Энэ өдрүүдэд Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 30 жилийн ойг тэмдэглэх хүрээнд цуврал арга хэмжээнүүд зохион байгуулагдаж байна. Гэтэл 30 жилийн өмнө байнгын ажиллагаатай парламенттай хамт бас Ерөнхийлөгчийн албан тушаалыг бий болгож, танхимын зарчмаар ажиллах Ерөнхий сайд тэргүүтэй Засгийн газрыг байгуулсан юм.
 
1990 оны эхээр Монголын улс төр, нийгэм, эдийн засгийн амьдрал бүхэлдээ гүнзгий хямралд орсон юм. Энэ байдлаас гарах арга замыг тэр үеийн төр, засаг, эрх барьж байсан МАХН, шинээр гарч ирсэн улс төрийн хүчнийхэн бүгд чармайн эрэлхийлж байв. Тэд юуны өмнө улс төрийн систем, төрийн тогтолцоо, түүний дотор төрийн дээд байгууллагуудыг бүрдүүлэх механизмыг яаралтай шинэчлэх шаардлагатай гэж үзэж байлаа.
 
Ингээд 1990 оны 5 дугаар сард хуралдсан БНМАУ-ын Ардын Их Хурлын 11 дэх удаагийн сонгуулийн IX чуулган Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга П.Очирбатын “БНМАУ-ын төрийн эрх барих дээд байгууллагын бүтцийг өөрчлөн шинэчлэх тухай БНМАУ-ын Үндсэн хуулийн нэмэлтийн тухай хуулийн төсөл” нэртэй илтгэлийг хэлэлцэн уг хуулийг баталсан нь манай төрийн өөрчлөлт шинэчлэлийг эхлүүлэх суурь болж өгсөн юм. П.Очирбат дарга илтгэлийнхээ эхэнд “...төрийн дээд байгууллагуудын шинэ бүтэц, тогтолцоог бий болгох явдал хойшлуулшгүй зорилт болов” гэж тэмдэглээд “төрийн эрх барих дээд байгууллага нь Ардын Их Хурал; хууль тогтоох хянан шалгах, зохион байгуулах байнгын дээд байгууллага нь Улсын Бага Хурал байх, түүнчлэн БНМАУ-ын Ерөнхийлөгчийн албан тушаал бий болгох, эдгээртэй уялдаатай БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагаанд гарах өөрчлөлтийн эрх зүйн эх үндэслэлийг тодорхойлохыг зорьсон” гэсэн байдаг. Төрийн дээд байгууллагуудын бүтэц, тогтолцоог өөрчлөх талаар ямар алхмууд хийгдсэн тухай товч дурдъя. 
1. Төрийн эрх барих болон хууль тогтоох дээд байгууллагын тухайд. П.Очирбат даргын дээрх илтгэлд манай улс “Нэг хүний засаглал зонхилсон биш Ардын Хурлын буюу дэлхийн нийтийн хэлээр парламент гэдэг төлөөлөгчдийн дээд байгууллагын засаглалтай Бүгд Найрамдах Улсын хэлбэрээр оршин хөгжих нь илүү зохистой гэж үзэж байна” гэжээ. Энэ нь Үндсэн хуулийн нэмэлтийн тухай хуульд “БНМАУ-ын Ардын Их Хурал бол Монголын ард түмний бүрэн эрхийг илэрхийлсэн төрийн эрх барих төлөөлөгчдийн дээд байгууллага мөн” гэсэн томъёоллоор тусгалаа олсон юм. Ардын Их Хурлын онц эрхийн хүрээнд Үндсэн хууль батлах, өөрчлөх, Ерөнхийлөгчийг сонгох, чөлөөлөх, огцруулах, Улсын Бага Хурлыг сонгох, Ерөнхий сайд, Дээд шүүхийн дарга, Ерөнхий прокурорыг томилох, нийгэм-эдийн засгийн хөгжлийн үндсэн чиглэлийг батлах зэрэг зангилаа асуудлууд багтаж байв. Харин “БНМАУ-ын Бага Хурал нь хууль тогтоох, хянан шалгах, зохион байгуулах бүрэн эрх бүхий төрийн эрх барих дээд байгууллага мөн” гэжээ. 53 гишүүнтэй Улсын Бага хурлын гишүүдийн мандатыг хуваарилахдаа сонгогчдын хичнээн хувь нь аль намыг дэмжиж байгааг харгалзахаар заасан байдаг. 
1990 оны 7 дугаар сарын 29-нд анх удаагаа олон намын оролцоотой жинхэнэ ардчилсан сонгууль болов. Сонгуультай хамт улс төрийн намуудын талаар санал хураалт нэгэн зэрэг явагдсан юм. 1990 оны 9 дүгээр сарын 3-нд хуралдаж эхэлсэн шинээр сонгогдсон Ардын Их Хурлын Анхдугаар чуулган сонгогчдын дэмжлэг авсан хувийг нь харгалзаад Улсын Бага Хуралд МАХН 31, МоАН 13, МҮДН 3, МСДН 3 мандаттай байхаар хуваарилж нэр дэвшүүлэхээр болов.
 
