож үхэх гээд одоо ямаршуухан байж байгаагаа өөрсдөө нэг харчих даа. Та нар дээр аянга буучихлаа шүү дээ! 
 
 
 
Явж явж хэвлэлийн компаниуд л хэдэн тэрбумын ашиг хийлээ.  Хэвлэлийн компаниуд, ТВ-үүдэд баяр хүргэе, овоо мөнгөжөөд авлаа. Цар тахлын үеэр олон хүний аж амьдралыг даачих мөнгөтэй боллоо. Харин энэ их самбар, цаас, зурагт хуудас, хулдаасыг хааш нь яаж шингээнэ дээ, шатааж булж яаж барна, экологийн асуудал үүсэх вий!  Би олонтаа бичсэн дээ. “76-хан” гэж улиг болтол бичсэн, “76-хан” гэж бичих ч болно. “76-хан” суудлын төлөө 200 хүн өрсөлдсөн бол эрүүл үзэгдэл, ардчилал нь эрүүлээр хөгжиж байна гэхсэн. Гэтэл энэ удаа “606”, 2024 онд лав энэ тооноосоо буухгүй байх вий!  Мянгуулаа “76-хан” суудал дээр үзэлцчихсэн дэлхийг мэл гайхуулахгүй л байгаасай!
 
Хийрхсэн, гомдсон, эмгэнэсэн сэхээтнүүдэд хандаж дахин хэлэхэд, улс төрийн гуравдагч хүчнийг монголчууд ердөө гаргахгүй юм байна шүү? Энэ сонгуулиас ийм л дүгнэлт хийж байна. Гуравдагч хүчний орон зай байна гэдэг үзлээсээ татгалз. Одоогоор шүү дээ. Ард түмний сонголт биш юм байна. Нийт мандатын талаас илүүг авч байж өөрсдийгөө гуравдагч хүчин гэж нэрлэхгүй бол ганц нэгээрээ ороод ирэх нь ард түмний сонголтын тусгал ердөө биш.  
 
