“Зүрхний Батболд эмч” гэхлээр зарим хүн андахгүй. Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Зүрх судас, үе мөчний клиникийн эрхлэгч профессор тэр найз маань үзэл бодол, итгэл үнэмшлийн хувьд надтай нэн ойр, хоёулаа эсэргүү ярьж сэтгэж амьтны дургүй хүргэдэг гэдэг утгаар би энэ удаа сайтдаа урьсан хэрэг. Тэрээр айхтар шүүмжлэлтэй, бас бодууштай, авууштай ярилцлага төвийн нэг ТВ-д өгч байсныг би олзуурхан хоёр хувааж тэрхүү ярилцлагын толилуулж байгааг хүлцэн уншина уу. Ялангуяа Эрүүлийн мэндийн яамны сайд, дарга, түшмэд заавал уншаарай гэж хүсье
– Д.Баярхүү 
 
 
 
-Бэлтгэсэн чадварлаг мэргэжилтнээ бид гадагшаа алдаж байна. Сувилагч байхгүй боллоо гэж та дурдсан. Америк, Канад, Европын орон руу тэднийг бодлогоор гаргасан байна. Залуу эмч нар ч мөн гадагшлахыг зорих болсон. Залуу эмч гэхэд л сардаа 6-8 мянган еврогийн цалин буюу, жилийнхээ цалинг сардаа авч байна.
 
Бидний л алдаа, урагшгүй байдал. Амьдрах, ажиллах ахуй ахуй нөхцөл нь дордохоор хүмүүс гадагшаа "дүрвэх" шийдвэр гаргаж байна. Солонгос руу сайн сайн эмч нар зөндөө явсан. Тэнд очоод хар бор л ажил гүйцэтгэдэг. Энд авдаг жилийнхээ цалинг гурван сарын дотор олчихож байгаа тэр сонголтыг хэн буруутгаж чадах вэ? Энэ мэт сэтгэдэг, чадвартай хэсэг нь гараад явчихаар салбар улам доголдож байна. Хууль эрхзүйн орчин маш муу, чадвартай нь яваад, тааруу нь үлдлээ. Монголын төр гэж байдаг бол үүнийг л бодлогын түвшинд хэлэлцэж, нэн даруй засаж залруулаасай. Улс төрийн шоу хийж, улс төрчийн хувьд оноо халааслах маягаар эмч нарын цалинг тавин хувиар нэмнэ, таван аппарат авч өгнө ч гэх шиг хандвал буруу. Эрүүл мэндийн салбарт бас авилгал байна аа. Түүнийг таслан зогсооё. Хэлбэр нь сонин. Энэ тухай АТГ-аас хийсэн нэг өдрийн сургалтанд онцоллоо. Суманд төсөл нэрийн дор рентген аппарат, эхо, зүрхний цахилгаан бичлэгийн машин аваачаад тавьчихсан. Зүгээр л өрчихсөн. Ямар ч ажиллагаа байхгүй. Хэн ч ашигладаггүй. Аргагүй шүү дээ. Нарийн мэргэжлийн эмч нар л түүнийг ашиглана. Тийм эмч тэнд байхгүй. Ийм л үргүй зардал гаргачихсан байх юм. Энэ үнэтэй, нарийн мэргэжил шаардсан өндөр үнэ өртөг бүхий төхөөрөмжийг сумын эмч авъя гэж хүсээгүй л байгаа юм. Наанаас нь аваачаад тараачихдаг юм билээ. Буруу систем, буруу бодлогын гай энэ. 
Эрдэнэт хотод гэхэд л Японы тоноглолтой том оношилгооны төв нээгдсэн. Тэнд ачаалал байхгүй, боловсон хүчин ч байхгүй. Эндээс хоёр гурван эмчийг ирээч гэж уриад, байр орон сууц өгье гэж амлаад дийлдэггүй. Тэр олон сая долларын үнэтэй орчин үеийн тоног төхөөрөмж сул хэвтэж байна. Ер нь Монгол шиг гуравхан сая хүн амтай улсад хоёр MRI аппарат байхад л хангалттай. Түүнийгээ л 24 цаг ажиллуулчих хэрэгтэй. Гэтэл нэг л их аппарат ярьсан улсууд болчихсон байна. 
 