Ардын Их Хурлын чуулганаар Улсын Бага Хурлын 53 гишүүн, дарга Р.Гончигдорж, орлогч дарга К.Зардыхан, нарийн бичгийн дарга Б.Чимид нар сонгогдож, 1990 оны 9 дүгээр сарын 13-нд Улсын Бага Хурлын анхдугаар чуулган хуралдсанаар манай улсад байнгын ажиллагаатай парламентын түүх эхэлсэн юм. 
 
 
Байнгын ажиллагаатай парламент нь өөрийн ажлын аппараттай байх шаардлагатай учраас Улсын Бага Хурлын дарга Р.Гончигдорж 1990 оны 9 дүгээр сарын 24-нд захирамж гаргаж Улсын Бага Хурлын Тамгын газар байгуулагдав. 
Тэр үеийн Улсын Бага Хурлын нэг онцлог гэвэл гишүүд нь одоогийн Улсын Их Хурлын гишүүд шиг тойрог тойргоос сонгогдоогүй учир улсын чанартай томоохон асуудлуудад илүү анхаарал тавьдаг байлаа. Тухайлбал ардчилал, зах зээлийн шилжилтийн үетэй холбогдсон зайлшгүй батлах ёстой хууль, тогтоолуудыг гаргах, шинэ Үндсэн хуулийн төсөл боловсруулах ажилд онцгой анхаарч ажилласан юм. 
Энэ дашрамд дурдахад 1992 онд батлагдсан Монгол Улсын Үндсэн хуульд төрийн эрх барих дээд байгууллага болох Улсын Их Хурал чухам яагаад 76 гишүүнтэй байхаар туссаныг хүмүүс сонирхдог юм билээ. Үндсэн хуулийн “Их Цааз” нэртэй анхны төсөлд 99 гишүүнтэй байх тухай санал явж байсныг хэтэрхий олон гэж үзсэн, нөгөө талаар Улсын Бага Хуралтай адил 53 гишүүнтэй байна гэхээр арай цөөдөөд байсан тул энэ хоёрын дундуур буюу 76 байхаар тогтсон юм. Өөрөөр буюу 99-53=46, 46:2=23, 53+23=76 гээд тайлбарлавал илүү ойлгомжтой байх болов уу.
2. Ерөнхийлөгч (төрийн тэргүүн)-ийн тухайд. 1990 оны 9 дүгээр сар хүртэл манай улс Ардын Их Хурлын Тэргүүлэгчид гэсэн төрийн хамтын тэргүүнтэй орон байлаа. Дэлхийн бараг бүх орон нэг л төрийн тэргүүнтэй байдаг, олон нам бүхий улс төрийн цоо шинэ тогтолцоо бүрэлдсэнтэй холбогдуулан үндэсний эв нэгдлийг хангах төрийн механизмыг олон улсын жишгээр бий болгох шаардлагатай зэргийг харгалзан “Ардын төрийн тэргүүн, БНМАУ-ын тусгаар тогтнол, Монголын ард түмний эв нэгдлийн баталгаа” болсон БНМАУ-ын Ерөнхийлөгчийг Ардын Их Хурлаас нууц санал хураалтаар сонгож байхаар Үндсэн хуулийн нэмэлтийн тухай хуульд заалт орсон юм. Үүний дагуу Ардын Их Хурлын Анхдугаар чуулганы 1990 оны 9 дүгээр сарын 3-ны өдрийн хуралдаанаар Пунсалмаагийн Очирбат БНМАУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдож, 4-ний өдөр нь тангараг өргөснөөр бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлсэн түүхтэй. 
 
 
 
Үндсэн хуулийн нэмэлтийн тухай хуулийн төслийг ард нийтээр хэлэлцүүлэх явцад Ерөнхийлөгч Засгийн газрын тэргүүний үүргийг гүйцэтгэх тухай санал цөөнгүй ирсэн байдаг. Гэвч манай орны түүхэн хөгжил, онцлог, эдийн засгийн байдал зэргийг харгалзан үзээд уг хуульд энэ хоёр албан тушаалыг тусад нь байхаар тусгасан юм. 
 
