Монголчууд бид төөрчихсөн юм биш үү? Эсвэл би ганцаараа төөрсөн юм болов уу? Би л лав хаашаа явж байгаагаа мэдэхээ болилоо. Уг нь бидэнд зорилго байсан юм. Социализм, коммунизм байгуулна гэдэг. Одоо надад зорилго алга. Бас бидэнд ёс суртахууны залуур байсан юм. Социалист коммунист үзэл суртал гэж. Одоо би юуг шүтэж дээдэлж амьдрах юм бэ? Биднийг хаашаа явахыг заадаг энхрий хайрт нам засаг байсан юм. Гэтэл тэр нь бас алга. Сонгосон нам маань ч хаашаа явж байгаагаа мэдэхгүй байх шиг.
 
ЭНХРИЙ ХАЙРТ НАМАА ҮГҮЙЛЭЭД БАЙНА
 
Энэ гарчгийг уншаад Монголыг 70 жил залсан МАХН-аа үгүйлж байна гэж бодож байгаа байх. Үгүй шүү. “Бүхэл бүтэн нийгмийг алгасна гэж юу байсан юм бэ?” гэж эсэргүүцэж байсан намын дарга Данзангаа коминтерний гар хөл бологчдоор буудуулчихаад аргагүйн эрхэнд социализм коммунизмыг сонгож буруу замаар будаа тээсэн тэр намыг үгүйлсэнгүй.
 
Одоо төр барьж байгаа намууд дотроос, төр барихыг горилж байгаа олон намаас Монгол орныг маань зөв зүг рүү залаад явчих тийм энхрий хайрт намыг олж харахгүй байна. Би улс төрч биш. Жирийн эрдэмтэн, жирийн нэг бизнесмен. Гэхдээ сүүлийн үеийн Монгол орныхоо байдлыг хараад жирийн иргэдийнхээ нэгэн адил бухимдаад байнаа. 
 
Тэгээд гадаад орнуудыг харахаар намууд нь зүүний барууны гэж хуваагдах юм. Уламжлалын \консерватив\, хөрөнгөтний, ажилчны гэж бас мэр сэр байх юм. Гэтэл Монголд байгаа намуудын мөрийн хөтөлбөр, үйл ажиллагааг харахаар бүгдээрээ зүүний нам. Баахан халамж амласан намууд. Ямар ч ялгаа байхгүй. Ингэж ард түмнээ, улс төрчдөө, эрдэмтэн мэргэдээ олон намд хувааж байхаар нэгдээд нэг нам байгуулсан нь дээр ч юм шиг, үгүй ч юм шиг.
 
ҮЗЭЛ СУРТЛАА ҮГҮЙЛЭЭД БАЙНА
 
Энэ гарчгийг уншаад намайг нөгөөх л коммунист социалист үзэл суртлаа үгүйлээд эхэллээ гэж зарим нь бодож магадгүй. Үгүй шүү. Далан жил биднийг мунхруулсан тэр үзэл сурталд авах юм байсан ч гээх юм нь бүр их байсан гэж би боддог юм. Би ёс суртахууны хэм хэмжээ, жишгийг үгүйлээд байна. Одоо бидний нийгэмд болж буй үйл явдлыг харахаар ой гутаж байна. 
 
Хулгай зэлгий, дээрэм тонуул, танхайрал хүчирхийлэл, хээл хахууль дэндлээ. Төрийн түшээд нь янз бүрийн хэрэг төвөгт холбогдож байгаа нь бүр хэцүү. Тэр хүмүүс төрөө хүндлэх, төрдөө итгэх олон зууны монгол ёс жудгийг эвдэж байгаа нь бухимдлын минь гол нь юм. Уг нь олон нийтийн ёс суртахууны жишиг тэднээс эхэлмээр. Төрийн түшээд ингэж байхад гээд жирийн иргэд буруу зөрүү үйлдлээ зөвтгөх жишиг тогтож байгаад хэргийн учир байгаа юм.
 
Олон жил зөвхөн коммунист үзэл суртлаар хүмүүжиж уламжлалт ёс суртахуун шашнаасаа холдсон монголчууд маань нөгөө коммунист үзэл суртал нь нураад унахаар ямар ёс суртахууны кодекс баримтлах вэ гэдэг нь тодорхой бус болж ёс суртахууны хямралд орж байна. 90-ээд оны эхээр МАХН-ын удирдагч Даш-Ёндон гуай Нагаржунайн сургаалийг нэвтрүүлэх гээд бүтээгүй билээ. 
 
