Их эзэн богд Чингис хааныхаа төрсөн өдөр, Монголчуудын бахархлын өдрийн мэндийг та бүхэндээ хүргэхийн ялдамд 47 жилийн тэртээ их хааныхаа тухай дуу зохиож сургуулиасаа хөөгдөх шахаж байсан болон Монос хэмээх нэрийнхээ тухай “Бүгдийг тэгээс” номд хэвлэгдсэн дурсамжаас хуваалцъя. 
 
Л.Хүрэлбаатар 
 
 
 Монголчуудын Дахин Сэргэлт буюу Монос хэмээх Нэр 
 
 
Хаана байна, хаан минь, хаана байна?
Хатан зүрхний минь гүнд байна!
Хаана байна, хаан минь, хаана байна? 
Халгих сэтгэлийн минь тэнгэрт байна!..
         Чингис хаан дууны үгээс 1973 оны 9 дүгээр сар 
 
XV-XVI зууныг Баруун Европт дахин сэргэлтийн зуун гэдэг шиг хорьдугаар зууны ерээд он бол монголчуудын дахин сэргэлтийн эхлэл байсан гэж би боддог. Ялангуяа 1990 он бол манай орны улс төрийн амьдралд төдийгүй монголчуудын маань оюун санаанд эрс өөрчлөлт гарсан их хувьслын жил байсан билээ. Социалист, коммунист үзэл сурталд бараг 70 жил дөрлөөтэй байсан үндэсний үзэл санаа сэргэж, бид өрлөг түүхээрээ, их хаанаараа бахархах эрх чөлөөг олж авсан билээ. Монгол үндэснийхээ бичгээр бараг бүх албан газар нэр хаягаа бичиж, бүх нийтээрээ монгол бичгээ сурах хөдөлгөөн өрнүүлж, оросуудын болон тэдний заавраар бичсэн Монголын “түүх”-ийг үнэн бодитоор сэргээн толилуулах эхлэл тавигдаж, их хааныхаа тухай чөлөөтэй ярих боломж сая нэг юм гарч билээ. 
Энэ дашрамд өгүүлэхэд, аль 1970-аад оны эхээр би ЗХУ-ын алс хязгаар Пятигорск хотод эм зүйн мэргэжлээр сурч байхдаа “Чингис хаан” хэмээх дууны үг тэрлэж, доод курсийн Сайнбуян найз маань аяыг нь зохиож, Гадаад Хэлний Багшийн Дээд Сургуулийн Ганхүлэгтэйгээ хамтарч, гурвуулаа  
Чингис хаан - бидний  хаан! 
Чин үнэнээр бахдан дуулбал 
Чиний ч хаан, бүгдийн ч хаан! 
Чингис хаан - хаадын хаан! 
Хаан минь, хаан минь, хаана байна?  
Хатан зүрхний минь гүнд  байна! 
Хаан минь хаан минь хаана байна? 
Халгих сэтгэлийн минь тэнгэрт  байна!..
хэмээн оюутны дотуур байрны үдэшлэг дээр дуулаад сургуулиасаа хөөгдөх шахаж билээ. Их хааныхаа нэрийг дурсах хүртэл цээртэй байсан тэр үед тийм дуу зохиож дуулна гэдэг аргагүй л галзуу барын аманд гараа хийхээс буцахгүй халуун залуу нас, цөс ихтэй явсны шинж л дээ.
Бид гурав “тэрслүү” үзэл бодлоороо, сонирхдог дуу хөгжим, гитараараа ижилсэж, найз нөхдийнхөө дунд “шадар гурван цэрэг” хочтой явсан үе.
 
Пятигорск хэмээх жижигхэн хотын Эм Зүйн Дээд Сургуульд арав гаранхан, Гадаад Хэлний Багшийн Дээд Сургуульд арав хүрэхгүй монгол оюутан байсан ч их яруу найрагч Лермонтовын цөлөгдөж, бас дуэль хийж буудуулж нас барсан хаа холын Кавказын уулс дунд Москва дахь Элчин Сайдын Яаманд дуулсан дууны минь тухай алтан хушуу өргөчих завтай зайтай хүн бас байсан л байгаа юм.    
 