Манай улс төрч–сэхээтнүүд өөрсдийгөө хуурахдаа их дуртай. Дур эзнээ хэзээ ч голохгүй. Дур нь урсаад байх нь тэр. Ядарсан ард түмний захиалгаар тэглээ ингэлээ, тийм ч нам хөдөлгөөн фронт байгууллаа, гуравдагч хүчний орон зай гараад ирлээ гэх мэт. Үнэндээ бодит байдал дээр тийм биш. Цоохор цэргийн баг шиг, эсвэл торгуулийн суман шиг намууд нь хэрүүл тэмцэл, өс хонзон, гомдол мөчөөрхөл, өөрөөсөө бусдыг үл хүлээн зөвшөөрөх араншингийн чинь дүнд л буй болдог юм байна. Ард түмний захиалгаар бий болсон улс төрийн нам гэж бараг байхгүй. Гуч дөчүүлээ санал хуваагаад МАН-д үнэмлэхүй ялалт хангуулчихснаа одоо хүлээн зөвшөөрчих. Улсын хэмжээний том нам, Улаанбаатарын боловсролтой гучин хэдэн залуусын нам хоёрын дунд асар том ялгаа байгааг ард түмэн чинь хэлээд өгчихлөө. Одоо бол МАН, АН хоёр л ард түмний захиалгын эзэд нь юм байна. Цувааны эхний хоёр байрыг энэ хоёр л хавтгайд нь авсан байна шүү дээ.
АН-даа өсөрхөж гомдогсдоос Шинэ нам, АТОЗ, өөр юу ч юм, МАН-тай мөчөөрхөгсдөөс МАХН, өөр олныг нэрлэж чадна даа, монголчууд. Ард түмний захиалга байгаагүй шүү, үнэнээсээ. Өөрсдийгөө хуурахаа больцгоо! Гуравхан сая ард түмэн 40 улс төрийн намыг хүлээн зөвшөөрөөд бүгдэд нь хуваагдаад сууж байдаг гэх наад үлгэрээсээ бүх нийтээрээ татгалзах цаг болсон. 
Одоо боллоо, залхлаа! Тийм учраас энэ олон намууд зориг гаргаад өөрсдийгөө ялаад наад МАН, АН хоёртоо хуваагдаад шингэж ор!  Үлгэр жишээ бий шүү. МҮЭНН, Ардын Нам гэж байснаа МАН руу, өөр хаашаа ч билээ шингэчихсэн.  
Монголд үнэхээр гуравдагч хүчнийг номоор нь буй болгоё, дэлхийн жишгийг дагая гэвэл МАН, АН хоёроос бусад гучин хэдэн нам, бие даагчид бүгдээрээ нэгдээд ганц улс төрийн нам болчих. Нэг туган дор ороод ир. Тэгээд тэнцвэржүүлээд аль алинтай нь эвсээд яв. МАН, АН-ыг огцруулах эрх нь Та нарт хүрээд ирнэ. Цорын ганц боломжийн хувилбарыг би зааж өгч байна шүү. 
Германы Чөлөөт Ардчилсан Нам (FDP) гэж бий. Түүнээс бүтээлчээр суралц. ХБНГУ-д CDU (Христианы Ардчилсан Холбоо) , SPD (Социал-демократ нам) гэж хоёр гол нам ээлжлэн төр бариад, тэр хоёрын дунд Чөлөөт Ардчилсан Нам нь улс төрийн тоглолт хийгээд, эвсэхдээ эвсээд, тэнцвэрийг хангаад иржээ. Одоо сайндаа 2-3 нам л улс төрд нь нэмэгдсэн. Их Британид Консерватив, Лейбор гэж хоёрхон нам, АНУ-д БНН, АН гэж хоёрхон нам л байгаа. Орост дөрвөн нам (Нэгдмэл Орос, ЛДПР, КПРФ, Шударга Орос) Төрийн Думд суудалтай. Гэхдээ ганц нь үнэмлэхүй. Гэтэл манайд дөчүүлээ. Дөчүүлээ УИХ-д суух гэж улайрна, бүтэхгүй, сонгогдохгүй, бүр сонгогдох тавилангүй, түүнийгээ хүлээн зөвшөөрөхгүй, хувь заяатайгаа эвлэрэхгүй! Монгол хүний билэг танхай, бас адайр ааш, атаа хорсол нь буцлаад, дахин нэгэн 4 жилийг туулах юутай гаслантай вэ? Энэ гаслангаа түр мартаад энэ цаг үедээ Хүрэлсүх гэдэг нэг лидертэй гэдгийг одоо хүлээн зөвшөөрчих!  
 
 
 
“Залуучуудын хувьсгал” гээд нийтлэл бичиж байсан би бичсэнээсээ 4 жил ухрахаас аргагүй болж байна. Хичнээн ядуурсан, ядарсан гээд ард олны тэвчээр барагдах болоогүй юм байна. Орчноо ба амьдралаа өөрчлөн шинэчлэх дургүй юм байна. Залуучуудын, сэтгэлгээний, сонгуулийн хувьсгал хийе гэсэн миний уриалга талаар боллоо! Тэгэхдээ ард түмэндээ гомдохгүй ээ! 
  
 
 
Төгсгөлд нь тэмдэглэе. Монголчууд бүтээн байгуулах эрх чөлөөгөө (ардчиллын чинь салшгүй эд эс!) эдлэхгүй, хүсэхгүй, хүсүүлэхгүй байгаад л эх орны маань эмгэнэл оршиж байна. Нэгэнтээ нийгмийн асар их өмчтэй биш, социалист өмч нь бүр алга болчихсон, үндсэндээ эрх чөлөөт хувь хүмүүсийн нийгэм, өмч нь бараг тэр чигээрээ хувийнх болчихсон (төрийн өмчит үйлдвэрүүдийг эс тооцоод) Монголд хувьсгалын гэхээсээ хувийн ажил үйлс л цэцэглэж ундарч баймаарсан. Тэр хувийн салбарт нь улс төрд үхэлдэн байгаа энэ их сэхээтнүүд, эрдэм ухаантнууд, залуучууд тархиа гашилгаж, сэтгэлээ чилээж байвал манай улс дорхноо босоод ирнэ. Сингапур болоход тун ойрхон гэсэн үг. Баялаг амьдралаа бүтээчихээд, бүгд дундаас дээш хурган баячууд болчихвол дараа нь улс төрдөө яанав, дураараа болог. Улс төрийг хэн ч сонирхохоо больчихно.
 
Олон улсын харилцааны судлаач-профессор Д.Баярхүү