“Монголын Үндэсний фронт” хөдөлгөөний тэргүүн, олон улсын тоймч Ш.Гантулгатай АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой асуудлаар ярилцлаа.
 
АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль болж, АН-аас нэр дэвшсэн Жо Байден ялалт байгуулж, БНН-аас нэр дэвшсэн Дональд Трамп ялагдлаа. Сонгуулийн дүн ингэж гарсан шалтгааныг та олон улсын тоймчийн хувьд хэрхэн дүгнэж байна вэ? 
 
2020 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль өмнөх сонгуулиудаас эрс өөр сонгууль боллоо.Сонгуулийн өмнө Жо Байден : "Би энэ сонгуульд хэт давуу байдалтай ялалт байгуулж, Дональд Трампын буруу гэдгийг Америкийн олон нийтэд баталж чадна" гэж мэдэгдсэн. Гэтэл сонгуулийн үеэр үндсэндээ Америкийн нийгэм яг тэнцүү хоёр хуваагдлаа.
Энэ нь юугаар харагдаж байна гэвэл Дональд Трамп 2016 оны сонгуульд авсан саналаасаа хамаагүй илүү саналыг авсан ч ялагдлаа. Жо Байдан ялах магадлалтай гэдэг нь ерөнхийдөө 2020 оны эхээр харагдаж  байсан юм.Учир нь 2016 оны сонгуульд   Дональд Трамп бараг санаандгүй ялсан шүү дээ. Америкт хамгийн хүчирхэг нэг зүйл байдаг.
Энэ бол мөнгө. Мөнгөний эзэд бол Волл стритийн банк, санхүүгийн эзэд. Банк, санхүүгийн эздийн хувьд бол Дональд Трампыг 2016 онд ялчихна гэж ерөөсөө бодохгүй байсан. Харин 2020 онд Дональд Трампыг унагаахын тулд   бүхий л хүчээ шавхлаа гэж хэлж болно. Жо Байден бол үндсэндээ зөвхөн Доналд Трампыг л устгахын тулд гаргаж тавьсан тусгай хүн шүү дээ.
 
Өөрөөр хэлбэл АН-ынхан дотор Дональд Трампыг гарцаагүй ялж чадах хүн байхгүй байсан учраас л энэ 78 настай "зөнөг" залгачихсан, хөгшин Жо Байденыг сонгуульд  оруулж ирсэн хэрэг.   
 
 
Ерөнхийдөө Дональд Трамп ялагдаж байна гэдэг нь Дональд Трампын авч хэрэгжүүлж байгаа Америкийг дахин агуу болгох бодлого ялагдаж байна гэсэн үг. Үнэндээ энэ сонгууль юуг харуулж байна вэ гэхээр Америкийн ардчиллын төгсгөл ирж байгааг харуулж байна. Хэдийгээр АНУ-д жинхэнэ ажил хийхийг хүссэн, цагаан арьстай, протестант шашинтай сонгогчид байгаа ч гэсэн тэднээс олон юу ч боддоггүй, зүгээр нийгмийн халамж  хүртэх гэсэн сонгогчид олон болсон учраас Дональд Трамп ялагдаж  байгаа юм. Өөрөөр хэлбэл Дональд Трампын ялагдал бол дэлхий даяарх нэг маш том үйл явдлын эхлэл гэсэн үг. 
 
Ямар үйл явдлын эхлэл юм вэ?
 