Одоо ард олны ихэнх нь итгэхээ больсон коммунист үзэл суртлын хоосон орон зайг нөхөх гэж гадны олон шашны урсгалууд өрнөдөөс, Солонгосоос, Энэтхэгээс газар газраас орж ирсээр байна. Бүр тухайн орондоо хориглогдсон харгис бүдүүлэг шашны урсгал ч байна. Саяхан хэвлэлийн хуудаснаас Христийн шашны сүм хийдийн тоо борооны дараах мөөг шиг Буддын сүм хийдээс олон болсон гэдгийг уншаад цочирдлоо. 
 
Учир нь олдохоо байсан бусад олон шашны сүм хийд, урсгалтай нийлбэл бүр ч их тоо гарна. Нам эвслээрээ, аймаг сумаараа, халх дөрвөд буриадаараа гэх мэтээр хуваагддаг монголчууд маань шашнаар хуваагдвал их л уршигтай гэдгийг улс төрчид маань мэддэг л байгаа даа. 
 
Ихэнх улс оронд ёс суртахууны хэм хэмжээг шашин нь тогтоодог юм шиг. Өндөр хөгжилтэй орнуудад ерөнхийлөгчөөсөө эхлээд хүмүүс нь ням гаригт очдог сүмтэй, хувь хүмүүс, бизнесмэнүүд нь итгэл үнэмшлээрээ хандив өгдөг, төр нь ямар нэг хэмжээгээр дэмждэг тэргүүлэх гэдэг юм уу голлох шашин байдаг. Бусад шашныг нь хавчихгүй, хүмүүсийн тахин шүтэх эрхийг хүндлэхийн зэрэгцээ төрөөс дэмжиж тусалдаг голлох шашин, энэ талаар төрийн бодлого байдаг л баймаар. 
 
Даанч энэ нь амьдрал дээр хэрэгжихгүй байгаа нь харамсалтай. Бидний ихэнх нь хэрэг төвөг тарихаараа нүглээ наманчлах гэж, эсвэл хүнд байдалд орохоороо л хүрээ хийд, лам бөөгөө санадаг хэмжээнд шашнаа шүтэх юм даа. Уг нь мөхөс миний бодлоор ёс суртахууны маань хэм хэмжээг шашин л тогтоодог баймаар.
 
ЗОРИЛГОО ҮГҮЙЛЭЭД БАЙНА
 
Бид уг нь социалист капиталист эдийн засгийн уралдаанд оролцоод аль эрт ялагдсан юмсан. Тэгээд өөрийн эрхгүй капиталист нийгэм байгуулахаар зорьж байгаа боловч ичихдээ энэ капиталист нийгмээ зах зээлийн хүнлэг энэрэнгүй нийгэм ч гэнэ үү сүржин нэрээр халхлаж байна гэж боддог юм. Гэхдээ одоо бид ямар нийгэмд амьдарч байгаа, ямар нийгэм байгуулах гэж байгаадаа сүүлийн үед эргэлзэх боллоо. 
 
Ямар ч л байсан зах зээлийн гэнэ үү, капиталист гэнэ үү тэр нийгэм биш. Ахиад л нөгөө 70 жил байгуулаад чадаагүй тэр нийгмээ байгуулах гэж ядаад байх шиг хар төрөх юм. Бүр магадгүй түүнээс ч илүү социализмын социализмыг байгуулах гээд байгаа юм уу? Яагаад гэхээр одоо зарим тохиолдолд социалист нийгмийн үед эдлээгүй халамж зөндөө болжээ. 
 
Баруун солгойгүй халамж амласан зүүний намууд. Хөгжингүй орнуудыг харахаар зүүн барууны намуудын улсын төсөвт хандаж байгаа нь тав гуравхан хувиар л ялгагдах юм.  Гэтэл манайд улсын төсвийн ихэнхийг нь халамж, бас нэмүү өртөг үүсгэдэггүй салбаруудад хуваарилах юм.
 
Зах зээлийн нийгэм байгуулах гэж байгаа бол ядаж эхлээд нэмүү өртөг үүсгэх гэдгээ мэддэг байгаа даа, биднийг удирдаж байгаа эрхмүүд. Ерээд оны эхээр “Дэнжийн мянгын зах дээр банкнуудын зээл нэмэхээр зах зээл болно” гэж нэг хошин яриа байсан юм. 
 
Нэмүү өртөг, капитал үүсгэхгүй, зээл аваад л халамжинд тараагаад байхыг арай зах зээлийн нийгэм гэж бодоогүй байгаа даа. Дампуурлын л нийгэм болох байхдаа. Азийн Грек болмооргүй байх юм. Ингэхэд бид хаана байгаа, хаашаа явж байгаа юм бэ гэж биднийг залж удирдаж байгаа намууд, их хурал, засгийн газар, ерөнхийлөгчөөсөө асуумаар байх юм.
 
 
Төрийн шагналт доктор профессор Л.Хүрэлбаатар