Өчигдөр урчуудын эвлэлийн хорооны үзэсгэлэнгийн танхимд “Намар” хэмээх уран зургийн үзэсгэлэнг сонирхож  явахдаа хөрөг зургийн нэрт мастер Орхоны “Хүүхэд ахуй нас” гээд зургийг бахархан үзэж зогстол  “Ямар гоё зурдаг юм бэ? Зураг зурмаар санагдчихлаа. Уг нь намайг зурах авьяастай юм байна гэж дунд сургуулийн багш маань хэлж байж билээ. Даанч одоо зурж сурна гэхээр оройтжээ” гэж  өмнө минь зогсож байсан гуч орчим насны залуу хамт яваа бүсгүйдээ хэлэхийг санамсаргүй сонсоод  өмнөөс нь ичив.
 
Ямар тэр залууд “Монголчуудын сайн мэдэх алдарт зохиолч  Нобелийн  шагналт Рабиндранат Таагүр  70 настайгаасаа зураг зурж эхэлсэн, одоо түүнийг Энэтхэгийн орчин үеийн уран зургийн үндэслэгч гэж үнэлдэг”  гэж үзэсгэлэн үзэж буй олны дунд хэлж, зураг зурж эхлэхэд оройтоогүй шүү гэж ятгалтай биш.  Бас Америкийн нэрт зураач Энн Мосе 80 настайдаа зураг зурж эхлээд нийтдээ 1500 зураг зурсны 400 шахмыг нь зуун наснаасаа хойш зурсан юм шүү гэлтэй  биш.
 
Лучианна Паворотигийн дуулдаг “Аве Мария” гэдэг сонсоод баймаар сайхан дуу байдаг даа. Италийн дуурийн хамгийн нэртэй хөгжмийн зохиолч Жозеппи Верди энэ дуугаа 80 насандаа зохиосон, харин “Отелло” дууриа 75 насандаа зохиосон гэж бас тэр залууд хэлэлтэй биш. Хөөрхий тэр залуугийн буруу гэж юу байхав.
 
Ер нь одоогийн залуучуудын дунд “Гуч хүрчихлээ дээ. Одоо ч сурах хөг нь өнгөрсөн дөө. Дөч хүрч байна. Ямар нэг зүйл шинээр эхлэх гэдэг тэнэг хүний ажил даа “ гэх мэтийн сул яриа бишгүйдээ сонсогддог нийтлэг яриа болохоор энэ талаар өөрийнхөө бодол санааг тэрлэж ядаж байгаа минь энэ юм. Залуу байж иймэрхүү сэтгэлгээтэй байх юм бол юу ч эхэлж чадахгүй, юу ч бүтээхгүй. Яагаад гэвэл боломжгүй гэж бодож байгаагаас нь болоод тэр хэзээ ч эхлэхгүй, эхэлсэн ч хийж бүтээх аргыг хайхгүй. Харин нас ахисан ч гэсэн хийж бүтээж чадна, оройтоогүй гэж бодвоос мэдээж аргыг нь олоод ч юм уу сураад ч юм уу хийж бүтээх нь мэдээж.
 
Тодорхой амжилтанд хүрээгүй,  амьдралдаа сэтгэл хангалуун биш явдаг зарим хүн амьдралаа өөрчлөхийг үе үе боддог ч амьдралынхаа хэв маягийг  нөгөө л хуучин хэвээрээ үргэлжлүүлсээр байдаг.
Нас дэндүү явчихлаа даа гэх мэтийн олон шалтаг шалтгаан  тоочиж, амьдралаа өөрчлөх алхам хийж зүрхлэхгүй байгаагаа зөвтгөдөг.  Үнэхээр наснаас боллоо гэж үү. 70 настайдаа Рабиндранат Таагүр, 80 настайдаа Энн Мосе зурж эхлээд гайхам амжилтанд хүрч байгаа юм чинь үзэсгэлэнгийн танхимд “Даан ч оройтсон” гэж  дуу алдсан тэр залуу сэтгэлгээгээ л өөрчилбөл ямар ч амжилтанд хүрч чадна гэж хэлмээр санагдсан юм.
 
