Амархүү багт наадмын тухай анх сонсоод гайхах дургүйцэх зэрэгцэв. “Ямар тэнэг нь ийм марзан дэмий юм сэддэг байнаа. Очиж очиж багт наадам шүү. Цэцэрлэг, сургууль биш дээ.
 
Сургуульд ч гэсэн нэгдүгээр ангийн бяцхан хүүхдүүд л ийм гэнэхэн тоглоомд оролцдог байх. Гэтэл бүр төрийн яам шинэ жилээрээ багт наадам зохионо гэнээ. Төрийн яам л юм бол төрийн яам шиг л байх хэрэгтэй шүү дээ. Ажлаа дүгнээд, оны шилдгүүдээ шалгаруулж шагнаад, шинэ оныхоо зорилтыг дэвшүүлээд, шинэ жилийн үдэшлэгээ сайхан тэмдэглэдэг байгаа даа” гэж бодов.
 
Тэрбээр энэ сард гуч хүрч байгаа ч хараахан эхнэр аваагүй ээжтэйгээ хоёулахнаа амьдардаг билээ. Амархүүг бага байхад аав нь мотоцикльтэй явж байгаад осолд орж нас баржээ. Ээж нь ганц хүүдээ амь болохоор хойд эцгийн гар харуулахгүй гэж хүнтэй ч суусангүй. Тийнхүү Амархүү эмээ, ээж хоёрынхоо дэргэд өссөн бөгөөд эмээ нь хэдхэн жилийн өмнө өөд болжээ.
 
Амархүү багт наадмын тухай бодлоо орой гэртээ очоод ээждээ хэлэв. Ээж нь сонсоод бас л дургүйцэв. “Одоо ч төр төр биш болжээ. Яам юм бол яам шиг л байх шиг хэрэгтэй шүү дээ. Яам нь ингэж тавьтиргүйтэхээр бусад байгууллага нь яах болж байнаа...” гэж ээжийгээ хэлэхэд Амархүү жуумалзав. “Яав, буруу юм хэлчихсэн үү? Одоо байтлаа эхээ дооглох нь уу? гэхэд Амархүү “Яалаа гэж дээ ээж ээ. Би яг таны хэлсэн шиг бодож байсан болохоор инээд хүрээд... Адил адил гэхэд дэндүү адилхан ” гэхэд ээж нь “Юу нь инээдтэй байдаг байна аа, ээж хүү хоёр юм чинь адилхан л бодож таарна шүү дээ” гэв.
 
Ээжийнхээ энэ үгсийг сонсоод Амархүү юун инээхтэй жуумалзахтай болов. Түүнийг бага дунд сургуульд байхаас “ээжийн хүү” гэж хочилдог байлаа. Амархүү “аавгүй болохоор л тэгж хочилж байна гэж бодоод аавгүйдээ гомдож аавтай хүүхдүүдэд атаархаж байснаас өөрийг бодож байсангүй. Харин дээд сургуульд, дараа нь яаманд энэ хоч дагаж ирсэн нь өөр учиртай. Нэг удаа дотны найз нь түүнд “Чи яг ээж шигээ ярих юм. Бүхнийг ээжийнхээрээ шийдэх юм. Ээжийнхээ толгойгоор бус өөрийнхөө толгойгоор сэтгэж байгаач” гэсэн нь санаанд оров. Тэгэхэд Амархүү жигтэйхэн дургүйцэж намайг настай, эмэггэй хүнтэй зүйрлэлээ. Би залуу хүн настай хүнтэй адилхан сэтгээд байхдаа яахав” гэж дотроо үгүйсгэж байлаа. Одоо бол түүнд “Нээрэн ээж бид хоёр яг адилхан бодож байна шүү" гэсэн бодол зурсхийв. Тэгснээ өчнөөн жил хамт амьдарсан, бас ч гэж ээж хүү хоёр юм чинь хааяа адилхан сэтгэж болно шүү дээ гэж өөрийгөө зөвтгөв.
Амархүү багадаа тун сахилгагүй хүүхэд байжээ.
 
