Өнгөрсөн жил шинэхэн жиргээч болж 11 дүгээр сарын 26-нд жиргээний ертөнцөөр дүүрэн “Тусгаар тогтнолын баярын мэндчилгээ” байхаар нь “Тусгаар тогтнолын баярын өдөр хүртэл сарын зай байна, өнөөдөр чинь Бүгд Найрамдах Улсаа тунхагласан, анхны Үндсэн хуулиа баталсан өдөр” гэж жиргээд ганц сайн баларч билээ.

Монголын ард түмнийг үзэл бодол, нутаг ус, хөгшин залуу төдийгүй баяраар нь энэ гайхал намууд хуваагаад авчихсан талцуулж байдгийг аймшгийн кинонд гардаг хар хэрээний дайралт мэт хэдэн зуун жиргээчдийн хорон үгс тээсэн жиргээнд дарагдахдаа, дараа нь 12 дугаар сарын 29-нд буюу бүх нийтийн баярын амралтын өдөр нь шаралхаад “Тусгаар тогтнолын баярын өдрийн мэнд” дэвшүүлээд нэг ч хариу аваагүй гайхахдаа сэтгэл зүрхээрээ мэдэрч билээ.

Би уг нь 1989 оны МАХН-ын гишүүн. 1990 оны МАХН-ын онц их хуралд ороод намаа өөрчлөх гэж, социал демократ нам болгох гэж оролдоод чадаагүй хэсэг залуучуудын нэг л дээ. Түүнээс хойш нам бус болсон ч МАХН- ынхаа батлахыг хүндэтгэн хадгалж байдаг, намуудыг хатуу гишүүнчлэлтэй байхыг эсэргүүцдэг, аль нэг намыг онцлон дэмждэггүй, харин аль ч намын бай сайн үйлсийг нь талархан дэмжиж , мууг нь шүүмжлэн эсэргүүцэж байдаг жирийн л иргэн.

Тэмдэглэлт баяр олонтой, тэр олон баяр болгоныг баяртайгаар алгасалгүй тэмдэглэдэг монголчуудынхаа адилаар оны сүүлчээр болдог энэ хоёр баярыг би хоёуланг нь хүндлэн тэмдэглэдэг. 1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр бол анхны Үндсэн хуулиа баталсан, Бүгд Найрамдах засаглалд шилжсэн өдөр.

БНМАУ-ыг тунхагласан едөр. Энэ бол Монголын төр хэлбэрийн хувьд хэмжээт цаазат хаант улсаас Бүгд Найрамдах засаглалд шилжсэн үйл явц.

1911 оны 12 дугаар сарын 29 нь бол Монголын төрийн тусгаар тогтнож, бие даан өөрийн асуудлаа шийддэг болсон өдөр. Энэ өдрийг монголчууд бид тийм ч амар хялбар олж аваагүй. Тухайн үеийн олон сайхан эх орончдын тэмцэл, халуун амь, зориг, ухаан бодол, эв нэгдэл, хамтын хүчээр тэмцэж байж тусгаар тогтнолоо эргүүлэн олсон өдөр. Тийм учраас Үндэсний эрх чөлөөний өдөр гэж нэрлэдэг билээ. Бүр нарийн яривал 1924 онд баталсан Үндсэн хууль бол анхны Үндсэн хууль биш. Бид чинь найман зууны тэртээ “Их засаг” гээд тухайн үедээ дэлхийд шагшигдсэн Үндсэн хуультай  байсан улс. 1911 оны тусгаар тогтнол ч анхных нь бус. Хоёр мянга гаруй жилийн төр улсын түүхтэй агуу ард түмэн шүү дээ. Тиймээс 1911 оны 12 дугаар сарын 29-ний өдөр бол Монголын төр дахин тусгаар тогтносон, сэргэн мандсан, эрх чөлөөгөө дахин олсон баярын өдөр юм.

Ер нь бол Манж Чин улс Монголыг маань шууд эзэлчихээгүй шүү дээ. Эхний үед Манжийн хааны Айсингироо болон Монголын алтан ургийн хаад бие биендээ харилцан туслалцсан түшмэг нөхөрлөлийн харилцаатай байсан юм. Өөрөөр хэлбэл бидний ярьдаг 200 гаруй жилийн 100-аад жил нь ийм харилцаатай явж ирсэн дээ. Манж Чин улс 1644 онд Хятадыг эзэлсэн юм.

