Монгол Улс Шанхайн байгууллагад элсчихтэй зэрэг Орос, Хятад хоёр ямар нэгэн “юм” монголчуудад хийгээд өгөх мэт сэтгэлгээ ШХАБ-ын 2018 оны саммитын өмнөх мөн ч их цухалзсан даа. Евразийн эдийн засгийн холбоо гэж нэг саалийн үнээ монголчуудад саалгах гээд дэлэн хөх нь сүүгээр дүүрчихсэн эзнээ хүлээж байна гэх бас нэг сэтгэлгээ Монголд мэр сэр ам дамжин яригдсаар. “ЕАЭС” буюу ЕВРАЗИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ХОЛБОО гэх сүрлэг нэр бүхий энэ эвслийн (байгууллага) сүрлэг нэрэнд уярч, бэлэгшээж хандах нь одоохондоо өөрийгөө хуурсан хэрэг, зүгээр л дэмий хүлээлт хэмээн би олонтаа бичсэн дээ.
Хуучин зөвлөлт ах нартаа хувь заяа ба хөгжлөө даатгаад явдаг байсан шигээ хэн нэгэнд өөрсдийгөө даатгачихвал боллоо гэсэн сэтгэхүй ШХАБ дээр хурцаар илэрсэн болов уу гэж би харддаг.
 
Өөрсдийнхөө арчаагүйгээс болоод ядуурсан, хүн амын 70 хувь нь нийгмийн халамж хүртдэг, хэрэв тийм халамж хүртээхгүй бол хүн амын 47 хувь нь ядуурахад бэлэн байсан, хоёр гуравхан уурхай зулгааж мөнгөждөг үхээнц эдийн засагтай Монгол Улс ШХАБ, Евразийн эдийн засгийн холбоонд холбогдожбэлэн мөнгөн дээр сууж, баяжиж хөлжинө гэдэг гэнэн бодлоо монголчууд өөрчлөхгүй бол хүлээлт, хүлээлт нь горьдлого, горьдлого нь хэрэгжихгүй явсаар сэтгэл гутрал болж хувирах вий гэх миний хувийн үнэлэлт дүгнэлт уншигч Танд таалагдах албагүй шүү.
 
Монголын ардчилсан төр оршин тогтноод чилийсэн 28 жилийг үдэхэд ядуурал ажилгүйдлийн гол буруутан нь бидний сонгосон төр өөрөө, төр л ард иргэдээ ядуурал руу түлхдэг гэдгийг саяхнаас ойлгож эхэлж байгаа нь нэг талаас дэвшил, нөгөө талаас “28 жил” даан ч их хугацаа. Төр ард түмнээ 28 жил хүлээлгэжээ. Цаашдаа ч хүлээлт хэвээрээ үргэлжилнэ. Манай улсын экспортын 90 хувийг уул уурхайн боловсруулаагүй бүтээгдэхүүн эзэлдэг гэхлээр энэ ард түмэн маань ерөөсөө юу ч бүтээдэггүй, бэлэн юм хүлээгээд сууж байдаг гэдэг нь ч үнэн юм шиг. 
Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдаас УИХ-ын чуулганд бахархалтайя мэдээлснээр, 2018 онд 18 сая толгой төл хүлээж авч, өвөл гэхэд 84.4 сая толгой мал өвөлжих ба 168 мянган малчин өрх, 350 мянган малчинтай,энэ их малын 15 сая толгой нь эдийн засгийн эргэлтэд орно, цаашид энэ тоог нэмэх шаардлагатай гэжээ. Нөгөө “экспортын 90 хувийг уул уурхайгаас” гэдгийг сөрсөн алхам хийгээсэй. Тэр 84 сая малаа хүлээгээд хэн нэгэн нь нэмүү өртөг шингээж өгөх мэтээр бүү алмайрчаасай хэмээн хүсэн ерөөе, малчиддаа!
 
