Голч шударга чанар манай улс оронд ялангуяа улс төрд байна уу гэх эргэлзээ ганц миний төдийгүй ард олны дунд төрөх болсныг энд өгүүлэх юун. Аливаа улс орон, байгууллагын оршин тогтнох, хөгжих, хүчирхэг байхын үндэс шударга ёс гэж мөхөс би итгэдэг билээ. Улс гүрэн, компани байгууллагын амжилт удирдагчийн амжилт, хувийн шинж чанараас ихээхэн шалтгаалдаг нь тодорхой юм.
 
Америкийн “Уолл стрит” сэтгүүлийн “Gallup”-ын хийсэн, 282 том хэмжээний корпорацийн 782 топ менежерээс авсан “Удирдагчийн амжилт олох хамгийн чухал шинж чанарууд юу вэ?” гэдэг судалгааны дүнгээр хамгийн чухал гурван шинж бол голч шударга чанар, ажилсаг шургуу чанар, хүмүүстэй нийцтэй байх чадвар гэж тодорхойлогдсон байдгийг та бид сайн мэднэ
 
Монголчууд маань эрт дээр үеэс шударга ёс, шударга чанарыг эрхэмлэн үзэж тийм чанарыг эзэмшсэн удирдагчдаа шүтэн биширч, удирдлага дор нь дэлхийг хүртэл эзэгнэж явсан түүхтэй билээ.
 
Аугаа Чингис хаан маань бүр бага залуу байх үед нь ирж нийлсэн Боорчи, Зэлмэ хоёроос эхлэн төр улсыг байгуулахад гавьяа байгуулсан нөхдөө хийсэн гавьяаг нь марталгүй, ард язгууртан гэж ялгалгүй мянгат, түмтийн ноёдоор томилж, зарим хүмүүст дархан цол олгож, янз бүрийн хэлбэрээр гүйцэтгэсэн үйл хэргийг нь шударгаар үнэлдэг хүн байжээ
 
Ер нь их хаан маань багаасаа өөрөө зовж ядарч явсан хүний хувьд хүмүүсийг их бага, дээд доод гэж ялгалгүй адил тэгш шударга харилцдаг байсан ба тэдний зовлон жаргалыг мэдэрч найз нөхөр мэт харилцаж, нас барсан хүмүүсийн ар гэрийнхнийг хүртэл харж хамгаалдаг байсан тул олон сайн хүлэг баатар, нөхөдтэй болсон байдгийг бид бүгдээр андахгүй.
 
Чингис хаан маань дайснуудаа хүртэл шударга үнэлж нөхөрлөж байсан жишээ олон бий. Тухайлбал Тайчуудтай хийсэн байлдаанд Чингис хааны хүзүүг харваж шархдуулсан Зургаадайг үнэнч бөгөөд нөхөрлөж болох хүн гэж үзэж Зэв гэж нэр өгөн дотнын ноёноо болгосон, Тайчуудын Таргудай Хирилтугийг барьж авчрах замдаа эзнээ яаж барьж өгөх вэ хэмээн тавьж суллаад өөрөө ирсэн Ширээт өвгөний хүүхдүүд Алаг, Наяа хоёрыг сүүлд мянганы ноён болгосон байдаг юм.
 
Хүмүүсийн олз ашигт шунах, хар амиа бодох, урван тэрслэх, тогтоосон цаазыг зөрчих, худлаа ярих, хэлсэн ам, андгай тангаргаасаа буцах зэрэг ёс зүйгүй, шударга бус үйлдлүүдийг үзэн яддаг байсан ба ийм явдлыг улс дотроо хойшид гаргуулахгүйн тулд хатуу шийтгэдэг байсан нь бидний их хаан ямар ёс зүйтэй шударга хүн байсныг тодруулж өгдөг билээ.
 
Тухайлбал эзнээсээ урваж, барьж өгсөн Жамухын таван хүнийг болон Сэнгүмийг элсэн цөлд явган хаяад ирсэн агтач Хөхөчүг цаазалсан, 1202 оны намар татааруудтай байлдах цагт олз ашигт шунаж байлдаанаас саатан, тогтоосон цаазыг зөрчсөн Алтан, Хучар, Даридай отчигин нарын хаан язгуур угсааг үл харгалзан олзолсон адуу ба юмыг бүрэн хураан авсан, ам тангаргаа зөрчиж ар хударгаар орж ауруг гэрт халдсан жүрхиний Сача бэхи, Тайчу нарыг байлдаж дарсан ба нэгэнтээ нөхөр болж, нөгөө удаадаа өрсөлдөгч дайсан нь болж, Хэрэйд, Найман улсуудын дунд олон жил хутган үймүүлж дайсагнаж байсан Жамухыг өөрийн хүслээр нь хороосон байдаг билээ.
 
Чингис хаан шударга зангийн улмаас заримдаа хатуу мэт санагдах цээрлэлийн аргууд хэрэглэдэг байсан боловч эдгээр нь “эсгий туургатан энх шударга болж”, нэгдсэн Монгол Улсыг байгуулах зорилтыг биелүүлэхэд аргагүй авах ёстой, чухал арга хэмжээнүүд байжээ. Үүний хүчинд ч “орондоо унтах завгүй орчилдон тэмцэлдэж байсан” улс оронд дэг журам, ёс зүй, хууль ёс, энх тайван тогтсон билээ.
 
