Саяхан твиттерт нэг маань “ Манай эмийн ургамал судлаачид нэг юм бодох цаг иржээ. Хятадын 82 настай, дунд боловсролтой, профессорын туслах байсан Ph.D. нэг авгай зуны шарилжаас хумхаа өвчний эсрэг эм гарган авч Нобелийн шагнал авчээ. Гэтэл шарилж чичиргээ халуунд хэрэглэдэг тухай манай судруудад ч байдгийг мөхөс би хүртэл мэдэх юм. Ийм маягаар Нобелийн шагнал хүртэх боломжоо бид алдаад байгаа юм биш үү, урьд нь олимпийн аварга болох шаансаа алдаад байсан шиг...” гээд жиргэв

 

Бас өөр жиргээч хариуд нь “Үнэн үг байж болох ч хүнийг хэдэн жил яаж хөдөлмөрлөж байж хүн төрөлхтөнд тустай үйл хэрэг бүтээснийг нь биш /Нобелийн шагналыг зүгээр нэг судраас хуулаад тавьсан хүнд өгдөг гэж бодохгүй байгаа/, дунд боловсролтой профессорын туслах нэг авгай гэж бичиж байгаа энэ хүн бусдад ямар сургамж үлгэр дуурайл мессэж өгөх гэсэн хүн юм бол доо” гээд бичив.

 

Аль алиных нь зөв. Энэ жил Нобелийн анагаах ухааны шагналд 327 хүн нэр дэвшсэнээс 57 нь анх удаа нэр дэвшиж байгаа юм. Тэгээд Ирланд, Япон, Хятад гурван хүн шагнал авахаар аливаа шагналын дараа ёс юм шиг гардаг л хов жив, гомдол, дэл сул яриаг эхний жиргээч маань сонссон байх. Эхний хоёр нь манай малчдын гарын цорын ганц гэж хэлж болохоор эм болсон Ивермектин эмийг зохион бүтээсэн эрдэмтэд.

 

Дараагийнх нь хумхаагийн эсрэг эм зохион бүтээсэн 85 настай ээжтэй минь чацуу  хүн.  Гэвч Ю Ю Ту  дунд боловсролтой биш.Бээжингийн их сургуулийн Эм зүйн шинжлэх ухааны факультетийг \тухайн үеийн нэрээр\ 1951-1955 онд суралцаж дээд мэргэжлийн эм зүйчийн диплом гардсан юм. Бас болоогүй ээ, түүнийхээ дараа 2жил хагас уламжлалт анагаах ухааны чиглэлээр давхар суралцсан байх юм. Харин нэртэй профессорын туслах байсан нь үнэн. Гэхдээ дөнгөж дээд сургуулиа төгссөний дараа л шүү дээ. Харин нээлт хийх үедээ туршлагатай эрдэмтэн, засгийн газрын нууц төслийг хэрэгжүүлэх эрдэмдтийн том багийн ахлагч нь байсан юм. Энэ нь одоогийн  олон улсын зэрэг цол зиндаагаар ярих юм бол академич, фулл профессор гэсэнтэй л тэнцэнэ шүү.

 

Өнгөрсөн зууны жараад оны үед хойт Вьетнам нь  өмнөд Вьетнам, америктай байлдаж байсан үе л  дээ. Хойт Вьетнамын цэргүүд үй олноороо дайнд бус хумхаа өвчнөөр нас барж байлаа. Тухайн үед хэрэглэж байсан “Хинин” эм сайн эмчилж чадахгүй байлаа.Мао Зе Дун хумхаагийн эсрэг эм хийх үүрэг өгч засгийн газрын 529 тоот нууц төслийн баг байгуулагдсан юм. Төслийн багийнхан Хятадын уламжлалт анагаах ухааны олон зуун мянган жор судалж 2000 гаруй жор сонгосны 640 нь багийн ахлагч Ю Ю Тугийнх байлаа.

 

Сонгосон жороо дахин нягталж 200 гаруй ургамал  380 жороор ханд хэлбэрийн эм хийж хумхаагаар халдварлуулсан хулгана дээр 8 жил скрининг туршилт хийж  Морин шарилжаар хийсэн ханд хумхаагийн нянгийн үржлийг бага зэрэг зогсоож байсныг илрүүлжээ. Гэвч үр дүн хангалтгүй байлаа. Эртний ном судрыг дахин дахин судалсны эцэст манай эриний 340 онд Ге Хонг гэж  эрхмийн бичсэн хумхаагийн эмийн жорыг бэлтгэх аргыг олж авчээ. Уг сударт морин шарилжийн өвсийг хүйтэн усанд дэвтээж хандлах аргыг маш дэлгэрэнгүй бичсэн байлаа. Гэтэл судлаачид морин шарилжийн өвсийг  халуун усаар хандалж үйлчлэгч бодисын нянг устгах үйлдлийг сулруулж байжээ. Тийнхүү эрдэмтэд нам температурт ургамал хандлах шинэ арга боловсруулжээ.