Аппарат чухал биш. Түүний бичиж гаргаж ирсэнийг нь зөв тайлж унших чадвартай нарийн мэргэжлийн эмч хэрэгтэй. Эмч нарынхаа мэргэжлийн түвшинг тогтоож, мэргэжил мэдлэгийг нь байнга дээшлүүлэх шаардлагатай. Энэ бол аппаратаас илүү чухал. Эмчийн мэргэжлийн стандартын шалгалтаар шалгалтанд оролцогчдын 80 хувь нь тэнцэхгүй гэсэн дүн гарч ирсэн байдаг. Энэ бол аюулын, ослын дохио. Алдаагаа шалгалт авсан Анагаах ухааны хөгжлийн төв рүү чихэх буруу хандлага ажиглагдсан. Тэдгээр ажилтнуудыг тэнцүүлэхийн тулд 80-аас дээш байх ёстой босго оноог 70 -руу буулгаж байж тэнцүүлж байна. Энэ чинь л эрүүл бус байгаа юм. Явж явж энэ бүхэн аюулд хүргэх вий гэж болгоомжилж байна. Эмчийн шалгуур өндөр байх ёстой.
 
-Гажуудал их байна. Түүнийг яаж өөрчлөх ёстой юм бэ.
 
Ерөөсөө л зах зээлийн харилцаанд шилжүүлэх. Өөрийнх нь жам ёсны хөгжлийн голдрилд оруулах. Эмчийн үнэ цэнийг мэдрүүлэх. Эрүүл мэндийнх нь үнэ цэнийг өөрсдөд нь ойлгуулах. 
 
-Хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 2018 зун болж өнгөрсөн. Хөлбөмбөг гэснээс, хөлбөмбөгийн баг чадварлаг менежерийн араас амь тавин хөөцөлддөг. Амжилтанд ч тэд нөлөөлж чаддаг. Яг түүн шиг гадаадын өндөр мэргэжлийн докторуудаас урьж авчраад, эхний ээлжинд Улсын гол гол Клиникийн эмнэлгийн даргаар тавьчихвал өөрчилж чадах бол уу?
 
Азийн хөгжлийн банкны том төслүүд явдаг. Ашгаа өгч харагдахгүй байна. Эмнэлгийн даргаар тавихын оронд Анагаахын Их сургуулийн арван тэнхимийг таван жилийн хугацаагаар гадны зочин профессороор удирдуулахад босоод ирнэ. Тэд авлигад, ар өврийн хаалганд автахгүй. Оюутнуудыг алагчлахгүй сургаж, бодитоор дүгнэж, сайн эмчийн залгамж халааг бэлдэж чадна. Ингэж чадаж гэмээнэ, арван жилийн дараачаас чадвартай эмч нарын залуу халаа гарч ирж, гадагшаа яваад байгаа урсгалыг зогсооход нэмэр болох юм. 
 
-Монголд эрүүл мэндийн бодлого явуулья гэхээр хоёрдмол удирдлага нэгэнт бий болчихсон гэсэн яриа бий. Эрүүл мэндийн сайд эмнэлгийн дарга нараа томилдог, хөдөө орон нутгийг хариуцдаг. Тэгтэл, Нийслэлийн эрүүл мэндийн газар Эрүүл мэндийн Яамтай зэрэгцэн оршиж байна. Тэр нь ЭМЯ-наасаа тусдаа хотын захиргааны мэдэлд байдаг. Тэгэхээр энэ нь бодлогын хувьд салан тусгаарласан шинжтэй байдаг гэж мэдэх хүмүүс хэлэх нь бий.  
 
Тийм. Нийслэлийн захиргаа, аж ахуй гэдэг өөр юм руу хутгачихсан. Гажуудлуудын зүгээр нэг энгийн жишээ нь энэ. Аль ч улс оронд ийм тогтолцоо байхгүй. Нийслэлд хүн амын гуравны нэг амьдардаг. Ийм байж болохгүй. 
 
-Гажуудалтай ч гэсэн Эрүүл мэндийн салбарт нэрлэчих сайн эмч нар бий. Шүдний, Нүдний, Бөөрний, Зүрхний, Эхогийн гээд. Хэн нэгнийг нэрлэ гэвэл?  
 
