ШХАБ-д хүссэн ч, эс хүссэн ч ислам давамгайлах болно гэсэн санааг эл өгүүлэлд тусгалаа.
 
Жинхэнэ гишүүн 8 байгаагийн 5 нь лалын шашинт орнууд буюу олонх;
Aжиглагч 4 улс байгаагийн хоёр нь Афганистан, Иран;
Яриа хэлэлцээний түнш 6 улс байгаагийн хоёр нь Азербайжан, Турк;
Саммитэд урилгатай улс, олон улсын байгууллага 6 байгаагийн нэг нь Туркменистан;
Ажиглагч гишүүн болохоор өргөдлөө өгсөн 10 улс байгаагийн 7 нь лалын шашинтай буюу Бангладеш, Сири, Египет, Мальдив, Ирак, Бахрейн, Катар лалын улсууд, үнэмлэхүй олонх нь байна.
Өөрөөр хэлбэл, олон улсын эрх зүйн 34 субъект байгаагийн 17 нь (яг одоо тал нь) исламын ертөнцийн төлөөлөл, дотроо лалын асуудалтай, лалын ертөнцтэй мөргөлддөг гэвэл Армен, Шри-Ланк, Израиль гээд нэмэгдэнэ. ТУХН, АСЕАН, АНУ гэхэд л лалын элдэв маргаан мөргөлдөөнд хамаатай, өргөдөл нэмж өгөх нь дараагийн ээлжинд Арабын хойг, Умард Африкийн орнууд байх өндөр магадлалтай гэхчлэн тоолоод тоочоод байвал миний бичсэн дамавгайлах болно гэсэн санаа цагийн шалгуураар нотлогдох өдөр ирнэ.
 
ШХАБ гурван үе шатаар төлөвшин буй. Үүнд:
 
1. 1996-2001 oн бол эхлэлийн буюу эхний үе шат.
2. Узбекистаныг элсүүлээд байнгын ажиллагаатай олон улсын байгууллага болсон нь 2001 оноос. Энэ нь дотроо хоёр дэд үе шаттай (2001-2005; 2005-2017).
3. Энэтхэг, Пакистан нэгдэж орсноор одоо гурав дахь үе шатандаа яваа.
Энд миний хөндөх сэдэвт тэр “2005” гэдэг нь онцгой үе шатны эхлэл, түүхийнх нь шинэ хуудас хэмээн би авч үзнэ.
 
ШХАБ дотроо хоёр гол оролцогч, үндэслэгч Орос ба Хятадын хувьд xoёp асуудлаар зөрчилтэй. Үүнд 1) ШХАБ-ыг ОХУ аюулгүй байдал, стратегийн эвсэл болгохыг хүсдэг. Хятад ШХАБ-ыг олон талт иж бүрэн хамтын ажиллагааны үйл явц, тавцан болгохыг хүсдэг; 2) Гишүүнчлэлийн асуудалд Хятад нь маш хянамгай, болгоомжтой ханддаг.
Яг одоо Монголоос өөр улсаар эгнээгээ тэлэхийг Хятад хүсэхгүй байна. Гэтэл ОХУ ШХАБ-д аль болох олон улс орныг (цаанаа ямар асуудалтай, ямар санаа зорилгоор элсэх нь Орост падгүй) татан оруулж, эгнээгээ бэхжүүлэхийг зорьдог. Тэр утгаар Хятадын хүслийг үл харгалзан тэр олон өргөдөл цуглуулчихаад сууж байна.
Ойрын үеийн Оросын зорилго нь жинхэнэ гишүүнээр Ираныг, болж өгвөл Афганистаныг, ажиглагч гишүүнээр Азербайжаныг, болж өгвөл Сирийг элсүүлэх явдал. АНУ хариуд нь НАТО-ийн гишүүн түнш Туркээ ажиглагч руу түлхэж мэднэ.
 