Эмх замбараагүй байдал дэлхий даяар болж магадгүй. Капитализмын сүйрэл гэж хэлэх үү дээ. Америк капитализмыг сонгодог утгаар нь хөгжүүлж чадах тийм хүн амгүй болчихлоо.Америкийн хүн ам өөрчлөгдчихлөө.Жишээлбэл, урьд нь АНУ-д дэлхийн хоёрдугаар дайны үед гэдэг ч юмуу, голлох сонгогчид нь хэн байсан бэ гэвэл Америкийн ажилчин анги байсан шүү дээ.Хөрөнгөтнүүдийг тооцохгүй юм аа гэхэд найман цагийн турш өндөр технологитой үйлдвэрт ажиллаад маш сайн цалин авдаг, өөрийнхөө эрх үүргийг сайтар ухамрласан тийм хүн Америкийн сонгогч байсан юм.
Харин одоо Америкийн нийгмийн халамжаас хүртэхийг хүсдэг тийм хүмүүс Америкт тал бүрээс нь орж ирсэн учраас ерөнхийдөө Америкийн нийгэм хоёр хуваагдчихлаа гэж хэлж болох юм. АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө Америкт нилээн олон том, сүртэй үйл явдлууд болж, хар арьстнуудын бослого хөдөлгөөн гарсан. “Metoo” гэдэг эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах хөдөлгөөн гарсан. Энэ бүхэн чинь эцсийн үр дүндээ юу болж байгаа юм бэ гэхээр Америкт 1917 оных шиг тийм хувьсгал гарахад ойрхон  байгаагийн тод жишээ. 
 
Монголд болсон УИХ-ын сонгуулийг Америкийн нэгдсэн улсын Ерөнхийлөгчийн сонгуультай  харьцуулж болох уу? Үр дүн, сонгогчдын сэтгэл зүйн байдал гэдэг ч юм уу. Та сая халамж гэж ярилаа?
 
Америк, Монгол хоёр бол өөр хоорондоо эрс ялгаатай боловч нэг зүйл нь төстэй юм л даа.
Монгол орон бол хэтэрхий баян. Америкчууд, Америк орон бол бас хэтэрхий баян. Тийм учраас баялгийн хараал гэдэг зүйл энэ хоёр улсад хоёуланд нь хүрчихээд байгаа юм.Өөрөөр хэлбэл Америкийн нийгэмд шаргуу ажил хийхгүйгээр амьдарч болохоор нөхцөл бүрдсэн байна л даа.Монголд ч гэсэн аж үйлдвэр байгуулахгүй зүгээр л ашигт малтмалаа зөөгөөд амьдарч болох тийм нөхцөл байдал одоохондоо бол байгаа юм.Ийм ч учраас өөрийн гэсэн бодлогогүй, хэрэглэгч нарыг төрүүлж байна.
АНУ-д оршин суудаг боловч иргэн биш, тухайн улсын төлөө цохилох зүрхгүй   хүмүүс олноор бий болоод, тэдгээр нь сонгуульд оролцоод сонгуулийн үр дүнд нөлөөлөөд эхлэхтэй зэрэг Америкийн сонгуульд тийм хачин жигтэй үйл явдал болж байгаа юм шүү дээ. 
 
Дональд Трампын хувьд сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдээд байгаа. Жо Байден тангараг өргөх хүртэл Дональд Трамп бүрэн эрхээ хэрэгжүүлнэ. Энэ хугацаанд ямар нэгэн гэнэтийн шийдвэр гаргах болов уу? Танд таамаг байна уу? Саяхан гэхэд л Батлан Хамгаалахын Сайд Марк Эсперийг албан тушаалаас нь буулгасан тухайгаа мэдэгдлээ шүү дээ.
 
Дональд Трампын хувьд эцсээ хүртэл тэмцэхээс өөр арга бол байхгүй. Дональд Трамп энэ сонгуулиар 2016 онд өөрийнх нь төлөө саналаа өгсөн тэр хүмүүсийг өөртөө хадгалж чадсанаар барахгүй дэмжигчдээ нэмж чадсан.Тэгэхээр бол Дональд Трамп энэхүү сонгуулийг хууль бус гэж  зарлуулахын тулд бол тэмцэх гэж байна л даа. Гэхдээ энэ бол төдийлөн үр дүнд хүрэхгүй л болов уу. Учир нь АНУ-д Монгол шиг Сонгуулийн ерөнхий хороо гэж  байдаггүй. СЕХ байхгүй ч гэсэн АНУ-д чөлөөт хэвлэл гэж бол байдаг. АНУ-д иргэний нийгэм жинхэнэ утгаараа байдаг. Ерөнхийдөө Америкийн сонгууль гэдэг чинь  муж улсуудын сонгууль болоод хувирчихсан гэсэн үг.
 
