Нэгэн жил 365-хан хоногтой. Түүнээс  90 гаруй хоног нь Бямба, Ням буюу амралтын өдрүүд. Дээр нь хуулиар баталгаажсан нийтээр тэмдэглэх баярын өдрүүдийн тоо одоогоор Үндэсний баярын 5, сар шинийн 3, дээр нь шинэ жил, Их эзэн Чингис хааны өдөр(Ядаж байхад мэндэлсэн өдөр нь эргэлзээтэй), Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний ой, хүүхдийн баяр, олон улсын эмэгтэйчүүдийн өдөр гээд 15 болчихоод байгаа  юм уу даа. Түүнээс гадна бас л хуулиар баталгаажуулсан нийтээр тэмдэглэх тэмдэглэлт өдрүүд одоогоор 15 байна. Үүнийгээ тэмдэглэлт өдөр биш баяр наадам болгоод хувиргачихдаг. Найрлах шалтгаан үүгээр шувтрахгүй, зөвхөн эхэлдэг.
 
“Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдээс бусад ой, түүхэн үйл явдал, салбарын болон зарим ажил мэргэжлийн ажилтан, ажилчдын өдөр, энэ хуульд зааснаас бусад олон улсын байгууллагаас дэлхий нийтээр тэмдэглэхээр тогтсон тэмдэглэлт өдрийг Засгийн газар тогтооно” гэсэн заалттай.  Засгийн газрын хийх л ёстой ажил л даа. Харамсалтай нь тогтоож өгсөн тэмдэглэлт өдөр нь дахиад л найр наадам болж хувирна.
 
img_1345Энэхүү өрнөл маань  орон нутгийн төрийн байгууллага, нутгийн өөрөө удирдах байгууллагын түвшинд очихоороо бүр хавтгайрал, завхрал болдог.“Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал энэ хуулийн 4, 5 дугаар зүйлд зааснаас бусад орон нутгийн хэмжээнд тэмдэглэх тэмдэглэлт өдрийг тогтоож, тэдгээрийг тэмдэглэн өнгөрүүлэх журам, зардлыг батална” гээд заагаад өгчихсөн юм чинь хавтгайрахаас яахав.
 
Би зөвхөн албан ёсны баяр, тэмдэглэлт өдрүүдийн тухай дурьдлаа. Албан бус найр цэнгэлийн тухай бол бүр ч ярилтгүй. Нэршил, хэлбэр нь улам бүр нарийсч, хамрах хүрээ нь улам бүр тэлж байна. Энэ бүгдийн эдийн засгийн тооцоог нь гаргавал толгой эргэм тоо гарах нь мэдээж.
 
Ер нь бол өнөөдрөөрөө харж, өнөөдрөөрөө сэтгэж хууль батлахын хор хохирол хожмоо бүр их гардагийн нэг жишээ бол 2003 онд батлагдсан “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль” юм.
 
Хууль бол асуудлын сөрөг үр дагаврыг хязгаарлах механизм. Гэтэл манайд асуудлын сөрөг тал хуулийн далбаан дор дэвжиж дэлгэрэх хөрсийг нь бэлдэж өгдөг болсон гэлтэй. Жишээ нь хөлгүй найр наадам хөдөө хотгүй хийхийг нь хуульчилж өгсөн болохоос онцгой нөхцөлд хязгаарлах зохицуулах асуудлыг мартсан болохоор ган зуд мэтийн гамшиг бүү хэл, газар хөдөлж дайн болсон ч “Гай гадуур л бол бид найрлана” гээд сууж байх эрхийг нь олгоо юу даа гэлтэй.  Ган болж, зун оройтсон тул өвөлдөө эртнээс бэлдэе, наймдугаар сарын 1-нээс хойш найр наадам хийж болохгүй хэмээн Ерөнхий сайд үүрэгдсэн боловч хот, хөдөөгүй дуулиантай наадам болсоор байгаа нь үүний тодхон нотолгоо.
 
Нийтийг хамарсан найр наадмыг хуульд өөрөөр заагаагүй бол нэг өдрөөс илүүгүй хугацаагаар тэмдэглэнэ, бай шагнал нь Үндэсний их баяр наадмын бай шагналаас илүүгүй байна гэсэн хуулийн заалт огтхон ч хэрэгждэггүй. Хэрэгжих ч үндэсгүй юм. Яагаад гэвэл эдгээр заалтыг зөрчсөн албан тушаалтан одоо үйлчилж буй хуулиар ердөө 30-60 мянга, аж ахуйн нэгж, байгууллага 70-250 мянгахан төгрөгийн торгууль хүлээнэ. “Хөлгүй найр хөгжтүгэй! Хурай хурай хурай!” гэсэн агуулгатай л хууль юм аа даа, янз нь.  Яагаад гэвэл “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль”-ийг баталснаас хойш бараг жил болгон нэмэлт оруулсаар ирсэн атлаа сөрөг үр дагаврыг хязгаарлах, хариуцлага чангатгах тухай хэн ч ярьж байсангүй.
 
