Шинж тэмдэг, суурь асуудал
 
Сүрьеэгээр өвчилсөн хүн ханиалгана, сульдана, халуурна, хоолонд дургүй болно. Энэ бол сүрьеэ өвчний шинж тэмдгүүд. Түүнээс биш суурь өвчин биш юм. Сүрьеэгийн өвчлөл бактериар үүсгэгддэг. Тиймээс сүрьеэгийн бактерийг антибиотик ууж л эдгээнэ. Түүнээс биш ханиалга намдаах эм ууснаар сүрьеэг эмчилж чадахгүй.
 
Яг үүнтэй адил байгууллага хөгжихөд өдөр тутам олон бэрхшээл, асуудал тулгардаг. Менежер хүний ажил нь тулгамдсан асуудлыг шийдвэрлэж бэрхшээлийг давж гарахад оршдог. Гэтэл тухайн асуудал нь суурь асуудал уу, эсвэл ердөө шинж тэмдэг төдий юу гэдгийг ялгахад тун хэцүү юм. Тиймээс ч маш олон менежер үүн дээр алдаа гаргадаг байна.
 
Өөрөөр хэлбэл байгууллага нь хэдийн сүрьеэ өвчинд нэрвэгдчихээд байхад ханиалга дарах эмчилгээ хийгээд яваад байгаатай утга нэг юм. Энэ нь бэрхшээлийг шууд харагдаж байгаа ханиалга гэж буруугаар итгэдэгтэй холбоотой.
 
Гал сөнөөгч
 
Миний бие хэдэн жилийн өмнө дундаж компанийн ТУЗ-д ажиллаж байсан юм. Уг компанийн гүйцэтгэх захирал нь маш завгүй ажилладаг нэгэн байлаа. Ажилдаа махруу, хөдөлмөрч хүн. Гэвч компанийн зорилтууд биелэгдэхгүй, ТУЗ-өөс баталсан стратегийн бодлогыг хэрэгжүүлэхэд ахиц гарахгүй байгаа нь цаг хугацаа өнгөрөх тусам улам тодорхой болж байв.
 
ТУЗ-ийн гишүүдийн өмнө зүй ёсоор асуулт урган гарч ирсэн юм. “Ажилдаа сэтгэлээсээ ханддаг захиралтай хэдий ч яагаад компани хөгжихгүй, байрандаа зогсоно вэ?”
Менежерийн ширээн дээр хоёр төрлийн асуудал тавигдсан байдаг. Нэгдүгээрт, чухал ажил буюу компанийн стратегийг хэрэгжүүлэхэд шаардлагатай арга хэмжээнүүд. Хоёрдугаарт, тулгамдсан асуудлууд буюу өдөр тутам захирлын өрөөнд орж ирдэг бэрхшээлүүд.
 
Манай нийтлэлийн гол баатар захирлын хувьд өдөр тутам маш олон гал унтраадгийн нэг нь чухал хүмүүсээ өрсөлдөгчиддөө алдахгүй байх явдал байв. Байсхийгээд л нэг ажилтан нь ажлаасаа гарах тухай яриа гарч, түүнийг яаж ийж байгаад авч үлдэх, чадахгүй бол орны хүнийг нь олох асуудал байнга босч ирдэг байлаа. Гэтэл сайн хүн нь ажлаасаа гарах суурь шалтгаан нь юу байв? Түүнийг орлох ажилтан, эсвэл компанид өмнө нь анкетаа өгсөн кандидатууд хаана байна вэ?
 
Үнэн хэрэгтээ компани сүүлийн 2 жилийн турш урамшууллын тогтолцоогоо шинэчлэх тухай ярьсан ч юу ч хийгдээгүй өдийг хүрчээ. ТУЗ-ийн гишүүдийн зүгээс хөдөлмөрийн зах зээлээс чадварлаг хүмүүсийг тасралтгүй татах бодлого барьж, хэрэгжүүлж ажиллах тухай зөвлөсөн ч тэрээр мөн л юу ч хийгээгүй юм.
 
Зүйрлэвэл, манай захирал чухал ажлаа огт хийдэггүй. Харин өдөржин тулгамдсан асуудлуудаа шийдээд маш завгүй ажилладаг байлаа. Нэгэнт бодлого гаргаж, төлөвлөж, удирдан зохион байгуулах ажлаа хийдэггүй учраас асуудал ар араасаа урган гарах нь тодорхой юм.
 