 

Дэлхий даяар 3.4 тэрбум хүнийг  өвчлүүлэх эрсдэл бүхий, жилдээ 450 000хүний амь насыг авч оддог хумхаа өвчнийг анагаах эмийн эрэлд олон улсын эрдэмтэд ханцуй шамлаж 240 000 бодист скрининг судалгаа хийсний эцэст ийнхүү Хятадын эрдэмтэн Ю Ю Ту артемизин бүхий шинэ эмийг нээжээ. Ю Ю Ту  морин шарилжийн хумхаагийн эсрэг фармакологийн үйлдлийг нээсний дараа ургамлын химийг бүтцийг судалж артемизин хэмээх бодисыг илрүүлж улмаар хагас нийлэгжүүлэх аргаар дехидроартемизинийг гарган авчээ. Энэ нүсэр ажилд нийтдээ хорь шахам жилийг зарцуулсан байна.

 

Тэгэхээр энэхүү өгүүллийн маань эхэнд дурдсан хоёрдахь жиргээчийн үг бол аргагүй үнэн юм.Түүнтэй хамт ажиллаж байсан эрдэмтэд Ю Ю Ту бол маш шургуу, дайчин , ажил дээр бол маш хатуу чанга, өндөр шаардлагатай маргахын аргагүй манлайлагч удирдагч хүн, харин бусад үед түүнтэй харьцахад энгийн амар хүн гэж ярьцгаадаг ажээ. Хэдий өндөр настай 85 хүрч байгаа ч Хятадын уламжлалт анагаах ухааны академийн эрдэмтдийн ахлагчаар ажиллаж байгаад Нобелийн энэ эрхэм хүндтэй шагналыг хүртжээ.

 

Нобелийн шагнал хүртсэн энэ түүх бол дорнын уламжлалт анагаах ухааны агууг илтгэсэн бас нэгэн ялалт юм. Өрнийн анагаах ухааны эрдэмтдийн зарим нь энэхүү ялалтыг үгүйсгэж янз бүрээр ярьсаар л байна. Энэ жил Ю Ю Тутай хамт шагнал хүртсэн эрдэмтэд ч ялгаагүй байгалийн гаралтай эм болох Ивермектинийг газрын хөрснөөс илрүүлсэн нянг ашиглан зохион бүтээсэн билээ.

 

Тийм ээ, эхний жиргээчийн өгүүлснээр манай нэртэй эрдэмтэд олон мянган жилийн түүхтэй уламжлалт анагаах ухаанаа үл тоомсорлохоо боливол, төр засаг маань анхаарч дэмжвэл монголынхоо уламжлалт анагаах ухааны арвин их өвийг уншиж судалвал бидэнд шинэ шинэ эм зохион бүтээх асар их боломж “шаанс” байнаа.

 

Нобелийн шагналыг ахиад л  эм зүйч хүртсэн  нь эм зүйч хэмээх эрхэм мэргэжлийг эзэмшсэн бидний бахархлыг өөрийн эрхгүй төрүүлж байна. Тийм ээ, эм зүйч гэдэг бол энэ хорвоогийн эрхэм сайхан мэргэжлийн нэг. Ард олныг аюулт өвчнөөс анагаах олон сайхан эмийг зохион бүтээсэн эм зүйчид маань алдарт Кока Колаг , бас түүнтэй байнга өрсөлддөг зохион Пепси Колаг зохион бүтээсэн билээ

 

Энэ ялдамд өгүүлэхэд монгол улсад маань эм зүйн шинжлэх ухаан хөгжлийнхөө шинэ шатанд орлоо. Монголчуудын маань зохион бүтээсэн эм гадаадад гарч эхэллээ. Монос дээд сургуулийн суурин дээр Эм зүйн шинжлэх ухааны их сургууль байгуулагдлаа. Ганцхан сарын өмнө Эм зүйн шинжлэх ухааны академи байгуулагдлаа. Хийх ажил маш их байна даа.

 

 

 

Төрийн шагналт, доктор, профессор

Л.Хүрэлбаатар