Энэ үгийг монголчууддаа зориулж хэлмээр санагддаг юм. Тавлаж байгаа юм биш шүү. Цөхрөлийн үг гэж бодоорой. Үүнээс цааш надаас үг гарахгүй!
Өмнөд хөрш ядуурлаас хэрхэн гарсан тухай хур туршлагаас танилцуулах хүсэлтийг олон талаас тавьсан тул үзэг цаасаа нийлүүлэн үгээ билүүдлээ. 
 
Нэг. Хятад
 
Хятадад нэгэн лут үйл явдлын түүхт 40 жилийн ойг энэ 2018 онд тэмдэглэж буй. Тэр нь ХКН-ын XI их хурлаас (1977 он) сонгогдсон Намын Төв Хорооны III бүгд хурлын 40 жилийн ой юм. Энэ 40 жилд 700 сая ядуус ядуурлаас гарлаа гэдэг нь аугаа том үйлс, ялалт хэмээн хятадууд шагшдаг. Тэр тухай ч намынх нь XIX их хурал, БХАТИХ-ын энэ оны хаврын шинэ чуулганаар (13 дахь удаагийн сонгуулийн) хангалттай яригдсан. 
Энэ 40 жилд хүндийн төвийг улс төрөөс эдийн засаг руу эргэлтгүй шилжүүлсэн, либераль эдийн засгийн реформыг тасралтгүй хийсэн. Дөчин жилийн гол бахархал нь 700 сая хүн ардыг ядуурал гуйланчлалаас гаргаж чадсан явдал. Тэр 40 жилийн ололтыг илтгэх тоо: Хятадын ДНБ-ий өсөлт 35 жилд буюу 1980-2015 онд 191 тэрбумаас 11 их наяд ам.доллар (бараг 58 дахин, яг нарийвчилбал $11.9 триллион) болж өссөн нь дэлхийн эдийн засгийн түүхнээ урьд хожид тохиож байгаагүй үзэгдэл болох аж. GDP-ээ 58 дахин өсгөдөг өөр улс үндэстэн гэж дэлхийд өөр нэрлэгдээгүй байна. 
Дөчин жилийн гол бахархал нь 700 сая хүн ардыг ядуурал гуйланчлалаас гаргаж чадсан явдал
“700 сая” гэх энэ тоо өсөх хандлагатай байна. 2018.05.23-нд Бээжинд “Хятадын ядуурлаас ангижруулах олон улсын форум” зохион байгуулагдахад Дэлхийн Банкны төлөөлөгч Белел Дебэл гэдэг хүн 40 жилд Хятадын 800 сая ард иргэдийг ядуурлаас ангжируулсан нь хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн хурдтай, хамгийн өргөн цар хүрээтэй ядуурлыг бууруулсан ажил болжээ хэмээн 100 саяар нэмсэн тоо гаргаж иржээ. 
Тэр хуралд үг хэлэгсэд энэ тоог дэмжжээ. БНХАУ-ын Төрийн  Зөвлөлийн Ядуусыг дэмжих удирдах багийн орлогч дарга Чэнь Жиган илтгэхдээ: ХКН, Хятадын Засгийн газар ядуурлыг арилгах ажлыг түүхэн үүргээ болгож, өөрчлөлт нээлттэй бодлого хэрэгжүүлсэн 40 жилийн туршид 800 гаруй сая иргэнээ ядуурлаас ангижруулж, хүн төрөлхтний ядуурлыг бууруулсан түүхэн дэх гайхамшгийг бүтээлээ. Ялангуяа ХКН-ын XIX хурлаас хойш ядуурлыг бууруулах ажилд илэрхий ахиц гараад байна.
Өнгөрсөн 5 жилд Хятадын ядуурлын хэмжээ ихээхэн буурч, хөдөө тосгоны ядуу иргэдийн тоо 2012 онд 98.99 сая байсан бол 2017 онд 30.46 саяд хүрч, 68.53 сая иргэний амьдралыг өөрчилж, жил тутамд 13.7 сая иргэнээ ядуурлаас гаргасан нь урьд байгаагүй түүхэн амжилт юм гэжээ.
Олон улсын хөдөө аж ахуйн хөгжлийн сангийн төлөөлөгч Маттео Марчисио гэдэг хүний ярьснаар 40 жилийн тэртээ Хятадын ард түмний 70-80 хувь нь хөдөө орон нутагт ажиллаж амьдардаг, тэр үед олон хүний амьдрал нэн тааруу байсан. Тэгвэл тус улс өөрчлөлт хийж, нээлттэй цуврал бодлого хэрэгжүүлж, ядуу иргэддээ илүү их ажлын байр гаргаж өгсөн ба Хятадын ядуурлыг бууруулсан ололт амжилт дэлхийд үлгэр жишээ болж, хуримтлуулсан туршлагаа бусад орнуудтай хуваалцаж байгаа ажээ.
 
