Ээж минь надад болжморын тухай үлгэр ярьж өгч байсныг бодоход би багадаа олонхийн адил аливааг хойшлуулах зуршилтай хүүхэд байж дээ. Өнөөг хүртэл тэр муу зуршлаасаа бүтэн салж чадаагүй л явна. Тэр үлгэр надад одоо хүртэл мартагддаггүй юм. Ялангуяа зарим ажлаас зүрхшээх юм уу залхуураад хойш тавих үед хамгийн түрүүнд санаанд орно. 
 
“Эртээ урьдын цагт өөрийн гэсэн дулаан үүргүй нэгэн болжмор байж гэнээ. Өдөржин юу ч хийхгүй жаргалтайгаар жиргэн дуулаад л, нисээд л... тэгээд шөнө болохоор ихэд даарна. Уртаас урт шөнийг дагжин чичирч өнгөрөөж ядахдаа “Бушуухан өглөө болоосой. Нар гараасай. Энэ хүйтэн шөнийг тэсээд л өнгөөрөөчихвөл, хөлдчихгүй өглөөг угтдаг л юм бол сайхан дулаан үүр барина даа” гэж өөрөө өөртөө амлана. Тэгж тэгж арай гэж хүсэн хүлээсэн өглөө болж нар гарч дулаахан болоход нөгөө болжмор хүйтэн урт шөнө, өөрийнхөө амлалтыг тэр дороо мартаж дахиад л бүтэн өдөржингөө юу ч хийхгүй жаргалтайгаар жиргэн дуулсаар... тэгээд л шөнө болно. Дагжин даарахдаа залхуу болжмор за маргааш өглөө хүртэл тэсдэг юм бол заавал ч үгүй дулаахан сайхан үүр барина гэж өөртөө амлана. Өглөө болохоор ахиад л мартана...” 
 
Энэ үлгэр ээжийн ярьсан олон үлгэр дотроос хамгийн мартагддаггүй нь. Оюун түлхүүр, Эрдэнийн сан Субашид гээд үлгэрээр хүүхдээ хүмүүжүүлдэг Монголын уламжлалт сурган хүмүүжүүлэх гайхамшигтай арга бүү мартагдаасай.
 
Тиймээ, энэ үлгэр надад их тус болсон. Хэрвээ би ямар нэг амжилтанд хүрсэн бол энэ үлгэрийн хувь нэмэр багагүй. Аливаа ажил үйлсийг хойш тавихгүй, цагийн юмыг цагт нь хийгээд явах нь аливаа амжилтын үндэс юм. Хэрэв та агуу зүйл хийх агуу өдрийг хүлээж байгаа бол тэр өдөр нь өнөөдөр гэдгийг санаж яваарай гэж Америкийн нэрт кино зохиолч, найруулагч Жорж Лукас хэлсэн нь ээжийн ярьсан үлгэрийн үргэлжлэл болж миний баримтлах нэгэн зарчим болсон юм.
 
Цаг нь болохоор, нөхцөл нь бүрэлдэхээр хийнэ гэж хүлээвэл хэзээ ч хийхгүй байх, бүтэхгүй байх магадлал тун ч их. Ихэнхи залуу хүн ингэж алддаг. Хөрөнгө мөнгө байхгүй, хүрэлцэхгүй байна. Байр барилга алга байна. Туршлага алга байна гээд янз бүрийн шалтгаан, шалтаг тоочоод байвал бидний хүссэн, төлөвлөсөн зүйлс хэзээ ч бүтэхгүй байсан.
 
Хөрөнгө, мөнгөтэй болоод хийнэ гэсэн бол Монос эмийн үйлдвэр хэзээ ч байгуулагдахгүй байсан. Гэрийнхээ хамгийн үнэтэй хөрөнгө болох өнгөт телевизороо зарж эмийн ургамал түүж савлан зарж арвижуулаад дараа нь эмийн ургамлаа хандалж савласнаар Монос группын эх суурь болох эм гоо сайхны “Монос” жижиг үйлдвэр оросын цэргийн ангийн орхиод явсан түр байранд байгуулагдсан түүхтэй. Жижиг ч гэсэн үйлдвэр байгуулагдаагүй бол олон улсын стандартын шаардлага хангасан, олон улсад эмээ экспортлох орчин үеийн үйлдвэр маань байгуулагдахгүй байлаа.
 
Өөрийн гэсэн байр савтай болж байж эмийн сан нээнэ гэж хүлээсэн бол тэртээ 1990 онд “Монос” эмийн сангаа нээж чадахгүй байлаа. Улаанбаатар хотын төв эмийн сангийн, шүдний клиникийн төвийн, эрүүл мэндийн 14 дүгээр төвийн зэрэг түрээсэлж байсан олон байрнаас хөөгдөж туугдаж их зовлон үзсэн ч өнөөдөр Монос эмийн сангийн сүлжээ өргөжин тэлж Монголын эмийн сангуудын жишиг, үлгэр загвар болсон нь бас л ээжийн ярьсан үлгэрийн ач тус болов уу. 
 
