Нэр болгон учиртай, өөрийн түүх, хувь заяатай гэж би боддог. “Sony”компанийн нэр надад их таалагддаг. Тэд анх магнитофон, хүлээн авагч гээд дуу авиатай холбоотой байсан болохоор “Song”хэмээх хүн бүхний мэдэх дуу хоолой гэсэн англи үгийг  жижигхээн хувиргасан байдаг. “Song” гэсэн ерөнхий нэрийг патентлах аргагүй, бусдын оюун ухаанд ч тийм амар хоногшихгүй. 
 
Харин “Sony” хэмээх өвөрмөц атлаа дуу авиа, хөгжмийг санагдуулах нэр өдгөө дэлхий даяар түгжээ.  Гэтэл мөнөөх Япончууд бас нэг компанидаа“Sharp” гэдэг хурц, тод, төгс, ухаалаг гэсэн ерөнхий нэрийг маркетингийн дүрэм зөрчин бренд болгосон байдаг. Америк, Англи гээд англи хэлтэй оронд бол ийм ерөнхий нэрийг бренд болгоход хэцүү л дээ.
 
Гэхдээ л хөдөлмөрч бүтээлч япончууд үүнийг чадсан юм.  Бас “Lexus” байна. Анх япончууд америкийн зах зээлийг хямд, энгийн,жижиг оврын,бензин бага зарцуулдаг машинаар эзэлснийг бид бүгдээрээ мэднэ. Тийм болохоор япончууд хичнээн гоё машин хийгээд ч үнэтэй, тансаг, люкс машины зах зээл дээр амжилт олохгүй байсан. Тэгэхээр нь “Toyoтa”хэмээх алдарт брендээ өөрчилж, зориуд хархалзанд нь гэгчээр люкс нэрийг сонгосон, “Luxus” нэрийг “Lexus”гэж яльгүй өөрчилсөн болохоор патенталж болно, мөн сэтгэлд хоногшуулахад амар, бас хэн ч гэсэн люкс, дээд зэрэглэлийнх  гэж ойлгоно. Бас л ухаан шүү.
 
Тийм болохоор компани аж ахуйн нэгжүүд  компанийхаа болон бүтээгдхүүнийхээ өөрөөр брендийнхээ  нэрэнд хүүхдийнхээ нэр адил тун анхаарах, оновчтой нэр өгөх ёстой юм шиг санагддаг. Моносчууд бид ч  компаниудынхаа нэр, бүтээгдхүүнүүдийнхээ нэрэнд  маш их анхаардаг.Зарим үед  бүтээгдхүүнийхээ нэр өгөхдөө чухал ажил хэрэг болгож “Оюуны довтолгоон” буюу “Brain storm”  хэлбэрийн хэлэлцүүлгүүд зохион байгуулдаг. 
 
   Одоогоос 25 жилийн өмнө буюу 1990 он бол манай орны  улс төрийн амьдрал төдийгүй Монголчуудын маань оюун санааны эрс өөрчлөлт, хувьслын он байсан билээ.Олон жил дарагдсан коммунист үзэл сурталд дарагдсан үндэсний үзэл сэргэж , тэр нь  заримдаа бүр хэмжээнээсээ хэтэрч хоршоо, аж ахуйн нэгж, бүтээгдэхүүнд юм л бол их хааны нэр, бас Монгол гэсэн нэр өгөх нь дэндэж байлаа.
 
Монгол лаа, Монгол сүү, Монгол эм гээд л зөндөө,дурдвал  ийм нэрсийн их уртаас урт  жагсаалт гарна. Компанийнхаа нэр өгөхдөө би ч ялгаагүй тэдний л нэгэн байсан бөгөөд Монголтой нэр л толгойд эргэлдэж байлаа. Гэхдээ бусадтай адил хийх бүтээгдэхүүн, үйлчилгээний нэр  биш, харин монгол оюун санаа, монголчуудынхаа саруул ухааныг шүтсэн нэр эрж хайж байлаа.
 
Монгол Оюун, Монгол санаа, Монгол сэтгэлгээ гээд зөндөө нэр бодож байсан боловч нэг л оновчтой бус, тайлбар ч юм шиг,  бас уртдаад болохгүй байсан юм.Дээрхи нэртэй холбоотой маш олон нэрний хувилбар, товчлол тархинд олон өдөр эргэлдсээр нэг л өдөр Монос буюу Монгол Оюун Сэтгэлгээ, Монгол Оюун санаа, Монгол Оюуны Сор  гэж болох үгийн товчлол бодолд харваад орж ирсэндээ.
 