Менежер хүн бол гал сөнөөгч биш. Менежер хүн харин гал гарахгүй байх нөхцөлийг бүрдүүлэх үүрэгтэй архитектор юм. Систем алдаа үйлдвэрлээд эхэлбэл, менежер системийг засах тал дээр анхаарал хандуулах ёстой болохоос биш тэр олон асуудлыг шийдэж амжихгүй билээ.
 
Сайн Стратеги-Муу Стратеги
 
Монголын олонх байгууллага стратегиа буруу тодорхойлдог. Зорилгоо стратегитайгаа хольж хутгадаг. Ихэнх тохиолдолд зөв стратеги ч гэсэн зорилго шиг сонсогддог нь үнэн.
 
Зорилго бол бидний ирээдүйд хүрэх төвшин. Харин стратеги бол зорилгыг биелүүлэх бодлого юм.
 
Зорилгыг тодорхойлох амархан. “Зах зээлд тэргүүлэгч болох”, “Ашгийн маржинг 30 хувьд хүргэх” гэх мэтээр өрсөлдөөнд амьд үлдэхийн тулд зайлшгүй хүрсэн байх ёстой төвшинг бид амархан харж чаддаг. Гэтэл стратегийг тодорхойлох төвөгтэй. Жишээ нь “Харилцагчийн үйлчилгээний чанарыг эрхэмлэх” гэдэг стратеги нь сонсоход гоё боловч бодит амьдрал дээр хэрхэн буух нь ойлгомжгүй төдийгүй хэт ерөнхий байна. Энэ дэлхий дээр харилцагчийн үйлчилгээний чанарыг анхаардаггүй компани гэж нэгээхэн ч үгүй. Гэтэл стратеги нь бидний өрсөлдөөнд ялах гол бодлого юм. Өрсөлдөгчидтэйгээ ижил, өөрөөр хэлбэл компани бүрийн хийх ёстой ажлыг үндсэн стратеги мэтээр томъёолбол юу болох билээ.
 
Тэгвэл сайн стратеги гэж юу вэ?
 
Стратегич Ричард Раммелтийн тодорхойлсноор САЙН СТРАТЕГИ гэдэг нь “Нөхцөл байдлын оношилгоо, зорилгод хүргэх бодлого, өөр хоорондоо уялдаа холбоо бүхий алхамуудын цогц юм…” гэжээ.
 
• Онош: Бодит нөхцөл байдал ямар байна вэ?
 
Ханиалга бидний асуудал уу, эсвэл түүний суурь болох сүрьеэ юу? Хэрэв бид бодит нөхцөл байдлаа буруу үнэлвэл сайн стратеги гаргах боломжгүй болно. Өөрөөр хэлбэл бид чухал ажлыг олж харахгүй тулгамдсан асуудлууддаа дарагдаад эхэлбэл, зөв онош тавьж чадахгүй.
 
• Зорилгод хүргэх бодлого: Сүрьеэг хэрхэн эмчлэх вэ? “Антибиотикыг тууштай хэрэглэх, ингэхдээ хоол амралтыг зөв зохицуулсан байх” гэх байдлаар баримтлах бодлогоо тодорхойлж болно. Сүрьеэг эмчлэх цорын ганц арга нь антибиотек хэрэглэх явдал. Тэгэхдээ тууштай байхыг шаарддаг шүү дээ.
 
• Алхамууд: Нөхцөл байдлаа зөв үнэлж, зорилгодоо хүрэх бодлогоо зөв тодорхойлсон ч маш олон стратеги бүтэлгүйтдэг. Энэ нь бодлогоо ажил хэрэг болгож чадаагүйтэй холбоотой. Өөрөөр хэлбэл бодлого бүрийн цаана хийгдэх алхамуудын нарийвчилсан төлөвлөгөө нь яг таг биелсэн байх ёстой юм. Антибиотекыг бүтэн 3 сарын турш яг таг уух нь маш чухал алхам. Мөн хоол ба амралтын маш нарийн дэглэмийг баримтлах нь түүнтэй эн зэрэгцэх чухал алхам юм. 
 
Өлзийбаярын Ганзориг