Өөрөөр хэлбэл муж улс болгон өөрийнхөө холбооны сонгогчдыг гаргаж явъя гэдэг юм. Ийм болохоор Америкийн сонгууль шударга бус болсон гэж итгэхэд  хэцүү.
 
Нөгөө талаас энэ удаагийн сонгуулийн онцлог гэвэл Ковид-19.
Энэ вирусээс болоод бараг 100 сая гаруй хүн саналаа шуудангаар өгсөн. Энэ нь сонгуулийн үр дүнд ихээхэн нөлөөлсөн байж магадгүй гэж үзэж байгаа юм. Доналд Трамп хэлэхдээ нэг хэсэг өгөө, аваатай явж байснаа тодорхой хугацааны дараа гэв гэнэтхэн Жо Байдены төлөө саналаа өгсөн хүмүүсийн тоо нь эрс олширсон нь сэжигтэй байна гэж хэлсэн юм л даа.Манай Монголын сонгуульд ч гэсэн яг ийм зүйл болдог шүү дээ. Монголын сонгуульд жишээлбэл, бүх нэр дэвшигчид эхлээд   адилхан тооны саналыг авч байснаа, дараа нь гэв гэнэтхэн эрх баригч намын төлөө санал өгдөг хүмүүсийн тоо эрс олшроод явчихдаг гэх мэт хачин жигтэй  үйл явдал бол  болдог. АНУ-д гэхдээ энэхүү үйл явдлыг бол маш нарийн сайтар шалгаж үзнэ гэдэгт бол би итгэлтэй байгаа юм. Тэгэхээр бол энэ удаагийн сонгуульд Жо Байден ялсан гэдэгт би бараг итгэлтэй байна. Учир нь тэртэй тэргүй Дональд Трампын эсрэг асар их хүч хөдөлсөн гэдгийг хэлэх нь зүйтэй байх. 
 
Энэ нь удаагийн сонгуулийн нэг онцлог нь бараг түүхэндээ байгаагүй маш олон хүн сонгуульд оролцсон гэсэн үр дүн гарсан шүү дээ. Америкчууд ингэж маш идэвхтэй сонгуульд оролцох болсны шалтгааныг та юу гэж тайлбарлах вэ? 
 
Энэ удаагийн сонгууль бол Америк орны хувь заяаг шийдвэрлэх гэж  байгаа гэдгийг сонгогчид ухамсарласантай холбоотой л доо. Дональд Трамп 2016 оны сонгуульд  яагаад  ялсан бэ гэхээр АНУ-ыг дахиад агуу болгоно гэсэн. Яагаад ийм уриа тавьсан бэ гэвэл Дональд Трампыг сонгогдохын өмнөхөн Америк улс агуу биш байсан юм уу гэвэл тийм биш. Зүгээр л АНУ-ын бизнесменүүд ашиг их олохын тулд эх орондоо үйлдвэрлэл явуулахын оронд Хятад зэрэг улс орнуудад үйлдвэрлэл явуулах болсон.
Үүний улмаас АНУ шинжлэх ухаан технологийн мэдлэгээ, мэргэжилтэй ажилтнуудаа алдаж эхэлсэн.Аажмаар энэ нь гарцаа байхгүй АНУ-ын дэлхийд тэргүүлэх байр сууринд муугаар нөлөөлж, Хятад улс дээшээ гарч ирсэн шүү дээ. 2018 онд ДНБ-ийхээ байдлаар Хятад улс АНУ-аас илүү гарчихсан байсан шүү дээ. Тийм учраас Дональд Трамп Америкийг дахин агуу болгохын тулд Америкийн аж үйлдвэрийг хөгжүүлэх, өөрөөр хэлбэл Америкаас капиталыг гаргахгүй, Америк руугаа оруулж ирэх тийм бодлогыг баримталсан. Гэхдээ ийм үйлдвэржүүлэх бодлого явуулахын тулд үүнийг хүсдэг хүмүүс хэрэгтэй. Хоёрдугаарт банк санхүүгийн капиталын маш их хүчтэй эсэргүүцэлтэй тулгарна гэдэг нь тодорхой. Учир нь, хэрвээ Америк улсыг Дональд Трамп дахиад агуу улс болгочих юм бол банк санхүүгийн эзэд хохирч таарна гэдэг нь тодорхой. Учир нь банк санхүүгийн систем гэдэг чинь нэг ёсондоо өр зээл гэдэг капиталтай хүмүүс шүү дээ. Хэрвээ Дональд Трамп ялах юм бол жинхэнэ бодит мөнгө буюу Америкчууд жинхэнэ цалингаараа амьдрах боломжтой болох байсан юм.   
Америк улс одоогийн байдлаар 22 триллион долларын гадаад өртэй байна.Энэхүү өр нь эрс нэмэгдэх шинжтэй байгаа. Ерөнхийлөгч Барак Обама төр барихын өмнөхөн АНУ-ын гадаад өр зургаа, долоохон триллионоос хэтрэхгүй байсан шүү дээ.Яагаад гэв гэнэт ингэж их нэмэгдсэн бэ гэхээр АНУ-д бодит үйлдвэрлэл багасаад жинхэнэ үйлдвэрлэл Хятад руу шилжээд ирэхийн хэрээр Америкт өрийн бичгээр, өөрөөр хэлбэл мөнгөн тэмдэгтийг ихээр үйлдвэрлэж эхэлсэн гэдэг нь харагдаж байгаа юм. Тэгээд АНУ гадаадад өртэй болж эхэлсэн. Дональд Трамп бол энэхүү эвгүй чиг хандлагыг өөрчлөхийг хүссэн.  
Үүний төлөө ганцаараа тэмцэж байсан учраас мэдээж сонгуульд  ялагдах  нь тодорхой байсан л даа. 
 
