ЗТХЯ-ны хэлтсийн дарга Хавидолда, “Авто Tээврийн Үндэсний Тѳв”-ийн мэргэжилтэн Эрдэнэтулга, жолооч Эрдэнэбал нартай хамтран баг болж Архангай, Завхан, Увс, Баян-Ѳлгий, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Ѳвѳрхангай аймгуудын нутгаар 7 хоног ажил хэргийн аялал хийгээд ирлээ. Бид “Зам дагуух их бүрэн үйлчилгээний газар” болон “Зам зуур бие засах газрууд” байгуулах судалгаа хийж, байршилыг тогтоох үүрэгтэйгээр ажиллав.
 
ЗАМЫН БАЙДАЛ
 
Улаанбаатар хотоос Тѳв, Булган, Архангай, Завхан аймгуудаар дамжин Улаангом хот хүртэл 1500 орчим км зай үндсэндээ хатуу хучилттай замаар холбогджээ. Мѳн Улаанбаатар хотоос Тѳв, Булган, Ѳвѳрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Ховд аймгуудаар дамжин Баян-Ѳлгий аймгийн Ѳлгий хот хүртэл 1700 орчим км зай хатуу хучилттай замаар холбогджээ. Үүн дотроос Тосонцэнгэлээс Увсын Наранбулаг хүртэлх зам, Ховд хотоос Ѳлгий хот хүртэлх зам, Ховд хотоос Ховдын Булганы боомт хүртэлх зам мѳн Ховдоос Баянхонгор хот хүртэлх замууд нилээд чанартай тэмдэглэгээ сайтай байна.
 
 
 
Эдгээр замуудын ихэнхийг Хятадууд барьсан бѳгѳѳд Баянхонгорын Байдрагийн гүүрээс Говь-Алтайн Алтай хотын наад хэсэг хүртэлх 200 орчим км замыг “Макс” групп ѳѳрийн хѳрѳнгѳѳр барьж байгуулж байгаа нь Үндэсний том бүтээн байгуулалт байлаа. Ямартай ч монголчууд бид ѳѳрсдѳѳ авто замаа барьж байгуулж байгаа нь том дэвшил мѳн.
 
 
 
Улаангом хотоос Ховд хот хүртэлх 180 км орчим шороон замыг хатуу хучилттай замаар солиход үндсэндээ баруун чиглэлийн замууд ХѲГЖИЛ-д хүргэхээр байна. Гэхдээ эхэлж баригдсан замууд хуучирч эвдэрсэн, хэтэрхий нарийн замууд дээр хүнд даацын автомашинууд ихээр зорчиж байгаа нь замаа эвдэх, аваар осол гарах шалтгаан болж байгаа аж. Ѳвѳрхангай аймгийн Арвайхээр хотоос Улаанбаатар чиглэл рүү зорчих 60 орчим км зам ирэх жилээс шинэчлэгдэх болж байгаа гэсэн. Ховдын “Хѳшѳѳт”-ийн уурхайгаас Ховдын Булганы боомт хүртэлх зай хатуу хучилттай замаар холбогдсон байна билээ. Сайнтай муутай нь нэгтгээд харах юм бол Монгол Улсын Засгийн Газар, ЗАМ ДАГАЖ ХѲГЖИЛ авчрах эхний алхамаа хийж чаджээ. Эдгээр замуудаа засч сайжруулах, аажимдаа хоёр чиглэлийн урсгалтай болгох, замын тэмдэг тэмдэглэгээгээ нэг стандартын дагуу шинэчлэх нь дараагийн зорилтууд байх биз.
 