 
Xэpэв ШХАБ-д ийнхүү Иран, ажиглагч байгаа Афганистан жинхэлж, цаашлаад хүслээ илэрхийлдэг Азербайжан, Сири ажиглагчаар элсвэл ШХАБ нь хүссэн ч, эс хүссэн ч лалын ертөнц дэх эцэс төгсгөлгүй дайн тэмцлийн хэрүүлийн индэр, олон улсын арбитрын шүүх болж хувирна. ШХАБ тэгж тэлбэл аль ч утгаараа Америк ба өрнөдийн эсрэг бүлэглэлийн төрхийг ШХАБ нь бүрдүүлнэ. Өвөр хоорондоо дайсагнасан, эдүгээ бүр дайтаж буй олон субъект ШХАБ-ыг боорлоод буй нь гишүүнчлэл дээрээ маш хянамгай, болгоомжтой хандах Хятадын байр суурийн зөвтгөл болох биз ээ.
ШХАБ яг төлөвшлөө олж байсан XXI зууны эхэн үе бол олон улсын хэмжээнд терроризмын эсрэг тэмцлийн түүхэн шинэ үеийг эхлүүлсэн, тэр тэмцлийн холбоотнууд бүхий эвсэл төлөвшсөн (Монгол дотор нь орсон), АНУ ба түүний холбоотнууд Афганистанд Талибаны дэглэмийг түлхэн унагасан, Афганистан руу интервэнц хийсэн, Ирак руу довтлон орж, Саддамын дэглэмийг унагасан эгзэгтэй үе. АНУ ба түүний холбоотны цэрэг Төв Азиар дамжин Афганистан хүрэх маршрут ид ажиллаж, тэр бүхэнд юуны өмнө Орос таагүй хандаж байсан цаг үеийг энд хэлж байна. Ердөө дэргэд нь, нөлөөнийх нь хүрээний бүс рүү АНУ ороод ирсэн үед ОХУ нэг удаа ШХАБ-ыг дайчлан Америкийн тэрхүү өнгөлзлийг таслан зогсоож чадсан.
 
Ойрын үеийн Оросын зорилго нь жинхэнэ гишүүнээр Ираныг, болж өгвөл Афганистаныг, ажиглагч гишүүнээр Азербайжаныг, болж өгвөл Сирийг элсүүлэх явдал
 
2005 онд Астанагийн саммитаас “Төв Ази дахь хуучин Зөвлөлт Холбоот Улсын БНУ-уудаас Америкийн цэргийн баазыг гаргах хугацааг товлохыг АНУ-д уриалсан тунхаглал” гаргаж амжжээ. Энэ нь хоёр талын харилцааны аливаа, ямар ч асуудлыг шийдвэрлэх платформ болгож ШХАБ-ыг ашиглаж болохгүй хэмээх анхны тохиролцоог Оросын шаардлагаар зөрчсөн анхны алхам болсон гэж үздэг. Юу гэвэл Оросоос Төв Азийн дөрвөн улстай тогтоосон хоёр талын харилцаанд лобби, санхүүгийн дарамт, улс төрийн шахаа багагүй явагдсаны дүнд тэгсэн хэрэг. Астанад нэг дор гурван ч улсыг (Иран, Энэтхэг, Пакистан) ажиглагчаар элсүүлж, терроризм, сепаратизм, экстремизмтэй хамтран тэмцэх асуудлаар концепцоо баталсан.
 
Ингэснээр ШХАБ нь АНУ ба өрнөдийн эсрэг ажиллаж мэдэх цэрэг-улс төрийн эвслийн далд сүүдэр байж магад гэх хардлага дэлхий дахинд төрүүлсэн.
 
