“Өдрийн сонин”-ы 2018.11.23 № 234 дугаарын сурвалжлагч О.Дашнямтай хийсэн ярилцлага
 
 
-Өнгөрсөн Мягмар гаригт газрын тосны үнэ 7.6 хувиар буурсан. Ер нь 2018 он гарсаар нийт хэдэн хувиар буурсан бол. Буурч буй шалтгаан нь юу вэ?
 
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын гадаад бодлого, үйл ажиллагаатай холбоотойгооргазрын тосны үнэ их савалгаатай байх шиг байна. Улс төрийн нарийн төвөгтэй үйл явц газрын тосны үнэд шууд нөлөөлж байна, байгалийн шалтгаан гэж байхгүй. Улс төрийн шалтгаан л бий. Үүнд голлохгурван шалтгааныгби нэрлэе. 1) Орос-Америкийн зөрчил үнэд шууд нөлөөлнө. Оросын экспортын гол бүтээгдэхүүний үнэ бууж байх нь Оросыг сулруулах гэсэн АНУ-ын бодлогод нийцнэ.2) Ираны эсрэг АНУ-ын тавьсан хориг хоёрдугаар шатандаа орж газрын тос болон байгалийн хийн эх сурвалж руу нь халдсан. 3) Саудын Арабын сэтгүүлчийн амийг Стамбулд хороосон. Үүний эсэргүүцэж Саудын Арабын эсрэг олон улсын хориг тавигдах тухай яригдаж, нэр хүнд нь унасан. Энэ нь газрын тосны үнэ унахад нөлөөлж байгаа болов уу. 
 
-Цаашид газрын тосны үнэ яах бол? Ямар төлөвтэй байна?
 
Газрын тосны үнийг хэвийн хэмжээнд явуулахад Ираны гадаад бодлого гол нөлөөтэй. Иран бол газрын тосны том экспортлогч, геополитикийн онцгой байршилтай улс. Хэрэв Ираны эсрэг хориг цаашид улам гүнзгийрч, зэвсэгт мөргөлдөөнд хүрсэн тохиолдолд Персийн булангийн Ормузын хоолойг хаах магадлалтай.Эмиратыг тусгаар тогтнохоос нь өмнө Иран нь Ормузын хоолойд гурван арлыг нь Британиас шилжүүлж авсан. Ингэснээр энэ хоёр улс газар нутгийн байнгын маргаантай явж ирсэн. Ормузын хоолойгоор явж буй газрын тосны том танкеруудыг Иран энэ гурван арлаа ашиглан хянах бүрэн бололцоотой болсон гэсэн үг. ҮүнийгИран хэрэгжүүлбэл газрын тосны үнэ их хурдацтай өснө. Газрын тосны дараагийн шоок тохионо гэсэн үг л дээ. Хүн төрөлхтөн газрын тосны олон шоок үзсэн дээ. Одоо 6 дахь нь нүүрлэх гэж байх шиг. Өмнө нь ингэхэд ямар 5 хямрал туулсныг сануулах нь зөв байх. Үүнд 1) 1973 онд Араб-Израилийн дайнаар эхний хямрал дэгдэж, үр дүн нь доллар зээлжих тусгай эрхээр солигдож, “Их 7” буюу “G-7” үүссэн. Өөрөөр хэлбэл ам.доллар тэр үеэс шахагдаж эхэлжээ. 2) 1979 онд Ираны лалын хувьсгалаар дараагийн хямрал нөхцөлдөж, үр дүн нь Персийн булангаас өрнийнхөн шахагдан гарсан ба тэр байр сууриа эргүүлж авахаар өнөөг хүртэл үзэлцэн буй. 3) 1990-1991 оны Иракийн Кувейт дэх интервэнц, Иракийн эсрэг дайн, үр дүн нь өрнийнхөн дахин Персийн булан руу орж ирсэн. Гэхдээ дутуу. 4) 2003 онд Иракийг чөлөөлж Саддамын дэглэмийг нурааснаас эхлээд эдүгээ хүртэл Персийн булан-Каспи-Кавказ-Төв Азийн гортиг дотор 4 дэх хямрал явж байна. Энэ хямрал хөвөрсөөр “Арабын хавар”-тай залгасан. ISIL гэж аюултай дайсныг төрүүлсэн, завсарт нь Иран хоригоо тавиулж дэлхийн зах зээлд гарч ирсэн. 5) 2014 онд Украины Крым сайн дураараа Оросын бүрэлдэхүүнд орж, Дорнод Украин салан тусгаарласнаа зарлаж, Украин-Оросын хооронд хямрал дэгдэн өнөөг хүрсэн ба Оросын эсрэг элдэв хориг тавигдаж, Оросын экспортын гол түүхий эд–нефтийн үнийг хэргээр унагаснаас хойш 4 жил өнгөрөөд байна. Ираны эсрэг хориг одоо чангарсантай холбогдсон 6 дахь хямрал нүүрлэх байх. Ямар ч гэсэн нефтийн олборлолтыг нэмэгдүүлж, тэгснээрээ үнийг нь унагах гэсэн Трампын бодлого хэрэгжих магадлалтай байлаа гэхэд Иран олборлолт ба экспортоо өсгөж эдийн засгаа авч гарах, эсвэл Ормузын хоолойг бойкотолж, нефтийн цочмог хямралд дэлхийг хүргэх хоёр замын нэгийг л сонгоно. Хэрэв Иран Ормузын хоолойг хаавал газрын тосны үнэ баррель нь 300 ам.долларт хүрнэ гэсэн тооцоог судлаачид ярьж байна. Одоогийн газрын тосны үнэ буурч байгаа нь түр зуурын үзэгдэл. Эргээд өсөх магадлал өндөр гэж ойлгож болно.
 