Хүлээлт хэмээн гарчигласных түүх ухахгүй бол болохгүй байна. Манай нэртэй нийтлэлч Б.Цэнддоогийн бичсэнээр тэр хүлээлт гурван зуунаар яригдах ажээ. Өөрөөр хэлбэл монголчууд хэн нэгэн гаднын ид шидтэн ирж хөгжүүлж өгөхийг 300 жил хүлээсэн, одоо ч хүлээцгээж байна. Цэнддоо бичиж байна. Эшлэе: Манж Да Чин гүрний төрийн бодлого Монголын хээр талд хэрэгжиж байлаа. Орон нутгийн ноёд түшмэдийн шийдэж байсан асуудал гэвэл малын жижиг хулгай ба өртөө улааны алба гэсхийгээд болно. Шашны удирдагч Амьд Будда нарын асуудлыг ч Бээжингээс хамаарч, тэдний зарлиг, лүндэнгээс эхлээд сүнс хаана дахин төрж болохыг хүртэл зааварлан удирдаж байлаа. Монголын шашны удирдагчийн хойт дүрийг зөвхөн Төвдийн Амдо мужаас тодруулах Манжийн хааны зарлигтай байсан. Хамгийн гол нь Гадаад Монгол буюу өнөөгийн Монгол улсын нутаг дэвсгэрт явуулах төрийн ба шашны бодлого нь монголчуудынх биш харин 100 хувь Манж Чин гүрнийх байсан гэдэг нь л баримт юм гэжээ. 
 
 
Миний тайлбар: Тэгэхлээр манж нарын юу хэлж, юу хийхийг нь хүлээгээд суугаад байсан байж таарах нээ. Манж нар монгол ноёдын цалинг тавьчихна, гурван чулуу бодож олоод толгой дээр нь (отго жинс) залаад, гарт нь атгуулаад (хөөрөг), аманд нь (гаанс) зуулгачихсан, шарын шашнаар ард түмнийг нь “гэгээрүүлчихсэн”, тэгээд л түүндээ сэтгэл ханаад, хишгийг нь хүртээд монгол ноёд 200 жил лав нойрмоглон суужээ. Тэгснээ даатгагч ба ивээн тэтгэгчээ гэнэт сольжээ. Үнэндээ арав хүрэхгүй тэр хэдхэн жилд даатгагч эзнээ хэд хэд солиод авсан байгаа юм. Баатар Цагаан хаанд бадар барьж эзэгнэж өгнө үү гэхэд цаадхи нь Хятадтай наймаалцчихсан (Хиагтын гэрээ). Да Хүрээнээс захиа урилга илгээн байж Сю Шүжаныг цэрэгтэй нь ирүүлсэн. Тэгснээ Улаан Оросыг эзэн болж өгөөч хэмээн Ардын Намыг умарш илгээсэн. Барон Унгерн хэмээх шинэ эзэнтэй болж хэдэн сарыг үдсэн. Нэг үгээрээ бид Та нарт энэ биеэ өгчихье, бидэнд ямар нэгэн “юм” хийж өгөөч гэх хүлээлт. Тэгж тэгж “Улаан” нь “Цагаан”-аа хөөж гаргаад эзэн суужээ. Даатгагч ба ивээн тэтгэгч шинэ эзэн СССР нь яг 70 жил хөдлөшгүйгээр суусан даа. Зөвлөлт ах нартаа хэт найдаад хийж бүтээх, босгох, сэтгэхээс монголчууд ямагт хойш сууж байсныг гэрчлэx амьд гэрч нь бидний үеийнхэн мөнөөсөө мөн. Ах нараасаа аж ахуйн наад захын ажил сурсангүй. Ах нартаа найдаад, хэрэг дээрээ бол хүлээгээд л (коммунизмын гэрэлт ирээдүйг) байсан хэрэг.
 