 
Яг одоогийн Хятадын суртал нэвтрүүлгээр бол энэ 40 жил дотроо сүүлийн 5 жил онцгой 5 жил болж, түүхнээ Хятадын онцлогтой социализмын шинэ эрин үе хэмээгдэж буй. Энэ 5-хан жилд юу эсийг амжууллаа гэхэв. Өнгөрсөн 5 жилд ядуу хүн амын тоог үлэмж ихээр цөөрүүлсэн, 8 сая 300 мянган хүнийг өөр нутаг руу нүүлгэн амьдралыг нь өөд татаж, ядуурлын хэмжээ 10.2 хувьтай байсныг 3.1 хувьд хүргэжээ. Оршин суугчдын орлогын жилийн дундаж өсөлтийг 7.4 хувьд хүргэсэн нь улсын эдийн засгийн өсөлтийн хурдаас илүү байна. Эдүгээ Хятад нь дэлхийн хамгийн олон хүн амтай, гэхдээ дунд зэргийн орлоготой цорын ганц улс болж тодорлоо. Гадаадад жуулчлах хятад иргэд 83 сая байсан бол 130 сая гаруй болж, өндөр настны даатгалд 900 сая хүнийг, эмчилгээний даатгалд 1.3 тэрбум бүх хүнээ хамруулж, нийгмийн баталгааны дэлхийн хамгийн том сүлжээг байгуулсан байна. Хятадын хүн амын дундаж наслалт 76.7 хүрсэн нь тэрбум гаран хүн амд нь харьцуулж үзвэл гайхамшиг гэхээс аргагүй юм. 
 
8 сая 300 мянган хүнийг өөр нутаг руу нүүлгэн амьдралыг нь өөд татаж, ядуурлын хэмжээ 10.2 хувьтай байсныг 3.1 хувьд хүргэжээ
 
Тэрхүү 40 жил дээр нэмэгдэх ойрын 5 жилд өмнөх хөрш маань ямар лут зорилтын ард гарах бол? Тэд хөдөө аж ахуй руу том дайралт хийх гэнэ. Орчин үеийн хөдөө аж ахуйг буй болгоно гэж байна. Хөдөө тосгоны нэг ба хоёр, мөн гуравдугаар аж үйлдвэрийг уялдуулан хөгжүүлнэ, хөдөө тосгоны аж үйлдвэрийн системийг буй болгон, тариачдын орлогыг нэмэгдүүлнэ гэжээ. Хөдөөгийн I, II, III аж үйлдвэр гэж юу болох, тэр нь манайд ямар хамаатайг судлах ёстой болж таарлаа.
 