Их хааныхаа тухай дуу зохиож дуулсан хэргээр сургуулиас хөөгддөгийн даваан дээр биднийг хамгийн их загнадаг, гадаад оюутан хариуцсан декан Павлов гуай аварч гайхшрал, хүндлэлийг маань зэрэг төрүүлж билээ. Залуу улс гэнэдээ л биз, хичээл номондоо сайн, нийгмийн идэвх онц, цаашдаа засрахгүй бол бид хариуцлагыг нь үүрье энэ тэр гэж өмөөрч байгаад аваад үлдсэн дээ. Тэр үед “ах нар”-тай санал зөрөх аавын хүү Москва дахь Монголын Элчин Сайдын Яаманд яаж байхав. Тэр нь ч бидний аз болсон.     
Өнгөрсөн зууны ерээд оны эх бол Монгол хэмээх улс үндсээрээ,  Монгол хэмээх нэрээрээ, агуу түүхээрээ, соёл уламжлалаараа бахархаж эхэлсэн үе. Магадгүй олон жил хоригдсон үндэсний үзэл санаа тэсэрсэн нь тэр байх. “Монгол ноос”, “Монгол лаа”, “Монгэм”, “Монэл”, “Монголимпэкс”, “Монголэмимпэкс” зэрэг “Монгол”-оор овоглосон компани, хоршоо, аж ахуйн нэгж олноор төрж билээ. Иймэрхүү нэрсийг бичих гэвэл уртаас урт жагсаалт болно. Заримдаа үндэсний үзэл маань бүр хэтрээд “Чингис”, “Хубилай”, “Өгэдэй” гэсэн хаяг шошготой архи дарс хүртэл гарч эхэлсэн. 
Би эм, гоо сайхны жижиг үйлдвэртээ нэр хайх үед олноос ялгарах зүйл байсангүй, бас л үндсэрхэж гэх үү, туйлширч гэх үү,  “Монгол”-той нэр л бусдын адил толгойд эргэлдэж байлаа. “Монгол” гэсэн нэр оруулж “Монгол эм” гэсэн нэр өгөх гэсэн боловч нэг л болж өгдөггүй. Монголын уламжлалт анагаах ухааны эм бэлдмэлийг монгол эм гэж олон түмэн яриад заншчихсан байсан юм. Тийм болохоор тэр нэр уламжлалтаас гадна орчин үеийн эм үйлдвэрлэх төлөвлөгөөтэй минь уялдахгүй байлаа. Бас сайтар эргэцүүлээд бодвол, “эм” гэхээр эм бэлдмэлийн эм, эр эмийн эм гэсэн давхар утгатай болчихоод болдоггүй. Кирилээр шүү дээ. Монгол бичгээр бол асуудалгүй. “Эм”, “Эм-э” гээд л өөрөөр биччихнэ. Харин кириллээр бол будлиулж өгнө. Ямар сайндаа л Монголын нэртэй яруу найрагч нэг эмэгтэй “Хуурамч эмээс болгоомжил!” гэж бичээд “Чи хуурамч эм үү, эсвэл жинхэнэ эм үү?” гэж надад шоглуулж байхав дээ. Уг нь бол “Хуурамч эмнээс болгоомжил” гэж бичих ёстой, даанч уламжлалт монгол бичгээ мэдэхгүй болохоор будилж байгаа нь тэр. Бас монгол эм гэсэн санаагаа товчлоод “монэм” гэхээр өргөлт дуудлага нь таарахгүй, “мо-нээм” гэж дуудагдаад эм бэлдмэл гэдэг утга нь гардаггүй. “Монгэм” гэж нэрлэх гэхээр “гэм зэм” гэдгийн “гэм”-тэй адилхан дуудагдаад “Монгол гэм” гэж эвгүй ойлгогдох гээд будилмаар байсан юм. Монгол гэсэн үг орсон нэр олох гэж их л хөглөсөн дөө.
 
Миний хувьд, Монголоороо омогшсон залуу насны бардамнал буцалж байсан үе. Зарим хүнийхээр бол хийрхэл, минийхээр бол бардамнал юм. Эм, гоо сайхны жижиг үйлдвэрийнхээ нэрийг хэнтэйгээ ч зөвлөх билээ, хувийн жижиг үйлдвэр, хувийн аж ахуйн нэгж надтай хамтарч байгуулах нэг ч хүн олдохгүй байсан үе шүү дээ.
 