Цэнддоо цааш нь бичиж байна: Дэлхийн социалист систем нуран унахад Монголын жолоо Оросын гараас алдагдав. Өнөөдөр Монголын ардчилагчид хувьсгалынхаа 30 жилийн ойг тэмдэглэж байна. 1911 оны хувьсгалтай их төстэй. 1911 оны хувьсгалын өмнө монголчууд Хятадыг сөрөн зогсох тэнхээ бүхий Хаант Оростой холбоо тогтоож байсан бол 1990 оны хувьсгалын өмнөхөн БНМАУ нь Зөвлөлтийг сөрөн зогсох чадавхтай гүрэн болох АНУ-тай дипломат харилцаа тогтоож чадлаа.
1911 оны хувьсгалын гадаад тохироо нь Манж Чин гүрэн өөрөө задран унасан явдал байв. Логик нь: Монголчууд Манж Чин гүрний хараат байсан ба Эзэн гүрэн өөрөө унасан нь Монгол орныг эзэнгүй болгов.
1990 онд монголчууд эзнээ солих цаг дахин иржээ. Харин үндэслэл нь Зөвлөлт Холбоот Улс тарсан явдал байв. Хувьсгалын гадаад тулгуур нь нь АНУ тэргүүтэй дэлхийн ардчилсан систем. Монголд өрнөсөн ардчилал нь эрх чөлөөний хувьсгалынх нь дагалдах бэлэг байлаа. Монголчууд зуун зууны туршид сурсан тэр л зангаараа шинэ эзэн ирж жаргаахыг хүлээн хэвтлээ. Гэхдээ америкчууд гэдэг нь Хаант Орос, Гамин, Барон, Улаан арми бүгдэнгээс нь өөр аж. Тэд Монгол орныг өөрийн хүч ба зардлаар ардчилаад, цэгцлээд жаргаагаад өгсөнгүй. “За хар даа, би Та нарын төлөө улсаа ардчилчихлаа, хариуд нь улсыг маань Та нар үүрээд явах ажаам уу”. Биднээс дутуугүй гайхсан нүдээр тэд харна.
 
Миний тайлбар: Өнгөрсөн 28 жилийн түүх ердөө энэ. Цэнддоо маш урнаар, маш оновчтой гаргажээ. Бүр примитивээр төсөөлөөд үз. Гурав дөрөвдүгээр хороолол, 12-р микр гэдэг шиг америк, япон хороолол боссонгүй, үй олон америк япон герман мэргэлжилтэн ирсэнгүй. Амин зуулга, аж ахуйг нь хөтлөж өгөхөөр өрнөдөөс ганц ч хүн ирсэнгүй. Хөлсний хэдэн хятад барилгачдаас өөр бидний өмнөөс хэн ч ирж ажилласангүй. Монголчууд гайхсан хэвээрээ хүлээгээд л, хүлээгээд л.
 
Цэнддоо бичиж байна: Ардчилал тусгаар тогтнол нь маш зүйтэй боловч хамаг хариуцлагыг өөрийн толгойд үүрэх учиртай гэнэ. Зөвлөлтүүд үйлдвэр уурхай, сургууль соёл барьж өгч байсан. Америкууд огт туслахгүй биш боловч үндэсний баялаг ба эрх чөлөөгөө өөрснөө дархлах учиртай, харин арга барил энэ тэрээ зааж туслана гэнэ. Монголчууд гайхан эргэлзэв. Америк ингэхэд шинэ эзэн мөн үү? Ер нь ингэхэд эзэнгүй болоод жаргана гэдэг маань хэр бодитой вэ? Урьд нь бид Манжийн хааны хишиг ба Зөвлөлтийн тусламжаар болоод ирсэн биш бил үү?
 
Цэнддоо дүгнэж байна: Ийнхүү монголчууд шинэ эзнээ хайх, өөрснөө хөлөө олох гэж мунгинасаар 20-иод жилийг өнгөрөөв. Бид эзнээ олоогүй ч гэсэн “шинэ эзэн бол Хятад огт биш, бас Орос биш бол сайн” гэсэн дүгнэлтэд ямар ч байсан хүрснээ “гуравдагч хөршийн бодлого” хэмээн тунхаглаж байна. Хэрвээ дараахи үйл явц өрнөөгүй бол монголчууд бодоод бодоод л бусад нь хараад л явах байсан байх. Учир нь шинэ мянганы эхээр Монголын нутгаас үнэт ашигт малтмалын шинэ шинэ нөөцүүд олдож, уул уурхайн цоо шинэ ирээдүй тал нутгаас тодров. Хуучин Зөвлөлтийн “орлогч”-ийн сул орон тоо олон газрын сонирхлыг татаж байна гэжээ.
 
