ОХУ-ын Алтайн бүгд найрамдах улсын нийслэл Горно-Алтайск хотын “Вестник Горно-Алтайска” сонины ерөнхий редактор Алексей Сергеевич Ивашкин гэж ажил хэрэгч нэгэн бий. Орос, Монголын ард түмний найрамдлын түүхийг мөнхлөх талаар бодитой ажил хийж байгаа хүн. Эх орны дайны хүнд жилүүдэд Зөвлөлтийн ард түмэнд, тодруулбал Ховдоос Бийск рүү хүмүүнлэгийн тусламж хүргэсэнжинчин баатар Б.Лувсан гуайтай уулзаж яриулсан бодит түүхийг нь уншаад би өөрийгөө голсон. Яагаад гэвэл тэрээр түүхийн амьд гэрчүүдээс үг сонсохын тулд хилийн чинадаас зорьж ирж Ховд, Баян-Өлгий, Улаанбаатараар хэрэн явж орос монгол хэл дээр цуврал товхимол хүртэл гаргачихсан гялалзаж явахад би гэдэг хүн түүх болон мартагдаад буй жинчин гэдэг ажил мэргэжлийн (жин тээх нь мэргэжил гэдгийг олон зүйлээр нотлож болно)тухай нэг юм хийнэ дээ гэж бодсоор өчнөөн он элээчихсэн байх жишээтэй. А.С.Ивашкин “Под жарким солнцем Монголии” нэрийн дорхи түүхэн өгүүллүүдийн эмхтгэлийг цувралаар эрхлэн гаргаж байгаа юм.
 
Дэлхийн хоёрдугаар дайны үед монголчуудаас ЗХУ-д үзүүлсэн  эд материал, сэтгэл санааны дэмжлэг тусламж, Монгол улсын тусгаар тогтнолын төлөө тэмцэлд оролцож явсан орос хүмүүс, дайны үеийн дэлхийн улс төрийн байдал, улс орнуудын оролцоо зэрэг өргөн сэдвээр баримт түшин өгүүлсэн энэхүү цуврал харахад нимгэн ч агуулга, ач холбогдлын хувьд үнэ цэнэтэй юм. Энэ бүхнийг ямар нэгэн эрдэм шинжилгээний хүрээлэн, судалгаа шинжилгээний байгууллага, эрдэмтэн судлаачдын баг, эсвэл төрийн байгууллага биш, харин хязгаар нутгийн сэтгүүлч хүн өөрийн итгэл үнэмшил, хүсэл зоригоороо хийж байгаа гэхээр үнэ цэнэ нь бүр ч нэмэгдэнэ.
 
“Монголын “ренд-лиз” буюу буцалтгүй тусламж болох хүнсний бүтээгдэхүүн, дулаан хувцас, гутал, эсгий гутал, бээлий сэлт нь фашистуудтай тулалдаж буй Улаан армид их тус дэм болсон билээ. Улаан армид бэлэг цуглуулахад туслаж байсан хүмүүсийн талаар найруулал хэлбэрийн материалууд энэхүү эмхэтгэлд багагүй зай эзлэнэ. ЗХУ-ын цэрэг дарга нарын 5 шинель бүрийн нэгийг монгол хонины ноосоор бэлтгэсэн байлаа. Малчин ардууд өөрсдөө өлсөж байсан ч ЗСБНХУ-ын ард түмэнд фашистыг ялахад нь чадах бүхнээрээ туслаж байжээ” гэж “Под жарким солнцем Монголии” цувралын 2 дахь товхимлын өмнөтгөлд Б.Алушкин, Т.Туденева нар бичсэн байна. Цувралын эхний дугаарт ч монголчуудын тусламж, бэлгийн талаар дэлгэрэнгүй өгүүлсэн нь бий. Монгол эрчүүд эмээлт сайн хүлгээ, эмэгтэйчүүд нь ээмэг бөгжөө хүртэл тайлан фашизмын эсрэг тэмцэлд хандивлаж байсан үнэнийг өнөөгийн мэдээллийн их далай дунд төөрөлдөж байгаа нь бүү хэл социализмын үеийн оросууд ч тэр бүр мэддэггүй байсан гашуун үнэнийг оюутан насаа Свердловскт үдэхдээ би хангалттай мэдэрч байсан. Би их дотно орос найзтайгаа хоёр л удаа муудсан. Эхнийх нь “Л.И.Брежнев Монгол улсын хүндэт иргэн болсон” гэж намайг хэлэхэд, дараагийнх нь “Дайны үед Монголчууд ЗХУ-д тусламж үзүүлж байсан” гэж ярихад  орос найз минь итгэхгүй, бүр чин үнэнээсээ уурлаж билээ. Би нэг муу шаралхуу зан гаргаж, өвлийн амралтаараа Монголд ирээд буцахдаа тэр тухай орос хэл дээр бичсэн ном аваачиж өгсөн ч эргэлзээ нь бүрэн тайлагдаагүй юмдаг. Гэтэл Алексей Ивашкин түүнээс ч илүү түүхэн мэдээллийг орос хэлт уншигчдад хүргэж байгаад нь талархууштай.
 