 
 
-Манайд нефт боловсруулах үйлдвэр яагаад барьдаггүй юм бэ? Энэ талаарх таны байр суурь ямар байгаа бол?
 
Нефт боловсруулах үйлдвэр барих асуудал мэдээж чухал. Гэхдээ нефть л бол нефть гэж хандаж болохгүй. Нефть болгон адилгүй. Нефтэн доторхи агууламж, хүхэр, химийн найрлага, нягтаршил,өтгөн шингэн гээдихээхэн ялгаатай. Түүнээс шалтгаалж үйлдвэрлэгч ба хэрэглэгчдэд хэр тохирох эд вэ, цаашлаад зах зээл, үнэ ханш нь хэлбэлздэг гэхчлэн олон хүчин зүйл бий. Дэлхийд эталоны сортоор нь нефтийг гурван янз ангилна. 1) «Brent»; 2) West Texas Intermediate, 3) Dubai Crude гэж. Эхнийх нь Умард тэнгисээс олборлодог, Европ, Азид борлуулагддаг нефть. Brent гэх шошготой нефть. Хоёр дахь нь Техасын хөнгөн шингэн нефть гэж байна. АНУ-д борлогддог. Өнгөрсөн зуунд энэ нефть ганцаараа шахуу эталоны сортыг тодорхойлж байсан. Гурав дахь нь Дубайн түүхий газрын тос. Булангийн орнуудаас олборлодог газрын тосны үнийг тогтооход үүнийг баримталдаг, мөн л шингэн нефть. Дэлхийд нефть экспортолдог улс 46 байна.Бүгдийнх нь нефтийг шингэн ба өтгөн, олборлоход өртөг бага, хялбар, эсвэл өртөг өндөр, хүндрэлтэй гэдгээр ангилдаг. Дэлхийн эталоны сортод оросынх дангаараа ангилал болж ордоггүй. Оросынх нэг сортынх биш. Уралын хүнд холимог нефть, Сибирийн Ханты-Мансийскийн хөнгөн нефть, Сахалин 1 ба 2-ын “Сокол”, “Витязь”, Арктикийн АРКО гэх мэт 5 ч сорт байна. Түүний гурав нь “Брент”-ын стандарт үнээр тооцогддог. Хөнгөн ба хүнд (шингэн ба өтгөн) аль алиныг нь зэрэг олборлож борлуулдаг улс ч бий. 
 
Монгол бол нефть экспортлогч улс биш учраас аль сортынх гэдгийг энд тодруулах гэхгүй. Мэргэжлийн хүмүүсийн ярихаар их өтгөн, хүнд нефть юм гэсэн. Шалтгаан нь ч тодорхой. Манай улсын байгаль цаг уурын нөхцөл хахир хатуу уур амьсгалтай. Газрын гүнд цэвдэг мөстлөг ихтэй. Эх газрын хахир хатуу уур амьсгал, мөстлөгтэй хөрсөн доор байгаа нефт бол Персийн булангийн орнууд, Иранаас олборлож байгаа нефтиэс өөр л дөө. Асар их гүнээс авч байгаа учраас их өртгөөр гарч ирнэ. Цэвдэг ихтэй өвлийн хүйтэнд өнөөх нь ундраад байх уу гэдэг бас асуудалтай. Манайхан их хялбараар төсөөлөөд байгаа юм. Цооног зоочих л юм бол олгойдоод гараад ирэх ухааны юм санаад байдаг. Монголын нефть бол тэгж олгойддог нефть нь биш. Хэрэв нефтийн үйлдвэр байгууллаа гэхэд хоёр үйлдвэр зэрэг байгуулах шаардлагатай гэж мэргэжилтнүүд нь ярьдаг. Нэгдүгээрт олборлох үйлдвэрээ барих шаардлагатай. Мөн шингэрүүлэх үйлдвэрээ байгуулна. Тэгээд нэрнэ. Үүнээс үзэхэд хоёроос гурван шат дамжлагатай нь харагдаж байна.
 