Би Монголынхоо түүхийг тухайн үед олдох ном хэвлэлээс өөрийнхөө хэмжээнд л уншсан, бас өөрийнхөө хэмжээнд л монголчуудынхаа оюун ухаанаар бага залуугаасаа бахархаж явсан хүн. Түүний зэрэгцээ эм төдийгүй олон төрлийн эрүүл мэндийн болон гоо сайхны бараа үйлдвэрлэнэ гэж мөрөөдөж байсан болохоор “Эм” гэсэн явцуу үгээ орхиж, арай өргөн утгатай нэр хайх хэрэгтэй гэж ойлгож эхэлсэн юм. Тийнхүү бусадтай адил хийх бүтээгдэхүүн, үйлчилгээний нэр биш, харин монголчуудынхаа оюун санаа, саруул ухааныг шүтсэн нэр эрж хайж эхэллээ. Монгол Оюун, Монгол Санаа, Монгол Сэтгэлгээ, Монгол Ухаан гээд зөндөө нэр бодож олсон боловч нэг л оновчтой биш, тайлбар ч юм шиг, нэг бол уртдаад ч байх шиг. Энэ олон нэртэй холбоотой нэлээд хувилбар, товчлол тархинд олон өдөр эргэлдсээр нэг л өдөр “Монос” гэдэг нэрийг олж билээ. Монгол Оюун Санаа, Монгол Оюун Сэтгэлгээ, Монгол Оюуны Сор гэсэн олон сайхан үгийн товчлол болсон энэ нэрийг олонгуут сэтгэлд нар гийх мэт болж, алс ирээдүй маань дурайн тодрох шиг болсныг одоо дурсан санахад урамтай, бас уяралтай ч байдаг. 
 
Би энэ нэрээ бүх Моносчуудынхаа нэгэн адил хүндэлж, нүдний цөцгий мэт хайрладаг. Би Монгол оюун ухааны гайхамшгийг шүтдэг, Монгол оюун сэтгэлгээний хүчинд итгэдэг, монголчууд бидний аврал бол гадныхан биш, уул уурхай, эд баялаг биш, бидний ухаад дуусашгүй оюуны уурхай гэж боддог.
 