Улаанбаатарт 50 гаруй зүрхний нарийн мэргэжлийн эмч байна. Тэднээс хуруу дарвал тав нь өнөөдрийн түвшинд миний сэтгэлд сайн гэж бодогдож байна. Найдвартай сайн гээд үзүүлэх эмч байхгүй биш байна. Ховор. Гэхдээ тэд маань ямар ч өрсөлдөөн, дэмжлэг байхгүй. Манайд байгаа системийн аюул нь ийм чадалтай улсуудаа дэмждэггүй юм байна. Тэд нар нь чадалтай, өөрийн гэсэн мэдлэгтэй болоод ирэхээрээ дарга нарын аясаар хөдлөхгүй болдог. Дарга аль болохоор өөрийг нь дагаж намирдаг улсуудад дуртай. Эмч нь наадах чинь буруу байна, ингэдэггүй юм гээд дуугарвал “Энэ нөхөр яршиг удах нь байна” гэх хандлагаар сайн, маш үнэтэй эмчийг бодох юмгүй ажлаас халж байна. Үүнд л харамсдаг. Байгалиасаа өгөгдсөн сайн эмч гэдэг бол бидэнд ирсэн бэлэг шүү дээ. Тэр бэлгийг өөртэй нь тохирохгүй байна гэдгээр зүгээр нэг дарга халж байгаа нь эмгэнэл. Нэгдүгээр төрөхийн маш чадалтай сайн эмч - Манай тасгийнхан намайг явна гэсэн чинь их гомдож байна. Бид таныг явахаар яана аа гэж байна. Би үлдэе гэхээр даргатай тохирохгүй юм. Дарга намайг үзэхгүй юм. Тэгээд аргагүйн эрхэнд ажлаа өгөөд Солонгост ажиллаж байна" гэж ярьсан. Нэрийг нь хэлээд яахав. Тэрээр сайхан ажиллаж, эндээс ч илүү цалин мөнгө авч, харьд үнэлэгдэж байна. 
 
Ингэхээр ийм өчүүхэн атаа хорсолын хор хохирол нь ард иргэдэд л тусаж байна. Сайн эмчээсээ үйлчилгээ авч чадахаа больж хохирсон. Тэгэхээр ийм бурангуй системийг бүхэлд нь задлах ёстой. Миний бодлоор эмнэлгийн байгууллагын удирдлагыг дотроос нь эмч, ажилтанаар сонгуульдаг тогтолцоонд нэн даруй шилжих цаг болсон. Хэнээр эмнэлгээ удирдуулах гэж байгаагаа бид өөрсдөө мэдэж буй цагт учир бий. Өнөөдрийн нөхцөлд, нам, засаг солигдох бүрт бүх эмнэлгийн дарга нар дагаад солигддог боллоо. Улс төрийн нам нь Яамныхаа сайдыг л мэдэг, эмч нар эмнэлгийн даргаа өөрсдөө мэддэг болдог тогтооцоонд хүрчихвэл эмнэлгээ аятайхан авч явахыг бодно шүү дээ. Одоо бол сайдад сайхан харагдахыг л бодно уу гэхээс өөр юм байхгүй. Гажуудал бүх эрэг шургандаа байна. Эрүүл мэндийн салбар нурчихлаа. Өөрийнх нь хөгжил, жам руу ойртуулья. Тэгэж байж арван жилийн дотор эрүүл мэнд дахин өндийнэ. 
 
-Оюутолгой Монголын хөгжил гэж ярьж байгаа шиг эрүүл мэндийн салбарын асуудлыг тэр хэмжээнд ярих ёстой болж байна.
 
Эрүүл мэнд, боловсрол хоёр Үндэсний аюулгүй байдлын үндэс нь. Монголын ард түмний сайн сайхан байх асуудал учраас Оюутолгойтой ч харьцуулашгүй. Иргэд бид эрүүл биетэй, эрүүл саруул гэр бүлтэй баймаар байна. Өнөөгийн систем тэр шаардлагыг хангахгүй байна. Ард түмэн гэдэг бол баялаг, өөрийгөө цэвэршүүлэх чадвартай, өөрийгөө хөгжүүлэх механизмтай. Улс төрийн нам болохоор үүнийг хийдэггүй юм байна. Нам ард түмнээс зүгээр коко авахыг л боддог. Хүн үнэгүй сул байгаа юманд дуртай учраас нам ард түмнийг үнэгүй юманд дуртай болгож, хөгжүүлэх, хуучин буурин дээр хоосон эргэлдүүлж байна. Манайд Клиникийн таван том эмнэлэг бий. Энэ таван эмнэлгийн ядаж гурвыг нь ил тодоор, шударга, зөв хувьчлах хэрэгтэй. Хувьчилбал өрсөлдөөд эхэлнэ, сайн мэргэжилтэн хайгаад эхэлнэ, сургаад эхэлнэ. Эрүүлжээд ирнэ шүү дээ. 
 