 
ХОТ ХООРОНДЫН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ
 
Дээрхи замуудаар зорчигчдыг тээвэрлэн зорьсон газруудад нь хүргэх үйлчилгээг аймгуудын “Авто тээврийн газар”-ууд хариуцдаг юм байна. Архангай, Завхан, Улаангом, Ѳлгий, Баянхонгор, Ѳвѳрхангай аймгууд “Зорчигч Тээврийн Үйлчилгээний Тѳв”-үүдээ шинэчилж, Алтай хотын ЗТҮТ ирэх жил шинэ байгууламж барих гэнэ. Зорчигчдыг мэдээллээр хангах, тэднийг тав тухтай байлгах, жолооч нар болон бага насны хүүхэдтэй эхчүүдийг амраах байр, хоолны болон үйлчилгээний газруудтай энэ тѳвүүд, үйлчилгээний автобуснуудын бүрэн бүтэн байдал болон аюулгүй байдлыг ч хянадаг аж. Аймгуудын “Авто Тээврийн Газар”-ууд дэргэдээ техникийн оношлогооны газруудтай болсон нь энэ боломжийг олгодог аж.
 
 
Би энэ зун Увсын Хяргас нуурын дэргэдээс Улаанбаатар хот хүртэл ийм автобусаар аялсан. Автобус нь дотроо тохь тухтай, 2 ээлжийн жолоочтойгоор зогсолтгүйгээр цагт 70 км ээс илүүгүй хурдтай явдаг нь таалагдсан. Тав тух, эрсдэл аюулгүйн баталгаа, сэтгэл ханамжийг мэдрүүлдэг хот хоорондын автобуснуудын үйлчилгээ нь ЗАМ ДАГАСАН ЧАНАРТАЙ ҮЙЛЧИЛГЭЭ-г бий болгожээ. Ачаалал хэвийн үед аймгууд ѳдѳртѳѳ 4 автобус, ачаалал ихэссэн үед ѳдѳртѳѳ 10 гаруй автобус нэмэлтээр гардаг юм байна. Нэг автобус дунджаар 45 зорчигчтой аялдаг гээд тооцохоор үйлчилгээний цар хүрээ нь мэдрэгдэнэ.
 
ЗАМ ДАГАСАН СОЁЛ
 
Зам дагасан хѳгжил, зам дагасан үйлчилгээ бий болсон нь нилээд том дэвшил байлаа. Одоо ямар асуудлууд байна вэ?
 
1.     Зам дагуу бие засах газрууд цѳѳн байгаа болохоор зоригчид ил задгай бие засах нь ердийн үзэгдэл хэвээрээ
2.     Зам дагуу хог хаягдал маш ихээр хаягдаж байгаль орчинд муугаар нѳлѳѳлж байна
3.     Зам дагуух хоолны газрууд нь эмх замбараагүй, тохь тухгүй, үйлчилгээний соёлгүй, баталгаагүй хэвээрээ
4.     Замын тэмдэг тэмдэглэгээ тодорхой биш учраас тѳѳрч будилах, аваар осолд ѳртѳх эрсдэл их байсаар
 
 
 
 
 
Бидэнтэй уулзсан нэг үйлчлэгч “Ѳѳ тэгээд одооны зорчигч нар нүхэн жорлонтой газруудаар үйлчлүүлэхээ больсон болохоор бид үндсэндээ хаалгаа барьж байна даа” хэмээн учирласан. Зам дагуу эгнэсэн 10-20 орчим хоолны газрууд тус бүрдээ жаахан орлого олох гэж бодохоос бус, нийлж хамтраад томхон үйлчилгээний газрууд байгуулан үйлчилгээгээ ч сайжруулан орлогоо нэмэгдүүлэх талаар огтхон ч санаа тавихгүй байна. Тэр ч бүү хэл шинээр байгуулагдсан сайн үйлчилгээний газрыг нийлж дарамтлан зовоох, орон нутгийн удирдлагууд нь түр зууртаа аргацаан тэдэнд таалагдах гэж буруу шийдвэр гаргах нь цѳѳнгүй бололтой. ИРЭЭДҮЙГ ѲѲДРѲГѲѲР ХАРАХ БУС, ѲНѲѲДРѲѲРѲѲ АРГАЦААЖ АМЬДРАХ гэж хувиа хичээсэн санаа хѳгжил дэвшилд саад болж байна даа.
 
*ЗТХЯ, БОАЖЯ-д хамтран ирэх жилүүдэд ЮУ ХИЙХ ГЭЖ БАЙНА ВЭ?
 