Хоёр гурван жилийн  өмнө манай Эм зүйн шинжлэх ухааны их сургуулийг \ хуучин нэрээр Монос дээд сургуулийг\ 60 настай эмэгтэй төгссөн. Гайхалтай байгаа биз. Эм зүйч болох эрхэм мөрөөдлөө биелүүлэх гэж  55 насандаа манай сургуульд элссэнийг нь би  төгсөлтийн шалгалт авч байхдаа мэдээд  гайхаж, бас биширч бахадсан даа. Шалгалтын асуултанд золбоотой хариулж байгаа бас биеэ авч явж байгааг зэргээс нь харахад хэн хүнээс гарахгүй зориг гарган эзэмшсэн дуртай мэргэжлээрээ дор хаяж арван жил сэтгэл хангалуун аз жаргалтай ажиллах нээ. Ленинградад олон жилийн өмнө кино инженерийн ангийг төгссөн , тэр мэргэжлээрээ ч сайн ажиллаж байсан хүн шүү дээ.
 
Монголчууд маань “Оргүйгээс оройтсон нь дээр “ гэж ярьцгаадаг даа. Үнэхээр хүсэл байвал хийж бүтээхэд хэзээ ч оройтдоггүй юм байна.
 
Бас нэг жишээ хэлэхэд аав маань  83 настай байхдаа Сонгино дахь биокомбинат руу  хос цэнэгтэй вакцинаа хийх гээд Улаанбаатараас өвлийн ид хүйтэнд  автобусаар явж байсан сан. 20 жилийн өмнө тэтгэвэрт гарахдаа ажлаа өгсөн залууст хос цэнэгтэй вакцинаа хийж амжсангүй, дуусгаарай гэж  захиж хэлсэн боловч хийгээгүй болохоор нь өөрөө хийх гэж зүтгэж байсан нь тэр аж. “Аав аа, бидэнд хэлээд унаа аваад явахгүй яасан юм” гэхэд “Ажилтай та нарт унаа энэ тэр гэж садаа болоод яахав, автобус гээд бэлэн унаа байхад. Тэгээд ч би олон олон удаа явна шүү дээ” гэж байж билээ.
 
 
Миний бодлоор аав маань хийдгээ хийчихсэн, олон сайхан шинэ вакцин зохион бүтээсэн, Монголын шилдэг зохион бүтээгч цол тэмдэгтэй , төрийн шагналд нэр дэвшиж явсан гавьяаныхаа амралтыг  санаа амар эдэлж байх хүн шүү дээ. Хүн бол өөрийнхөө бодлын, бас үйлдлийн бүтээгдхүүн гэж би боддог. Тийм болохоор “Хүн хөгширсөн гэж бодсон үедээ хөгширдөг” гэж  Жан Ануигийн хэлсэн үгийг санаж явахад илүүдэхгүй буйзаа.
 
Миний хамгийн их шүтэж хүндэлдэг , бүтээлийг нь амтархан  уншдаг эрдэмтдийн нэг болох Ламарк амьтан судлалын сонгодог бүтээл болох “Сээр нуруугүй амьтдын байгалийн түүх”-ээ 78 настайдаа бичиж дуусгасныг сүүлд нь мэдээд хөдөлмөрч бүтээлч занг нь биширч билээ. Бахархаад баршгүй гайхамшигт бүтээл болох Фаустыг Гете 83 насандаа нас барахаасаа өмнөхөн дуусгасныг бодоход бас л гайхамшигтай. Хэрвээ тэр нас өндөр болсон гээд орхисон бол тэр алдартай бүтээлийг унших, сонсох хувь бидэнд төдийгүй хүн төрөлхтөнд  дутах байжээ гэж бодохоор тэр аугаа хүнээр бахархах сэтгэл өөрийн эрхгүй төрнө.
 
Стравардийн хийл гэхээр сонсоогүй мэдэхгүй хүн ховор биз. Харин Страварди дэлхий даяар алдаршсан хийлүүдийнхээ анхныг 60 насандаа хийсэн гэдгийг ихэнх хүн мэдэхгүй дээ. Тийм ээ, эдгээр хүмүүсийн хувьд физиологийн нас гэдэг ердөө л тоо төдий юм. Зөвхөн энэ хүмүүсийн хувьд ч биш, бүх хүний хувьд нас бол тоо гэж хэлж болно . Аливаа зүйлийг хийе гэсэн хүсэл, итгэл байвал эхлэхэд хэзээ ч оройтдоггүй юм байна, хийж бүтээж болдог юм байна  гэдгийг дээр дурдсан хэдхэн жишээ илтгэж байна. Ийм жишээ үй олныг дурдаж болно. Гэхдээ тэр үлгэр жишээг монгол залуус та нар минь өөрсдөө бүтээж улам олон болгоно гэдэгт би гүн итгэлтэй байна.
 
 
 
Төрийн шагналт, доктор, профессор
Л.Хүрэлбаатар