Венесуэл гэдэг улс бөмбөрцөгийн баруун хагаст оршдог боловч эдүгээ дэлхийн цорын ганц улс шиг л анхаарлын төвд байнга байх боллоо. Уго Чавес, Николас Мадуро наp энэ улсыг хөмөрчихсөн бололтой бүх ял тэдэн рүү буулаа. Учир нь даян дэлхийд социалист хувьсгал хийж, америкийн империализмыг ялна гэсэн лоозонгийн дор ард түмнийхээ баялаг нөөцийг бүрэн шавхчихсан тухай гадаадын хэвлэлүүдэд улиг болтол бичнэ. Энэ тухай сэдэв хөндөж  олон улсын харилцааны судлаач-проф. Дашдоржийн Баярхүүтэй “Өдрийн сонин”-ы сурвалжлагч дэлгэрэнгүй ярилцжээ. Ярилцлагчийн зөвшөөрлөөр ярилцлагыг анхны бүрэн эхээр нь sonin.mn сайт уншигчиддаа толилуулж байна.  Ярилцлагын багтаамж том, тиймээс зарим хэсэг нь хасагдаж сонинд тавигдсаныг энд бүрэн эхээр нь нэмж оруулсан болно.
 
- Цагаан сарын уур амьсгалтай давхцаад Венесуэл нь монголчуудын анхаарлаас нэг хэсэгтээ гараад явчихсан ч дэлхийн улс орнууд уралдан сөрөг хүчнийг нь дэмжээд хүлээн зөвшөөрөөд байгаа нөхцөлд манай улсын байр суурь ямар байх ёстойв гэдгээс ярилцлагаа эхлэе.
 
Байр суурь мэдээж чухал. Манай ГХЯ судалж, нөхцөл байдлыг гярхай ажиглаж байгаа. Байр сууриа ч боловсруулж байгаа. Сүүл барихгүй гэдэгт итгэлтэй байна. Харин байр суурь шаардаад эхэлбэл төвийг сахихаа тэмдэглээд, Николас Мадурогийн дараа гарч ирэх тэр дэглэм ба Засгийн газрыг хүлээн зөвшөөрч дэмжих байр сууриа боловсруулчихсан байх нь зөв болох болов уу. Бараг сөрөг хүчнийг нь хүлээн зөвшөөрчихсөн байхад нэг их буруутахгүй байж мэднэ. Бид чинь Ардчилсан улсуудын хамтын нийгэмлэгийн гишүүн улс хэвээрээ байгаа шүү дээ. Венесуэлын сөрөг хүчний лидер Хуан Гуайдо Каракаст цуглаан дээр өөрөө зарлахдаа дэлхийн 60 улс ардчилсан хөдөлгөөнийг нь дэмжиж байна гэсэн байна лээ. Улс орон бүр дээр нарийвчлан тооцоо хийж байгаа юм байна гэж ойлгогдлоо.
 
Манай гуравдагч хөрш гэж үздэг АНУ, Европын Холбоо, өрнөдийн гол гол улсууд Шилжилтийн түр ерөнхийлөгчийг нь дараа дараалан дэмжлээ. Хоёр хөрш маань НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлд явуулсан санал хураалтаар цөөнхи болсон. Аюулгүйн Зөвлөлийн байнгын 5, байнгын бус 10 улсаас Орос, Хятад, ӨАБНУ, Эквадорын Гвиней улс Мадурог дэмжинэ лээ. Арваннэгүүлээ буруушааж байна лээ. Энэ маань дэлхий дахины хандлагын тусгал болов уу. НҮБ дээр санал хураавал мөн ийм тусгал харагдах байх. Гэхдээ дэглэм хэзээ хэзээгүй нураад уначих хэмжээнд арай очоогүй, цэрэг арми, хүн амын тодорхой хэсэг нь Мадурог дэмжсээр байгаа. Тиймдээ ч иргэний дайны хаалга түр хаалттай байх шиг байна. Тийм учраас одоогоор байдлыг цаг минут тутам гярхай ажиглах хэрэгтэй. 
 
- Тэмцлийн явцыг нь ажвал манайд огт  ч хамаагүй биш юм шиг. Популист улс төрийн эсрэг л тэмцээд байх бололтой. Манайдаа попрол гэж моод болоод байгаад Венесуэлын хэрэг явдал сургамжтай даа?
 
