Эм гоо сайхны жижиг үйлдвэрийнхээ будаг ханхалсан зузаан гээчийн гэрчилгээг гардаж аваад баярласнаа санахгүй юм. Ямар ч байсан их хариуцлага үүрэхнээ гэдгээ мэдэрч байлаа. Үйлдвэрээ хаана ямар байранд байгуулахав, ямар хөрөнгөөр тоног төхөөрөмжөө авахав, технологи хаана байна, хэн хэнийг ажиллуулахав, хувийн жижиг үйлдвэр гэж ямар юм байдаг, яаж ажиллуулдаг юм гээд өчнөөн асуулт байсан даа. Хэрвээ далдыг мэддэг байгаад, ямар бэрхшээл тулгарахыг мэдсэн бол байгуулах байсан эсэхээ одоо чин үнэнээр хэлэхэд мэдэхгүй л байна.
 
 
Ямар ч байсан эрсэн хүн олдог гэгчээр Оросын цэргийн ангийн орхиод явсан цэргийн түр байр, манайхан баамын гэдэг дээ, тийм нэг модон казарм олсон юм. Эрүүлийг хамгаалах Яамны харьяа Арьсны эмнэлэг ороод тохь тух муутай гээд гарчихсан, халаалтын зуух, паар нь хөлдчихсөн, ус, цахилгаангүй, нэг тийм байр гэхэд байр гэх хэцүү юм байлаа. Гэхдээ шантраагүй ээ. Анхныхаа хөрөнгийг гэр орныхоо л юмыг зарж босгосон доо.
 
 
Хамгийн үнэтэй нь оросын “Темп” гэдэг өнгөт зурагт байсан даа. Гэргий маань тэгэхэд зөвшөөрөөгүй, дэмжээгүй бол одоогийн “Монос” байх байсан уу гэдэг эргэлзээтэй. Түүнээс 2 жилийн дараа бийр багс үйлдвэрлэдэг японтой хамтарсан “Тахь” компанийн захирлаас тухайн үед монголд байгаагүй томоос том орчин үеийн цоо шинэ “Sharp” телевизор бас болоогүй одооныхоор бол лизинг юм даа зээлээр авч байж билээ. Бусад шиг ганзагын наймаанд явсангүй, явъя гэсэн ч над шиг хүн чадахгүй байсан биз, хувийн жижиг үйлдвэр байгуулах шийдвэр гаргаснаас хойш тийм цаг хугацаа ч байсангүй.
 
 
Ардчилсан хувьсгалыг би улс төрийн хувьсгал, эдийн засгийн хувьсгал хоёроос бүрдсэн гэж ойлгодог. Улс төрийн хувьсгалыг манай зоригт залуус хийсэн. Тэднийг хүн бүхэн мэднэ. Харин төрийн өмч бүхий социалист эдийн засгаас олон хэвшил бүхий, тэр дундаа хувийн хэвшил давамгайлсан эдийн засагтай болох эдийн засгийн хувьсгал олон жил үргэлжилсэн. Бас л хэцүү тэмцэл байсан шүү. Түүний эхлэлийг 1990 онд хувийн жижиг үйлдвэр байгуулсан цөөн хэдэн хүн тавьсан, тэдний нэр хаана ч дурсагддаггүй, тэр хүмүүс ч үнэхээр даруухан байжээ гэдгийг энд тэмдэглэмээр санагдлаа. Даруухан ч учраас чимээгүй явцгаадаг байх даа.
 
