Ном бол хүн төрөлхтний хамгийн агуу бүтээл. Ном бол тухайн үндэстний оюуны чансааг тодорхойлох гол шалгуур. Тийм болохоор ном хэзээ ч, хаана ч үнэ цэнэтэй, эрхэм нандин зүйл байдаг. Монголчууд өөрсдөө даавуу даалимбан хувцас өмсөх атлаа ном судрыг торго дурдангаар баринтаглан дээш залдаг байсан нь номонд онцгой   ач холбогдол өгдөг байсны илэрхийлэл юм. Монголын түүхэнд алдаа олон бий.
 
Дэлхийн түүхийг тодорхойлогч эзэнт гүрнээс уугуул голомтоо алдчихалгүй сахих төдий үлдсэн  өнөө цаг хүртэлх түүхнээ алдаа байхаас ч яахав. Харин ямар ч цаг үед, яаж уруудаж буруутаж байсан ч хадгалсаар, уламжилсаар өнөөг хүрсэн нэг зүйл бол номыг дээдлэх соёл юм. Энэ нь үе үеийн төрийн бодлогод тусгалаа олсоор иржээ.
 
Өөрөөр хэлбэл Монголын төр үеийн үед номын гэгээ түгээгч байсаар иржээ. Монгол Улсын дөрвөн Ерөнхийлөгчийн бодлогод ч энэ уламжлал хадгалагдсаар байна. “Монголын нууц товчоо”-ны ойг тэмдэглэх, айл болгон хүндэтгэн залах, дэлхийн сонгодог бүтээлүүдийг монгол хэлнээ орчуулах ажлыг дэмжих гээд номын соёлтой холбоотой олон санаачлагыг тэд гаргаж байв.  
 
Хамгийн сүүлийнх нь Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2012 он наймдугаар сарын 24-нд гаргасан Номын баярын өдөр бий болгох тухай зарлиг юм. Энэ зарлиг гарснаар жил бүрийн есдүгээр сарын гуравдахь бямба гарагийг “Номын баярын өдөр” болгон тэмдэглэдэг болсон. Энэ бол аймаг сумгүй дур дурандаа тэмдэглэдэг жалга довны утгаа алдсан баяр наадмаас огт өөр баяр юм.
 
Улаанбаатар хотын дүүргүүд, бүх аймаг, сумдад хүүхэд залуучууд, ард иргэдийг өргөнөөр оролцуулсан ёслолын ажиллагаа зохион байгуулж, хэвлэмэл болонс онсдог, дижитал буюу тоон технологид суурилсан номын үзэсгэлэн худалдаа гаргах, ном солилцох, бэлэглэх, хандивлах, шилдэг ном шалгаруулах, номын зохиогчийг алдаршуулах, сайн уншигчийг тодруулах ажиллагаа явуулах, зохиолч уншигчдын уулзалт ярилцлага хийх, уламжлалаа сэргээж “Номын сайн нөхөр” тэмдэгтэнг олноор төрүүлэх, тэднийг сургууль, анги хамт олон нь зүйл бүрээр хөхиүлэн дэмжих, хэвлэл мэдээллээр сурталчлах, аймаг, сум, тосгонд ном унших нийтийн танхим, номын сан байгуулж тохижуулах зэрэг ажил зохион байгуулах хэрэгтэйг уг зарлигт заасан.
 
Энэ бол номын соёлыг дэлгэрүүлэх талаар Монголын төрөөс өнөөдөр барьж буй бодлого.  Энэ бодлого төрөөс гадна иргэд, байгууллага, тал талын  оролцоогүйгээр хэрэгжихгүй. Сэтгэл зүтгэл зайлшгүй хэрэгтэй.
 
Тэгвэл ганцхан хүний номын гэгээ түгээх сэтгэл зүтгэл ямар ихийг бүтээж бий болгодог талаар өгүүлье. Тэр бол “Номын ертөнц”-ийн Б.Сувд. Хүүхдэрхүү шавилхан бүсгүй UBS телевизээр номын тухай нэвтрүүлэг хөтлөн анх гарч ирэхэд нь номын ертөнцийнхөн төдийлөн анзаараагүй ч байж мэднэ. Тэр дайчин шаргуу, нэгэнт эхэлсэн ажлаа ямар хэцүү хүнд байсан ч шантарч орхидоггүй нэгэн, бас номонд үнэхээр хайртай, номоор амьсгалж, номоор амьдрагч цөөн хүний нэг гэдгээ өнгөрсөн хугацаанд хангалттай харууллаа.
 
Сүүлийн арав гаруй жил ном сурталчлах, номын соёлыг түгээх талаар Б.Сувд шиг зүтгэсэн хүн Монголд байхгүй гэж би итгэлтэй хэлнэ. Энэ бол хоосон магтаал биш, энэ бол бодит байдал.  Тэрээр “Номын ертөнц” нэвтрүүлгээр өөрийгөө хязгаарласангүй.
 