Мэдээж. Бидэнд сургамжтай түүхээ тэр улс яг одоо бичиж байгаад нь анхаарал хандуулах хэрэгтэй.  Нийгмийн халамжийг хэтрүүлээд, хувийн ба гадаадын хөрөнгө оруулалттай өмч рүү халдаад, адагт нь сүйрч унасан гашуун сургамжийн жишээ юм л даа. Популизм их хийвэл ийм л дүн гарна. Төсвийнхөө дөрөвний гурвыг нийгмийн салбарт зарцуулсан, сая таван зуун мянган орон сууц үнэгүй тараасан, АНУ-аас өндөр үнээр импортолсон бараагаа олон арав  дахин хямдаар зардаг гэхчлэн манай ядуусын чихийг сортойлгох баримт олон байгаа юм билээ. Гэлээ гээд нийгмийн халамжийн популист бодлогоороо энэ улс улам л уруудсан. Баялагтай улс орноо баллаж тавьсан түүхэн жишээ болж буй. 
 
- Нөгөө антиимпериалист загалмайтны социалист хувьсгал нь юу болж төгсөв? Үргэлжилж байна уу?
 
Уго Чавес гэдэг нөхөр боливарын хувьсгалыг 14 жил удирдаад 2013 онд нас барсан. Халааг нь Мадуро аваад гялалзуулж яваа. Тэд хувьсгалаа түгээх зорилгоор 2004 онд Кубын туслалцаатайгаар АЛБА буюу “Бидний Америкийн улс түмнүүдийн Боливарын альянс” гэдгийг байгуулж, Умард-Өмнөд Америкийн чөлөөт худалдааны альтернатив бүсээ зарласан, тэр нь л  Чавесын антиамериканизмын оргил нь болсон байгаа юм. АЛБА-даа Боливи, Никарагуа, Гондурас, Эквадор, мөн Карибын сав газрын зарим улсуудыг татан оруулсан. Чөлөөт худалдаагаар халхавчлан бүс нутаг дахь зүүний, коммунист хөдөлгөөнүүдэд дэмжлэг үзүүлэхийн тулд  Венесуэлын нөөцийг шавхсан даа. Чавесын дэглэмд үнэнч улсуудыг буй болгоно гээд нефтийн орлогоо тавьж туусан. Цаадуул нь социализм ба Чавест үнэнчээр үлдээгүй, эвсэл аажмаар унтарч, Эквадор түрүүлээд эвслээс гарч алга болсон гээд ярьвал  тус улсыг дампууруулсан элдэв түүх мундахгүй юм билээ. Ганцыг нь л жишээлж байна шүү дээ. 
 
- Венесуэлын шинэ дэглэмийг хүлээн зөвшөөрөхөд бэлэн байх ёстой гэж Та хэлсэн. Тэр асуудал руу оръё. Венесуэлын улс төрийн хямралын шалтгааныг тодруулангаа ярилцах уу?
 