 
Тийм ээ, хамгийн хэцүү хүмүүсийн хандлага байлаа. 70 жил социалист коммунист үзэл суртлаар хүмүүжсэн гэдэг юм уу тархиа угаалгасан ч гэдэг юм уу хүмүүсийн сэтгэл санааг өөрчилнө гэдэг үнэхээр хүн хэцүү юм билээ. Хамтарч хувийн жижиг үйлдвэр байгуулъя гээд тухайн үедээ л өндөр боловсролтой, итгэж найдаж явдаг хорь гучин хүнд хэлсэн дээ. Ихэнх нь хувийн жижиг үйлдвэр байгуулах хэрэгтэй, бидний итгэж явсан социалист систем капиталист системд ялагдлаа, одоо өөрөөр амьдрах ёстой гэж ойлгож байсан боловч зориг нь хүрээгүй гэж би боддог юм.
Нээрэн ахиад нэг Ардын хувьсгал, Октябрийн хувьсгал гараад хөрөнгийг нь хурааж, муусайн хөрөнгөтнүүд гээд буудчих ч юм бил үү гэж болгоомжилж байсан уу, эсвэл өөрсөддөө, эсвэл надад ч итгээгүй байж болох юм. Тухайн үедээ ялангуяа намайг шийдвэр гаргах тэр үед ганц ч хувийн жижиг үйлдвэр байгаагүй юм. Дээд мэргэжилтэй, боловсролтой нь хувийн хэвшил, хувийн жижиг үйлдвэрийг сайн ойлгохгүй байгаа юм чинь ажилчдын хувьд бүр хэцүү байсан юм. Миний эзэмшсэн мэргэжил эм зүйч, ажиллаж буй салбар эм хангамж болохоор эм зүйчид, эм найруулагчдыг хэдэн зуугаар нь таньдаг байсан ч, улсын байгууллагаас хамаагүй өндөр цалин амласан ч сар гаруй хайгаад нэг ч хүн олоогүй юм даг.
 
Тэгтэл Хөвсгөлийн Шинэ-Идэр сумын эмийн санд нөхөртэйгээ хамт ажиллаж байсан Лхагва гэдэг эм найруулагч санаанд орлоо. Нөхөр нь Лувсанбалдан гээд манай эм хангамжийн салбарын анхны дарга нарын нэг. Намайг үйлдвэрээ байгуулахаас нэлээд хэдэн жилийн өмнө Лхагва гуай жил дээр ирж “Нөхөр нас бараад гэртээ ганцаар байх хэцүү юм, ямар ч хамаагүй ажил хиймээр байна. Тэтгэврийн хөгшнийг хүн тоож ажилд авахгүй юм“ гэж гуйж байсныг санаад эрж сураад оллоо. Ануухнаараа байна. Бас арваа төгсөөд техникумд орж чадаагүй Эрдэнэчулуун гэж охиныг Энхбат гэдэг хөршийн маань жолооч залуу оллоо. Үнэхээр л эрээд олддоггүй хүн эрдэнэ, сураад олддоггүй сувд эрдэнэ болсон тэр хоёртой л хувийн жижиг үйлдвэрээ эхэлсэн дээ.
 
Дараа нь Цэрэндаш гэдэг дэд хурандаа. “Дондогдуламын рашаан савлах гэсэн юм. Сул ашиглалтгүй подваал байна уу“ гээд явж байхад нь танилцсан юм. Нөгөө ажил нь бүтээгүй бололтой, миний саналыг сонсоод дуртайяа зөвшөөрсөн юм. Залуугаараа тэтгэвэрт гарсан дэд хурандаа ажилгүй уйдаж байсан юм билээ. Дөрвүүлхнээ байсан болохоор тамга тэмдэг авахаас эхлээд тэр үеийн хүнд суртлыг давах жижиг сажиг гэлтгүй дарга цэрэг, борлуулагч нярвын гээд олон ажлыг Цэрэндаш минь амжуулж байсан даа. Энэ далимд хэлэхэд эхний үед манай үйлдвэрт армиас тэтгэвэрт гарсан олон дэд хурандаа түүнийг дагаж ирсэн юм. Орост төрийн эргэлт гараад цагаан ордон руугаа буудаж байхад би “Цэрэндаш аа, та нар Моност цэргийн эргэлт хийвээ” гэж алиалж байснаа санахад хөгжилтэй байна.
 
