Байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 30 жилийн ойд
 
 
 
/Дурсамж/
 
Манай Улсад байнгын ажиллагаатай парламент болох Улсын Бага Хурал байгуулагдсаны 30 жилийн ой энэ намар болж байна. Иймд Улсын Бага Хурлын Тамгын газар хэрхэн байгуулагдсан болон түүний гүйцэтгэсэн үүрэг, хамт олны тухай өгүүлэх гэсэн юм. 
Улсын Бага Хурал нь Монгол орны төр, нийгэм, эдийн засгийн амьдралд шинэтгэл хийх эрх зүйн зохицуулалтыг гардаж гүйцэтгэсэн түүхэн үүрэгтэй парламент байсан. 1990 онд анх удаа ардчилсан сонгуулиар сонгогдсон Ардын Их Хурлын анхдугаар чуулганаас байнгын ажиллагаатай парламент болох Улсын Бага Хурлыг байгуулж, улмаар 1990 оны есдүгээр сарын 13-нд Улсын Бага Хурлын анхдугаар чуулган нээгдсэн түүхтэй. 
Улсын Бага Хурлын ажлын аппарат болох Тамгын газар байгуулагдах хүртэл БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн газрын цөөн хэдэн ажилтан Бага Хурлын үйл ажиллагаанд нь тусалж байв. Удалгүй Улсын Бага Хурлын даргын 1990 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 4 тоот захирамжаар Улсын Бага Хурлын аппаратыг Тамгын газар гэсэн нэртэйгээр байгуулж, Тамгын газрын даргын үүргийг Улсын Бага Хурлын нарийн бичгийн дарга Б.Чимид хавсран гүйцэтгэхээр болов.
 
Улсын Бага Хурлын Тамгын газрыг Зохион байгуулалтын хэлтэс, Зөвлөгчдийн товчоо, Орон нутгийн Ардын Хурлын ажлын хэсэг гэсэн цомхон бүтэцтэй, 56 хүний орон тоотой байхаар баталж билээ. Тэр үед Сайд нарын Зөвлөлд референтээр ажиллаж байсан намайг Улсын Бага Хурлын даргын захирамжаар Улсын Бага Хурлын Тамгын газрын орлогч дарга бөгөөд Зохион байгуулалтын хэлтсийн даргаар, С.Төмөрийг Зөвлөгчдийн товчооны даргаар, Ч.Бавууг Зохион байгуулалтын хэлтсийн орлогч дарга бөгөөд боловсон хүчний эрхлэгчээр, Б.Шарбандийг Орон нутгийн Ардын Хурлын ажлын хэсгийн ахлагчаар тус тус томилсон юм.
 