Хямралын үндсэн шалтгааныг дээр хэлчихлээ. Харин улс төрийн тэр шалтгаан нь энэ улсад де-факто хоёр засаг оршиж байгаагаас үүдэлтэй. Улс төрийн шалтгаан нөхцлийг нь эндээс л тодруулах хэрэгтэй. Угаасаа ардчилсан засаглалтай, ардчиллын 200 жилийн туршлагатай улсад засаглалынх бүтэц тогтолцоог таньж ойлгоход их түвэгтэй. Тус улсын парламент болох Үндэсний Ассамблей нь 167 гишүүнтэй. 2015 онд сонгуулиа хийхэд ардчилсан намуудын “Ардчилсан эв нэгдлийн дугуй ширээ” гэх эвсэл ялсан. Энд 12 нам, мөн бие даагчид оролцоод 109  суудлыг нь, “Симон Боливарын эх оронч их хүч” гэх зүүний эвсэл үлдэх 55 суудлыг нь авсан. Сүүлчийнх нь  парламент дахь сөрөг хүчин, харин Ерөнхийлөгч Мадурогийн хувьд өөрийнх нь талын намуудын төвлөрөл. Тэнд нь Венесуэлын нэгдмэл социалист нам, Венесуэлын коммунист нам, Хоёр зуун жилийн БНУ-ын авангард нам гэх гурван нам эвсэж байна. Нэгэнт парламентад цөөнхи болсон учраас Николас Мадуро түүнийг сөрөх өөр нэг бүтэц 2017 онд бодож олоод 545 гишүүнтэйгээр “Үндсэн хууль шинээр боловсруулах үүрэг бүхий зохион байгуулах хурал” гэдгийг буй болгоод, тэндээ социалист коммунист намуудаа олонхи болгуулаад нэг ёсондоо өөрийн парламенттай болчихсон, үүнийг нь дэлхийн ба бүс нутгийнх нь ихэнхи улс орнууд хүлээн зөвшөөрөөгүй. 2018 онд Ерөнхийлөгчийн сонгууль зарлаад өөрөө ялчихсан, ингэж ялахдаа сөрөг хүчний удирдагчдaa эх орноос нь  хөөж, шоронд хорьж, заримыг нь сонгуульд оролцуулаагүй, тал талын бойкотын дор явуулсан сонгуульдаа Мадуро 70 хувийн саналаар дахин сонгогдлоо гэж зарласан боловч бас үүнийг нь дээрхийн адил ихэнхи улс орнууд хүлээн зөвшөөрөөгүй, ийм байдалтайгаар шинэ онтойгоо золгосон. 2019.01.10-нд Мадуро тангарагаа өргөж албан тушаалдаа орно гэж зарласныг угтуулаад Латин Америкийн орнуудаас бүрдэх “Лимагийн бүлэг” гэх бүс нутгийн улс орнуудын бүлэг Мадурог хууль ёсны Ерөнхийлөгч биш тул үүрэгт ажлаа Үндэсний Ассамблейдаа шилжүүлээд өөрөө огцрох, шинэ ардчилсан сонгууль явуулах уриалга нэгдүгээр сарын 4-нд гаргаснаас эдүгээгийн хямрал шат ахин хурцаджээ. Энэ үеэс Венесуэлын нөхөр ба дайснууд ил гараад ирсэн. Бүс нутгийн ихэнхи орнууд, тэр дундаа хөршүүд нь болох Бразил, Колумб, Гайана, бүс нутгийн түнш нь болох Аргентин, Перу, Коста-Рик, Чили, Гватемал, Гондурас, Панам, Парагвай, Канад, Сент-Люис улсууд Мадурог хууль бус гэж үзсэнээр тэрээр бүс нутагтаа ганцаардсан нь ил болсон. Гэвч гандан бууршгүй Мадуро 10-ндаа тангарагаа Үндэсний Ассамблейд өргөхөд хурлын танхим эл хуль, гадаадын зочид төлөөлөгчид очоогүй, тэглээ гэмэгц нь хөрш зарим улс нь дипломат харилцаагаа таслан дохио сануулга өгсөн ч тэрээр хүлээн аваагүй. Ингээд арав гаруй хоногийн дараа Үндэсний Ассамблейн спикер нь засгийн эрхийг авахаар өөрийгөө Түр ерөнхийлөгчөөр зарласнаар энэ улс улс төрийн гүн хямрал руугаа эргэлтгүй шилжээд байна даа.
 
- АНУ Мадурог “асан Ерөнхийлөгч” гэж нэрлэж байгаа нь гайхал татна?
 
Венесуэлын Шилжилтийн түр ерөнхийлөгч нь Хуан Гуайдо мөн хэмээн Вашингтонд хүлээн зөвшөөрснөөсөө хойш АНУ-д Николас Мадурог “Ерөнхийлөгч асан” хэмээн нэрлэж, шийдвэр гаргах эрхгүй гэх болсон. Дипломат харилцаагаа АНУ-аас тасаллаа гэж зарламагц нь “Асан Ерөнхийлөгч ийм шийдвэр гаргах эрхгүй ээ” гээд АНУ таслаагүй, одоо болтол нийслэлд нь ЭСЯ-аа байлгаж байна. Тэгээд ч Мадурод улс орноо сүйрүүлсэн дарангуйлсан гэх ялнаас гадна авилга, хар тамхины хэрэг тохох болсон. Хар тамхины хууль бус наймаа,  наркотрафикийн толгойлогч гээд бүр нэрлэчихсэн. Венесуэлын дотоод хэрэгт хөндлөнгөөс цэргийн хүчээр оролцохоо ч Дональд Трамп боломжийн хувилбар гэж үзэж байгаагаа Twitter-тээ ил зарласан. Тэгэхлээр тээр жил, 1990 онд хар тамхины хэрэгт хутгалдсан, гэвч Вашингтоноос зай барьж зүүн тийш хэлбийсэн Панамын цэргийн удирдагч социалист үзэлтэн Мануэль Норьегаг баривчилж АНУ-д аваачиж шүүж, 40 жилийн хорих ял оноосон түүхийг энэ удаа Венесуэл дээр давтахыг бас үгүйсгэх аргагүй. 
 