АНУ-ын цэргийн баазуудтай холбогдуулан гаргасан тэрхүү тунхаглал нь өрнөдийг сөрсөн, хэрэг дээрээ тулган шаардсан геополитикийн анхны ультиматум байсан гэж одоо үздэг. Манас дахь америкийн цэргийн баазаа хэрхэх дээр Киргиз тун хүнд байдалд орж, Узбекистан-Америкийн харилцаа хямралын байдал руу шилжиж, Карши-Ханабад дахь баазыг нь хаах дээрээ тулсан, АНУ-аас Узбекистанд шахалт үзүүлсэн, Казахстан АНУ-аас гайхамшигтай зай барьж чадлаа хэмээн Орос талархаж байсан ч америкийн эсрэг дуу хоолойгоо нэгтгээгүй, АНУ-тай харилцаагаа хүйтрүүлээгүй авч үлдсэн хэмээн хасагууд өөрсдөө ярьдаг юм билээ. Каирт Казахстаны Элчин сайдаас сонссоноо би хэлж байна.
Ингээд 10 жил АНУ-ыг Төв Азид хазаарлаж чаджээ. Энэ бол ОХУ-ын геополитикийн ялалт байлаа. Гэм нь ялалт цаашаа баталгаажсангүй. Төв Азийн холбоотнууд нь ч Орост үнэнч байсангүй. 2015 онд Самаркандад «С5+1» форматын уулзалт тохиох нь тэр. Гурван жилийн өмнөөс эхэлсэн АНУ ба Төв Азийн 5 улсын хамтын ажиллагаа АНУ-аас санаачилсан энэхүү «С5+1» гэх геополитикийн шинэ төслийн хүрээнд идэвхжсэнд ОХУ таатай хандаагүй. Одоо ч гомдолтой. “C5+1 Projects” гэх төсөл ШХАБ ба ОДКБ дотор хэтдээ бөмбөг тэсэлж магадгүй хэмээн Орост харддаг. Орос тэгж хардах бүрэн эрхтэй. Учир нь 2005 онд зовж зүдрэн байж Астанагийн тунхаглалыг гаргуулчихаад эргээд түүнийгээ баллуулахыг Орос хүсэхгүй.
Яг ийм тоглоомын дүрмээр 10 жил амьсгалж, ШХАБ-ын Төв Ази дахь гишүүд нь эл байгууллагын төлөө гэхээсээ илүүтэй хоёр талын харилцаагаа эн тэргүүнд тавьж, өрнөд ертөнц рүү хандарч байгаад ОХУ дургүйцнэ. Харин Хятадын хувьд ШХАБ бол Хятад ба бусад улсуудын хооронд стратегийн чиглэлээ бэхжүүлэх талбар тавцан. Одоо бол “Бүс ба Зам” төслөө урагшлуулах нэг гарц суваг бол ШХАБ гэсэн нь мөн «С5+1»-тэй зөрчилдөөд эхэлбэл яах вэ гэдэгт хариулт алга.
ШХАБ-ыг ганцхан зорилгоор ашиглана, ШХАБ бол авралын гарц, баталгаа гэж хандах улс орон ажиглагч ба түнш, өргөдөл өгөгчдийн дунд тун олон байгаа нь анхаарал татна, түгшүүр төрүүлнэ. Жишээ нь хөрш Арментайгаа дайны байдалд байгаа, тэгсэн хэрнээ хоёулаа яриа хэлэлцээний түнш болчихсон Азербайжаныг авч үзье.
 
«Гурван хорт хүчин»-тэй тэмцэнэ: терроризм, сепаратизм, экстремизм – гэх энэ заалтыг гол болгон ШХАБ-д ажиглагч болох өргөдлөө өгөөд шийдүүлж чадаагүй бас нэг улс гараад ирсэн нь ажиглагч Ираны умард хөрш болох Азербайжан юм. Чиндаогийн саммитаар шийдүүлчихнэ хэмээн горьдож байсан хэмээн Оросын эрдэмтэн Ф.Ибрагимов ярьжээ.
 
Азербайжан нь ШХАБ-ыг «гурван хорт хүчин»-тэй тэмцэх холбоо гэж үзэж байгаа, түүнээсээ ч буцахгүй
 
Чиндаогийн саммитаас ч өмнө юм. 2018 оны хавраас Азербайжаны хэвлэл мэдээллээр эл сэдэв ихээхэн шуугиан тарьжээ. Тус улсын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Хикмет Гажиев “Азербайжан нь ШХАБ-тай хамтран ажиллахад ихээхэн ач холбогдол өгч байна” хэмээн мэдэгдэж, “Тус улс ШХАБ-д элсэнэ” хэмээн үндэсний ШУА-ийнх нь Кавказ судлалын хүрээлэнгийн хэлтсийн эрхлэгч Лилия Мирзазаде зарлаж байв. Тэгэх тусмаа Азербайжаныг ШХАБ-д ажиглагч гишүүний статустай болохоор өргөдлөө өгсөн хэмээн БНХАУ-ын дарга Си Жиньпин зарласан, үүгээр Баку «Дорно зүг рүү эргэлээ» гэхчлэн ярьж бичсэн явдал мэр сэр бий.
 
Ерөөсөө Азербайжан нь ШХАБ-ыг «гурван хорт хүчин»-тэй тэмцэх холбоо гэж үзэж байгаа, түүнээсээ ч буцахгүй. ШХАБ нь хоёр хүчин зүйлээр тус улсад хэрэгтэй аж. 
 
