Насан эцэслэхийнхээ өмнө аавын минь хэлсэн цөөн үгийн нэг нь “Хөөрхий дөө...” гэсэн үг . Аавын бие огцом муудаад бид хэд сандарч байсан үе. Уг нь аав тэвчээртэй л дээ. Барагтай л бол ёолохгүй. Яах аргагүй л хүчтэй өвдөж байлаа.  Дүү нарын минь нэг  аавын ёолохыг сонсч тэвчилгүй   “Тэр муу согтуу аавыг минь дайраагүй бол  ...Тэгээд түргэн ч  дууддаггүй, эмнэлэгт хүргэж өгдөггүй юм гэхэд  ядаж босгоод гэрт нь оруулдаг байгаа даа..Ёстой өөдгүй новш. Өөрөө л ингэж зовж байвал таарна  ” гэж харамсангуй бас хорсонгуй  хэлэхийг аав минь сонсчихож. “Хөөрхий дөө,  эрүүл ч явсан юм бил үү ? Намайг мөргөж унагаснаа мэдээгүй байх... Хүмүүсийг ингэж зүхэж харааж болдоггүй юм “ гэж амьсгаадан байж арай ядан хэлэв. Өөрийг нь дайрсан жолоочийг өмөөрч байгаа нь тэр шүү дээ. Бас өнчин үлдэж байгаа хэдэн хүүхэддээ гэрээслэлээ үлдээж байгаа нь энэ.


     Аав минь эрүүл саруул биетэй, хөнгөн шингэн, юм бүхэнд уриалгахан бид түүнийг  ер, тэр атугай зуу наслана л гэж боддог байсан юм. Ная гарсан мөртлөө байсхийгээд л насаараа шахам ажилласан Сонгино дахь биокомбинат руугаа  зүтгэнэ.  Тэтгэвэрт гарахаасаа өмнө зохион бүтээж байсан хос цэнэгт вакцинаа дуусгах гэж мэрийж байсан даа. Хос цэнэгт гэдэг нь нэг вакцинаар хоёр өөр өвчнөөс сэргийлэх дархлаа үүсгэнэ гэсэн үг. Аав минь залуудаа ийм төрлийн хэд хэдэн вакцин зохион бүтээж  Монгол улсын шилдэг зохион бүтээгч цол тэмдгээр шагнагдаж  төрийн шагналд нэр дэвшиж явсан юм. Тэтгэвэрт гараад хорь гаруй жил болоход  сүүлийнх нь зохион бүтээж байсан вакцинийг хэн ч дуусгах гэж оролдсонгүй. Ер нь хос цэнэгт вакцин зохион бүтээнэ гэдэг тэр болгон хүн бариад авдаггүй ярвигтай төвөгтэй ажил л даа. Тэгээд л аав өөрөө дуусгая гэж шийдсэн хэрэг.