- Eвpoпын Холбоо Венесуэлээс нүүр бурууллаа?
 
Венесуэлын социалист лидер Мадурод ультиматум тавьсан. Найм хоногийн дотор шинэ сонгууль явуулахаа зарлахгүй бол Хуан Гуайдог Ерөнхийлөгчид тооцох болно гэсэн. Мадуро гөжөөд хариу өгөөгүйгээр барахгүй Европтой харилцаагаа эргэж харна, харилцаагаа тасална гэх шахуу ширүүн мэдэгдлээр хариу барьсан. Нөгөөх 8 хоног нь өнгөрчихсөн, Европын эхний 9 улс нь венесуэлын сөрөг хүчний лидерийг хүлээн зөвшөөрсөн. Эхний ээлжинд Франц, Испани, Герман, Их Британи, Португал, Швед, Дани, Австри, Нидерланд гээд жагссан. Араас нь Польш, Чех, Эстон гэж нэмэгдсэн. Мадурог дарангуйлагч, эдийн засгаа нураагч хэмээн цоллоод эхэлсэн. Испани хэлт Испанийн Ерөнхий сайд ба Засгийн газрыг Мадуро хараалын муухайгаар хэлж гомдлоо илэрхийллээ. Хуан Гуайдог хүлээн зөвшөөрөгчдийн дотор Гүрж, Украин хоёр нэмэгдсэн нь анхаарал өөрийн эрхгүй татлаа.
 
Ер нь харьцуулалт хийгээд үзэж болно. Мадурог хэн дэмжиж, хэн дэмжихгүй байнав гэхэд дэмжихгүй нь дэлхийн олонхи байна. АНУ руу хамаг бурууг тохдог ч АНУ бол дэмжихгүй байгаа тэр олон улсын л нэг шүү дээ. АНУ л бүх лай ланчгийн ард байна гэж үзэж бүр цөхрөхдөө Мадуро АНУ-аас дипломат харилцаагаа тасаллаа гэж зарласан. Европын Холбооны бүх улстай ч тэгж мэднэ. Латин Америкийн  33 улсын 4-хөн нь болох Мексик, Куба, Боливи, Никарагуа Мадурог дэмжиж байна. Мексик бол цаг зуурын тактикийн үүднээс АНУ-аар хилээ нээлгэж дүрвэгсдээ илгээхийн тулд тэгж байж магад. Мөд нөгөө олонхитойгоо очиж нийлнэ. Тэгээд ч  “Лимагийн бүлэг”-ийн нэг идэвхтэй нөлөө бүхий улс. 
Чилийн Ерөнхийлөгч Себастьян Пиньера Twitter-т юу гэж бичсэн байна гэхлээр “Мадурогийн хоногийн тоо дуусчээ”, “Венесуэлын ард иргэд энх тунх, эрх чөлөөт, цэцэглэн хөгжсөн улс болохын босгон дээр байна”, “Мадурогийн дарангуйлах дэглэм хоногоо тоолж байна” гэсэн бол Колумбын Ерөнхийлөгч Иван Дуке хэд хоногийн өмнө “Мадурогийн захиргаа төгсгөлдөө орлоо” гэсэн байсан. Бүс нутгийнх нь, хамгийн ойр байх ёстой улс орнууд нь Мадурог хэрхэн үнэлж дүгнэж байгааг энэ хоёр Ерөнхийлөгч илэрхийлчихсэн юм биш үү?
 
Цөхөрсөн Мадуро бүр аргаа барахдаа “Би үнэнхүү христиан, Пап Та мэднэ дээ” гэж байгаад Ромын Пап Францискээс тусламж хүссэн захидал хүртэл явууллаа. Европ дахь тулгуур нь Оросоос гадна Пап болж үлдэх нь байна.  
 
- Xятадын хувьд энэ улсад бас их зовинож байгаа даа?
 
