Саяхан батлагдсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хүрээнд Газрын тухай  хэсгийн 6.2-заалт болох Монгол улсын иргэнд өмчлүүлснээс бусад газар, түүний хэвлий төрийн өмч мөн гэснийг төрийн нийтийн өмч болгож өөрчилсөн. Мөн энэ заалтад “Уул уурхайн баялгийн орлогыг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж иргэдэд тэгш, хүртээмжтэй хуваарилах гэсэн агуулга” нэмж бэхэлж өгсөн. Үүнийгээ тэд Норвегийн туршлагаар рекламдаж ард иргэдийн тархийг угаах ажлыг нилээд сайн хийх шиг болов. 
Баялгийн сан гэж юу вэ? гэдгээс эхлэх нь зөв болов уу? 
Улс орнууд баялгийн сан байгуулдаг зорилго нь ирээдүй хойч үедээ санхүүгийн нөөц өвлүүлж үлдээх (хадгаламжийн үүрэг), түүхий эдийн зах зээл доройтож болзошгүй нөхцөлд төсвийн бодлогын тогтвортой байдлыг хангахад (тогтворжүүлэх үүрэг) оршино гэсэн тайлбар хийдэг. Ийм учраас зарим улс оронд хадгаламжийн болон тогтворжүйлэх гэсэн тусдаа 2 төрлийн сан байгуулсан туршлагууд ч байдаг (Чили, Кувейт гэх мэт ). Энэ нь ерөнхийдөө баялгийн сан байгуулсан улс орнуудын сангаа тодорхойлсон төр засаг, засгийн газрынх нь тайлбар, тодорхойлолт юм.
 
Үнэндээ баялгийн сан байгуулах гол ашиг сонирхол нь түүхийн эдийн нөөцтэй улс орондоо тэр бүр байдаггүй. Өнөөдөр хөгжиж буй улс орнууд түрүүлж хөгжилд хүрсэн гүрнүүдийн түүхий эдийн бааз суурь, гол нийлүүлэгч нь болж байгаа нь нууц биш. Манайх шиг байгалийн баялаг ихтэй ч хөгжил буурай  улс орнуудын уул уурхайн бодлогыг гадны улс орнууд, үндэстэн дамнасан  корпорациуд чиглүүлж, тодорхойлж байдаг.
 
Тэд ашиг сонирхлоо хэрэгжүүлэхдээ тэдний эрх ашигт үйлчилж байдаг өөрсдийнх нь байгуулсан олон улсын байгууллагуудынхаа дүрэм журам, заавар, болзлыг тулгадаг (үнэ тогтоох бодлого, бүтээгдэхүүн хуваах гэрээ гэх мэт). Тэр бодлогуудынх нь нэг нь түүхийн эдийн нөөцтэй ихэнх улс орнуудад хэрэгждэг  “Үндэсний баялгийн сан” юм. 
Баялгийн сан байгуулах үндэслэл, шалтгаан нь юу болдог вэ? 
Нэг. Нэг талаас байгалийн баялгийн нөөцтэй улс орнуудын төсвийн бүрдүүлэлтийн эзлэх хувийн дийлэнхийг уул уурхайн салбар нь оруулж байдаг. Нөгөө талаас, хөгжилд түрүүлж хүрсэн улс орнуудад үүсээд байгаа түүхий эдийн нөөцийн хомсдол, хязгаарлагдмал байдал нь байгалийн баялаг бүхий буурай улс орнуудын түүхий эдийн нөөц рүү өнгийхөөс аргагүй нөхцөлийг үүсгэдэг. Өөрөөр хэлбэл, тэдний эдийн засаг зогсчих гээд байдаг. Аварга  корпорациуд улс орнуудын байгалийн баялгийг аль бол түүхий эдээр нь хямд авах сонирхолтой байхад баялаг эзэмшигч улс орнууд баялгаа аль болохоор боловсруулж, үнэд хүргэх сонирхолтой байдаг. Энэ хоёр ашиг сонирхол байнга зөрчилддөг. Үүнээс үүдэн их гүрнүүдийн үндэстэн дамнасан корпорациуд өөрсдийн ашиг сонирхлоо баталгаажуулахын тулд тэдний ашиг сонирхлынх нь объект болсон улс орнуудыг аль болох өөрсдөөс нь бүрэн хамааралтай, хараат байлгах бодлогуудыг авч хэрэгжүүлдэг. Үүний нэг нь баялгийн сан юм. Баялгийн сан байгуулснаар тэдэнд дараах боломжууд нээгдэнэ.
• Баялгийн сангаар нь дамжуулан иргэд  рүү чиглэсэн хуваарилалтын бодлого хэрэгжүүлснээр өөрсдийнхөө эсрэг чиглэсэн жирийн иргэдийн тэмцлийг мохооно.
• Баялгийн сангийн нөөцийг байнга нэмэгдүүлж байх нь дараа дараагийн ордуудыг эргэлтэнд оруулж, ашиглах нөхцөл үүснэ. Баялгийн сангаа байнга хоолтой байлгахын тулд шинэ шинэ ордуудыг ашиглалтанд оруулах хэрэгцээ үүснэ. Ингэснээр тэдний бодлого урт хугацаанд тогтвортой хэрэгжих нөхцөл нь баталгаажна.
• Баялгийн сангийн хөрөнгийг (Норвегийн баялгийн сангийн жишээ) үндэстэн дамнасан корпорациудынхаа санхүүгийн эх үүсвэр (Микрософт, Нестле, Фейсбүүк г.м) болгож ашигладаг. 
 