Жо Байден хамгийн түрүүнд ДЭМ-ийн байгууллагын гишүүнчлэлээ сэргээж, Цаг уурын Парисын хэлэлцээрт эргэж орох асуудлыг шийдэх магадлалтай гэж барууны хэвлэлүүд бичиж байна л даа. Таны үзэж байгаагаар Жо Байден Доналд Трампын явуулж байснаас бодлогын хувьд ямар гол ялгаатай байхаар байна? 
 
Жо Байден бол зөвхөн Дональд Трампыг ялахын тулд гаргаж ирсэн хүн шүү дээ. Түүнээс биш Жо Байденд ямар ч өөрийн гэсэн мөрийн хөтөлбөр,төлөвлөгөө байхгүй. Дональд Трампад бол Америкийг дахин агуу болгох маш хүнд, бэрх боловч жинхэнэ төлөвлөгөө байсан. Жо Байденд бол ямар ч төлөвлөгөө байхгүй.
Жо Байден сонгуулийн компанит ажлаа  явуулахдаа  Дональд Трампыг зөвхөн шүүмжилж л гарч ирсэн шүү дээ.   
Жо Байден засгийн эрхэнд гарч ирнэ гэдэг чинь АНУ-д  эргээд банк санхүүгийн эзэд төр засгийн эрх мэдэлд гарч ирсэн л гэсэн үг.
 
Жо Байден бол 78 настай, тархиндаа хоёр удаа мэс засал хийлгэсэн, гурав, дөрвөн өдрийн өмнө юу болсныг мартчихдаг Монголчуудын хэлдгээр  зөнөг залгасан хөгшин шүү дээ. 
 