Би энэ нэрээбүх л Моносчуудынхаа адил хүндэлж нүдний цөцгий мэт хайрладаг. Би монгол оюун ухаан, монгол оюун сэтгэлгээний гайхамшгийг шүтдэг, түүнд итгэдэг, монголчууд бидний аврал бол гадныхан биш, уул уурхай, эд баялаг биш, бидний ухаад дуусашгүй оюуны уурхай гэж боддог. Атилла, Чингис, Хубилай гээд монголын агуу хаад, их эрдэмтэн Мянгат, оточ манрамба Лүнрэг Дандар, Өндөр гэгээн Занабазар, догшин хутагт Равжаа , То ван, Егүүзэр хутагт миний хүндэлж шүтдэг  сод  ухаантнууд тоолж баршгүй. 
 
Одоо ч гэсэн хөгжим, уран зураг, яруу найраг,шинжлэх ухааны салбарт монголын маань  олон оюун билэгтнүүд  дэлхийд гайхуулсаар байна. Хамгийн  сүүлд л гэхэд наадмын өмнөхөн сонгодог урлагаар дуучид маань дэлхийд нэрээ дуурсгалаа. Тийм болохоор монгол оюун ухааны гайхамшгийг билэгдсэн Монос нэр бидний эрхэм нандин шүтээн юм.
 
     Дуудах нэрийг эцэг эх, азай буурлууд өгдөг, дуурсах алдрыг хөдөлмөр зүтгэлээр олж авдаг. Одоо Монос нэр монгол даяар дуурсалтай болжээ. Энэ бол манай хамт олны 25 жилийн нөр их хөдөлмөр зүтгэлийн үр дүн.
 
Өндөр насны  тэтгэвэрт гараад арван жил болсон, 65 насандаа манай Моносын анхны  ажилчин болсон  Лхагва гуай, бас л тэтгэвэрт гараад ажилгүй байсан дэд хурандаа Цэрэндаш, аравдугаар ангиа төгсөөд ажил олдохгүй байсан  Эрдэнэчулуун гээд манай ууган ажиллагсдаас  эхлээд монгол улсын хүний гавьяат эмч, төрийн шагналт, академич Лхагва, Микрософтын тэрбумтан Билл Гейтсийн нэгэн адил дэлхийн оюуны өмчийн алтан медаль хүртсэн Эрдэнэхишиг, монгол улсын шилдэг зохион бүтээгч Лувсан  гээд Монос нэрийг эрхэмлэдэг үе үеийн хоёр мянга дөхсөн ажиллагсдын маань ариун цагаан хөдөлмөр, хүн ардынхаа эрүүл мэнд,  гоо сайхны төлөө 25 жил зүтгэсэн чин халуун сэтгэлийн үр дүн юм. Энэ урт хугацаанд алдсан нь ч бий, оносон нь ч бий.
 
Гэхдээ оносон нь их гэдгийг ард олон маань сайн мэдэх буйзаа. Моносчууд шинжлэх ухаан судалгаа шинжилгээ шинэ бүтээгдэхүүн үйлчилгээнд өнгөрсөн 25 жилд арав гаруй тэрбум төгрөг зарцуулжээ.
 
“Монгол оюун санааг дэлхийд таниулна” гэсэн эрхэм уриатай  моносчууд маань өөрсдийн бүтээсэн “Нефромон” эмээ Оросын Холбооны улсад бүртгүүлэн үйлдвэрлэж эхэллээ. Дэлхийн оюуны өмчийн алтан медаль авсан гоо сайхны бүтээгдхүүнээ экспортлох бэлтгэл ажил дуусах дөхөж байна.Швейцарийн Анунаки, Японы Иточу пүүсийнхэнтэй дараачийнхаа бүтээгдхүүнийг экспортлох гэрээ хэлэлцээрийг хийж эхэллээ.
 
Түүхий эд биш, шинжлэх ухааны ололтонд тулгуурласан, оюуны их хөдөлсөр шингэсэн эм бэлдмэл, гоо сайхны бүтээгдхүүнээрээ монгол оюун санааг, монголчуудынхаа юу чаддагийг олон улсад харуулах гэж моносчууд хөдөлмөрлөж байна.  Өндөр мэдлэгтэй, монголоо гэсэн сэтгэлтэй моносын залуус монголынхоо бусад салбарын олон залуусын адил эх орныхоо нэрийг дэлхий дахинд авьяас билэг, эрдэм мэдлэг, цуцалтгүй шургуу ажил хөдөлмөрөөрөө дуурсгаж чадна гэдэгт би маш их итгэлтэй байна.
 
    Монголчууд маань морио дээдэлдэг шигээ, бөхчүүдээ, дуучдаа хүндэлдэг шигээ монголынхоо суу билэгт эрдэмт авьяаслаг охид хөвүүдээ, монгол оюун ухаанаа улам улам дээдлэж улс орон маань цэцэглэн хөгжих нь лавтай билээ.
 
Төрийн шагналт, академич Лувсангийн Хүрэлбаатар
 
                   “Амжилтын 25 жор” номоос