Атилла, Чингис, Хубилай гээд Монголын агуу хаад, их эрдэмтэн Мянгат, оточ манрамба Лүнрэг Дандар, суут уран бүтээлч, гүн сэтгэгч Өндөр гэгээн Занабазар, эрх чөлөөг дээдлэгч Галдан бошигт, Амарсанаа, Чингүнжав, догшин хутагт Равжаа , То ван, Егүзэр хутагт, Бямбын Ринчин гээд миний хүндэлж шүтдэг сод ухаантнууд тоолж баршгүй. Тийм болохоор Монгол оюун ухааны гайхамшгийг бэлгэдсэн “МОНОС” хэмээх нэр бидний эрхэм нандин шүтээн болсон билээ. 
Би багаасаа л их мөрөөдөмтгий, бие даасан бодолтой, хор шартай хүүхэд байснаа санадаг юм. Бага залуу хүн бүр л тийм байдаг биз. Харин түүнийгээ гадагшаа гаргаад байдаггүй нь аз байжээ гэж одоо боддог юм. Тухай бүрт нь гаргаад байсан бол тийм их хор шар хуралдахгүй ч байсан байж мэднэ. 
Оюутан ахуйд зарим орос монголчууд биднийг үл тоомсорлодог, зарим нэг нь бүр доромжилдог байсан нь миний хор шарыг ёстой нэг бадраадаг байж билээ. Би эх орноосоо алсад Орост сурч байгаадаа хөөрч, орос оюутнууддаа гадаадын оюутан гэдгээрээ бахархах санаатай. Бидэнтэй хамт чех, польш, судан, этиоп, вьетнам гээд олон улсаас оюутнууд суралцдаг байлаа. Оросууд бас л монголчууд бидэн шиг гадаадынх гэхээр сүйд болно. Тэгсэн мөртлөө Монгол улсыг маань, монгол оюутан биднийг зарим нь тоохгүй. Ямар сайндаа л  Монголын тухай сүүл холбосон шүлэг ч гэмээр, зүйр цэцэн үг гэмээр доромжилсон юм зохиогоод тэр нь түгчихсэн байх вэ дээ. “Монголия не заграница, курица не птица” (Монгол бол гадаад биш, тахиа бол шувуу биш) гэх маягтай. Тахиаг ч яахав нисдэггүй болохоор шувуу биш гэж болох юм. Харин бүхэл бүтэн улсыг гадаад биш гэхээр хор шар хөдлөнө биз дээ. Бас зарим орос биднийг “Баран” гэж хараана. Хонь гэсэн үг. Монгол улс орос ах нарын үгээр явдаг номхон хүлцэнгүй болохоор тэгэж нэрлээ байлгүй. Тэснэ тэснэ гэхэд бас хязгаар байлгүй дээ. Бас л нэг тиймэрхүү зүйлээс болоод орос оюутнуудтай зодолдлоо. Надтай үргэлж маргадаг, нэг удаа зодолдоод надад дийлдсэн залуу намайг угаалгын өрөө рүү дуудсан юм. Тэгэхнээ тэр ганцаараа биш, гурвуул хүлээж байсныг би яаж мэдэхэв. Мэдээж би зодуулсан, гэхдээ бууж өгөөгүй, биеэрээ ялагдсан ч  сэтгэлээрээ ялагдаагүй. Нямдаваа гэж хар багаасаа үерхсэн найз минь Ленинградад Нисэхийн Академид сурч байсан, Монголын анхны дээд мэргэжилтэй штурман. Надад тэр үед дээл байгаагүй. Нямдаваа хоёр гурван дээлтэй болохоор түүнээс цэнхэр дээлийг нь түр гуйж аваад үндэснийхээ хувцсаар гайхуулж гэх үү, үндсэрхэж гэх үү, явж байсан юм. Тэр дээлнийхээ цэнхэр өнгийг мэдэгдэхгүй болтол цус нөжтэйгээ хутгалдсан сан. Боксын секцэнд явдаг байсан болохоор мөчөөгөө өгөөгүй, тэдний ч намалдгийг адилхан л нээсэн. Бүх бие хөндүүр, ёстой салам нүдүүлсэн ч тэдний хүссэнчлэн бууж өгөөгүй болохоор сэтгэл минь онгойгоод нэг их сайхан болж билээ. 
Хятадууд бас монголчууд биднийг ханз үсгээрээ зэрлэгүүд гэдэг үгээр тэмдэглэдэг, нутгийн хятадууд биднийг үхэр гэж хоорондоо ярилцдаг тухай ч дуулсан байсан. Бас л тэр бүхнийг бодохоор хор шар хөдөлж дотор тэсэхийн аргагүй арзганадаг сан.
 
Тийнхүү би монголчууд бол хонь биш, үхэр биш, зэрлэгүүд ч биш, бусад үндэстэнтэй л адил, тэр бүү хэл зарим талаараа илүү, монголчуудын оюун ухаан, оюун сэтгэлгээ агуу гэдгийг нотлоод үзүүлээд өгөхсөн гэж оюутан ахуйгаасаа мөрөөдөж байсан минь өөрөө ч мэдээгүй байхад оюун бодол, зүрх сэтгэлд жил ирэх тусам хураагдаж хуримтлагдсаар “Монос” хэмээх нэр санаанд буухын шалтгаан болсон биз ээ.
 