 
 
Тэгэхээр энэ жил манай оронд Ерөнхийлөгч хэмээх төрийн тэргүүний институц бий болсны 30 жилийн ой болж байна. Албан ёсны арга хэмжээ зохион тэмдэглэдэггүй юмаа гэхэд ядаж эрдэм шинжилгээний онол-практикийн хурал ч юм уу хиймээр байгаа юм. 
3. Засгийн газрын тухайд. П.Очирбат дарга 1990 оны 5 дугаар сард хуралдсан Ардын Их Хурлын IX чуулган дээр тавьсан илтгэлдээ “Сайд нарын Зөвлөлийг сайд нараас бүрддэг утгаар нь тэдний “зөвлөл” гэх биш харин төрийн хуулийг биелүүлэх үндсэн дээр улс орноо удирдаж, төрийн эрх барих дээд байгууллагын өмнө гүйцэтгэн захирах үйл ажиллагааг хариуцан хэрэгжүүлдэг утгаар нь Засгийн газар гэж нэрлэж болох юм” гээд үүнтэй уялдуулан Сайд нарын Зөвлөлийн даргыг “Ерөнхий сайд” гэж нэрлэх тухай санал гаргасан байдаг. Энэ саналыг үндэслээд Үндсэн хуулийн нэмэлтийн тухай хуульд “БНМАУ-ын Засгийн газар нь төрийн гүйцэтгэн захирамжлах дээд байгууллага мөн” гэсэн заалт орсон юм. 1990 оны 9 дүгээр сард хуралдсан Ардын Их Хурлын Анхдугаар чуулган шинээр сонгогдсон БНМАУ-ын Ерөнхийлөгч П.Очирбатын санал болгосноор БНМАУ-ын Ерөнхий сайдаар Д.Бямбасүрэнг томилж, дөнгөж байгуулагдаад байсан Улсын Бага Хурал Ерөнхий сайд Д.Бямбасүрэнгийн өргөн мэдүүлсний дагуу Засгийн газрын бүрэлдэхүүнийг баталснаар орчин цагийн Засгийн газрын түүх эхэлж өнөөдөр 30 жил өнгөрсөн байна. Хамгийн сүүлд Сайд нарын Зөвлөлийн даргаар ажилласан хүн бол Ш.Гунгаадорж гуай. 
 
Өнөөдрийн Засгийн газрын үйл ажиллагаа 1990 оноос өмнө байсан Сайд нарын Зөвлөлийн үйл ажиллагаанаас ялгаатай. Тэр үед бүх үйлдвэр, аж ахуйн газрууд улсынх, яам бүр улс ардын аж ахуйг хөгжүүлэх жил, таван жилийн төлөвлөгөөтэй. МАХН-ын Их Хурлаар таван жилийн төлөвлөгөөг баталж, Ардын Их Хурлын чуулганаар түүнийг нь хуульчилдаг тул биелэлтийг нь сайд нам, төрийн өмнө толгойгоороо хариуцдаг байлаа. Харин нам, төр нь тухайн салбартаа мэргэшиж хүлээн зөвшөөрөгдсөн, одоогийн хэллэгээр өндөр түвшингийн менежер хүнийг томилдог байв. Сайдыг одоогийнх шиг Хөдөө аж ахуйн сайд гэхгүй Хөдөө аж ахуйн яамны сайд гэдэг байлаа. 
 
Тодорхой нэг яаман дээр жишээ авъя. Хөнгөн ба хүнсний үйлдвэрийн яам гэж байлаа. Уг яаманд Арьс, ширний үйлдвэрийн нэгдэл, Ноосны үйлдвэрийн нэгдэл, Оёдлын үйлдвэрийн нэгдэл, “Говь” комбинат, Дарханы нэхий эдлэлийн үйлдвэр гээд л бүх хөнгөн үйлдвэр, мах комбинатууд, гурилын, талхны, сүүний, архи пивоны гээд хүнсний бүх үйлдвэрүүд харьяалагддаг, салбарт нь олон арван мянган хүн ажилладаг яам байв. Арьсан болон нэхий эдлэл, ноолууран бүтээгдэхүүнийг нь гадаадад экспортлоно. Үйлдвэрлэлийн болоод экспортын төлөвлөгөөг биелүүлэхийн төлөө яамны сайд, ажилтнууд нь бараг амрахыг мэдэхгүй ажиллана. Төлөвлөгөөний биелэлтийг хангахгүй бол нам, төрийн шугамаар хатуу арга хэмжээ авдаг учраас тэр үеийн тогтолцоог захиргаадалтын систем гэж нэрлэдэг.
Одоо бол арай өөр. Эдийн засаг нь зах зээлийн зарчмаар явдаг учраас хуульчилсан хатуу төлөвлөгөө (жишээ нь БНХАУ шиг) байхгүй парламентын засаглалтай орнуудад Засгийн газрын гишүүнээр заавал салбарын мэргэжлийн хүн гэхгүй, харин ихэнхдээ улс төрчдийг томилдог. Парламентын сонгуульд олонх суудал авсан улс төрийн нам Засгийн газраа байгуулан өөрийн бодлогыг хөтөлбөрт нь тусгадаг учраас тухайн намаас дэвшүүлсэн Засгийн газрын гишүүн-сайд уг хөтөлбөрийн биелэлтийг намынхаа ч өмнө, Засгийн газрынхаа ч өмнө хариуцна. Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд “Засгийн газар үйл ажиллагаагаа танхимын зохион байгуулалтаар хэрэгжүүлнэ” гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл Засгийн газрын гишүүн-сайд нь хариуцсан салбартаа холбогдох хууль тогтоомжийн биелэлтийг хангах, Засгийн газрын танхимд хуралдаж гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг Засгийн газар (танхим)-ынхаа өмнөөс хариуцан ажилладаг. 
 
