Энэ тухай эс өгүүлэн өгүүлэх нь....1990 он. Социалист эдийн засгийн хямрал туйлдаа хүрч хүмүүс мах сүү наад захын хэрэгцээт зүйлсээр тасалдаж байлаа. Хорин хэдэн сая малтай монголчууд дэлгүүрт махны оочер дээрээ зодолдох нь энүүхэнд байсныг санахад ичмээр. Хөдөөний малчин эхнэрээ амаржихаар хэдэн арав, зуун километр давхиж нэгдлийнхээ даргаас ганц хонины зөвшөөрөл гуйж царайчилдаг байлаа. Хүүхэддээ аяга сүү, аяга тараг авах гэж  эмчийн бичиг бариад өдөр бүр хүүхдийн сүүний газар руу гүйцгээдэг байснаа бидний үеийнхэн мартаагүй.Тийм ээ, социалист эдийн засгийн хямрал биднийг ардчилсан хувьсгал руу биднийг түлхсэн дээ.
 
 
      Ардчилсан хувьсгалыг би улс төрийн хувьсгал, эдийн засгийн хувьсгал хоёроос бүрдсэн гэж ойлгодог. Улс төрийн хувьсгалыг манай зоригт залуус хийсэн. Тэднийг хүн бүхэн мэднэ. Харин төрийн өмч давамгайлсан  социалист эдийн засгаас олон хэвшил бүхий, тэр дундаа хувийн хэвшил давамгайлсан эдийн засагтай  болох эдийн засгийн хувьсгал олон жил үргэлжилсэн. Бас л хэцүү тэмцэл байсан шүү.Түүний эхлэлийг 1990 онд хувийн жижиг үйлдвэр байгуулсан цөөн хэдэн хүн тавьсан байж магадгүй. Тэдний нэр хаана ч дурсагддаггүй, тэр хүмүүс ч даруухан гэж энд тэмдэглэмээр санагдчихлаа. Даруухан ч учраас чимээгүй явцгаадаг байх даа.
Монголын хамгийн анхны хувийн жижиг үйлдвэр болох эм гоо сайхны “Монос”жижиг үйлдвэрийн түүх  1990 онд арц, таван салаа, аньсны навч, мэхээр, банздоо, бамбайн үндэс, төлөгч өвс,царван, долоогоно,тэхийн шээг  түүж савлахаас л  эхэлсэн дээ. Түүсэн арц ургамлаа нунтаглах машин байхгүй болохоор хувийн унаатай таньдаг хүмүүсийн машин царайчлан хөлсөлж Хөлийн голд байгаа эмийн ургамал бэлтгэх конторт очиж нунтаглуулдаг, “Эрдмийн туяа” гэдэг торгон хэвлэлийн хоршоон дээр очиж эмийн ургамлынхаа зураг, заавар бүхий цаасан уутыг хэвлүүлээд түүндээ түүж нунтагласан эмийн ургамлаа савладаг байлаа. 
     Дараа нь хэд хэдэн ургамлыг тодорхой харьцаагаар хольсон цэр ховхлох зэхмэл, ходоодны зэхмэл үйлдвэрлэж эхэлсэн юм. 
 