Арай гэж олонд танигдаж, хүмүүс орж гардаг болж байнгын үйлчлүүлэгч ихсэхийн үед байрнаасаа хөөгдөнө гэдэг хүсэх юм биш.Тэр үед “Би байтугай дэлхийн жижиглэн худалдааны босс, Уолмартыг үндэслэгч тэрбумтан ч бас түрээсийнхээ байрнаас хөөгдөж байсан” гэж өөрийгөө тайвшруулаад л явж байлаа.
 
Судалгаа шинжилгээний лаборатори алга, туршлагатай мэдлэгтэй хүмүүс алга, эрдэмтэд алга гэсэн бол Эм судлалын хүрээлэн хэзээ ч байгуулагдахгүй, шинэ шинэ эм хэзээ ч зохион бүтээгдэхгүй байсан байх. Шахмал эмийн машин байхгүй ч гэсэн “Цэр ховхлох зэхмэл” үйлдвэрлээгүй бол, судалгааны багаж төхөөрөмж байхгүй ч Анагаах ухааны дээд сургуулийн академич Д.Дүнгэрдорж, эм зүйн ухааны доктор С.Цэцэгмаатай нартай гэрээ хийж эмийн шинжилгээний стандарт хийлгээгүй бол, фармакологийн лаборатори байхгүй ч анагаах ухааны доктор М.Чүлтэмсүрэн, Мягмар нартай гэрээ хийж хулгана дээр туршилт хийлгээгүй бол, клиник туршилтын туршлага байхгүй ч Анагаах ухааны хүрээлэнгийн академич, хөдөлмөрийн баатар Баасанжавтай гэрээ хийж эмчилгээний туршилт хийлгээгүй бол "Читамон”, “Эрвалкор” гээд олон эм зохион бүтээгдэж үйлдвэрлэгдэхгүй байлаа. Тийнхүү Монголынхоо сор болсон эрдэмтэн мэргэдээс суралцаагүй бол цааш цаашдын олон шинэ эм зохион бүтээж, манайхаас олон сайхан эрдэмтэн академич, төрийн шагналтан төрж эм судлалын хүрээлэн, эм зүйн шинжлэх ухааны их сургууль маань байгуулагдах байсан гэж үү?
 
Шинээр эхлэхэд хэзээ ч оройтдоггүй, тэр тусмаа та нарт гэж би залууст зөвлөмөөр байна. Монос гоо сайхны жижиг үйлдвэрээ би 38 настайдаа үндэслэн байгуулжээ. Миний шүтдэг зохиолч Пенелрпе Фитжералд 50 настайгаасаа зохиол бичиж эхлэн 20 жилийн хугацаанд 12 роман бичиж Английн хамгийн шилдэг зохиолч гэж хүлээн зөвшөөрөгдсөн юм. Тиймээс төгс нөхцөл байдлыг хүлээлгүйгээр зорьсон зүйлээ өнөөдөр эхэл. Сайн эхлэл ажлын тал нь гэдэг шүү дээ.
 
Бас нэг зүйл нэмж хэлэхэд хүнийг хамгийн их зоригжуулдаг, дайчилдаг зүйл бол эцсийн цаг хугацаа. Англи хэлийг ямар хугацаанд сурах боломжтой вэ гэж олон хүнээс асуусан түүх байдаг. Багш, эрдэмтэн, ажилчин, инженер гээд олон хүн 3 сар, нэг жил, таван жил гээд олон янзаар хариулж. Харин нэг оюутан шалгалт нь хэзээ юм бэ? гэж асуусан гэдэг.  7 хоногийн дараа гэвэл 7 хоногт сурах нээ янз нь. Энэ ч яахав, бяцхан хошигнол. Гэхдээ өчүүхэн ч гэлээ үнэний хувь бий. Их ч бай, бага ч бай аливаа ажилд эцсийн хугацаа тогтоовол тэр цагтаа дуусгахын тулд тархи түгшиж эхлэнэ. Хүчээ, цаг хугацаагаа хуваарилж анхаарлаа төвлөрүүлнэ. Тиймээс замаасаа гажихгүйн тулд эцсийн хугацааг заавал тогтоох хэрэгтэй. Харин тэр хугацааг аль болох бодитой тогтоохыг хичээгээрэй. 
 
Хагас цагт хийчих зүйлийг бүтэн өдрөөр төлөвлөвөл буруудах нь тэр. Хийх цаг байна гээд хойш тавина. Янз бүрийн шалтгаан олно. Гэвч сэтгэл чинь цаанаа л нэг тайван бус, хийх ажил байгаа гэж дотроос чинь мэрнэ. Тэгээд өдрийн эцэст хийлээ гээд өглөө хагас цагт хийснээс чанарын хувьд нэг их ялгарахгүй. Хэт богино хугацаа төлөвлөвөл хий сандарч, цочролд орж чанаргүй зүйл хийгдэнэ. Тийм болохоор хийх ажлынхаа эцсийн хугацааг аль болох бодитойгоор төлөвлөөд зоригтойгоор яг өнөөдөр, яг одоо эхэл. Таны агуу зүйлс хийх агуу өдөр чинь маргааш ч биш, нөгөөдөр ч биш, яг өнөөдөр шүү!
 
 
 
Төрийн шагналт, доктор профессор Л.Хүрэлбаатар