   Гай  газар дороос гэж... Аав бидэнд ч хэлэхгүй, үйлдвэрийнхэндээ   ч хэлэхгүй тэр хол Сонгино руу автобусаар л зүтгэнэ. Сайн аав ээжийн  буянаар зургаан хүүхэд нь болох бид  зургуулаа дээд боловсрол эзэмшиж , ажил үйлс дажгүй, бүгдээрээ л хөл дүүжлэх унаатай болохоор  Сонгино руу биокомбинат руу  хүргээд өгчих боломжтой байлаа. Биднийг “Сонгино руу явахаараа хэлж бай” гэхээр  “Аав нь зүгээрээ, автобус гэж сайхан унаа байхад”  гэнэ. Тийм л энгийн хүн байсан юм. Гэтэл өвлийн нэг хүйтэн өглөө автобусанд суух гэж яваад халтирч хөлөө хугалчихдаг юм байна. Настай хүний хөл гар хугарахдаа тун чиг амархан юм.  Үргэлж л хөдөлж байдаг, хөнгөн шингэн нь хэтрээд бидний урдуур ч гүйж байдаг хүн нэг өвдөөд удаан хэвтэхээр бие нь хурдан мууддаг юм байна билээ. Ная гарсан болохоор тун ч удаан эдгэлээ.
   Жаахан тэнхэрч эхэлсэн чинь Сонгино дахь зуслангийн байшин руугаа явна гэж зүтгэлээ. Шинэ вакцин зохион бүтээх турших ажил руугаа дөхөж байгаа нь тэр. Тэгээд Сонгинод байхдаа нэг бороотой шөнө   гарсан байгаа юм. “Энд нэг машин эргэлдээд байх шиг байна. Мухар гудманд тулаад яахаа л мэдэхгүй   байна даа. Үерийн далан руу уначихаж магадгүй “ гээд ээжийг хориглосоор байхад  таягаа тулаад ёолсоор гарчээ. Нээрэн л нэг төөрсөн бололтой  машин аавын бодсоноор мухар гудманд тулчихаад гарч чадахгүй будилж байж. Аав ч зааж өгч...  “Жолоогоо нааш нь цааш нь... ,одоо ухар, одоо урагшаа ...” гээд л. Гэтэл яг эргэдэг сүүлчийн мөчид ухрахдаа согтуу байсан уу, туршлага дутсан уу аавыг мөргөж унагачихаад нэг зогтуссанаа  давхиад явчихаж. Аав босч чаддаггүй. Ээж орж ирэхгүй удаад байхаар нь гарч харанхуйд аавыг хэвтэж байхад нь олжээ. Дунд чөмөг нь хугарч. Өөр ямар ч битүү гэмтэл авсан юм, бүү мэд. Хэдийгээр рентген аппарат, компьютер томографт харж оношлоод хагалгаа хийж дунд чөмгийг нь залгаж хадсан ч аав минь  нэг их удаагүй дээ.


      Тийм ээ, аавын минь хэлэх дуртай үгсийн нэг нь  “хөөрхий дөө...” Хөөрхий дөө гэсэн бас нэгэн түүх өгүүлье. Аав  тэгэхэд их  залуухан байж билээ . Би жаахан байсан болохоор бүдэг бадаг санадаг юм. Тэгэхэд манайх Ховдод байлаа. Аав ээж хоёр гаднаас маргалдсаар орж ирсэн юм. Аав их ууртай  “Чамаас болж би нүүр хийх газаргүй боллоо” гээд л....Ээж хариуд нь харин сэтгэл  хангалуун инээгээд “Би байгаагүй бол чи ч мотоциклийн дотуур хаймаргүй ээ, тэгээд түмэн нөхөөстэй дугуйгаа өдөр өнжөөд л нөхөөд сууж байх байсан юм. Надад баярлалаа гэхийн оронд уурлаад  л ...” гэлээ. Аав юу ч хэлж чадсангүй дуугай болчихов. Тэгсэн аав ээж хоёрыг хамт явж байхад аавын найз тааралдаад ааваас “Чамд мотоциклийн  дотуур хаймар байхгүй биз?” гэж асуусан юм байна л даа. Аав “Ява” гээд чех мотоциклтэй. Түүгээрээ анд явна. Бас зун болгон бартаат замын уралдаанд мотоциклийнхээ яндангийн сүүл хэсгийг сугалчихаад байдгаар нь орилуулаад уралдана. Найман жилийн сургуулийн захирал Дорж, аймгийн театрын хөгжмийн удирдаач Яасаа нараас бусдыг нь аав барагтай л бол урдаа оруулахгүй. Аавын мотоциклийн дотуур хаймар  түмэн нөхөөстэй. Байсхийгээд л нөхнө. Хөдөө байту-гай хотод дотуур хаймар нүдний гэм, ховор бараа. Аав хот руу дахин дахин захиж байж ганц дотуур хаймартай болжээ. Гэвч түүнийгээ хайрлаад хуучин дугуйгаа нөхсөөр явж байтал найз нь таараад асуу-сан нь тэр байж...Аавыг найздаа хариу хэлэх гэхэд занг нь мэдэх ээж хажуугаас нь нударч орхиж л дээ. Аав “Бай... бай...байхгүй ээ” гэж ээрэхэд найз нь “Аан чамд  байгаа л юм байна л даа” гээд хөхрөөд явчихаж. Тэр дороо л аймаг даяар аавын ээрсэн тухай хошин яриа таржээ. Аав тэгэхэд  гэртээ ирээд ээжид уурлаж “Хөөрхий дөө,  бас л надтай адил түмэн нөхөөстэй дугуйтай зовж байхад нь өгчих байсан юм” гэж байж билээ.