Телевизийн халз ярилцлага хийж байхдаа хүртэл хоёр, гурван удаа өмдөндөө "туучих" шахсан. 
Тэгэхээр энэ хүн Америкийг бол өөрөө бие дааж  удирдаж  чадахгүй. Түүний өмнөөс Ардчилсан намынхан, Камала Харис ч юм уу, тиймэрхүү хүмүүс засгийн эрхэнд гарч магадгүй гэдэг бодол байгаа юм.
Хамгийн гол нь АНУ өмнөх Ерөнхийлөгч Барак Обамагийн үе шиг дан ганц нийгмийн халамжийн бодлого явуулдаг, тэгээд капиталаа гадаад улс оронд  гаргадаг тийм улс болж хувирах юм бол тун удахгүй АНУ гурав дахь ертөнцийн улс болж хувирна гэдэг нь тодорхой.
Одоогийн нөхцөл байдал бол дөрөв, таван жилийн өмнөхөөс эрс өөр л дөө. Учир нь энэ хугацаанд Дональд Трамп Америкийг өөд нь татах гэж маш их зүйл хийсэн. Дональд Трампыг хатуу дэмждэг хүн амын давхарга  бий болсон. Жо Байден ерөнхийлөгчийн сонгуульд ялаад анх удаагаа ард түмэнд хандаж хэлсэн хамгийн гол үг нь ард түмнийг нэгтгэх ерөнхийлөгч болно, өөрөөр хэлбэл бүх Америкчуудын ерөнхийлөгч болохыг  хүсэж байна гэж хэлсэн. Гэхдээ тэгж чадахгүй байх гэж бодож байна. Яагаад гэвэл Жо Байден Дональд Трамп хоёрын бодлого эрс тэс ялгаатай. Дональд Трамп Ерөнхийлөгч байх юм бол Америкчууд шүд зуун хөдөлмөрлөх ёстой болно.   
Жо Байден ерөнхийлөгч болвол АНУ нэг ёсондоо хүнд сурталтнуудын, нийгмийн халамжийн бодлогын ертөнц болж л хувирна.   
Тэгэхээр тун удахгүй АНУ дэлхийд жанжлах чадвараа алдана гэдэг нь тодорхой л доо. Жо Байден Дональд Трампын огцом ширүүн бодлогын үр дүнд гарсан зарим нэг алдааг засаж магадгүй, зарим нэг олон улсын байгууллагад эргэж гишүүнээр элсэж магадгүй. Гэхдээ энэ бүх бодлого нь бол зүгээр л Дональд Трампын хийсэн зүйлийг Дональд Трамп хийсэн учраас л буруу гэж үзээд тэр хүнийг залруулах гэсэн оролдлого. Түүнээс бус Жо Байденд өөрийн гэсэн бодлого бол байхгүй, байх ч ёсгүй гэдгийг би хэлмээр байна. Ийм болохоор Жо Байден Ерөнхийлөгчийн сонгуульд ялна гэдэг бол тун аюултай юмны эх үүсвэрийг тавьж байна гэж  үзэхээс өөр аргагүй.  
 
Жо Байдены гадаад бодлого АНУ Хятад, ОХУ-ын харилцаанд ямар өөрчлөлт авчрах бол?
 
ОХУ-ын хувьд томоохон олигархи баячууд болон Оросын сөрөг хүчний ардчилагчид их баяртай байгаа. Аль, аль нь Жо Байденын зүгээс дэмжлэг авч болно гэж бодож байгаа.Яагаад гэвэл Оросын олигархи баячууд Америкийн банк санхүүтэй холбоотой байдаг болохоор өөрсдийнх нь эсрэг Америкийн шүүхүүд эрүүгийн хэрэг  үүсгэхгүй байх гэж найдаж байгаа.Оросын сөрөг хүчнийхэн Жо Байдены гадаад бодлогыг Оросын эсрэг илт гаргаж тавих учраас Оросын сөрөг хүчин Америкчуудад хэрэгтэй болж магадгүй гэж найдаж харна.
Гэхдээ энэ бүх нь нэг ёсондоо шал өөр үр дагаврыг авчирч  магадгүй гэж би бодож байна л даа.
Учир нь АНУ-ын хүч сулрахын хэрээр дэлхий дээр хүчний өөр төвүүд бий болж  байгаа шүү дээ.Яг энэ өдрүүдэд уулын Карабахад Армени, Азербайжан хоорондоо  дайтаж байна.Гэхдээ энэ хоёр улсын цаана Турк гэдэг маш хүчирхэг улс бий боллоо шүү дээ.
Туркийн Ерөнхийлөгч Эрдоган Оспаны эзэнт гүрнийг эргүүлэн байгуулахын тулд Кавказын нуруунд түшиц газартай болохыг бол хүсэж байгаа гэдэг нь тодорхой. Хэрвээ Оросууд Туркүүдэд Кавказын нурууг алдвал Туркийн нөлөө Оросын хуучин дундад азийн бүгд найрамдах улсуудад маш хүчтэй болно гэсэн үг. Монголчууд ч гэсэн сайнаа үзэхгүй.Америк бол нэг ёсондоо дэлхийн том цагдаа байсан. Тэр үе өнгөрнө гэдэг бол маш аюултай, эмх замбараагүй үр дагаврыг авчирна гэсэн үг.
 
