Майкл Делл зав чөлөө л гарвал компанийнхаа санал гомдол хүлээн авдаг утасны ард суух дуртай байсан гэж дээр үед нэгэн сониноос ч билүү уншаад гайхаж билээ. Одоо бодоход дуртай нь ч юу билээ хэрэгтэй шаардлагатай болоод суудаг байжээ.
 
Санал гомдол хүлээн авах тийм утсаар голдуу л гомдож бухимдсан, сэтгэл дундуур л хүмүүс ярина шүү дээ. Компани гэдэг ажил л хийж байгаа болохоор хүний л адил алдана ч ононо ч. Харин оносон тухай нь тэр утсаар нь ярих юу л бол. Ярьсан нь ч ховор л байх. Хүн гэдэг сайн бүтээгдэхүүн авлаа гэхэд тийм байх ёстой л юм чинь гэж бодно. Санаснаас нь илүү байлаа ч гээд талархал илэрхийлэх утас хайна гэж үү? Угаасаа хүний мөн чанар ийм л юм чинь.
 
Тийм болохоор зарим улс оронд хүмүүсээ хүмүүжүүлэх зорилгоор талархлын өдөр зохиодог биз. Харин санасанд нь хүрээгүй бүтээгдэхүүн үйлчилгээ байвал гомдол бухимдал буй болж тэр атугай уур хилэн нь буцална. Нилээн уурлаж бухимдсан хүн компанийн санал хүсэлтийн утасны дугаарыг олж залгана шүү дээ. Тийм утсан дээр сууж хүмүүст загнуулж, тэдний бухимдлаа тайлах хэрэгсэл нь болно гэдэг мэдээж хүсүүштэй зүйл биш.
 
Гэхдээ Майкл Делл чухал гэдгийг нь ойлгоод суудаг байж. Компанийнхаа алдаа оноог тэндээс сонсч бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ юун дээр алдаж байгааг олж харж түүнийхээ мөрөөр арга хэмжээ авч компьютэрээ, засвар үйлчилгээ, программ хангамжаа сайжруулж байсан нь тус компанийн амжилтын нууц байжээ гэж бодогдоно.
Манай Моносынхон түүнээс суралцах санаатай 1883 утсаар бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ талаар санал гомдол авдаг болоод нэлээд хэдэн жил болсон бөгөөд багагүй үр дүнтэй байгаа.
 
Бас “Алтан зөгий” гээд алдаа дутагдлаа олох зорилготой хамгийн оновчтой шүүмжлэлийн уралдаант арга хэмжээ зохион байгуулж ажилчдаасаа цөөнгүй санал шүүмжлэл авч түүний мөрөөр бүтээгдэхүүн үйлчилгээгээ сайжруулах мэтчилэн янз бүрийн ажил зохиож байна. Алдахаас бүү ай, харин алдаанаас олсон зүйлээ алдахаас ай гэдэг дээ. Алдаандаа анализ дүгнэлт хийж, алдаанаас олсон сургамжаа ашиглах, мартахгүй байх нь үнэхээр чухал юм.
 
Алдааг минь хэлж өгдөг, шүүмжилдэг нөхөр хамгийн хэрэгтэй гэж бид бүгдээрээ мэднэ. Гэвч яг өөр дээрээ тулаад ирэхээр яадаг билээ. Надад ч гэсэн үнэн үг хатуу, сонсоход хэцүү. Тэглээ ч хэн сонсч хүлээж авч чадсан нь амжилтанд хүрдэг байх. Хоёр гурван жилийн өмнө Оросын өмнөд хязгаарт орших Кавказын өндөр уулсын тэртээ Пятигорск хотноо очиж билээ. Алдарт яруу найрагч Лермонтовын цөлөгдөж, бас дуэль  хийж буудуулсан газар. Миний сурч байсан хот. Сургуулийнхаа ойн баярт очсон юм.
 
Хамгаас түрүүнд Вергейчик, Павлов гээд багш нараа эрж хайсан чинь ангийн маань нөхөд “Чамайг байнга л загнаж шийтгэж байсан багш нар шүү дээ” гээд ихэд гайхаж байна аа. Вергейчик багш маань ч “За нөхөр Лувсан (Тэр загнах болохоороо орос ёсоор овгоор минь тэгж дууддаг байсан юм)' хэр зэрэг их хэрэг тарьж явна даа” гээд угтаж билээ. Мөрөө дарсан урт үстэй мөн ч дэггүй оюутан байж дээ.
 