      Өөр бас нэгэн бяцхан түүх. Манайх Дундговиос Улаанбаатарын Сонгино тосгонд  ирээд хэдэн жил болж  байтал  64 айлын шинэ орон сууц ашиглалтанд орлоо. Дундговь гэснээс манайх Сэлэнгэ, Ховд, Дундговь гээд олон газар нүүдэллэсэн ёстой л нүүдэлчин овгийн удамтайгаа баталсан айл даа. Хаана л хүн хэрэгтэй, хаашаа л яв гэнэ манайх тийшээ нүүнэ. Одоогийн хүмүүс  бол олон сургууль дамжаад хүүхдийн хичээл сурлага хэцүүднэ гээд тэгж олон нүүхгүй дээ. Нам засаг маань яв гэж байна. Эх орныхоо хэрэгцээт газар явалгүй яахав гээд зургаагийн зургаан хүүхдээ аваад л нүүгээд л байна шүү дээ манайх гэж айл. Би л гэхэд Ховдын найман жилийн дунд сургуульд нэгдүгээр ангид ороод Улаанбаатарын Сонгины 10 дугаар сургууль, Дундговийн 10 жилийн сургууль гээд олон сургууль дамжиж  Улаанбаатарын 10 жилийн 18 дугаар сургууль төгссөн дөө. Манай ангийн хүүхэд гээд газар газрын олон хүнтэй уулзахаар эхнэр маань хүртэл гайхчихдаг юм. Аав маань тэр байтугай намайг Орост дээд сургууль төгсч ирээд Сэлэнгэ аймагт ажиллахаар хуваарилагд-лаа гээд яаман дээрээс уруу царайтай ирэхэд “Миний хүү эх орныхоо хэрэгцээт газар явалгүй яахав. Тэгээд ч аав чинь залуудаа ажил хөдөлмөрийн гараагаа Сэлэнгийн Алтанбулагийн хөдөө аж ахуйн техникумаас эхэлж байсан юм. Сайхан газар шүү” гээд урам хайрлаж байсан сан.Одоо нөгөө яриандаа буцаж оръё. Аав Сонгино тосгонд ашиглалтанд орсон 64 айлын шинэ байрны хуваарь сонсохоор үйлдвэр рүүгээ явлаа. Сонгино тосгон ганцхан үйлдвэртэй. Малын эмийн үйлдвэр. Аав тэр үйлдвэрийн 4 цехийн даргын нэг нь. Бид ч шинэ байранд орно. Харин хэдэн давхарт хаашаа харсан цонхтой байр авах бол гэж тэсч ядан хүлээж байлаа.  Аав удаж удаж ирлээ. Царайнаас нь ямархуу байрлалтай байр авсныг таах гээд чадсангүй. Баярласан хөөрсөн, гутарсан гунисан  ямар ч шинж тэмдэг алга аа. “Аав аа, хэдэн өрөө, хаашаа харсан цонхтой  байр авав?” гэж бид тэсгэлгүй асуулаа.” Байр аваагүй ээ” гэж хариулахад нь бид цочлоо. Тоглож байгаа байлгүй дээ. Гэтэл аав  төв төвшин байдлаар “Манай цехэд ганцхан байр хуваарилсан юмаа. Тэгээд хөөрхий дөө, олон хүүхэдтэй ядарсан нэг ажилчиндаа тэр байрыг өгчихлөө” гэж байна. “Хэдэн хүүхэдтэй юм?” гэж бид зэрэг шахам асуулаа.”Дөрөв” гэхэд нь  бид ахиад л цочлоо. “Юу гэнээ...?”,  “Манайх тэгээд тэднийхээс цөөхөн хүүхэдтэй юм уу?” “Зургаа дөрөв хоёрын аль нь илүү вэ?” “Аав тоо мэддэггүй юм уу?” Дүү нар шаагилдлаа.  “Хөөрхий дөө, хөөрхий минь гэнэ шүү, бид тэгээд хөөрхийнүүд биш үү?...” гээд зарим нь уйлалдав.Гэлээ гээд  яахав. Нэгэнтээ түлхүүрээ өгчихсөн юм чинь.