Өндөр хөгжилтэй улс орнууд аливаа тэмдэглэлт өдөр, арга хэмжээг бүх нийтийн баяр болгохдоо  эдийн засгийн утгаараа үр ашигтай, хүмүүс нь сэтгэл ханамжтай байхуйцаар зохион байгуулдаг. Манайд болохоор төр  нь ч, хүмүүс нь ч баахан зардал чирэгдэл  гаргадаг үрэлгэн хэлбэр оршсоор байгааг  бодмоор санагдана.
 
Мөн төр оролцдог, оролцдоггүй баяр наадам гэж зааг ялгаа баймаар байна. Улаанбаатарт дөнгөж болоод өнгөрсөн “Даншиг наадам-Хүрээ цам” шашин соёлын арга хэмжээ гэхэд л нэг жишээ нь. Бурханы шашны хүрээ хийдүүд нэгдэж ийм арга хэмжээ зохиож байгаа нь сайн хэрэг. Ялангуяа “Хүрээ цам”-ыг сэргээсэн нь соёлын өв уламжлалаа тодлох гэдэг утгаараа чухал алхам. “Хүрээ цам”-ыг газар газрын бурхны шашинтнууд, элдэв сонин хачинд дурлагч жуулчдын зорьж ирдэг, хүсэн хүлээдэг тогтмол арга хэмжээ болгочихвол, тэр нь эдийн засгийн утгаараа улс оронд хэрэгтэй бол бүр сайн сан. Гэхдээ төр заавал оролцох хэрэг байв уу?  Ийм арга хэмжээ зохион байгуулж, санхүүжилт босгож чадах туршлагатай баг, байгууллагатай хамтрахад л болчихоор ажил байсан нь сая анзаарагдаж байна лээ.
 
Өвөрхангайд Өндөр гэгээний даншиг, Говь-Алтайд Нарванчин гэгээний наадам гээд шашин, төр холилдсон хөлтэй наадмууд  долоо, наймдугаар сарын заагаар болоод өнгөрлөө. Увс аймгийн 90 жилийн ойн баяр наадам өнгө мөнгөөр сүрхий бардамнав. Байчихаад сумдууд хүртэл баяр наадмаа үндэсний хэмжээнд нэвтрүүлгээ цацдаг телевизүүдээр шууд дамжуулна, үнэ мөнгө нь хамаагүй гэж зүтгэх болов. Наадмын морь, бөхийн бай шагналын хэмжээ ч талийж өгсөн сурагтай. Хэн яаж наадаж, хэдэн төгрөгөө үрэх нь чамд хамаагүй гэж зарим нь намайг загнах байх. Гэхдээ л ийм эрүүл бус үзэгдлийг хараад дуугүй сууж болохгүй.
 
Монголчуудыг ийнхүү хөлгүй найрт живүүлж зөвхөн өнөөдрөөр нь амьдруулах холын бодлого яваад байна уу гэж хардах бодол заримдаа төрдөг. Хууль нь хүртэл түүнд зориулагдчихсан юм шиг. Тэмдэглэлт өдөр, баяр наадмын тоо дээрээсээ доошлох тусам улам олшрох боломж нь энэ хуулиар нээлттэй. Манжийн үеэс эхлэн засаг захиргааны  хуваарь нь улам бүр жижигрэн олширч, тэр хэмжээгээр  жалга довоороо, уул усаараа талцаж хагаралдсан монголчуудад сүүлийн 25 жилд ч  эв бутарч, эе эвдрэх хүчин зүйл цөөрөөгүй, нэмэгдсэн.  Намаараа, шашин шүтлэгээрээ, итгэл үнэмшлээрээ, эвсэл фракцаараа хагаралдаж, найр наадмаа ч эвлээд хийж  чадахгүй ар араасаа цувсан янз бүрийн нэртэй наадам ойр ойрхон зохион байгуулсан явдал ч сонсогдож л  байна. Энэ болгоны цаана үр ашиггүй зардал гарч,  ажил цалгардаж, асуудал эзэнгүйдэж, төрийн дархлаа суларч байна.  Найрлаж наадамлаж л байвал сэтгэл ханадаг байдал амьдралын хэв шинж болж хувирах вий хэмээн намрын ялаа шиг олширсон найр наадмыг хараад сэтгэл өвдөх юм.
 
 Урианхан Б.Галаарид
 
 
Эрхэм та сэтгүүлч, судлаач Б.Галааридын бусад нийтлэлийг duuren.mn сайтаас уншина уу?