Чингис хааныхаа тухай дуу зохиож дуулчихаад сургуулиасаа хөөгдөх шахахад Сайнбуян бид хоёрыг тэр багш маань аварсан юм. “Багш аа, танд баярлаж явдаг шүү. Хэрэв би ямар нэг амжилтанд хүрсэн бол таны л ач  шүү” гэж чин сэтгэлийнхээ үгийг тэгэхэд багшдаа хэлсэн юм. Тийм ээ, намайг зэмлэж загнаж, алдаа дутагдлыг минь хэлж өгч байсан Амраа, Бадамдорж, Ням- Осор, Нямдорж, Содномдаржаа, Ламзав, Зориг, Дэмбэрэл, Нямдаваа гээд сайд дарга, эрдэмтэн, жолооч, найз гээд л олон хүнд би одоо хэр их баярлаж явдаг юм. Аав ээж маань таван салаа боов багагүй амсуулж, сургааль зэмлэлийн үг хайрласан даа. Тэр бүхний л ачаар би хүн болсон юм шүү дээ.
 
Тийм ээ, хувь хүнд ч албан байгууллага, компанид ч, улс гүрэнд ч алдаа оноогоо ойлгоход зэмлэл шүүмжлэлийн үнэн хатуу үгс хэрэгтэй. "Цаас хэдий нимгэн ч чичихээс нааш цоорохгүй, хүн хэдий ухаантай ч хэлэхээс нааш ойлгохгүй" гэдэг дээ. Монголчууд бидний алдаа оноог гадна, дотны олон хүн хэлдэг ч бид хүлээж авдаг бил үү. Олон жилийн өмнө сэтгүүлч Т.Баасансүрэн “Муухай монгол хүн” гээд тун хэрэгтэй ном бичсэн ч ойшоосон хүмүүс цөөхөн. Сэтгүүлч Авирмэд “Хатуу үгс” гээд бас л аятайхан нэвтрүүлэг хөтөлж байсан. Түүнийг ч гэсэн олонх санасан хэмжээнд хүлээж аваагүй дээ. Баабарыг бол үзэн яддаг хүмүүс олон л байдаг юм билээ.
 
Үнэнийг бичдэг болохоор л тэр байх. Хоёр зууны зааг дээр шиг санагдана. Кимура Аяако гэж монгол судлаач япон бүсгүй бидний алдаа дутагдлын талаар нэлээд бичсэн. Монголчуудын маань ихэнх нь түүнийг ойлгоогүй, түүн рүү дайрч давшилж бараг л хөөсөн. Гэвч тэр бүсгүйг би гайхсан.
 
Буцаад л ирсэн. Нэг хэсэг дуугүй байснаа ахиад л дуугарч эхэлсэн. Ялангуяа түүний 2011 онд бичсэн “Тархины тураал” гэсэн хурц өгүүллийг уншихад ч уур хүрмээр шүү. Ер нь жаахан хэтрүүлэгтэй. Дэндүү амар амгалан монголчуудын маань хор шарыг малтах гэж зориуд тэгж бичсэн байх. Бодох зүйл тэр өгүүлэлд маш олон бий. Бидний уур уцаар, дургүйцлийг үл тоон дутагдлыг маань байнга шахам бичдэг япон бүсгүй үнэхээр монголд маань элэгтэй хайртай нэгэн. Энэ онд даншиг наадам, цамын тухай бас л юм юм бодуулсан хурцхан өгүүлэл бичсэн. Манай төр засгийнхан, хотын захиргааныхан анхаарч байгаа гэж найднам.
 
“Үнэн үг хэлсэн хүнд хүн өшөөтэй. Үхэр унасан хүнд нохой өшөөтэй" гэж үг бий. Монгол хүний тухайд хэлсэн үг үү, ерөөсөө хүн гээч амьтны хувьд хэлсэн үг үү бүү мэд. Ямартаа ч энэ үг хуучирсан үг гэж би мунхаглах юм. Хувь хүн ч бай, компани, аж ахуйн нэгж байгууллага ч бай, улс орон, төр засаг, ард олноороо ч бай гадна дотны хүмүүсийн хэлсэн хатуу боловч үнэн үгээс, шүүмжлэлээс суралцахсан.
 
 
 
 
 Төрийн шагналт,  доктор профессор Л.Хүрэлбаатар