       Аав минь ийм л хүн байсан юм. Бас нэгэн бяцхан түүх.Аав ээж хоёр “Запорожец” гээд жижигхээн улаан машинтай байлаа. Нэг өдөр аав машинаа зарчихаад ирлээ. Яаж байгаа юм бэ гэсэн чинь “Миний нэг танил бүтэн жил гуйсан юм, хөөрхий дөө” гэлээ. Бид уурлалаа. “Та хоёр өдий насанд унаагүй яах юм бэ?” Аав арга сийлж байнаа. “Аав нь нас өндөр боллоо. Нүдний хараа ч муудлаа.Одоо тэгээд осол гаргавал яах вэ? Хүн дайрчихвал яана? Автобус гэж сайхан унаа байна. Бас үнэгүй...” гэлээ.  Хэлдэг л  үг.  Уурлаж зэмлэж болдоггүй ээ. “Та тэгээд хэдээр зарчихсан бэ?” гэж асуугаад хариуг нь сонсоод бид бас л уурлалаа. “Та дөрвөн дугуйтай машинаа хоёр дугуйтай мотоциклийн үнээр өгчихсөн байна шүү дээ”гэцгээлээ. Аав мөчөөгөө өгдөггүй ээ. “ Хуучин юм чинь...” гэж байна. “Гучхан  мянган километр  явсан машиныг хуучин гэдэг юмуу?” гээд нэг дүү минь уурлалаа. “Хөөрхий минь, түүнд  байгаа мөнгө нь л тэр шүү дээ”  гэж аав учирлалаа.


       Тийм ээ, аавын минь хэлэх дуртай үгсийн  нэг нь  “... хөөрхий дөө...”  Энэ үг хэлэх дуртай бусад үгсээс нь илүүтэй аавын минь сэтгэлийг бүрэн дүүрэн илэрхийлэх шиг санагддаг билээ. Хүүхдүүдийг, таних танихгүй хүмүүсийг эвийлсэн энхрийлсэн, өрөвдөж тусалсан, халамжилж хайрласан сүүн цагаан  сэтгэл нь энэ үгэнд нэвт шингэсэн байсныг тэртээ өнгөрсөн хойно  тэнгэрийн оронд заларсны дараа  л бид гүйцэд  ойлгосон доо. Аавынхаа тэр сайхан сүүн цагаан сэтгэлийг нь хиртээлгүй  залгамжлан авч явж хүмүүсийг хайрлаж энхрийлж, халамжилж туслаж явах нь үр хүүхэд, ач гуч бидний ариун үүрэг төдийгүй аавдаа хариулж амжаагүй  хэмжээлшгүй ачаас нь өчүүхэн төдий ч хариулах алтан боломж юм даа.

            Лувсангийн Хүрэлбаатар\ МУ-ын төрийн шагналт, академич\
                                                                          2014 оны 6-р сарын 16