Тус улс 25 жилийн турш сепаратизмд нэрвэгдэж хэлмэгдлээ. Хэрэв ШХАБ-д элсэж чадвал дэлхийн ийм жинтэй том тавцангаас хөрш Армендаа улс төрийн даралт шахалт бүр томоор үзүүлж чадна. ШХАБ-ын гишүүн болж гэмээнэ мэдэгдэм үр дүнд хүрнэ, одоогийн яриа хэлэлцээний түншийн статустай байгаад юунд ч хүрэхгүй; 
Тус улс терроризмд нэрвэгдэж байна. Ойрхи Дорнодод нөхцөл байдал тогтворгүй, Сири, Иракт иргэний дайнтай, гэтэл Азербайжанаас очсон баахан иргэд нь террорист бүлгүүдэд хуваагдан радикал, хэт даврагч болоод тулалдаж байна, тэд эх орондоо эргэж ирлээ гэхэд террорист халдлага үйлдээд эхэлнэ, хэдийгээр Азербайжаны тусгай алба Орос, Ираны коллегтойгоо хамтраад амжилттай ажиллаж байгаа ч гэлээ тус улс ШХАБ-д элсэхгүйгээр амжилт олоход хэцүү байна гэхчлэн азер нөхөд ярьсныг эшлэжээ. Энэ нь ШХАБ хэтдээ байлдааны ажиллагаа явуулах цэргийн эвсэл болоосой гэх Азербайжаны хүсэл нь юм болов уу гэж үзэхээр байна. ШХАБ-ын индэр дээр Нагорно-Карабахыг ярьцгааж байгаасай гэсэн тэдний хүсэл бидний нөгөө гурван улсын эдийн засгийн хонгил, хоолойн асуудлаас бүр тэс холуур юм гээч.
ШХАБ-аар төвийг сахиулах, зүгээр суулгаж идэвхгүй байлгахгүйн төлөө хамгийн ихээр адгаж буй ОХУ нь Азербайжаныг тийшээ лоббиддог ганц том түнш нь. Бүр болохгүй бол Арментай хоёуланг нь ажиглагч болгоод Орос өөрөө дээр нь арбитр, хянагч зохицуулагч хийгээд сууж байхаас буцахгүй. Арменд оросын эсрэг үзэлтнүүд Засгийн газраа байгуулсан нь Арменыг дахин өөр нэг “хариуцлагын тогтолцоо” руу түлхэх бодит шалтгаан мөн.
Ерөөс Орос нь энэ байгууллагыг залахыг оролдож ирсэн. ШХАБ-ын гишүүн болсон бүх орноо стратегийн холбоотон, стратегийн түнш хэмээн нэрлэхээс буцахгүй. Тэгж ч нэрлэж байх сонирхолтой. Учир нь Орос нь СССР-ээс өвлөж авсан асар их өвөө байнга алдсаар өнөө хүрсэн. Асар их өв гэдэг нь хуучин Зөвлөлтийн БНУ-уудтай тогтоосон харилцаа. Прибалтикийг бүрмөсөн алдсан, Гүрж, Украиныг алдаж байна. Молдова алдагдах магадлал өндөрслөө. Арменд өнгөт хувьсгал дэгдэн алдаж, гудамжны нөхөд засгийн эрх авсанд харамсан гашуудаж байна. Белорусстайгаа худалдааны дайн албан бусаар дэгдээчихлээ.
Хилээ хаагаад авлаа. Казахстан-Америкийн харилцаа Оросын аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээнд очлоо. Крым ба Донбассаас болж өрнөдийн хоригт өртөөд ихээхэн хохирол амслаа. Сирид байлдааны ажиллагаа өрнүүлээд Сиридээ АНУ, Британи, Францтай халз тулж тэднээс жийрхлээ. Энэ бүхэн дээрээ Орос холбоотон уйгагүй хайсаар байна. Холбоотноороо хэнийг тодруулах нь ч цаашаагаа нарийн шалгууртай. «Антироссийские санкции» буюу Оросын эсрэг өрнөдийн хоригт хэрхэн хандаж байгаа, хүнд хэцүү энэ цаг үед нь түүнтэй зовлон жаргалаа хэн хэрхэн хуваалцаж байгаагаар нь эрэмбэлэн харилцах бодлого барьж байх аж.
 
Профессор Д.Баярхүү
 
ikon.mn сайтын өнөөдрийн дугаараас бүрэн эхээр нь зохиогчийн зөвшөөрлөөр татан авч нийтэллээ.