Хоёр. Монгол
 
Хятадын дээрх олон тоо толгой эргүүлэм. Тэр бүрийг монголчууд нягтлах албатай ч биш. Энэ талын тоо олныг бичвэл эрлийзээрээ дуудуулан, Монголоосоо хөөгдөх хараалын үгс  дуулах тул би цаашаа эшлэхгүй. 
Тэгэхээр нэг л логик байна. “40” жил, нөгөөх нь ардчилал, шинэчлэлийг хослуулан хийсэн манай “28” жил хоёрын харьцуулалт. “40” ба “28” хоёрын хооронд “12”-хон жилийн зөрүү байна. Тэр бол гялс манас өнгөрчих багахан хугацаа. Олон зуун сая ядуус, гуйлгачинтай байсан улс маань тэднийгээ дундаж амьдралтай болгочихсон бол 3-хан сая монгол ядууралтайгаа 28 дахь жилдээ тэмцээд лав талыг нь ядуурал дээр нь хав барьж байна. Заан,  шоргоолж хоёрыг харьцуулах утгагүй ч, 3-хан саяын тал нь яагаад өөдлөхгүй байгаа тухай сэтгэхгүй бол болохгүй. Би төр рүү дайрмааргүй байна. Төр тэднийг хэргээр ядуу байлгаад байгаа юм биш. Энд би монголчууд бултаараа сэтгэх тухай ярьж байна.   
Яг манай Монголын дэргэд, хил залгаа, өдөр тутам холбогддог хөрш маань ийм аугаа хүчирхэгээр босч ирснийг бид тусгаж авах, хамтын ажиллагаандаа тооцох, тэр их орлого ба мөнгөнөөс зөв, хуулийн дагуу хамтарч бизнес хийгээд ашиг хүртэх нь зүйтэй гэж би мянга бичиж уриалдаг ч монголчууд хэнэггүйгээсээ болоод боломжийг алдсаар л. Иймд монгол хүн Та өөрөө буруутай. Монгол хүн Та хэрэв ядуурч байгаа бол төрөөс үл хамаарах гуравхан шалтгаантай юм. Юун шалтгаан? 
Та социализмын үед албадаж сургаж байсны хажуугаар сул өнгөрчихсөн, иймээс Та амьдралд өөрийгөө бэлтгэж чадаагүй байна.
Та хувийн араншингаасаа болж ядуурсан байж болно. Араншин гэдэгт хэнэггүй, хариуцлагагүй, сахилга батгүй, салан задгай, олсноо хуу идчихдэг, үрчихдэг, гуйлга гуйхаас ичдэггүй, бас өрөвдүүлэх дон гээд олон чанарууд орно.
Та үр хүүхдээ маш муу хүмүүжүүлсэн байна. Таны тэтгэвэрийн хэдийг сахилгагүй, архичин, ажилгүй хүүхдүүд чинь хуу цөлмөөд дуусдаг.
Энд дор жагсаах нь миний өгч буй харьцуулсан хариулт гэж ойлгож болно. Хятад улс ядуурлаас гарсан туршлагыг судлаад чухам яаж гэдэг дээр товч тодорхой, болхидуухан жагсаалт гаргалаа. Жагсаалт бүрийн ард нь Монголд ямар байсан, байгаа билээ гэдэгт санаа сэдэл өгөх ганцхан өгүүлбэр нэмлээ. Анхааралдаа авна уу.
 
 
Xятaдад өлсгөлөн нүүрлэсэн, хэдэн зуун саяараа ажилгүйдсэн, гуйлгачилсан, хөдөө нь нурсан үр дүнг “Соёлын их хувьсгал” гэх улс төрийн кампани үлдээсэн бол Монголд тийм балмад кампани өрнөж байгаагүй, олон мянгуулаа (тэр үед сая гаранхан хүн амтай байсан) өлссөн, ажилгүйдсэн, хөдөө аж ахуй нь нурсан нөхцөл байдал хэзээ үүсч байгаагүй.
Хятадад улс төрийн бодлогыг огцом, 180 градус эргүүлж, хүчлэн албадан байж реформ хийхээс өөр арга байгаагүй. Монголд тийм нөхцөл байдал хэзээ ч тулгарч байгаагүй.
Хятад нь коммунист засаглалтай капиталист эдийн засаг руу эргэлтгүй орохоос өөр гарц, хувилбар, зам байгаагүй бол Монгол нь ардчилсан хувьсгалаар коммунист дэглэмээсээ салж, эдийн засгийн эрх чөлөөгөө олж аван, хөгжиж дэвжих зам дээрээ саадгүй гарч ирсэн. Хэн ч саад хийгээгүй, Монголын реформыг хэн ч санаатайгаар хорлоогүй.
Хятад нь ядуурлаас гаргах өвч бүрэн, цогцолбор арга хэмжээг хуулийн дарангуйллын дор хүчээр явуулсан. Хүчлэхгүй бол болохгүй болсон учраас л тиймдээ тулсан. Албадлага хаа сайгүй хэрэгжсэн. Монголд албадах шаардлагагүйгээр эхлээд мал, дараа нь орон сууц, дараа нь газрыг нь хувьчилсан ба хувьчлалаар бүх өмчөө гардан авсан монголчууд нь ажиллаж, амьдрах, хөлжих, бэлжих бүх бололцоогоор хангагдсан. 
 