1991 он буюу жилийн дараа гэхэд бид олуулаа болсон доо. Ажилд орсон хүмүүс маань ажил нь бүтэмжтэй, авдаг цалин нь улсынхаас илүү, сайн ажиллавал бүр илүү авдаг гэдгийг мэдээд ирэхээрээ олон хүн олоод ирдэг, уруу татдаг юм билээ. Жижиг үйлдвэрийн маань дэд захирлаар дэд хурандаа Цэрэндаш, менежерээр эвлэлийн хороонд ажиллаж байсан Мөнхбаатар, тээврийн жолооч байсан Лхамсүрэн нар байлаа. Лхамсүрэн хэдийгээр жолоочийн мэргэжилтэй ч олон хүн таньдаг, хүнтэй амархан танилцдаг, урт чихтэй, өөрөөр мэдээлэл сайтай, олсон мэдээллээ ажил хэрэг болгох гүйлгээ ухаантай авхаалжтай нэгэн байсан юм.
Анхны дефектар технологичоор эм зүйч Цэвээнхүү, нярваар эм найруулагч мэргэжилтэй Жавзмаа, анхны найруулагчаар Заяахүү, савлагчаар Эрдэнэбилэг, мөн одоо хүртэл хорин хэдэн жил мөнгөний нярваар нэг ч төгрөг дутаалгүй ажиллаж байгаа Оюунжаргал, тэгээд слесарь мэргэжилтэй Удвал, Гантулга, Ганбаатар /миний нагац ахын хүү/, Баасансүрэн, Алтанзул гээд олон сайхан залуучуудаар дүүрсэн дээ.
1992 оны Анагаах Ухааны Дунд сургуулийн эм найруулагчийн анги төгсөгчдийг одоо “Фармаси гарант” компанид менежерээр ажиллаж байгаа Сарангэрэл маань Эрдэнэсувд, Гандолгор, Энхтуяа нарыг бараг ангиар нь дагуулаад ирж билээ. Харуул, жижүүрүүд бол тун найдвартай, дандаа цэргийн дээд тушаалын офицер байсан тэтгэврийнхэн байлаа.
Ийнхүү хоёр хүнтэй эхэлж байсан жижиг үйлдвэр маань дараа жил нь хорь шахам хүнтэй, түүний дараа жил тавь гаруй болон хурдацтай томорч одоо 2000 гаруй хүнтэй болжээ.
 
 
Нийт хүмүүсийн маань тавь гаруй хувь нь дээд боловсролтой, төрийн шагналт гэхэд 2, академич 3, доктор профессорууд гэхэд 30 гаруй үнэхээр сайхан хамт олонтой болжээ. Би цаг ямагт хүмүүсээ хамгийн үнэт эрдэнэ хэмээн хайрлаж, тэднээрээ бахархаж, тэднийхээ төлөө явдаг. Үүнээс цухас дурьдвал: Ажилчиддаа зориулж 96 айлын сууц бариуллаа. Япон, Өмнөд Солонгос, Австрали, Австри, Герман, Орос, Хятад, Энэтхэг гээд олон улсад Магистр, Докторантын болон богино хугацаат сургалтанд 50 гаруй хүнийг компанийн болон тэтгэлэгт зардлаар сургажээ.
 
 
Одоо ч гадаад дотоодод олон хүн сургаж байгаагийн зэрэгцээ ажил дээр нь болон эчнээгээр сургах олон төрлийн сургалт зохион байгуулж байна. Ямар сайндаа саяхан манайд ажилд орсон нэг залуу олон янзын сургалтанд хамрагдаад “Би Монос компанид ажилд орчихвуу, сургуульд оюутан болчихвуу” гэж алиалж байхав дээ. Энэ бүх ажил сүүлийн жилүүдэд улам улам эрчимжсэн нь манай Хүний нөөцийн чадварлаг багийнхны, түүний дотор Б.Уянга захирлын минь авьяас чадвар, хөдөлмөр бүтээлийн үр дүн юм.
Жил бүр шахам нийт ажиллагсдын бэсрэг наадам зохиож хэвшжээ. Нэг гэм нь ажиллагсдын тоо мянга гараад ирэхээр биднийг багтаах амралтын газар олдохгүй болдог юм билээ. Биеийн тамирын Спартакад, Урлагийн наадам, Бэсрэг наадам, Гадаад Дотоод аялал гээд хамт олондоо зориулсан өөр олон арга хэмжээ бий.
 
 
Л.Хүрэлбаатар