Ер нь түүний түүхэн бичвэрүүд танин мэдэхүйн ихээхэн ач холбогдолтой, манай уншигчдад ч хэрэгтэй мэдээллээр дүүрэн юм. Жишээ нь “Монголын цэнхэр тэнгэр” нийтлэлд “5-р сарын 29-нд (1939 оны. –Б.Г.) Москвагаас тусгай нислэгээр Монгол руу суудлын гурван онгоц нисчээ. Эдгээр онгоцонд Испани, Хятадад байлдаж туршлагажсан Зөвлөлтийн 48 нисгэгч сууж явлаа. Тэдний дунд ЗХУ-ын баатар 22 хүн байв. Туршлагатай нисгэгчдийн өөр нэг бүлэг галт тэргээр явсан байна. Чита-д нисгэгчид онгоцоо хүлээн авч нисч туршаад дараа нь фронтын шугам руу нисч байлаа” гэснээс 1939 оны Халх голын тулаан хэр халуун тэмцэлдээн байсан нь шууд төсөөлөгдөнө.
 
Дэслэгч генерал Ю.Цэдэнбалын бичиг хэргийн эрхлэгч байсан Машийн Сэтэв агсан 98 нас сүүдрийг зооглоод өнгөрсөн онд өөд болжээ. Монголын ардын армийн улстөрийн газрын даргын алба хашиж явсан түүний тархинд хадгалагдан байсан он цагийн онц чухал мэдээллүүдийг Монголын сэтгүүлчид уудалж нийтэлсэн нь хэд бол? Гэтэл хөрш улсын сэтгүүлч А.Ивашкин номондоо түүний тухай олоод биччихсэн л байна.
 
Ерөөсөө түүний ном бол бид бүхэнд санаж сэрэхийн том хичээл. Түүхийн бодит гэрчүүд жил ирэх тусам хорогддог. Энэ хүн их чухал гэрч шүү хэмээн цаг хугацаа, хувь тавилан  өршөөх нь үгүй. Үүнийг ойлгодог, түүхээ түүхлэн авч үлдэхийн ач холбогдлыг мэддэг хүмүүс цаг хугацаатай уралдан түүхийг бичиглэдэг. Бид тэр талдаа их хойрго улс юм. Өмнөх үеийнхнийхээ туулсан зам, бүтээсэн түүхийг цаг алдалгүй баримтжуулан үлдээдэг, энэ цагийн түүхийг бүтээх үйлсэд идэвхтэй оролцдог соёлд бийр түшиж, бэх дундлаач болгон суралцууштай санагдана.
 
А.С.Ивашкин “Вестник Горно-Алтайска” сонины ерөнхий эрхлэгчээс гадна Алтайн БНУ-ын Сэтгүүлчдийн холбооны дэд ерөнхийлөгчийн албатай. Алтайн БНУ-ын худалдаа-аж үйлдвэрийн танхимын орлогч дарга А.А.Жуковтой хамтран хилийн аймгууд төдийгүй Монгол улсын хэмжээнд хамтын ажиллагаагаа хөгжүүлж,орос монгол  хүмүүсийг ойртон нөхөрлөхөд нь гүүр болох гэж хичээж байгаа аж. Өнөөдөр гэхэд л БХЯ-ны Цэргийн түүхийн төв, МҮИС, МСНЭ-тэй хамтран Чөлөөлөх дайны ялалтын 75 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурлыг Улаанбаатарт зохион байгууллаа. Энэ ажил нь өндөрлөж амжаагүй байхад л дараагийн ажлынхаа  оршил болох яриа хөөрөөгөө хийж эхэлсэн нь анзаарагдсан.
 
Алексей Сергеевич монголчуудтай хил орчмын хамтын ажиллагааг хөгжүүлэхийн төлөө нээлттэй сэтгэлээр хандавч заримдаа үл ойлгогдох зүйл гардагт гайхширч байсан. Тухайлбал, Уулын Алтайн алдартай сувилалд энэ зун Ховд, Баян-Өлгийн 150 хүүхэд үнэгүй амруулах санал хүргүүлэхэд нааштай хүлээж авсан байна. Яриа хөөрөө жин тан боллоо гэж ойлгоод Оросын талын дарга даамлуудын хүнд суртлыг даван  хамаг бэлтгэлээ базаачихаад хүлээгээд байсан боловч амрах хүүхдүүд ирсэнгүй, асуудал хариуцах эзэн ч олдсонгүй гэнэ. “Бүх зүйл сайхан болно оо. Манай Алтайд зочлоорой. Хамтарч ажиллахад хэзээд бэлэн шүү” хэмээгээд тэрээр инээж байна лээ. Алексей шиг ардын дипломатчдадулс орны өнгөрсөн түүхээс сайн сайхныг нь эргэн сануулж, өнөөгийн амьдралд ч бас сайн сайхныг нэмэрлэж явдагт л мэхийн ёсолмуй.
 
 
Урианхан Б.ГАЛААРИД
 
 
 
Эрхэм та сэтгүүлч, судлаач Б.Галааридын бусад нийтлэлийг duuren.mn сайтаас уншина уу?