Хятадад хот хөдөөг зэрэг хөгжүүлсэн. Хөдөөд ажлын байруудыг олноор бий болгож, хот хөдөөд хувийн секторыг урамшуулж, баяжихад элдэв саад тотгор багахан шиг тавьж, хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдүүлсэн бол Монголд ийм бодлого цаасан дээр тунхаглаад цааш ахиулаагүй. УИХ-ын сонгуулиар төр, засаг ойр ойрхон солигдож, өмнөхөө үгүйсгэх буюу хэт давуулж ажиллах гэж будилсан тал бий. Гэхдээ гол буруутан нь монголчууд өөрсдөө. Учир нь социализмын үед тэднийг  гайгүй шахаж, бараг л ташуурдаж, дарамталж ажилд сургаж байсныг нь нураагаад шинэ тогтолцоо буй болгохын оронд эрх, эрх чөлөөг нь атгуулчихсан чинь ажил хийх дуртай монгол хүн огцом цөөрсөн.
Нүүдэлчний жалга довын сэтгэлгээ нь хөгжлийн чөдөр болох нь бий. Хамтаараа аж төрөх, хамтаараа хариуцлага хүлээх, хамтаараа ашиг хүртэх сэтгэхүй хятадуудад лав сууж өгсөн бол монголчуудад байхгүй, байхгүйтэй адил. Монгол хүн баг болж ажиллах чадвар сул, тэгэх сонирхол бага. Харин хятад хүн нэгдэж нийлэх, гар нийлэх, хорших, хамтрахдаа гаргуун. 
Хятадад ажил хийхгүй бол ам тосдохгүй гэдэг хатуу хууль үйлчилдэг бол Монголд эсрэгээрээ. Ажил хийх дур хүсэлгүй хүн байнга 220 мянга байж ирсэн гэх судалгаа байна. Хятадад хэрэв ажил хийх дур хүсэлгүй эрүүл саруул хүн байх аваас нийгэмдээ ад болохын сацуу бараг эрүүгийн гэмт хэрэгтэн болж шийтгэгдэх аюултай. Тэгвэл Монгол ажил хийхгүй гэвэл хэн ч хорихгүй, хэн ч албадахгүй. Ядуурах золбирох нь ч нэг ёсны эрх чөлөө.
Хятадад ажлын байр гэж маш үнэ цэнэтэй, олдвол алдахгүйн төлөө гүрийтлээ зүтгэхээс өөр арга байхгүй. Монголд ажлын байрны зар төвийн өдөр тутмын сонин, зурагтын заруудад байнга тавигдах ба тэр ажлын байранд очиж тэнцэх нь ховор, эсвэл очихгүй, тоох ч үгүй. Ажлын байргүй байх нь гамшиг гэсэн ойлголт монгол хүнд байхгүй. 
Хятадад ажилгүй ядуу иргэдийг тэтгэх хөтөлбөр, сан, мөнгөн тусламж, зээл өдий төдий байдаг ба тэр бүрийг хятадууд оновчтой ашигладаг. Тэгвэл Монголд ажилгүйдлийг арилгах хөтөлбөр, бодлого, дэмжлэг байвч тэр нь татан дагуулах увидасгүй. Монголчууд ажилгүй байгаадаа гутардаггүй. Харин ч эсрэгээрээ. Ажлын байрны төлөө, ажлаар хангуулахын төлөө, ажилгүйдлийн эсрэг жагсаал тэмцэл, өлсгөлөн суулт Монголын ардчиллын 28 жилд ганц ч тохиож байгаагүй.
Сэтгэхүйн хувьд Хятадад ядуу байгаа нь өөрөөс нь болсон, өөрийн хувь тавилан хэмээн үздэг бол Монголд ядуурснаа өөрөөсөө боллоо гэж хэлж байгаа хүн нэг ч байхгүй, харин баячуудаас боллоо хэмээн хараан зүхэж, баячуудын эсрэг босч тэмцэх сэтгэхүйтэй. Түүн дээр нь улс төрчид нь тоглодог.
Ядуу иргэдтэй тулж ажиллах, ядуу иргэдийг амьдрал сайтай нутаг руу шилжүүлэх, ажлаар хангах нь Хятадын орон нутгийн бүх шатны дарга нарын үндсэн үүрэг, ажлаа дүгнүүлэх шалгуур болдог бол Монголд ажилгүйдлийг хэн хэрхэн арилгав, хэдэн хүнд ажлын байр гаргаж, аж амьдрал нь хэрхэн сайжрав гэдэг тусгай шалгуур байхгүй, дарга нарын ажлын үнэлгээнд энэ талаар тусгаж мөрдөж байгаагүй.
Ажилгүйдэл ядуурал бол маш том аюул, нийгмийн тогтвортой байдлын дайсан хэмээн Хятадад үздэг, сурталчилдаг бол Монголд энэ талаар тэгж түгшиж, түгшүүр зарлаж байгаагүй, ярьж хэлсэн нь цөөхөн. Монголд тэгж ярьвал бараг ад болно.
 