Харин Монголыг 1755- 1758 оны зэвсэгт бослогын дараагаар эрхшээлдээ оруулжээ. Яагаад ийм тоо баримт дурдаад байна вэ гэвэл Манж Чин улс Хятадыг эзлэхэд 44 жилийг зарцуулсан бол Монголыг эрхшээлдээ авахын тулд 120-иод жилийг зарцуулсан байдаг. Манж нар 1644 онд Хятадыг эзэлж аваад хаан нь Бээжинд төвлөж засаг захиргааны төвөө байгуулсныг бид мэднэ. Харин удаан хугацааны туршид Манжийн төр, төрийн бодлого Хятад түшмэлийн бодпого болон уусч хувирсан билээ.

Энэ үеэс Манж Чин улсаас Монголд явуулж буй уламжлапт төрийн бодлого өөрчлөгдөж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, Манжийн хааны засаг захиргааны аппаратад хятад түшмэлүүд олноороо ажиллаад ирэхээр тухайн төрийн монголчуудтай харилцаж байсан бодлого Монголын алтан ургийн хаад, Манжийн хааны хооронд байгуулсан гэрээний анхны шинж чанараа алдсан юм.Тийнхүү Манжаас Монголд явуулах төрийн бодлогод Хятадын эрх ашиг үнэртэж эхэлсэн. Түүнээс биш бид Хятадын дарлалд байгаагүй.

Зарим хүн Хятадын дарлалд байсан гэж ярьдаг. Хэзээ ч Хятадын дарлалд байгаагүй ард түмэн. Үүнийг бидний туулж ирсэн түүх гэрчилнэ. Саяхан “Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлгээр Монголын маань нэрт түүхч , академич Ш.Бира гуай “Тийм ээ, бид Хятадын дарлалд хэзээ ч байгаагүй” гэж ярих сайхан сонсогдож байсан шүү.

Үндэснийхээ эрх чөлөөний энэ өдрөөр, тусгаар тогтнолоо зарласан энэ өдрөөр бид үндэсний эрх чөлөөний хувьсгалыг амь нас, халуун цусаа хайрлалгүй хийсэн домогт баатруудаа, эх оронч хөвгүүдээ дурсан тэмдэглэмээр санагддаг юм. Аливаа түүхэн үйл хэрэг нэг хүний гавьяагаар бүтдэггүй. Олон хүний хамтын үйл ажиллагааны үр дүнд буй болдог.

Тиймээс ч 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалыг Богд хаан маань ганцаараа хийгээгүй, ганцаараа удирдаагүй.Тэрбээр бусад хамтран зүтгэгч, эх орончидтой хамтран хийсэн юм. Тухайлбал, Чин ван Ханддорж, да Лам Цэрэнчимэд, гүн Хайсан, Хатанбаатар Магсаржав, Манлай баатар Дамдинсүрэн зэрэг олон хүнийг дурдаж болно. VIII Богд Жавзандамба хутагт үндэсний эрх чөлөөний хувьсгалын оюун санаа, сэтгэл зүйг удирдан жолоодогч байсан бол Хатанбаатар Магсаржав, Манлай баатар Дамдинсүрэн, Зоригт баатар Тогтох, Ялгуун баатар Сумъяа нарын зэрэг хүмүүн цэрэг дайны үйл ажиллагаанд оройлон оролцож байсан билээ. Бид өнөөдөр энэ баярын өдрөө энэ эрхэм хүмүүсээ эргэн дурсах, хүндлэх ёстой санагдана.

Ний нуугүй хэлэхэд “Түүхээ мэдэхгүй хүн ойд төөрсөн сармагчин лугаа адил” гэж мэргэн ухаантны хэлсэн үгийг дахин дахин бодмоор. Түүхчид маань, сэтгүүлч сурвалжлагч нар маань хаа байна вэ? Бид яагаад эх түүхээ ийм муу мэдэж байна вэ? Бид яагаад уншихаа больчихсон юм бэ? Их хаанаа “Өвөө” гэж дууддаг улс өөр хаа нэгтээ байдаг болов уу? Францчууд Напалеон хаанаа, Македончууд Александр хаанаа “Өвөө” гэж дуудаж байхыг би сонсоогүй, олон хүнээс асуусан, тэд сонсоогүй гэсэн. Бид эх түүхээ, их хаанаа хүндлэхгүй юм бол хэн хүндлэх юм бэ?

Бид олон баяр тэмдэглэдэг. Гэтэл тусгаар тогтнолын, эрх чөлөөний баяраа яаж тэмдэглэж байна вэ? Эх орны маань хамгийн үнэт баялаг бол тусгаар тогтнол, эрдэнэт хүний хамгийн үнэт баялаг бол эрх чөлөө. Тэгэхээр энэ баяр маань баяр баярын дээд нь баймаар ???

 

Төрийн шагналт, доктор профессор Л.Хүрэлбаатар