Монголынхоо төлөө, Монгол Улсынхаа нэр хүндийн төлөө, монголчууд бол бусад үндэстнээс дутахгүй гэдгийг харуулахын төлөө оюун ухаанаа сорих, дайчлах, оюун ухаанаараа төдийгүй бие махбодоороо ч “зодолдох” хэрэг гардгийг тэр үед л ойлгосон хэрэг.  
Нөгөө талаар, “Монос” гэдэг нэр нь “Аpple”, “Sony”, “Sharp” гээд дэлхийн алдартай компаниудын нэр шиг товч, аль ч улсын хүн дуудахад хялбар, цээжилж тогтооход ч амар байгааг шинээр компани байгуулж, түүндээ нэр өгөх гэж байгаа залуучууд бодоход илүүдэхгүй болов уу. Бас “Монос” гэж дуудахад сонсголонтой, гүн утгатай. Түүнээс гадна “Монос” гэсэн нэрийн төгсгөлд “с” үсэг орсон нь “залуус, навчис” гэдэг шиг олон тооны “-с” дагавартай төсөөтэй сонсогддог нь надад сайхан санагддаг. Гэхдээ энэ нь өөрийн бодол өөртөө зөв гэдэг шиг  миний л бодол юм шүү. 
Энэ ялдамд хэлэхэд ер нь нэр болгон утга учиртай, түүх, хувь заяатай гэж би боддог. “Sony” компаний нэр надад их таалагддаг. Тэдний үйлс анх магнитофон, хүлээн авагч гээд дуу авиатай холбоотой байсан болохоор “Song” хэмээх хүн бүхний мэдэх “дуу” гэсэн англи үгийг үндэс болгоод, түүнийгээ жижигхээн хувиргасан байдаг. “Song” гэсэн ерөнхий нэрийг патентлах аргагүй, бусдын оюун ухаанд ч тийм амар хоногшихгүй. Тэгэхээр “Song” гэсэн үгийн араас “Sunny” буюу “нарлаг” гэсэн үгийн арын дагаврыг залгаад өвөрмөц сайхан нэр үүсгэсэн хэрэг. “Sony” гэсэн өвөрмөц атлаа дуу авиа, хөгжмийг санагдуулах энэ нэр өдгөө дэлхий даяар түгжээ.  Гэтэл мөнөөх Япончууд бас нэг компанидаа “Sharp” гэдэг хурц, тод, төгс, ухаалаг гэсэн ерөнхий нэрийг маркетингийн дүрэм зөрчин бренд болгосныг би бас гайхдаг. Америк, Англи зэрэг англи хэлтэй оронд бол ийм ерөнхий нэрийг бренд болгоход хэцүү л дээ. Гэхдээ л хөдөлмөрч бүтээлч япончууд үүнийг чадсан юм. Бас “Lexus” байна. Анх япончууд Америкийн зах зээлийг хямд, энгийн, жижиг оврын, бензин бага зарцуулдаг машинаар эзэлснийг бид мэднэ. Тийм болохоор япончууд хичнээн гоё машин хийгээд ч Тоёота нэрээр үнэтэй, тансаг, люкс машины зах зээл дээр амжилт олоход хүнд байсан нь тодорхой. Тэгэхээр нь “Toyoтa” хэмээх алдарт брендээ өөрчилж, халдавч хар халзанд нь гэгчээр баян тансаг тохь  тухтай гэх утга бүхий люкс нэрийг сонгосон байдаг юм. Гэхдээ люкс хэмээх “Luxus” нэрийг ерөнхий нэр болгохоор шууд сонгоогүй, “Lexus”гэж яльгүй өөрчилсөн учраас патенталж болно, мөн “Luxus”-тэй төстэй болохоор сэтгэлд хоногшуулахад амар, бас хэн ч гэсэн люкс, дээд зэрэглэлийнх  гэж ойлгоно. Бас л ухаан шүү. 
Тийм болохоор компани, аж ахуйн нэгжүүд байгуулагынхаа болон бүтээгдхүүнийхээ, өөрөөр хэлбэл, брендийнхээ нэрэнд хүүхэддээ нэр өгөхийн адил тун хянуур хандаж, оновчтой, сонсголонтой, дуудахад хялбар товчхон нэр өгөх нь зөв юм шиг санагддаг. 
Моносчууд бид одоо ч компаниудынхаа болон бүтээгдхүүнүүдийнхээ нэрэнд маш их анхаардаг. Зарим үед шинэ бүтээгдхүүнд нэр өгөхдөө чухал ажил хэрэг болгож, “оюуны довтолгоон” буюу “brain storm” хэлбэрийн хэлэлцүүлэг зохион байгуулдаг даа. 
 
 
Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар Л.Хүрэлбаатарын "Бүтээлч Моносчууд Бүгдийг тэгээс"  номын хэсгээс