Хятадад ажилгүйдэл ядуурлыг арилгахад гадаадын зээл, хөрөнгө оруулалтыг зориуд чиглүүлж байгаагүй. Үндэсний хэмжээний маш том төсөлд гадаадын зээл, хөрөнгө оруулалт зориулагддаг. Тэгвэл Монголд ажилгүйдэл ядуурлыг арилгах гол хөшүүрэг нь гадаадын зээл тусламж байж ирсэн, тэгж ч үздэг. Ядуурал бууруулахын тулд төр нь гадаадаас мөнгө гуйж хэвшсэн. Улс төрчид ба Засгийн газрынх нь шалгуур нь ерөөсөө тэр. Тэр гуйлга нь монголчуудын сонгуулийн идэвхийг хөдөлгөдөг, бэлэнчлэх сэтгэлгээг хөгжөөж өгдөг.
Хятадад хувь хүмүүсийн хувийн санаачилга, хөдөлмөр зүтгэлийг хөхиүлэх замаар ядууралтай тэмцэж ирсэн бол Монголд хувь хүн, иргэний хувийн санаачилга, хөдөлмөр зүтгэлийг төрөөс дэмжих нь ховор.    Хятадад бүтээгээгүй, хөдөлмөрлөөгүй байхад нь төрөөс халамжийн бодлого хэрэгжүүлэхгүй, халамжийн бодлогыг онцгой тусгай шаардлагаар (эрүүл мэндийн аргагүй байдал, эсвэл гавьяаны амралт гэх мэт) жинтэйхэн хүртээдэг бол Монголд халамжийн бодлогыг ажилласан бүтээсэн, бүтээгээгүй, хөдөлмөрлөсөн хөдөлмөрлөөгүй ялгаагүй бүгд хүртэх давуу талтай. Гэм нь бэлэнчлэх сэтгэлгээ нийгэмд нь гүн суусан. 
Хятадад төр засаг нь 1 тэрбум 400 сая иргэнээ хянаж чадаж байхад (бараг иргэн бүрт хувийн хэрэг нээсэн) Монголд 3 сая иргэн байтугай орон сууц, хороо, сум багийнхаа  иргэдийг хянаж чаддаггүй. Монголд  албадаж ажил хийлгэх, албадаж мөнгөжүүлэх нь хүний эрх рүү халдсан хэрэг болох тул ажилгүй, ядуу, золбин  иргэдийн талаар багцаа тоо, статистикаас цааш ахидаггүй өнөө хүрчээ.
Лут ялгаа байгаа биз? 
 
Дүгнэлт болгоё
 
НҮБ-ын “Ядуурлыг устгах НҮБ-ын хоёр дахь 10 жил” гэсэн тогтоолын төсөл, Ерөнхий Ассамблейн чуулганы үеэр хамгийн удаан өрнөдөг, нэг сар гаруй хамгийн их маргаан дагуулдаг, 77-ийн бүлэг, Европын Холбоо болон бусад орнуудын дунд хэрүүл дэгдээдэг ядуурлын тухай асуудалд ардчилал ялаад 28 дахь жилдээ ядуурлаасаа салахгүй яваа манай улсын нэр огт дуулддаггүй шүү. НҮБ-аас “Ядуурлын бүх хэлбэрийг арилгах” тогтвортой хөгжлийн тэргүүн зэргийг зорилтыг хэрэгжүүлэх тухай ярихдаа Монголыг маань нэр зааж жишээлж байсан түүх байхгүй. НҮБ-аас хоёр жил тутам “Дэлхийн нийгмийн байдал”-ын тухай судалгааны томхон илтгэл боловсруулдаг. Тэр илтгэлд ч Монголыг ингэж харж үзнэ, тэгж дэмжинэ гэсэн үг өгүүлбэр нэг ч байдаггүй ээ.
Яагаад? Яагаад гэвэл дэлхийн хамтын нийгэмлэг, манайд хандивлагч, туслагч орнууд нийтээрээ шахуу ингэж үздэг болсон: Монголчууд ядуу байгаа нь өөрсдөөс нь шалтгаалсан, хөдөлмөр зохион байгуулалттай нь холбоотой асуудал. Гаднын ба байгалийн ямар ч хүчин зүйл (байгалийн гэнэтийн гамшиг гэх мэт) нөлөөлөөгүй!
Голд ортол мөн гашуунаар дүгнэсэн байгаа биз? Ядуурал, ажилгүйдэл, дээр нь архидалтыг маш ноцтой гэмт хэргийн зүйл ангид оруулж тооцоод хүний эрх, ардчиллаа хольж хутгахгүй албадаад үзвэл яадаг бол, монголчууд аа? Хятадаас суралцая гэвэл дээрх 16 жагсаалт дахь хоёр улсын байрыг сольж тавиад гүрийтлээ ажиллах, ажиллуулахаас өөр арга алга даа! 
 
 
Судлаач Д.Баярхүү
ikon.mn сайтын өнөөдрийн дугаараас бүрэн эхээр нь зохиогчийн зөвшөөрлөөр татан авч нийтэллээ.