Яриангүй тийм.  Венесуэл дэх нөхцөл байдал хяналтаас гарлаа гэдэгт сэтгэл хаа хаагүй л түгшиж байна. Тус улсын эдийн засагт хөрөнгөө оруулсан нэг үндсэн оролцогч тоглогчийн хувьд Хятад тайван байдлыг хүсэмжлэх нь зүй ёсны хэрэг. Зөвхөн оруулсан хөрөнгөө алдахаас айж хулчийсандаа ч тэгээд байгаа юм биш. Эрх мэдэл аль талд байна, төр засгийн ихэнхи бүтэц, хүчний байгууллага нь хэний талд байна, түүнийг Хятад дэмжинэ.  Николас Мадурогийн гарт тэр бүхэн нь байгаа, харин түүний өрсөлдөгчид нь парламентад төлөөлөлтэй, хэрэв АНУ тэднийг дэмжихгүй бол тэд хэн ч биш болж хувирна гэдгийг Хятад тооцоолж байх шиг. АНУ хөндлөнгөөс оролцох вий гэдэгт Хятад сэтгэл түгшинэ. Венесуэлын хямрал бусдад ямар үлгэр болох бол, цэргийн томхон мөргөлдөөний шалтаг болох вий гэдгээс Хятад ихэд болгоомжилж байна. БРИКС эвсэлд хамт тэмцэж явсан Бразилд нь засгийн эрх солигдсоны дараа Америкийн тал баримталсан, Америкийн цэргийн баазыг нутагтаа байгуулж, Венесуэлыг хавчина хяхна гэсэн байр суурьтай нэг нөхөр төр тэргүүлэхээр гарч ирсэнд Хятад мэл гайхан хэлээ хазан сууж байх шиг байна.
 
АНУ-ын Өмнөд нэгдсэн командлалын захирагч тэнгисийн цэргийн адмирал Крэйг Фоллер  voanews.com-д ярилцлага өгснөөс эшлэбэл энд сонин болох байх. Тэрээр Төв болон Өмнөд  Америк дахь америкийн цэргийн ерөнхий командлагч хүн шүү дээ. Орос, Хятад хоёрт ийм тодорхойлолт өгсөн байна лээ. “Оросоос ер нь юу ч оргилон гарч ирж мэднэ. Хэдийгээр хоёр өөр тохиолдол ч гэсэн манай үндэсний батлан хамгаалах стратегид Орос, Хятадтай өрсөлдөхөд онцгой анхаарсан байгаа. Хятад бол өсөн дэвжиж буй эдийн засгийн хүч. Тийм учраас даян дэлхийд бизнес-эрх ашгаа хамгаалах хууль ёсны эрхтэй. Тэгж хамгаалахдаа тэд тоглоомын дүрэм мөрдөхөөсөө татгалзаж мэднэ. Харин Орос бол үнэндээ  шархадсан, сульдаад уначихсан, гэхдээ хүрхрээд давшлаад байгаа баавгай л гэсэн үг. Москвагийн цаашдын үйлдлийг би урьдчилан хэлж мэдэхгүй байна” гэсэн байна. 
 
- Оросын байр суурийг тодруулахгүй юү? Монголчуудад тэр л сонин байх болно?
 
ОХУ Венесуэл дээр ямар тоглолт хийж байгаа нь нэн сонин, бас адармаатай. Хэлж таах, тайлбарлах ч арга алга. 2018 оны 12 дугаар сард, саяхан даа стратегийн бөмбөгдөгч хоёр Ту-160, цэргийн тээврийн Ан-124, мөн иргэний агаарын тээврийн Ил-62 нисэх онгоц зэрэг зэрэг очиж, агаарын цэргийн хамтарсан сургуульд оролцсон. Венесуэл нисэгчдийг оросууд сургаж байна. Мадуро болон түүний Батлан хамгаалахын сайд нь ОХУ-д айлчилж, цэргийн хамтын ажиллагааны лут асуудал ярилцсан. Нефть, алтны салбарт Оросоос 6 тэрбум доллар оруулах контракт байгууллаа гэсэн мэдээ явж байсан. Хүнсний гачигдлыг нь эерүүлэхээр Оросоос 2019 онд 600 мянган тонн үр тариа өгнө. Ингэхэд Орост ямар ашигтай болоод тэр хол Латин ертөнц рүү тэмүүлээд байнав гэдэгт оросууд ч нэгдсэн байр суурьгүй байна. Оросын судлаач нийтлэлч Леонид Бершидский гэдэг хүн Мадурог дэмжсэнээрээ Орос эх орон нь тэрбум тэрбумын (доллар гэсэн үг л дээ) эрсдэл өөртөө үүрч байна хэмээн Bloomberg-ээр ярьж байна лээ. Тэр нөхөр их сонин тооцоо гаргаж ирсэн. Орос $17 тэрбумын хөрөнгө оруулсан, 2019 онд нэмж $6 тэрбумыг Оросоос оруулна.  Мөн нөгөө үр тариа нэмэгдэнэ.
 