Тамгын газрын даргын үүргийг хавсран гүйцэтгэж байсны хувьд Улсын Бага Хурлын нарийн бичгийн дарга Б.Чимид төрийн завгүй их ажилтай байсан хэдий ч Тамгын газрын бүтцийн удирдлагуудтай байнга уулзан санаа бодлыг нь сонсож, ажлын явц байдалтай нь танилцаж зөвлөлгөө өгдөг байв. Миний бие Б.Чимид гэдэг хүнтэй олон жил ойр дотно явсан даа. 1974 онд МУИС-ийн хуулийн ангид элсэн орж, таван жил хичээл заалгасан. 1979 онд их сургуулиа төгсөхөд багш маань дөнгөж Шүүх яамны сайд болоод байсан бөгөөд би тус яаманд хуваарилагдаж, багштайгаа хэдэн жил хамт ажилласан. Дараа нь Улсын Бага Хуралд хамт ажиллаж байлаа. Шүүх яам, Улсын Бага болон Их Хурлын Тамгын газраас гадна Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга гээд хуулийн салбар, төрийн захиргааны байгууллагад хуулийн төсөл боловсруулах чиглэлээр олон жил ажиллахад багшаасаа сурсан мэдсэн зүйл маань тун их хэрэг болдог байж билээ. Миний хувьд Улсын Бага Хурлын Тамгын газрын өдөр тутмын ажлыг зохицуулахаас гадна бас батлагдсан хууль, тогтоол бүрийг нягтлан уншдаг байлаа. Удирдлага дор нь хэдэн жил ажиллаж олон төсөл хамтдаа боловсруулж байсан учраас намайг уншаагүй бол Б.Чимид дарга гарын үсгээ зурдаггүй байсан нь надад их итгэл, хариуцлага хүлээлгэж байсны илэрхийлэл гэж боддог. 
Улсын Бага Хурлын удирдлага, Тамгын газрын даргаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу бид шинээр ажилтнууд судалж авах, Улсын Бага Хурлын үйл ажиллагаатай холбоотой дүрэм, журам боловсруулах, Улсын Бага Хурлын хуралдааны танхимыг тохижуулах, гишүүдийн албан өрөөг бэлтгэх гээд нөр их ажлыг богино хугацаанд хийж, Улсын Бага Хурлын үйл ажиллагааг хэвийн явуулах бүхий л нөхцөлийг бүрдүүлж чадсан билээ. 
Тэр үед Засгийн газрын ордноос МАХН-ын Төв Хорооны аппарат шинэ байр (шатдаг цагаан байшин дөнгөж ашиглалтад орж байсан) луугаа нүүж суллагдсан өрөөнүүдэд дотоодын үйлдвэрийн жижиг модон ширээнүүд тавьж анхандаа гишүүдийг нэг өрөөнд хоёр хоёроор нь оруулж байв. Засгийн газрын ордны хүлээн авалт зохион байгуулдаг заалыг богино хугацаанд тохижуулан хурлын танхим болгон тохижуулсан юм. Эдгээр ажилд тэр үеийн Үйлчилгээ, аж ахуйг эрхлэх газрынхан, түүний дотор Сайнбуян нар өдөр, шөнөгүй зүтгэсэн дээ. Мөн нийслэлийн захиргаатай ярьж шинээр ашиглалтад орсон орон сууцны бүхэл бүтэн байр авч хөдөөнөөс ирсэн болоод орон сууцгүй гишүүдийг хуваарилан оруулж билээ. 