-Орчин үед шинжлэх ухаан хөгжөөд эмч нар чагнуур зүүхээ больсон гэж ярьж байна.
 
Зүрхний эхо гэхэд бүх урсгалыг, эзлэхүүнийг, агшиж байгаа чадварыг нь гээд үйлдлээр нь гаргадаг болсон. Гэтэл үүний хажууд чагнуураар түг, түг гэхийг чагнаад авах мэдээлэл бол бараг арван хувьд нь ч хүрэхгүй. Шинжлэх ухаан маш өндөр хөгжчихөөд байна. Судсан дотор юм гүйлгээд хаана ямар хатуурал байгааг, хаана ямар шархлаа үүссэн, нарийсал байна уу гэхчилэн харж болдог болсон. Нанотехнологи, электроникийг дагаад техник технологи хөгжиж байна. Үүний дэргэд бидний түвшин болоогүй. Үүнд л би харамсдаг. Би өөрөө бол яахав ээ, дараа үедээ хийсэн бүтээснээ шилжүүлж өгөх байх. Харин залгамж маань надаас илүү хөгжиж, мундаг болоосой гэж хүсдэг ч өнөөдрийн нийгмийн нөхцөл байдлыг хараад эд нар маань яана даа гэж эмзэглэдэг. 
 
-Боловсрол, эрүүл мэндийн салбарт чадвартай чадалтай хүмүүсээ тэтгэвэрт гаргадаггүй, улам ашигладаг улс орнууд байдаг.
 
Систем нь зөв байвал тэгнэ шүү дээ. Гэтэл маш сайн мэргэжилтнийг дарга л баллаж байна. Баруун Европт төгссөн үнэхээр чадалтай хайран сайхан хүнийг явуулж байх жишээтэй. Хэрвээ би хувийн эмнэлгийн дарга сан бол тийм хүмүүсийг алтаар үнэлээд ч болов байлгана. Боломжийн цалин өгөхийг бодъё гээд үлдээнэ. Гэтэл улсын эмнэлгийнх болохоор цалин нэмэх ч үгүй, даргынхаа өөдөөс юм хэлэхээр буруудаад явахаас аргагүйд хүрээд байна. Хувийн эмнэлгийн эзэн бол “Миний энэ эмнэлэгт олон үйлчлүүлэгч ирэхэд сайн эмч ажиллах хэрэгтэй” гээд гуйгаад үлдээнэ. Олон үйлчлүүлэгч ирнэ гэдэг нь арилжааны юм шиг сонсогдовч, цаанаа Монголын ард түмэнд тустай. Гэтэл бид өдөрт 40 хүн үздэг. Барууны өндөр нарийн мэргэжлийн эмч нар 100 гаруйг үзэж байгаа. Тэр хэрээр цалин нь нэмэгддэг. Бидэнд уг нь тийм чинээний нөөц байгаа юм. Гэтэл бодит байдал дээр 40 хувь дээр нь л ажиллаж байна гэсэн үг. Барууны эмч нар өдөрт 100 гаруй хүн үзэхэд цалин өндөр учраас үзүүлж байгаа хүмүүст ч баталгаатай нотолгоотой оношилгоог хэлж өгөх ёстой болдог. Ерөөсөө дэлхийн хүлээн зөвшөөрсөн систем ингэж явдаг. 
 
-Хөлбөмбөгийн дэлхийн аваргын тэмцээнд 32 баг тоглож байлаа. Баг болгон өөрийн эмчтэй. Эмч нь хамгийн өндөр цалинг авч байна. Тоглогч нар бол маш их үнэ цэнэтэй учраас ийм хүмүүсийг эмчлэх, зөв оношлох ёстой. Зөвхөн хөлбөмбөгийн баг дээр л ийм байна. Багийн хамгийн үнэ цэнтэй зүйл бол хөлбөмбөгчид. Тэр багууд тамирчныхаа эрүүл мэндийн баталгаа болгож, гаднаас хамгийн сайн эмчийг хамгийн өндөр үнээр авч байна.
 