Тэгвэл өнөөдөр манайд Үндсэн хуулийн 6.2-т тусгагдсан Үндэсний баялгийн сан байгуулах хууль эрх зүйн орчин бүрдсэн үү? Тийм гэж бодохгүй байна. Үүнийг дараах шалтгаанаар  тайлбарлаж болно. 
 
• Улс төрийн нөхцөл тогтворгүй. Улс төрийн хүчнүүдийг нь хулгайч, луйварчид удирдаж байна.
• Төрийн албаны дархлаа сул.  Төрийн алба нь төрлийн алба болсон. Мэргэжлийн кадр дутмаг.
• Уул уурхайн салбарыг үр өгөөжтэй ашиглах хууль эрх зүйн орчин бүрдээгүй. Газрын салбарт бүрэн өөрчлөлт хийж байж л ашгийн тухай ярина. 
• Татварын орчин бүрэлдээгүй. 
• Баялгийн хуваарилалтын талаарх иргэд, олон нийтийн санаа бодол буруу төлөвшсөн зэрэг асуудлууд байна. 
Мэдээж улс орон санхүүгийн нөөцтэй байх нь зайлшгүй. Төрд ч ийм нөөцийн сан бий. Үүнийгээ жил бүрийн ДНБ-ийхээ орлогоос бүрдүүлж байх нь зөв. 
Ер нь баялгийн сангийн тогтворжуулах агуулга нь зөв байдаг. Улс оронд гэнэт үүсэх онцгой нөхцөлүүд, форс мажорын үед улс нөөцтэй байх ёстой. Харин хойч үедээ бэлэн мөнгөний сан өвлүүлэх бодлого нь тийм ч чухал ач холбогдолгүй. 
 
Ер нь байгалийн баялгийн ашгаас онцгойлон ард түмний нэрийг барьж сан үүсгэх нь буруу. Энэ нь газрын хэвлийн баялгийг тасралтгүй ашиглах хөшүүрэг нь болох эрсдэлтэй. Ирээдүйдээ мөнгө өвлүүлэх бодлого үндсэндээ буруу. Манай уламжлалд ч ийм хорон бодлого огт байгаагүй. Бидний өвөг дээдэс аль болох байгаль эх, оршихуйгаа устгалгүйгээр онгон дагшнаар нь өвлүүлэн үлдээх газар, байгаль орчны бодлогыг чухалчилж ирсэн уламжлалтай. 
 
Энэ нь газрыг орчлон ертөнц, байгаль эхийн нэг эд эс, үндсэн гишүүдийнх нь нэг, амьд оршихуйн амьдрах гол эх үүсвэр талаас нь ухамсарлаж ирсэнтэй нь холбоотой. Бид ч бас өвөг дээдсийнхээ үр сад нь мөн л юм бол энэ агуулгаар нь газар нутгаа хойч үедээ өвлүүлэх үүрэгтэй. Ирээдүй хойчдоо мөнгө төгрөг өвлүүлэх гэж санаа зовоод байх огт шаардлагагүй. Тэд бидэнтэй бидэнгүй энэ баялгийг чинь хөрөнгө мөнгө болгож чадна. Бүр илүү ч чадна. Үүнийг захын залуучуудаас асуухад л батална. 
Байгалийн баялгаар дамжуулан улс орноо үтэр түргэн, үсрэнгүй хөгжүүлэх гээд байгаа, үр хойчдоо худал саймшран санхүүгийн эх үүсвэр үлдээнэ гэж хошгируулаад байгаа, хуурмаг буянтны дүрд тоглон ард иргэддээ бэлэн мөнгө тарааж, бэртэгчлэлийг дэвэргэх гээд байгаа энэ бүх шийдлүүд чинь байгаль орчинд үзүүлэх хор хөнөөл, экологийн сүйрлийн асуудлыг зөвтгөж чадах уу? Бидний үр хүүхдэд талхлагдаж, цөлжсөн газар нутаг, ширгэсэн гол ус хэрэгтэй гэж үү?   
Эцэст нь хэлэхэд ард түмний баялгийн сан, ардын засаг гэх мэт төрөөс онцгойлсон бүтэц, байгууламжуудыг олшруулах нь төрийн хүчийг сулруулах, төр ард түмнийг талцуулах, ард түмнээр нь нэнтэглэн төрийн бодлогыг нь хянаж байх гадны бодлого байдаг. Төр бол ард түмний шууд төлөөллийн байгууллага. Тиймээс төр өөрөө хүчтэй байх ёстой. Төрөө хүчтэй байлгахын тулд төрийн түшээдийнхээ чансааг л өндөрсгөх ганц зам бий. Хамгийн эхэнд хийх ёстой ажил бол төрд бугшсан хулгайч нараас салах ёстой болов уу. Тэгж байж л цааш явна.
Иймд зөв хүмүүсээ төрд гаргах нь чухал байна. Ялангуяа Баялгийн сан, Норвеги ярьсан улс төрийн хүчнүүдээс болгоомжлоход гэмгүй.
 
 
    Ш.Гантулга