Миний тайлбар: Монголчуудын хүлээлтийн логик яг гараад ирж байгаа биз? Яагаад хөгжил жигдрэхгүй, яагаад ядуурал нь арилдаггүй (“хэзээ ч” гэж арай хэлэхгүй ээ, гэхдээ бидний үеийнхэн арилахыг нь үзэхгүй, тэр бол бат!), яагаад сумын төв балгас болчихсон, 28 жилийн турш сургууль цэцэрлэг эмнэлгийн барилгын хэрүүл УИХ дээр тасардаггүйг дээр хэлээд өгчихлөө. Хүлээгээд байх нь тэр. УИХ-ын 2020, 2024 ... Ерөнхийлөгчийн 2021, 2025 оны бүх сонгуулиар энэ хэдэн улигт асуудал л яригдана, тэр гарцаагүй. Зөвлөлтийг 70 жилийн турш бараадаж өөрсдийгөө даатгаж явахдаа сумын төв, аймгийн төвдөө тэр сургууль цэцэрлэг эмнэлгээ бариулж, барьж байхгүй, ядаж жорлонгоо цэвэрлэж сурахгүй яасан улс вэ хэмээн гадаадын захын иргэн сонжихыг би сонссон учраас л сонссоноо бичиж байна.
 
Энэхүү гайт хүлээлтээс болоод Монголын нийгмийг ажилгүйдэл, ядуурал бухимдал нэлд нь нэрвээд байна. Улс орны хөгжлийг хөмрүүлэх хэмжээнд очтолоо шүү. Ардчиллын 28 жилд хөгжлийн дөнгө болсон энэ ажилгүйдэл ядууралтай тэмцсээр үгээ барлаа, Засгийн газар цаган тугаа өргөхийн наана байна. 
 
Эдүгээ монгол гурван хүн тутмын нэг нь ядуу, хөдөлмөрийн насны бараг бүгд эрүүл саруул 130 мянган хүн ажилгүй, төрөөс хайр халамж горьдон, шар нар, бор хоногийг хүлээж өнгөрүүлнэ.
Албан ёсны статистикаас бүр ч ичмээр тоо цухалзана. Эх орныхоо хөгжлийг нуруун дээрээ үүрч чирч явах учиртай 30-39 насныхан ядууралд гүн шигдсэн ба ажилгүй гурван хүн тутмын хоёр нь 40-өөс доош насны бие эрүүл, ухаан саруул идэр залуу иргэд байна.
 