Ард түмэн ухаалаг. Та сайн эмчтэй таарвал хэн ч алдахыг хүсэхгүй шүү дээ. Эмч, иргэний хооронд итгэлцлийн харьцаа үүсдэг. Америкийн зохиолч Теодор Драйзерийн хамгийн үнэ цэнтэй хүн нь түүний хувийн эмч байсан тухай намтраас нь уншсан. Тиймээс сайн эмч гэдэг өөрөө нийгмийн үнэ цэнэ юм. Зах зээл хөгжсөн оронд хамгийн сайхан, хангалуун амьдрал олгодог мэргэжил бол эмч, хамгийн хангалуун амьдардаг хүмүүс бол эмч. Монголд сайн эмч үнэ цэнээ мэдрэх нь бүү хэл байна шүү дээ. Тиймээс л хөгжлийн зүй ёсны голдрилд оруулах нь зөв гэсэн байр суурийг би баримталдаг. Угаасаа хамгийн үнэтэй капитал бол эрүүл мэнд шүү дээ. Стиб Жобс нас барахынхаа өмнө хэлсэн байсан. - Ерөөсөө л эрүүл байх асуудал ямар ч зүйлээс илүү юм байна. Би маш их бизнес хийсэн. Өөр хүнээр машинаа жолоодуулж болох ч өөр хүнээр өвчнөө үүрүүлж болдоггүй юм байна гэж хэлсэн байсан. Тэгэхээр эрүүл мэнд гэдэг тийм үнэ цэнэтэй. 
 
-Эмч хүний тухай тодорхойлолт хэлбэл.
 
Эмч хүн бол байгалиасаа өгөгдсөн хамгийн ухаалаг, сэргэлэн, зөв сэтгэлтэй, хүний төлөө гэсэн тийм хүмүүс байх ёстой. Гэтэл ийм сайхан улсуудыг өнөөдрийн байдалд оруулж байгаа улс төр гэдэг юм хурдан өөрчлөгдөөсэй л гэж хүсч байна. 
 
-Таны яриаг сонсоод байх нээ, Монголын эрүүл мэндийн салбар сүйрчээ. Галт тэргээр бол замаасаа гарчихсан дүр зураг харагдаад байх юм.
 
Юун замаасаа гарах. Гараад онхолдчихсон. Задарч тоногдоогүй дээр нь буцааж, зам дээр нь гаргаж тавихыг хичээх хэрэгтэй. 
 
 
 
 
-Тийм дээрээ тулсан юм бол эрүүл мэндийн салбар дампуурлаа зарлачихаж болдоггүй юм уу?
 
Монголын эрүүл мэндийн өнөөгийн байдал нь дампууралын байдалд нэгэнт орсон. Эмч мэргэжилтний мэргэжлийн чадвар чансаа дэлхийн дундаж түвшнээс ихээхэн доройтсон нь хэнээс ч нуултгүй. Янз бүрийн түвшинд ойр зуурын юм асуухад мэдэхгүй байдаг. Хийгдэж байгаа эмчилгээ, үйлчилгээг нь харахад сэтгэл өвдмөөр. Эмч мэргэжилтэн нарын ёс суртахууны доройтол өдрөөс өдөрт нэмэгдэн муудсаар байна. Эмч нар сүлжээчин болчихсон 10 000 төгрөгний төлөө үйлчлүүлэгч өвчтөнг олон зуун мянган төгрөгөөр шатаан молгидсоор сууна. Энгэр дэх тэмдэг, ханандах дахь өргөмжлөл үнэмлэх, бүр гавьяатынх нь шар тэмдэг хүртэл ард иргэдэд хуурамч үнэлгээ үүсгэн хууран хулхидах үндсэн хэрэглүүр нь болчихсон учраас ямар ч хамаагүй аргаар өргөмжлөл, зэрэг цол авахын төлөө улайран тэмцэлдэх нь хөөрхийлөлтэй. Жинхэнэ чадвар мэдлэг, зөв зүйтэй үйлийг хөхүүлэн дэмжих, шударга зөв өрсөлдөхийн оронд надад хамаагүй гэсэн амин үзэл газар авснаар эрүүл мэнд эмнэлэг доторхи нийгмийн сэтгэлгээ салбартаа эргээд сөрөг нөлөө үзүүлэхээр болжээ. Товчхондоо эрүүл саруул ухаан сэтгэхүй үгүй болж өөрийгөө болон бусдыг хууран мэхлэх, хар амиа бөөцийлөн хоног өдөр аргацаах сэтгэхүй эрүүл мэндийнхэн дотор газар авчихаад байна даа.
 