“Алтан товч”-д Чингис хаан аль хүний билиг, гэгээн өршөөл, шударга, хичээнгүй журам ёс бүхий нь дэгжмүй гэж айлдаж байсан тухай бичсэнийг бид бүгдээр санаж байгаа.Тийм ээ, их хаан маань үнэнч шударга занг хүндэлж, шударга бус, хуурамч занг үзэн яддаг байсан билээ.
 
Захирагдагсад удирдагч хүнээс хүсдэг хамгийн гол бөгөөд чухал зүйл бол шударга шагнал, шударга шийтгэл байдаг. Хүмүүс үүргээ сайн гүйцэтгэлээ гэж бодвол тохирсон шагнал хүсч байдаг хэдий ч муу гүйцэтгэсэн үедээ ямар ч хатуу шийтгэл хүлээлгэсэн гомддоггүй. Чингис хаан, хаан цол өргөмжлөгдөөд шинэ Монгол Улсын зохион байгуулалтыг хийхдээ улс төрийг байгуулахад гүйцэтгэсэн гавьяагаар нь хүмүүсийг албан тушаалд шударгаар томилж урамшуулж байсан нь гарцаагүй ухаалаг удирдагчийн шинж юм.
 
Тэр тусмаа хүн бүрийн гавьяа зүтгэлийг нэгд нэгэнгүй тоочсон байдаг нь хүний хийсэн үйл ажил, гүйцэтгэсэн үүргийг марталгүй олон жил санаж явдаг гайхалтай удирдагч болохыг нь харуулдаг. Тиймээс ч Чингис хааны голч шударга зан чанар, зарчмыг “Гайтай болвоос шадрыгаа ч шанталсугай. Гавьяатай болвоос дайснаа ч шагнасугай” гэж тунхагласан байдаг билээ.
 
Орчин үеийн удирдагч, менежерүүдэд Чингис хаанаасаа суралцах олон зүйл зүйл байдгийн хамгийн чухал нь шударга ёсны зарчим юм. Тийм ч учраас АНУ-ын Ерөнхийлөгчөөр олон удаа сонгогдсон Дуайт Эйзенхауэр “Удирдагч хүний хамгийн дээд зэргийн чанар бол гарцаагүй голч шударга шинж юм” гэж үнэлсэн байдаг болов уу.
 
Тийм ээ, бид бүхэн удирдлагын бүхий л шатанд шударга ёсыг тогтоох шаардлагатай билээ.Хүмүүс хийсэн хөдөлмөр, гаргасан хүчин чармайлтынхаа төлөө хүртсэн цалин урамшууллаа бусад хүмүүстэйгээ харьцуулдаг ба харьцуулалтаар хэрэв тэгш бус байдал илэрвэл, цалин урамшууллаа өөрийнх нь хөдөлмөрийн бодит үр дүнд багадсан гэж үзвэл сэтгэл ханамжгүй байдалд ордог.
 
Сэтгэл ханамжгүй байдалд орсон хүн тэрхүү тэнцвэргүй байдлыг арилгахын тулд нэг бол цалин урамшууллыг өөрчлөхийг хүснэ, эсвэл тухайн цалин урамшууллын хэмжээнд тохируулан үйл ажиллагааныхаа эрчмийг сулруулж, эсвэл идэвх санаачилгатай ажиллахаа больдог. Тиймээс бид өөрийн компанидаа ажилтнуудынхаа ажлыг аль болох зөв дүгнэх, цалин хөлсийг хийснийх нь зүтгэснийх нь хэмжээгээр олгохыг эрмэлздэг.
 
Хүмүүсийг албан тушаал дэвшүүлэхдээ өөрийн хамаатан садан гэхээс илүү ажлаа хийх чадвар, ажилдаа хандах хандлагыг түлхүү харгалздаг болсон юм. Хэрвээ алдаа гаргах юм бол түүнд нь тохирсон зэмлэл шийтгэлийг хүний өөрийн гэлтгүй шударгаар оноохыг боддог билээ. Ойр дотнынх нь хүмүүс ажилдаа ингэж хандаж байхад гэж хүмүүст муу үлгэр дууриалал болж магадгүй гээд зарим тохиолдолд өөрийн ойр дотно хүнд илүү хатуу шаардлага тавьж зэмлэл шийтгэлийг илүү хатуу оноодог.
 
Шударга ёсыг эрхэмлэхийг хичээдэг маань манай компанийн ажил урагштай яваагийн нэг үндэс байх гэж боддог юм.Компани аж ахуйн нэгжээс авахуулаад төрийн бус, төрийн гээд бүх байгууллагын удирдлага эрт дээр үеэс өвгөд дээдсээс минь, их хаанаас минь уламжилж ирсэн шударга ёсны зарчмыг тууштай хэрэгжүүлбэл улс орны маань оршин тогтнох, хөгжихөд мөн ч их нэмэртэйдээ.
 
 
 

 
Төрийн шагналт, доктор, профессор
Л.Хүрэлбаатар