 
 
Үндсэн хуулийн нэмэлтийн тухай хуульд Ардын Их Хурлын онц эрхийн асуудлын хүрээнд “Үндсэн хуулийн хяналтын зөвлөлийг байгуулах, бүрэлдэхүүнд нь өөрчлөлт оруулах” гэсэн заалт орж билээ. Энэ нь одоогийнхоор бол Үндсэн хуулийн Цэц юм. Харин 1990 оны 9 дүгээр сард хуралдсан шинээр сонгогдсон Ардын Их Хурлын Анхдугаар чуулганы хуралдаан дээр депутатууд ийм байгууллагын ач холбогдлын талаар ойлголт байхгүй учир түүнийг байгуулахыг зөвшөөрөөгүй юм.
 
 
 
1990 оны 5 дугаар сарын 10-ны өдөр батлагдсан БНМАУ-ын Үндсэн хуулийн нэмэлтийн тухай хууль, түүнийг хэлэлцэж баталсан Ардын Их Хурлын IX чуулган манай орны улс төр, нийгмийн амьдралыг өөрчлөн шинэчлэхэд үнэхээрийн чухал үүрэг гүйцэтгэсэн. Нэмэлтийн тухай хуулийн үзэл санааг боловсруулахад тухайн үед Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга байсан П.Очирбат, Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн газарт газрын дарга байсан Б.Чимид, МАХН-ын шинэлэг үзэл бодолтой сэхээтнүүд, шинээр төрж байсан намуудын идэвхтнүүд оройлон оролцсон юм. 
Энэ чухал хуулийг маш богино хугацаанд тун чамбай боловсруулсан. Жишээлэхэд, уг хуулийн “Төгсгөлийн заалт”-д “Энэ хуулийг БНМАУ-ын Ардын Их Хурал шинэчлэн сонгогдож ажилдаа орсноос эхлэн БНМАУ-ын Үндсэн хуулийг шинэчлэн батлах хүртэл хугацаанд дагаж мөрдөнө”, “БНМАУ-ын Ардын Их Хурал, БНМАУ-ын Улсын Бага Хурал байгуулагдмагц БНМАУ-ын Үндсэн хуулийн (1960 оны) гурав, дөрөвдүгээр бүлгийг тус тус хүчингүй болсонд тооцно” гэсэн байдаг. Өөрөөр хэлбэл хуулийн үйлчилж эхлэх, дуусах хугацаа, хамрах хүрээг нь хүртэл зааж өгсөн юм. 1992 онд батлагдсан Монгол Улсын Үндсэн хуульд энэхүү нэмэлтийн тухай хуулийн үзэл санаа бараг бүхэлдээ (Ардын Их Хуралтай холбоотой хэсгийг нь эс тооцвол) тусгалаа олсон гэж хэлж болно. 
Зарим хүмүүс намайг энэ нөхөр их мэдэмхийрч байна даа гэж бодох болов уу хэмээн болгоомжлох юм. Гэтэл тухайн үед Сайд нарын Зөвлөлийн референт, Улсын Бага Хурал байгуулагдсан даруйд Тамгын газрынх нь орлогч дарга, Үндсэн хууль баталсан Ардын Их Хурлын чуулганы “арын алба”-ыг хариуцан ажиллаж байсны хувьд, бас тэгээд өөрчлөлт шинэчлэлтэй холбоотой баримт бичгүүдийг боловсруулах ажлыг гардан гүйцэтгэсэн Б.Чимид гэдэг хүний дэргэд ажиллаж олон үйл явдлын гэрч, оролцогч болж байжээ. Цаг хугацаа өнгөрөхийн хирээр зарим нь ертөнцийн мөнх бусыг үзүүлж асуух, ярих хүнгүй болох, зарим үйл явдал мартагдахад хүрч байна. Иймээс өөрийн мэдэх зүйлээ, санаа бодлоо бичиж хуваалцах нь зүйтэй юм байна гэж бодох боллоо. Дараачийн удаад шинэ Үндсэн хуулийн төсөл боловсруулах, хэлэлцэн батлах ажлын талаар хүмүүс тэр бүр мэдэхгүй зүйлийг бичнэ гэж бодож байна.
 
 
Л.Хангай