1.“ИХ ѲРТѲѲ” тѳсѳл. Энэ нь зам зуурын үйлчилгээний “Урьхан”, “Хаан бууз” шиг байгууламжууд юм. Энд юу байх вэ?
 
-Шатахуун түгээх станц
-Нийтийн бие засах газар
-Хог хаягдлын ангилсан цэг
-Хоолны газар болон бэсрэг худалдаа
-Кофе шоп болон сэндвич
-Эмнэлгийн анхны тусламж үзүүлэх газар
 
 
 
 
 
2.“БАГА ѲРТѲѲ” тѳсѳл. Энэ нь түр зогсолт хийж амрах газар юм. Энд юу байх вэ?
 
-Нийтийн бие засах газар
-Хог хаягдлын ангилсан цэг
-Авч яваа хоолоо идэх болон ѳѳрсдѳѳ хоол хийж идэж болох байгууламж бүхий сүүдрэвчүүд, ширээ сандал
 
 
 
3.“ТҮР ѲРТѲѲ” тѳсѳл. Энэ нь замын хажуугийн “карма” бүхий зогсоол юм. Энд юу байх вэ?
 
-Нийтийн бие засах газар
-Хог хаягдлын ангилсан цэг
Эдгээр байгууламжууд нь замд зорчиж яваа иргэдэд тав тух, аюулгүй байдал, сэтгэл ханамжийг мэдрүүлж ЗАМД АЯЛАХ СОЁЛ-д сургах зорилготой бѳгѳѳд, 100 жилийн дараа ч байсаар буй нүхэн жорлонгууд, байгаль орчныг бохирдуулсаар буй хог хаягдалуудыг багасгах боломжийг бүрдүүлнэ хэмээн тооцож байгаа юм. “Хэлэхэд амархан хийхэд хэцүү” боловч энэ бүхнийг бид ХАМТДАА бүтээх болно. Ямар асуудалд анхаарлаа хандуулах вэ?
1.     Эдгээрийг байгуулан ажиллуулахад ОРОН НУТГИЙН ОРОЛЦОО хамгаас чухал байна
2.     Зам дагуух нийтийн бие засах газруудад ЭКО ТЕХНОЛОГИ хамгаас чухал байна
3.     Зам дагуу ангилсан хог хаягдлын цэгүүдэд ЗѲВ МЕНЕЖМЭНТ хэрэгтэй болж байна
4.     Зам дагуух бүх мэдээллүүдийг багтаасан ТЭМДЭГ ТЭМДЭГЛЭГЭЭНИЙ СТАНДАРТ заавал шаардлагатай болж байна
 
 
 
 
ЗТХЯ, БОАЖЯ-д хамтран хэрэгжүүлэх гэж буй энэ тѳслүүдэд “ЗѲВЛѲХ”-ѳѳр ажиллаж байгаагийн хувьд бодит байдлуудыг газар дээр нь очиж үзэн, зѳв шийдлийг олохыг хичээж байгаа. Эдгээр байгууламжуудын Америкийн стандартыг “Хѳгжлийн замаар” нэвтрүүлэгт сонгон үзүүлсэн болохоор, “Монголын ѳнѳѳгийн нѳхцѳл байдал ийм байгаа” гэж түр аргацаасан бус, Монголын хѳгжлийн 10 жилийн дараах тѳлвийг харж шийдэл гаргах хэрэгтэй гэж бодож байна. Сайн муугаар хэлэгдэж, элдвээр шүүмжлүүлж байгаа ч хийж бүтээсэн энэ тѳслүүдийн тѳлѳѳ, үе үеийн Монгол Улсын Засгийн Газарт талархаж байна. Хэтэрхий хийрхэл, хэтэрсэн улстѳржилтѳѳ багасгаж Монгол орны хѳгжил, монгол хүний үнэ цэнийн тѳлѳѳ хамтдаа хийж бүтээх олон боломжууд бидэнд байна. ТАНЫ САНАЛ, САНААЧЛАГА Ч ДЭМ БОЛНО.
 
Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
 
2020-09-05                                                                                                   
Улаанбаатар хот