Орос өөрөө бол “Бид тэндээс хэзээ ч гарахгүй, харин тэднийг (өрнөдийнхнийг) гаргана” гэсэн хатуу байр суурьтай байдаг ч өмнө нь Ирак, Ливи, Украин дээр тохиолдсон шиг мөнгө ч үгүй, түнш ч үгүй болох вий хэмээн Бершидский эрх баригчиддаа сэрэмжлүүлэн ярьж байсан даа. Тэр нөхрийн дэлгэсэн тодорхой баримтаар бол Саддам Хусейныг барууныхан унагаад тавьчихсан чинь оросын “Лукойл” Иракийн Баруун Курна дахь нефтийн ордын лицензээ алдчихсан, бүр сүүлд нь 2009 онд Норвегийн  Statoil компанитай консорциум болж байж эргэж Ирак руу нэвтэрсэн боловч Иракийн шинэ Засгийн газрын ихээхэн өрийг Орос уучлах болоод явчихсан.
 
Ливид Каддафийн дэглэм унадаг, Ливи дэх «Газпром», «Татнефть»-ийн нэг тэрбум долларын оруулсан хөрөнгө алга болсон, олон төсөл, түүний дотор Оросын Төмөр замын хурдны галт тэрэгний замын төсөл зогссон, одоо ОХУ Ливиэс мөнгөө олж авахаар байлдаж байгаа нэг талд нь аргагүй эрхэнд орж байна. Түүнээс ч бүр хачин үйлдэл Украинд хийсэн. Виктор Януковичийг тогтоож байлгах гэж эцсийг нь хүртэл дэмжээд 2013-2014 оны зааг үед ОХУ-ын сан хөмрөгнөөс гурван тэрбум долларыг Киев рүү явуулчихсан байсан. Зимбабвейн Ерөнхийлөгч Эммерсон Мнангагва мөнөөхөн Москвад ирээд зээл тусламж хүсч, концессын хэлбэрээр байгалийн нөөцөө ашиглуулъя гэсэн. Гэтэл Зимбабвед түлшний үнэ 150 хувиар нэмэгдээд хүн ард нь эсэргүүцлийн тэмцэлд босчихлоо. Суданд Оросын төмөр замаас зам шинэчлэх хэлэлцээ хийж, “Росатом” нь атомын цахилгаан станц барих контракт байгуулж байдаг, гэтэл Ерөнхийлөгч Омар аль-Баширыг нь эсэргүүцсэн нийгмийн давалгаа намждаггүй. Тэр Ерөнхийлөгч геноцидын хэргээр Олон улсын эрүүгийн шүүхэд олон жилийн өмнөөс дуудагдчихсан. Одоо Оросоос өөр аврал байхгүй. Энэчлэн Мадуро унадаг, АНУ-ыг дэмжигч нөхөд засгийн эрхэнд гараад ирдэг, Оросын төслүүд бүгд зогсдог, Венесуэл Орост төлөх өрөө буцааж өгдөггүй, Мадурод тэр өр тохогддог, Хуан Гуайдо Орос руу нуруугаа харуулчихна гээд тэр нөхөр ярьж байсныг бас сайтад ил тавьчихсан байна лээ. 
 
- Орос яагаад, яг одоо, ийм ирээдүйгүй дэглэмүүд дээр бооцоо тавьж өөрийгөө эрсдүүлдэг юм бол, судлаачийн хувьд Та юу гэж үзэж байна?
 