-ОХУ болон БНХАУ-ын нефт дамжуулах хоолойг манай улсаар дайруулаад барьж болоогүй юм болов уу? Яагаад тойруулсан юм бол?
 
Энэ мөн л геополитикийн тоглолтын асуудал л даа.
Манай улс өөрөө дамжуулан өнгөрүүлэхэд бэлтгэгдэх хэрэгтэй л дээ. Сул сууж байгаад нефтийн хийн хоолойтавиулаад сул ашиг хүртэнэ гэж байхгүй шүү дээ. Монголын улс төр тогтвортой, хууль тогтоомж нь зөв, тууштай байх шаардлагатай. Манай иргэд үүнийг хүлээж авахад бэлтгэлтэй байх нь чухал. Шударга хөдөлмөрлөж мөнгө олдог байх нь чухал. Ингэж байж нефть дамжуулах хоолойг манайхаар дайруулж барихаас биш зүгээр байгалийн нөхцөл, газар зүйн өгөгдөл нь байна гээд шууд нефтийн хоолой тавигдана гэж байхгүй.
 
Монголчуудын овсгоо самбаа, уриалгахан чанар, бизнесийн соёл тэр бүхэн холбоотой. Өөрөөр хэлбэл хоёр хөрштэйгээ найрсаг харилцаатайбайх хэрэгтэй. Гадаад бодлого дээрээ олон хувирч болохгүй. Ялангуяаэдийн засгийн гадаад хамтын ажиллагаан дээрээ олон нүүрлэж, олон амлаж болохгүй. Гадаад харилцааны сахилгын асуудалтай холбоотой.
 
-Манай улс нүүрсээ тогтмол экспортолж чадахгүйбайгаа. Энэ талаар таны бодол?
 
БНХАУ ногоон эрчим хүч гэж том бодлого дэвшүүлээд явж байна. Намын XIX их хурал болонБХАТИХ-ын чуулганаараа дэвшүүлж экологийн цэвэр эрчим хүч үйлдвэрлэнэ гэсэн зорилго тавьчихлаа шүү дээ. Иймээс түүхий нүүрснээс татгалзах чигтэй байх шиг байна. Түүхий нүүрсээр ажилладаг эрчим хүчний станцуудаа БНХАУ экологийн цэвэр үйлдвэр болгох гэж байна. Тэр утгаарааМонголын түүхий нүүрс урд зах зээлд борлохгүй байх магадлалтай. Энэ бол улс төрийн бодлого биш. Экологийн бодлого нь ийм болж хувирсан. Гадаадаас боловсруулсан юм уу, шингэрүүлсэн нүүрс авахаас биш машинд ачаад шороотой хутгалдан очих нүүрс аваад байхгүй л болов уу. 
 
-Импортолж байгаад гэнэт зогсоох нь хэр ёс зүйтэй үйлдэл гэж үзэж байна вэ?
 
Бид хамаг юмаа нүүрсний бэлэн зөөвөртөө даатгаад сууж байсны гор гарч байгаа нь тэр. Монголчууд нүүрсээ шингэрүүлэх, нүүрсний үйлдвэрлэлээ боловсронгуй болгох, түүхий нүүрсээ угааж цэвэрлэх талаар огтажил хийгээгүй. Үүнийгээ төлөвлөж ажил хэрэг болгох хэрэгтэй байсан шүү дээ. Энэ бидний өөрсдийн буруу. Хятадын буруу биш. 
 
-Засгийн газраас БНХАУ болон ОХУ шиг гэрээ байгуулаад экспортолж боломж байдаг л байх?
 
Манайд байгуулсан гэрээ хэлэлцээр багадаагүй. Улс төрийнгадаад харилцаа, таатай гадаад орчныг нь манай дипломат алба өндөр түвшинд хангаж ирсэн. Хангаж ажиллаж ч байна. Манайх БНХАУ болон ОХУ-тай нэн сайн харилцаатай. Нэгэнтэй нь бүр иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаатай. Нөгөөхтэй нь стратегийн түншлэлийн харилцаатай. Улс төрийн агуулгаараа нэн дотно түншүүд. Үүнийгээ эдийн засаг, бизнес хийдэг салбар нь дэмжиж явах учиртай юм. Энэ тал дээр дутагдалтай байна. Өнгөрсөн 28 жилийн хугацаанд улс төрийн гадаад харилцааг олон дахин давуулж биелүүлсэн. Харин худалдаа-эдийн засаг, бизнесийн харилцаан дээр ахиц дэвшил хангалттай харагдсангүй.