Жил бүрийн хавар, намарт болдог үндэсний хэмжээний номын үзэсгэлэнг санаачлан зохион байгуулж байна. Энэ сарын 19 буюу Үндэсний номын баярын өдөр 18 дахь удаагийн үзэсгэлэнгээ Чингисийн талбайд зохион байгуулах гээд тэрээр завгүй гүйж яваа.
 
18 дахь удаагаа зохион байгуулна. Энэ бол хэн нэгний хувьд зүгээр л тоо. 18 удаа арга хэмжээ зохион байгуулаа л биз, юун сүртэй юм гэх биз. Харин үндэсний хэмжээний том арга хэмжээ зохион байгуулж хөрөнгө санхүү босгох, оролцогчдыг идэвхжүүлэх, элдэв төрлийн зөвшөөрөл дэмжлэг хөөцөлдөх гэдэг байнгын орлогын эх үүсвэр, хуримтлалгүй ТББ-ын хувьд ямар тамтай ажил байдгийг мэдэх хүнд энэ тоо маш ихийг өгүүлнэ.
 
Алдарт В.Шекспир шиг “Ном надад хаан ширээнээс үнэтэй” гэх хүн даанч цөөхөн болохоор номтой холбоотой арга хэмжээ зохион байгуулах нь өнөөдөртөө бурхны шийтгэл шиг л байгаа нь үнэн. Б.Сувд энэхүү шийтгэлийг сайн дураар хүртэн зүтгэсээр арав гаруй жилийн нүүр үзэв. Харин үндэсний хэмжээнд  номын баяр тэмдэглэдэг өдөртэй болгож өгсөн Ерөнхийлөгчийн зарлиг түүний ажилд сүрхий нэмэр болж байгаа нь лавтай.
 
“Номын ертөнц” ТББ-аас зохион байгуулдаг уламжлалт баяр, үзэсгэлэн худалдаа зохиолчид, ном бүтээгчид, хэвлэлийн газруудын хувьд хүсэн хүлээдэг арга хэмжээ нь болж нэгэнт чаджээ. Бичгийн ширээнийхээ ард цагийн ихэнхийг өнгөрөөдөг уран бүтээлчид энэ баярт оролцсоноор уншигчидтайгаа амьд харилцаа тогтоодог.
 
Бодол санаа, шүүмжлэлийг нь сонсоно. Номын хорхойтнууд болохоор зохиолчдоос гарын үсэгтэй номыг нь хямд үнээр олж авна, хамтдаа дурсгалын зураг татуулна. Жинхэнэ утгаараа баяр юм даа. Зохиолчид бусдыгаа ямар номтой ирснийг нь шинжинэ, санал солилцоно. Тэд сүүлийн үед  “Номын баяртаа би ийм шинэ номтойгоо очно” гэж ярих болсон нь энэ арга хэмжээ тогтмолжсоны үр дүн, илрэл юм.
 
Номын баяр дан ганц ном зарснаар хязгаарлагдахгүй. Ном бэлэглэх, солилцох явдал сүүлийн үед их сонирхолтой, далайцтай ажил болсон байна лээ. Хэвлэлийн газрууд үзэсгэлэнгээ гаргаснаар өөрийн бүтээгдэхүүн, үйл ажиллагаагаа  сурталчилна. Зохиогчидтой тохироо, гэрээ хийнэ. Өөрийн давуу талаа ойлгуулан харилцагчдынхаа хүрээг тэлнэ.
 
Зохиогдсон тохиолдол бүрт оролцогч бүх тал сэтгэл хангалуун үлддэг арга хэмжээ гэвэл энэхүү номын баяр л байх гэж санагддаг. Жилдээ хоёронтоо болдог энэ арга хэмжээг санаачилж, өдий зэрэгтэй болтол зүтгэсэнгол ноён нуруу нь болох “Номын ертөнц-ийн Сувд хэмээх шавилхан бүсгүйд холын бодол бий нь анзаарагддаг.
 
Тэрээр хоёр жилийн өмнө өгсөн нэгэн ярилцлагадаа Улаанбаатарыг Дэлхийн номын нийслэл болгомоор байна гэсэн байсан. Энэ бол ЮНЕСКО жил бүр аль нэг улсын нийслэлийг Дэлхийн номын нийслэл болгодогтой холбоотой түүний хүсэл. Хаа хаанаа ойлгоод хамтдаа зүтгэвэл болохгүй юм юу байхав.
 
Нэг удаагийн ийм арга хэмжээнээс гадна Улаанбаатар хотоо монгол туургатны номын байнгын нийслэл болгох ажил ч сэдэж болмоор санагддаг. Аль нь ч бай Бат-Эрдэнийн Сувд бүтээхийн төлөө зүтгэх л хүн. Номонд хайртай түүнийг дэмжье гэвэл эрхэм та энэ сарын 19-нд Чингисийн талбайд “Бид номонд дуртай” уриан дор болох номын баярт хүрэлцэн ирээрэй. Номыг дээдлэгч монголчуудын хамгийн том баяр шүү.
 
Урианхан Б.Галаарид
 
Эрхэм та сэтгүүлч, судлаач Б.Галааридын бусад нийтлэлийг duuren.mn сайтаас уншина уу?