Оройтоогүй дээрээ Орос болон бусад орнууд Хуан Гуайдог  Венесуэлын Ерөнхийлөгч мөн гэж хүлээн зөвшөөрөх хэрэгтэй хэмээн АНУ-ын Ерөнхийлөгчийн зөвлөх Жон Болтон уриалсан байна билээ. “Оройтоогүй дээрээ” гэдэг үг мөн ч ноцтой сануулга мэт чихнээ бууж байна. Бүр Оросыг нэр зааж тавлаад ч байх шиг. Венесуэлын асуудал эрхлэх америкийн тусгай элч төлөөлөгч Эллиот Абрамс гэдэг хүн Мадурод хандан эх орноо орхин тэр найз нөхөд болох Куба юм уу, эсвэл тэр Орос руугаа дүрвэхгүй юу даа хэмээн санал тавьжээ. Ерөөсөө Мадурог албан тушаалаасаа огцорлоо гэхэд хүлээгээд авах улс орон олон бий дээ хэмээн тавлаж ч байх шиг.
“ОХУ нь Путины өнгөн дээр АНУ-ын нөлөөг дэлхийн энд тэндгүй тогтоон барих бодлого явуулж, тэр нь гадаад бодлогынх нь гол мөн чанар болж байна. Тиймдээ ч ад үзэгдсэн, нэр хүндгүй дэглэмүүдийг дэмжиж байна. Өрнөдийн экспансыг сөрөн зогсож байгаа л гэх юм бол ямар ч Засгийн газрыг дэмжиж, газрын тос, төмөр зам гэлтгүй, бүр атомын эрчим хүчинд нь ч хөрөнгөө хайр найргүй оруулж байна” хэмээн Леонид Бершидский ярина лээ.  Би Оросын нэртэй төртэй нийтлэлчээс нэмэлт хачиргүй хөрвүүлж ярьж байна шүү дээ. Бершидский ярьсан дээр Венесуэлын Ерөнхийлөгч хэмээн өөрийгөө зарласан спикер Хуан Гуайдогийг ярьснаас эшлэе. Оросын болоод Хятадын оруулсан хөрөнгө оруулалт хамгаалалтгүй үлдэж байгаад сэтгэл түгшиж байна. Мадуро түүнийг чинь хамгаалж чадахгүй шүү хэмээн тэр нөхөр CNN-ээр саяхан ярьсан. “Үнэндээ ОХУ, Хятад хоёр венесуэлын эдийн засагт оруулсан хөрөнгө оруулалтдаа л түгшээд байгаа юм аа. Ерөөсөө Мадуро гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаална гэж өнгөрсөн. Орос, Хятад хоёр олон тэрбумын хөрөнгө Венесуэлд оруулчихсан байгаа, Мадуро хамгаална гэж гонж” гэж ярьж байсан даа.
 
Венесуэл дэх Оросын ашиг сонирхол гэж тун эргэлзээтэй болж байгааг хааяагүй л анхааруулдаг, тэмдэглэдэг. Венесуэлын төрийн мэдлийн PDVSA гэх нефтийн компани нь банкны бараг бүх төлбөр тооцоогоо оросын Газпромбанкаар хийж байх тухай шийдвэр гаргаж, харин Газпромбанк нь 2014 оны 7 дугаар сараас хойш АНУ-ын санкц дор үйл ажиллагаагаа хумиулаад байж байгааг тооцож үзэхүл эрсдэл илт мэдрэгдэх шиг. Гэхдээ энэ мэт эрсдэлийг ОХУ одоогоор тооцох сонирхолгүй.  
Ерөөсөө Москва-Вашингтоны хооронд, болж өгвөл АНУ-ын хамар дор хажуу бөөрөнд нь геополитикийн шинэ фронт нээх явдал Оросын жинхэнэ ашиг сонирхол болоод байх шиг. Эндээс логикоор дараагийн хариулт гараад ирнэ. Геополитикийн шинэ фронт дээр хэн хэрэгтэй юм бэ? Геополитикийн холбоотон хэрэгтэй. Геополитикийн холбоотнууд юу хийх ёстой вэ? Геополитикийн интеграцад орох ёстой. Тэгж байж геополитикийн мөргөлдөөндөө ялах учиртай.
Аугаа их эх орны эх орончид (Патриоты Великого Отечества) гэх Оросын хөдөлгөөний  лидер Николай Стариков гэдэг нөхөр эрх баригчиддаа элдэв сануулга анхааруулга өгсөн ярилцлагаа youtube.com сайтад байрлуулсан байна лээ. Тэрээр Мадурог Януковичийн хувилбар, өрөөсөн дугуй гэж нэрлэсэн нь Оросын дэмжлэг бүтэхгүй ээ гэсэнтэй адил сонсдохоор. Мадурод хандан Януковичоос сургамж аваач хэмээн уриалсан ч байх шиг.
 