Хүлээлтийн хамгийн гайгүй, нааштай гэмээр нэг үзүүлэлт нь хотууд дахь энэ их захууд. Нааштай л гэе дээ. Эрхбиш лангуу чингэлэг сахиад, ажилтай нэр зүүгээд хэдэн мянган монгол хүн сууж байгаа учраас дэвшил гэхээс аргагүй. Гэхдээ ихэнхи тохиолдолд тэр их бараагаа зарах гээд бас л хүлээлтэд байгаа хүмүүс. Хүлээхийг ёстой нэг үзүүлж өгнө, яаж ч тэвчдэг юм, бүү мэд?
Төр засгийн ба улсын байгууллагуудыг нь аваад үз дээ. Нийт 192 мянганхүн ярайна. Нэлдээ хүлээгсэд. Цалин авдаг атлаа ажил олигтой хийдэггүй, хуруугаа бүртгүүлж цалин авагсад, төрийн ажлыг амин хувийнхтайгаа хослуулагсад, бас тэнд нь илүүдэл ажиллагсдын тоо байнга нэмэгдээстэй. Намуудын өр төлөөсөнд үй олуулаа очигсод, ямар нэгэн аз жаргал, албан тушаалын өгсүүр шат хүлээгсэд. Хүлээлт буй болдог дөрөв дөрвөн жилийн цикл үүсгэчихсэн.
Нам нь ялбал 4 жил дарга, даамал, түшмэл, нам нь мэдээж дараагийн 4 жил сөрөг хүчин болно, тэд хэл үггүй яамдаасаа гарч алга болоод 4 жил хүлээлтэд. Эхнэр хүүхдээ дагуулан гадаадад аялан, морь бөх хөөсөн шиг, бараг л Монгол Улсын иргэн биш юм шиг 4 жилийг хүлээж өнгөрөөгөөд дараагийн 4 жил нь эх орондоо “хүч”-ээ өгнө. 
Төрийн албаны 5 хүн тутмын нэг нь дарга, эсвэл захиргааны албан тушаалтан, одоогоор 22 мянган дарга, захиргааны ажилтан (Төрийн албан зөвлөлийн тайлангаас) байгаа нь нөгөө 4 жилийн хүлээлтийн циклээ 2012-2016 онд өнгөрөөчихөөд, одоо 2016-2020 онд эх орондоо “хүч”-ээ өгч буй хүлээгсдийн арми. Тэд 2020-2024 онд дахиад хүлээнэ. Олон мянган хүн дээр тохиож буй цикл ердөө энэ шүү дээ.
Төрийн яамдад очоод хичнээн сайн ажилтай байлаа гээд нөгөө ажилгүйдэл, ядууралд нь очиж нөлөөлөх гэгээтэй бодлого үйлс, бараг байхгүй. Өнгөрсөн 20 гаруй жилд манай улсын эдийн засгийн хэмжээ 40 дахин томорч, улсын төсөв 50 дахин тэлж, 8триллион төгрөг шүргэнэ. Улсын төсөв 1995 онд 144.5 тэрбум төгрөгөөр л хэмжигдэж,энэ мөнгөөр Монгол Улс бүтэн жил бүхнийг зохицуулж байжээ. Монголын эдийн засаг ийнхүү танигдахын аргагүй болтлоо томорсон атал ажилгүйдэл, ядуурал огт буурдаггүй, харин эдгэхийн аргагүйгээр архагшлаа. 
Хавтгайрсан халамж хэлбэрээр мөнгө тараах цаг айсуй. Хүлээлтийг ёстой амилуулж өгдөг төрийн бодлого. Нэг үгээр бол хавтгайрсан нийгмийн халамж бол тэр чигтээ монголуудын ард нийтээрээ хүлээдэг ард түмний хүлээлт. Хөдөлмөр эрхлэх шаардлагагүй болтол нь хүлээлгэдэг оньсон түлхүүр, бүр алтан түлхүүр. 
 
 
Хаа хамаагүй хөндлөнгийн түүхэн жишээ. “Чөлөөлөлт” хэмээх зөвлөлтийн киноны нэг бүлэгт гардаг даа. Италийн фашист Муссолини германы нацист Гитлертээ загнуулж суудагмөч. “Фюрер минь, Та италичуудыг мэдэхгүй байна. Италичууд байлдах хүсэлгүй байна” гэдэг дээ. Цаадхи нь бүгдийг нь бууд хашраа гээд л хашгичаад байдаг. “Бүгдийг нь буудчихаж болохгүй байна шүү дээ” хэмээн Муссолини учирлаж байдаг тэр хэсэг санаанд буучихлаа. 
Яг энэчлэн ажилгүйдэл ядуурлын өмнө цагаан тугаа өргөхийн наагуур байгаа эрх баригчиддаа энэ киног сануулчихъя. Хүчээр албадаж, заримыг нь хашрааж байж л монголчуудын хүлээлтийг таслахгүй бол бултаараа ажил хийх хүсэлгүй байна шүү!
 
Олон улсын харилцааны судлаач, профессор  Д.Баярхүү
 
 
Baabar.mn сайтаас зохиогчийн зөвшөөрлөөр авч нийтлэв.