Манайдаа байнгын ажиллагаатай парламент гэдэг маань цоо шинэ байгууллага байсан учраас Улсын Бага Хурлын гишүүд шинэ ажилдаа бага багаар сурч дадаж байлаа. Парламентын гол ажил бол улсын төсөв батлах. Гэтэл 1991 оны улсын төсвийг хэдхэн цаг хэлэлцэж баталсан (өмнө нь Ардын Их Хурлын депутатууд жилдээ нэг удаа цуглаж ийнхүү баталдаг байв) харин Улсын Бага Хурлын төсвийг хэлэлцэх үед Б.Чимид дарга бид хоёр бараг түүнээс дутахааргүй хугацаагаар “ороогдож” байж билээ. Энэ дашрамд дурдахад байнгын ажиллагаатай анхны парламент болох Улсын Бага Хурал нь зөвхөн улс эх орныхоо төлөө гэсэн хоёргүй сэтгэлтэй хүмүүсээс бүрдэж байсан юм. Улсын Бага Хурлын анхны чуулган дээр гишүүдийн цалингийн тухай танилцуулахад улс орны амьдрал хүнд байхад бид ийм өндөр цалин авах нь зохисгүй гэж нэгэн гишүүн хэлж байсныг санаж байна (тухайн үед албан хаагчдын дундаж цалин 650-750 төгрөг, орлогч сайд1200, нэгдүгээр орлогч сайд 1350, сайд 1500 төгрөгийн цалинтай байсан бөгөөд гишүүдийн цалинг 1300 төгрөг байхаар санал болгосон хэрэг). Тухайн үед өнөөгийнх шиг фракц, жигүүр, лобби, сонирхлын зөрчил энэ тэр гэсэн ойлголт байсангүй.
Улсын Бага Хурлын Тамгын газрын үйл ажиллагаа нь БНМАУ-ын Үндсэн хууль, Үндсэн хуулийн Нэмэлтийн тухай хууль, Ардын Их Хурлын 12 дахь удаагийн сонгуулийн анхдугаар чуулганы шийдвэрийг биелүүлж, Ардын Их Хурал, Улсын Бага Хурлын хэвийн үйл ажиллагааг хангах, Улсын Бага Хурлаас хуулийн төсөл боловсруулах, хянан шалгах, зохион байгуулах үүргээ хэрэгжүүлэхэд нь мэргэжил, арга зүй, техник-зохион байгуулалтын туслалцаа үзүүлэхэд чиглэгдэж байв. Энэ зорилгод нийцүүлэн Тамгын газрын хэлтэс, товчоо, ажлын хэсгийн дүрмийг боловсруулан баталж, ажилтнуудын ажил үүргийн хуваарь, ачааллыг жигд байлгах, нэгнээ орлон гүйцэтгэхэд анхаардаг байсан юм. Тэр үед компьютер гэж байсангүй. Бүх зүйлийг бичгийн машинаар бичиж, ажилтнууд хуваарилан авч уншиж, нийлдэг байлаа. Ажлын зургаан өдөртэй байсан учраас Улсын Бага Хурал таван өдөр нэгдсэн хуралдаан хийж, хагас сайнд Байнгын хороод хуралддаг байв. Хуралдаан оройн 22-23 цагт голдуу тарна. Тамгын газрын ажилтнууд хуралдаанаас өмнө ирж, хуралдаан дууссаны дараа явна. Ийм л ачаалалтай ажилладаг байлаа. Тамгын газар анх 30 орчим хүнтэй ажлаа эхэлж байсан боловч богино хугацаанд залуучууд голдуу нэлээд хэдэн хүнийг судалж ажилд авсан нь хожим Улсын Их Хурлын гишүүн, сайд, дарга болж дэвшсэнийг эргээд харахад бахархалтай санагддаг. Тамгын газрыг хүн хүч, санхүү, аж ахуйн хувьд бэхжүүлэх чиглэлээр Улсын Бага Хурлаас зарим шийдвэр гаргаж, тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлсэн нь Тамгын газрыг цаашид парламентын мэргэшсэн ажлын алба болж төлөвшихөд чухал алхам болсон гэж боддог. Тухайлахад, Улсын Бага Хурал 1992 оны хоёрдугаар сарын 3-ны өдөр Улсын Бага Хурлын Тамгын газрыг аж ахуй, санхүү, боловсон хүчний асуудлаа бие даан шийдвэрлэх хуулийн этгээд болгох тухай тогтоол баталсан юм. Чухам Улсын Бага Хурлын үед парламентын гадаад харилцааны эхлэлийг тавьж олон улсын байгууллагуудаас тусламж авч номын санг шинэчилж, зарим тоног төхөөрөмжүүд авсны дээр нилээд хүмүүсээ туршлага судлуулахаар гадаадад явуулж, сургалтад хамруулсан билээ.
 