“Мадурог хууль ёсны Ерөнхийлөгч хэмээн хүлээн зөвшөөрч байгаа улс орнуудын дотор ОХУ толгой цохиж яваа ч Мадурог тэсгээхийн тулд санхүү-цэргийн цэргийн тусламж үзүүлэх асуудал яригдахгүй” хэмээн Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдэгдсэнийг үзвэл бас ч үгүй өөрсдийгөө хянаж татаж авах бодлоготой ч юм шиг. “Ийм асуудлаар хөөцөлдөх нь бидэндээ дэндүү ахдана, Венесуэлд очиж өргөн хүрээнд операц явуулах материал-техникийн нөөц ч алга, Оросын эдийн засаг өөрөө стагнацын байдалд байна, эдийн засгийн үүднээс ярьвал Орос нь түүхнээ хамгийн нэн таагүй үедээ, ээлжит гэхдээ урт хугацаанд ачаалал  ирэхээр байна,  нийгэмд дургүйцэл өсч байна” хэмээн гадаад болон батлан хамгаалахын бодлогоор Кремльдээ зөвлөх үйлчилгээ үзүүлдэг  Федор Лукьянов бас бичсэн байна лээ. Харин тэрээр Евгений Пригожин гэдэг нөхрийг ярьсныг нотлох шиг болсон. Юу гэвэл оросын хувийн цэргийн компанийн хөлсний цэргүүд тус улсад очсон тухай маргаантай асуудал юм. Тийм хөлсний цэргүүд Украинд Оросын талд байлдаж байсан, Сирид мөн тийм алба хашсан бол Лукьяновын хэлснээр хөлс мөнгөө тохиролцсон тийм гэрээт албан хаагчид Венесуэл дэх Оросын объектууд ба иргэдийг хамгаалахаар очих эрхтэй гэсэн байх юм. Тэгээд ч оросын төрийн өмчит “Роснефть”, “Ростех”-ийн олон объектын харуул хамгаалалт тэртэй тэргүй байж байгаа.  “Ростех” нь болохлээр АК хэмээх автомат буу үйлдвэрлэх гэрээтэй. Тэгэхлээр орос харуул хамгаалалт зайлшгүй. Нутгийн иргэд, цэргүүд урвах буюу алга болоод өгөх магадлалтай.
 
- Apми нь тэгчихнэ гэсэн үндэслэл байна уу?
 
Цэргийнхний урвалтыг Вашингтон дахь ЭСЯ-ны цэргийн атташе хурандаа Хосе Луис Сильва эхлүүлсэн. Араас нь нэр нөлөө бүхий хэд хэдэн дээд офицер нэмэгдлээ. Шилжилтийн гэгдэх Ерөнхийлөгч Гуайдо цэргийнхэнтэй нууцаар уулзаж байна гэх мэдээлэл аль эрт тархсан. Венесуэлын зэвсэгт хүчин ганхах нь ч ганхсан. Тэгж уулзлаа гэсний дараахан  Венесуэлын агаарын цэргийн хүчний ерөнхий командлалын стратегийн төлөвлөлтийн газрын дарга генерал Франсиско Родригес сөрөг хүчний талд орсноо зарласан. Бие бүрэлдэхүүн тэр чигээрээ Мадурод дургүйцэж байгаа тухай тэрээр хэвлэлд ярьсан. Гэтэл хэдхэн хоногийн дараа Венесуэлын хуурай замын цэргийн дээрээсээ гурав дахь нь болох хурандаа Рубен Хименес гэгч Мадурогийн эсрэг жагсаалд оролцож, армийнхныг зоригтой байх, хулчийхгүй байхыг уриалангаа зэвсэгт хүчний 90 хувь нь Мадурод дургүй байна гэдгийг мэдэгдсэн. Иймэрхүү мэдээ цаашаа хөвөрч өгөх байх. Венесуэлын армийнханд хандаж америкийн тусгай элч төлөөлөгч Эллиот Абрамс ингэж хэлнэ лээ: Хуан Гуайдог хүлээн зөвшөөрч, Венесуэлын ард түмнийхээ талд орж, тэгээд өөрсөддөө хууль ёсныхоо эрхийг эргүүлж олж авах цаг чинь боллоо гэжээ. Түүнийхээр бол Мадурог дэмжиж буй арми нь хууль бус болсон юм байна. Цэргийнхэнд тэрээр анхааруулж байна. Удахгүй сөрөг хүчин засгийн эрх авна, хэн тэднийг дэмжсэн бэ гэдгийг тэд мартахгүй шүү гэжээ. Бодит байдал уу, заналхийлэл үү, харж л байя! 
 
 
Э.Янжмаа