 
 Тэр үед эмийн санд ойр зуурын эм хүртэл тасарчихсан, ханиад хүрэхэд хэрэглэдэг тарваган шийрийн шахмал хүртэл эрж сураад олдохгүй байлаа. Тарваган шийрийн шахмал хамгийн хялбар найрлагатай нь  юм хийчихье гэтэл  надад шахмал эмийн машин байдаггүй. Тэгэхээр нь зэхмэл хэлбэрээр хийгээд савлая гэхээр ургамлын нунтаг, натрийн гидрокарбонатын нунтаг хоёрын хувийн жин маш ялгаатай болохоор жигд холилдохгүй,  тарваган шийрийг дангаар нь савлах гэхээр маш хортой, эмэнд ердөө хэдхэн мг ордог болохоор болдоггүй ээ. Тэр үед мэдлэг шүүрдэх интернет гэдэг гайхамшиг байсан биш,янз бүрийн арга бодож бодож, хэвлэл ном үзэж үзэж чихэр өвсөөр индифферент бодис болгохоор шийдсэн маань их оновчтой болсон юм. Чихэр өвсний нунтгийн хувийн жин тарваган шийрийн өвсний нунтгийн хувийн жин бараг ойролцоо болохоор зэхмэл хийхэд жигд холилдоно. Бас туслах бодисын үүрэг гүйцэтгэж дүүргэгч бодис болно. Чихэр өвс өөрөө цэр ховхлох үйлдэлтэй болохоор тарваган шийр өвсний энэ үйлдлийг идэхжүүлнэ. Түүний зэрэгцээ чихэр өвс үрэвслийн эсрэг болон дархлаа сэргээх зөөлөн үйлдэлтэй гээд олон давуу тал байлаа.
Би уншиж байсан номоо орхиод “Эврика” гэж хашгираад унтаж байсан ханиа цочоон сэрээж байж билээ. Тэгж бүтсэн цэр ховхлох зэхмэл маань Читамоны эхлэл болж дээ Сүүнд буцалгаж уух заавартай байлаа. Монголын уламжлалт анагаах ухааны хэрэглэх арга л даа. Их ч үр дүнтэй , хүмүүс ч ам сайтай байж билээ. 
1992 оны тэмдэглэлээ сөхөн харахад тэр жил  106816 уут цэр ховхлох зэхмэл үйлдвэрлэгджээ. Нэг уут нь дотроо 12 боодол зэхмэлтэй гэхээр 106816 хүний хэрэгцээг хангасан гэсэн үг.
    1993 онд шахмал эмийн машинтай болмогц тэрхүү цэр ховхлох зэхмэлээ шахмал эмийн хэлбэрт оруулж “Читамон” нэг өглөө. Чихэр өвс, тарваган шийр, монос гэсэн үгийн эхний үеүд л дээ. Тэр нэрнээс л дараа дараа үеийн моносын маань бренд эмүүдийн “-мон” дагавар эхэлсэн юм даа. “Биомон”, “Дентамон”,  “Салимон”, “Тонзилмон” гээд энэ цуваа урт үргэлжилж байгаа.
 
 
    Читамоноо шахмал эмийн хэлбэрт оруулахын тулд  тухайн үеийн анагаах ухааны дээд сургуулийн багш эм зүйн ухааны доктор Г.Эрдэнэцэцэг, С.Цэцэгмаа нартай гэрээ хийж технологийн заавар, стандартын төсөл хийлгэж байсан нь одоогийн хэллэгээр аутсорсинг юм даа.
Тэр үед нэг орос хүн эмийн санд ороод “Откашля” авъя гэж л дээ. Тарваган шийрийн шахмалын орос нэр. Манайхан өөр эмийн үйлдвэрт үйлдвэрлэсэн тарваган шийрийн шахмал аваад өгч. Гэтэл түүнийг бус  монголыг нь авъя гээд байж. Тэр нь манай “Читамон”-ыг хэлээд байсан аж. Би тэр тухай сонсоод их баярлаж байж билээ. 
 
 
Ерээд оны эхэн үед патент гэдгийг мэддэггүй байж. Хэдэн жилийн өмнөөс орсууд тарваган шийртэй шахмалынхаа найрлагад чихэр өвс оруулаад эхэлсэн байна лээ. Би хэдийгээр Читамоноо 1996 онд монголдоо патентлуулсан ч орост патентлуулаагүй болохоор яаж ч чадаагүй өнгөрсөн. Гэсэн ч монгол хүний жороор орос ах нар маань эм үйлдвэрлэж байна шүү дээ гэж бодохоор сэтгэл минь тун ч өег байдаг юм даа.
Читамон минь олны сэтгэлд хүрсэн сайхан эм болж оргил үедээ давхардсан тоогоор жилд 850 мянган хүн хэрэглэж байсан юм. Гэвч Читамон маань нялх хүүхдэд өгөхөд хүндрэлтэй, эцэг эхчүүд шахмалыг нь нунтаглаад сүүнд хутгаж өгөхөд төвөгтэй байлаа.Тиймээс бид сироп хэлбэрт оруулсан юм. Тэр маань бас л хүмүүсийн анхаарлыг татаж эхний жилдээ л 100 мянган хүүхдэд хэрэглэгдсэн юм.
 
 
     Тийнхүү энэ эмийг маань цэр ховхлох зэхмэл, Читамоны шахмал, Читамоны сироп хэлбэрээр давхардсан тоогоор өнгөрсөн хорин хэдэн жилд бараг 18 сая хүн хэрэглэжээ. 
 
    Нэгэн сурвалжлагч надаас “Та өөрийн бүтээсэн эм хэмээх олон хүүхэдтэй юм. Хамгийн хайртай хүүхэд чинь хэн бэ?” гэж асуухад би “Читамон” гэж хариулж билээ. Олон оронд патентлагдсан 50 гаруй эм, биологийн идэвхит бэлдмэл, гоо сайхны бүтээгдхүүний минь дотроос нээрэн л хамгийн хайртай нь  “Читамон” юм даа.
 
Академич Лувсангийн Хүрэлбаатар 
 
 
                                                  “Амжилтын 25 жор” номоос