Улсын Бага Хурлын Тамгын газрын хамт олны хүч хөдөлмөр шингэсэн хамгийн том ажил бол шинэ Үндсэн хуулийг боловсруулах, хэлэлцүүлэн батлуулах ажлыг зохион байгуулсан явдал юм. Шинэ Үндсэн хуулийн төслийг боловсруулахаас эхлээд хэлэлцүүлж батлуулахад Ардын Их Хурлын депутатууд, Улсын Бага Хурлын гишүүдээс дутахгүйгээр манай Тамгын газрын хамт олны нөр их хөдөлмөр, хүчин зүтгэл шингэсэн юм. Харин сүүлийн үед зарим сонин хэвлэлд Үндсэн хуулийн төслийг Ардын Их Хурлын депутатууд өөрсдөө боловсруулаад хэлэлцэж баталсан маягтай зүйл мэр сэр гарах болсон байна лээ. Тэр ч бүү хэл, гадаадынхны боловсруулж өгсөн төслийг хэлэлцээд баталсан мэтээр бичих нь ч байна. Үүнийг тийм биш ээ гэдгийг энэ ажлын гал тогоонд эхнээс нь дуустал хутгалдаж явсан хүний хувьд хэлмээр байгаа юм. 
 
1990 оны аравдугаар сарын 4-нд Улсын Бага Хурлын тогтоол гарч Ерөнхийлөгч П.Очирбат даргатай комисс байгуулагдан шинэ Үндсэн хуулийн төсөл боловсруулах ажил эхэлсэн юм. Манай улсын тэргүүний эрдэмтэн, мэргэжилтэн, төр, нийгмийн зүтгэлтнүүд оролцсон ажлын хэсгүүд байгуулж ажилласан. Төслийг бүх ард түмнээр хэлэлцүүлж санал авснаас гадна Улсын Бага Хурал хэд хэдэн удаа хэлэлцэж байж Ардын Их Хуралд өргөн мэдүүлсэн юм. Шинэ Үндсэн хуулийн төслийг бүх ард түмнээр хэлэлцүүлэх явцад гарсан хэдэн арван мянган саналыг судлах, нэгтгэх, томъёолох, Улсын Бага Хурал дээр гарсан олон зуун саналыг тэмдэглэн авч редакц хийх гээд асар их ажлыг Тамгын газрын ажилтнууд, ялангуяа С.Төмөрөөр ахлуулсан зөвлөхүүд гүйцэтгэж байв.
Шинэ Үндсэн хууль баталсан Ардын Их Хурлын чуулган нь оролцсон хүний тоо, хуралдсан хугацаагаараа үнэхээр онцлогтой. Олон депутатыг орон нутгаас хүлээн авч зочид буудалд байрлуулах, өдөр бүр хооллох, унаагаар үйлчлэх, аюулгүй байдлыг нь хангах, бусад үйлчилгээ үзүүлэх гээд маш их ажилтай байлаа. Хотод ирээд бараг гурван сар байсан болохоор хүн л юм хойно өвдөнө, гачигдал гарна. Бавуу, Шарбанди, Барсүрэн гээд манай Тамгын газрын ажилтнууд тэр бүгдийг тухай бүрт нь хэл амгүй зохицуулдагсан. Ялангуяа манай Барсүрэн гуай асуудалд хандахдаа маш шуурхай, олонд хүртээлтэй ажилладаг хүн байж билээ. Депутатууд заримдаа бяцхан дарвих, тэр ч байтугай маргаж гар зөрүүлэх тохиолдол ч гарна. Орон нутгаас ирсэн депутатууд “Улаанбаатар”, “Залуучууд” зочид буудалд байрлаж байсан бөгөөд тэдгээрт хэв журам, аюулгүй байдлыг хариуцан ажиллаж байсан цагдаа болон аюулаас хамгаалах байгууллагын ажилтнууд бидэнд зөрчлийн талаар мэдээлэл өгөхөд нь дарга нарт хүргэлгүй дараад өнгөрөөдөг байж билээ. Чуулган дээр яриад гарвал дэмий гэж үзсэнээс гадна цаг ч алдана гэж бодсоных тэр. 
 
Ардын Их Хурлын танхимд “Хэт” компаниар богино хугацаанд санал хураах цахим систем угсруулаагүй бол чуулган лав л хагас жил хуралдах байсан байх. Чуулганы эхний өдөр уг систем ажиллаагүйгээс болж саналыг гар өргөн тоолж маш их цаг авсан юм. Үүнээс болж миний бие Ерөнхийлөгч П.Очирбатын өрөөнд дуудагдан хатуу банга хүртэж байж билээ.
 
Ардын Их Хурлын чуулганы хуралдаан дээр депутатуудын хэлсэн бүрийг соронзон хальсанд буулгаад бичгийн машинаар бичиж нийлнэ. Гарсан саналуудыг томъёолно. Энэ бүх ажлыг Б.Чимид дарга удирдан зохицуулж чуулганы танхимыг арын албатай нь холбон уялдуулж байсныг онцлон хэлмээр байна. Ер нь Үндсэн хуулийн төсөл боловсруулах ажилд Б.Чимид дарга эхнээс нь оролцон аргачилсан удирдлагаар хангаж, чуулган дээр депутатуудын тавьсан асуулт бүрт зохих тайлбар өгч байсан учраас түүнийг Үндсэн хуулийн “эхийг баригч” гэж зүй ёсоор нэрлэсэн юм. Миний бие тэр үед Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Моломжамцын хамт чуулганы “арын алба”-ыг хариуцахаар томилогдон ажиллаж байлаа. 
Тамгын газрын ажилтнууд маань ингэж л Ардын Их Хурал, Улсын Бага Хурлын хэвийн үйл ажиллагааг хангаж, төрийн хууль тогтоомжийг батлан гаргах, төрийн бодлого тодорхойлоход тэдний байнгын туслагч, бас зөвлөгч нь байж, шаардлагатай бүхий л туслалцаа, үйлчилгээг үзүүлж ирсэн юм. Иймээс Монгол Улсын байнгын ажиллагаатай анхны парламент болох Улсын Бага Хурлын ажлын аппарат буюу Тамгын газрын хамт олон улс орондоо төр, нийгмийн шинэтгэл хийх их үйл хэрэгт өөрийн хувь нэмрээ оруулж чадсан гэж би бодож явдаг.
 
Л.Хангай