Бодит байдлыг бид бодитоор нь харж чаддаг уу. Эсвэл зүүд манан дунд явдаг уу. Сэтгэцийн олон өвчлөл байдаг. Cкизофрения (шизо) бол бодит байдлаас хурцадмал байдлаар тасарч хий ертөнцөд очсон хүний синдром. Гэтэл нөгөө талаас эрүүл хүмүүс бүгд л ямар нэг байдлаар бодит байдлаас тасарч л явдаг. Хайр гэж юу болох тухай мэдэхгүй хэрнээ, "би чамд хайртай, үхлээ хатлаа" гэх охин/хөвгүүн. Эсвэл "хайр" гэж юмны тодорхойлолт нь гэр бүлийн хүмүүжлээсээ болоод хоёр өөрөөр ойлгогддог эхнэр нөхөр хоёрын үл ойлголцол. Бодит байдалд "хайр" нэг л утгатай. Хүн бүрт өөр өөрөөр бууж буй нь тэр. Тэгэхээр бодит байдлыг бодитоор нь харж чаддаг хүн бол бараг л гэгээрсэн хүн юм. Хүмүүс харин тэгэж чаддаггүй.
 
Хайрнаас болж үхдэггүйг 30 настай бүх хүн мэднэ. Харин 18-тай залууд яаж ч хэлээд ойлгохгүй. Хүн хөгшрөх тутам бодит байдлыг илүү ойрхон харж эхэлнэ. Үхэл бол яагаад ч маргашгүй бодит байдал. Тийм учраас хүн үхэлд дөхөх тутам бодит байдлыг илүү бодитоор нь харж эхэлдэг бололтой юм. Бодит байдлыг бодитоор нь хүлээж авах чадваргүй, хүлээж авахыг хүсээгүй хүмүүс архинд, хар тамхинд донтдог. Нөгөө талаас амьдралын зорилго нь үгүй болсон хүмүүс хар тамхи, архинд донтдог гэж хэлж ч болно. Тэгэхээр хар тамхи ба архинаас хүнийг гаргах эмчилгээ нь хүнд бодит байдлыг хүлээн авах сэтгэлийн хат өгөх, хүнийг амьдрах зорилготой болгоход орших юм л даа. Хүн зорилгогүй удаж, бодит байдлаас зугатах тутам сэтгэцийн эмгэг нь өвчин болж хувирч скизофрения онош тавигдана. Скизофрениятай хүмүүсийн 1/3 нь амиа хорлохоор завддаг нь ойлгоход бэрх зүйл биш. Бодит байдлыг бодитоор нь хүлээж авах чадвар бол боловсрол юм.
 
Боловсролын систем ийм боловсролтой хүмүүсийг бэлтгэж гаргах ёстой болохоос биш, юунд хэрэглэгдэх нь мэдэгдэхгүй логарифм цээжилж улсын математикийн олимпиадад медал авсан хүүхдүүд бэлтгэхэд гол анхаарлаа хандуулах хэрэггүй. Боловсролгүй хүн математикийн аварга байгаад ч амиа хорлож л таарна. Бид өнөөдөр боловсрол мэдлэг хоёрынхоо ялгааг ойлгох хэрэгтэй байгаа юм. Логарифм хувиргах, 100 хүний нэрийг нэг хараад цээжлэх чадвар бол мэдлэг болохоос биш боловсрол биш юм. Бодит байдлыг бодитоор нь харж чаддаг хүнийг л боловсролтой хүн гэнэ.
 
Өлзийбаярын Ганзориг