Хятад улсын хувьд ч гэсэн адил. Хятад улс бол тун удахгүй эдийн засаг болоод  улс төрийн томоохон мухардалд орж магадгүй гэж үзэж байна. Яагаад гэвэл Хятадын аугаа удирдагч Дин Сяопины үед гаргаж тавьсан эдийн засгийн бодлогын анхны потенциал барагдаад дуусчихсан шүү дээ.Саяхан Хятадын олон хотуудад ажлын хөлсөө нэмэгдүүлэхийг шаардсан эсэргүүцлийн жагсаал  болсон.     
 
 
Ковид19-оос болоод Хятад улс дахь улс төрийн нөхцөл байдал эрс муудсан. Өмнө нь Хятад улсад Коммунист нам гэдэг улс төрийн хүчин дангаараа ноёрхдог байсан. Харин одоо бол тэгж хэлэхэд бэрхшээлтэй. Маш их хөрөнгө, мөнгөтэй өмнө зүгийн баячууд бий болсон. Энэ мэтийн шалтгаанаас болоод Монголчууд бид илүү аюултай, урьдаас тааварлашгүй ертөнцөд  амьдрахаас өөр аргагүй болж байна. 
Үүний тод жишээ бол 20-р зууны үеийн цэргийн тактик, стратеги өөрчлөгдөж эхэлж байна шүү дээ.
Эдийн засаг ч гэсэн эрс өөрчлөгдөж  байна.Ийм нөхцөл байдалд Монголчууд биднийг аврах цорын ганц авралын од бол ерөөсөө Монгол улсад жинхэнэ ардчиллыг хөгжүүлэх явдал юм. Ард түмэн Үндсэн хуульд заасан ёсоор засаг төрийнхөө бүх эрх мэдлийг гартаа авах ёстой.Түүнээс бус ямар нэгэн нам гэдэг нэртэй мафийн бүлэглэлд эрх мэдлээ өгнө гэдэг бол Монголчуудын хувьд онц аюултай нөхцөл байдалд өөрсдийнхөө хувь заяаг хутганы ирэн дээр тавьж байна гэсэн үг. 
 
Жо Байден нам доторх сунгааныхаа үеэр Хятадыг буруушааж ярихдаа Монголоос бохир, түүхий нүүрс авч агаар мандлыг бохирдуулдаг гэж хэлсэн. Үүнээс үүдээд түүнийг Монголд ээлгүй бодлого явуулж мэднэ гэсэн яриа сошиал орчинд түгээмэл харагдаад байна. 
 
Жо Байден Дональд Трампын Хятадын эсрэг явуулж байсан худалдааны дайныг үргэлжлүүлэх эсэх нь тодорхойгүй.Жо Байден Хятадын талаар арай илүү аядуу бодлогыг явуулж бол магадгүй.Тэглээ гээд Монгол улсын нөхцөл байдал бол өөрчлөгдөхгүй шүү дээ. Монгол улсын нөхцөл байдлыг Монголчууд бид өөрсдөө л  өөрчилж чадна. Монгол улсын одоогийн хүнд нөхцөл байдал, Монголын хувь заяа жил ирэх тусам улам муудаад байгаагийн хамгийн гол шалтгаан бол энэ.Гучин жилийн хугацаанд Монгол улсын эрх мэдлийг гартаа барьж байсан улс төрийн намууд, олигархи баячууд өөрсдөдөө тохирсон эдийн засгийг бий болгочихсонд үүний учир байгаа юм. Энэ бол шууд гадаадаас хамааралтай эдийн засаг. Гадаадаас хамааралтай эдийн засаг гэдэг бол хэзээ ямагт эмзэг нөхцөл байдалд байдаг юм.
 
Баярлалаа.
 
Ярилцсан:  Сэтгүүлч Ч.Явуухүү