-Нээрээ ч эмнэлгүүдэд өглөө ороход битүү хүн, оочер дугаар. Залхмаар шантармаар?
 
Ард түмэн эмнэлгийн үйлчилгээ авахад нэн бэрх, хамаатан, танил эмч, эмнэлгийн ажилтангүй бол бүр ч бүтдэг ажил биш гэлцэж байгаа нь ортой шүү дээ. Анхан шатны эмнэлэг нь бид мэдэхгүй, чадахгүй, биднийг харж байгаа биз дээ, бидэнд юу ч алга, хурдхан тэр том эмнэлэгтээ оч гээд өөрөөсөө зайлуулдаг, иргэд ч тэнд эмчлүүлэх, үйлчлүүлэх итгэл хүсэл бага. Энэ нь нөгөө талдаа өндөр нарийн мэргэжлийн клиникүүд онц хэрэгцээгүй явган ачаалалд хэт дарагдан байна. Иргэд олноороо хэт ядуурлын түвшинд байгаа учир өндөр үнэтэй эм тариагаа авах чадвар мөхөс, иймээс үнэгүй эм тариа хаана байна тийшээ ямар ч аргаар хамаагүй дайрцгааж байна. Нөгөө талдаа хуучин нийгмээс үлдсэн ганц боломж үнэгүй эмнэлэгт хэвтэж, амрах, витаминжих, ажлаасаа болон гэрээсээ түр хөндийрөх арга сэтгэлгээ салахгүй байна. Эдгээр шалтгааны улмаас эмнэлэгт хэвтэх гэсэн цуцашгүй хүсэл, тэмцэл зохих хэмжээнээсээ хэтрээд байна шүү дээ. Бид өдөр тутам л харж байгаа.
 
Ард иргэд нь эмнэлэгт эмчдээ итгэх итгэл улам алдагдан гадны ямар ч алибан чөтгөр би эмч гэхэд зальбиран мөргөж амь насаа уртасгах авруулахаар тэднээс гуйж, мөнгө хөрөнгөө шавхах дээрээ тулсан байна. Энэ байдлыг нь далимдуулан эмчлэх эрхтэй эрхгүй өвөрлөгч голдуу эмч гэгсэдийг ашиг хонжоо хайгчид хувийн болон хамтарсан эмнэлгийн нэрийн дор авчран тэдгээрээр ард түмний мөнгийг хамтран луйвардах ажиллагаа нэгэнт газар авсан. Мэдээж эх нутагтаа амьдрах чадваргүй, тэндээ гологдсон “нэгэн” энд тэнд доншуучлан олз хайж яваа нь ойлгомжтой. Тэдэнд Монголоос өөр амьдрах хөрс олдохгүй нь лавтай. Тэд ТВ болон сонин хэвлэлээр “эмчилнэ, эдгэрүүлнэ” гэсэн эрээ цээргүй худал хуурмаг мэдээлэл сурталчилгаагаа цацан мунхруулах ажиллагааг тасралтгүй явуулж байна. Гэтэл яам тамга, эмч нарын “мангаа” болсон нөгөө айхтар мэргэжлийн хяналтын байгууллага нь таг чиг, тэдэнтэй хамтран ард түмээ хууран мэхлэх үйл ажиллагаа явуулсаар байна. Хаана мэдлэг боловсрол үгүй харанхуй мунхаг, хууль дүрэмгүй байна тэнд мухар сүсэг, шашин, элдэв номлогч, ид шидтэн зальтангууд, сүлжээний эм тан ихэсдэг жамтай юм. Гэх мэт яриад байвал барагдахгүй их зовлон гачаал эрүүлийн мэндийн салбарт байнаа.
 
-Батболд эмч таныг цаг заваа гарган эрүүл мэндийн салбарын өнөөгийн нөхцөл байдал, түүнээс гарах арга замын тухай илэн далангуй ярилцсанд туйлаас талархая. Тан шиг ийм зөв бодолтой эмч нар бий гэдэгт итгэж байна. Таныг эрүүл мэндийнхээ манаанд он удаан жил ажиллаж, биднийгээ гийгүүлж байхыг хүсье. Таны санасан бодсон үтэр түргэн биелэх болтугай!
 
Д.Баярхүү