Энэ яг аавыгаа дуурайсан хүүхэд болох нь. Эртнээс сайн хүмүүжүүлэхгүй бол болохгүй нь гэж ээж, эмээ хоёр нь ярьдаг байжээ. Амархүүгийн аав айлын ганц хүүхэд байсан болохоор тун чиг дураараа өссөн юмсанж. Аавынх нь бүхнийг өөрийнхөөрөө хийх гэдэг нь, бас мотоцикльтойгоо галзуу юм шиг хар хурдаараа давхих дуртай нь, түүнээсээ болж осолд орж нас барсан нь, ганц хүүгээ өнчрүүлсэн нь эрх дураараа өссөнөөс нь болсон гэж Амархүүгийн эмээ, ээж хоёр боддог ажээ.
 
Тиймээс ч хүүг эрхлүүлэхгүй гэж тун хатуу гараар өсгөжээ. Ээж нь ч бас эмээгийнх нь хатуу гараар өссөн байжээ. Амархүү эхэндээ ээжийнхээ, бас эмээгийнхээ үгэнд тэр бүр орохгүй, алганы амт нэлээд үздэг байлаа: “Аавыгаа яг дуурайчихаж, энэ янзаараа бол хүү чинь сайн хүн болохгүй" гэх эмээгийнхээ ээжид нь хэлсэн үгийг бяцхан хүү нэг удаа сонсжээ. Түүнийг дэндүү багад аав нь тэнгэрт хальсан болохоор хүүд аавынхаа талаар дурсан санах зүйл бараг үгүй. Тиймээс эмээгийнхээ яриаг сонсоод аавыгаа их муу хүн байсан гэж бодох болжээ.
 
Бяцхан хүүг бодвол ээж эмээ хоёр нь мэдээж тэвчээр хатуужилтай, хашир туршлагатай болохоор тэд санасандаа хүрчээ. Амархүү аав шигээ биш, ээж шигээ, эмээ шигээ хүн болов. Ээжийнхээ үгнээс гарахгүй, багшийнхаа үгнээс ч гардаггүй бүх зүйлийг дүрэм журмын дагуу хийдэг дэгтэй гэхэд дэндүү дэгтэй хүүхэд болжээ. Хичээлдээ маш сайн, онц л сурна. Хувцас гэхэд бүх товчоо товчлоно. Энгэр заам задгай явах байтугай нэг л товч дутуу товчилбол өөрт нь хачин санагдана. Ядаж наад чинь боогдохгүй байна уу гэж найз нарыгаа хэлэхэд хоолой задгай оргиод бас өвдчихдөг юмаа гэнэ.
 
Багт наадам гэж марзан дэмий, огт хэрэггүй гэж Амархүү бодовч сайд дарга нар зөвшөөрсөн болохоор л зарласан байх. Тэгэхээр буруу ч бай дэмий ч бай сайд дарга нарынхаа хэлснийг дагахгүй бол болохгүй. Хамт олноо ч дагах ёстой гэхэд ээж нь мэдээж дэмжив. Харин хаанаас багт наадамд оролцох хувцас яаж олох вэ гэдэг хэцүүхэн асуудал. Хэдхэн хоногийн дараа шинэ жилийн үдэшлэг, багт наадам... Багт наадмын хувцас олж чадахгуй, яамныхаа арга хэмжээнд оролцохгүй бол юу болох вэ? Дорлигоос эхлээд л дарга сайд нар эсэргүүцэж байна, дургүйцэж байна л гэж бодно. Тэгэхээр багт наадмын хувцас заавал олох ёстой. Харин яаж...? Амархүү хэд хоног толгойгоо гашилгав.
 
Ашгүй тэгтэл ээж нь таньдаг мэддэг хүмүүсээсээ утасдаж асуусаар байгаад нэг театраас яг шинэ жилийн үдэшлэг болох орой арай гэж багт наадмын хувцас олсон нь Дон Кихотынх ажээ. “Үүнээс дор юм гэж байх уу.  Ингэсэн дор тэр Арлекино ч байна уу Жокерийн ч байна уу алиалагчийн хувцас хавьгүй дээр байсан юм” гэж Амархүү бодлоо. Түүнийхээр энэ хорвоо дээр хамгийн тэнэг хүн бол Дон Кихот. Тэнэг тэнэг гэхэд салхин тээрэмтэй байлдаад байхдаа ч яахав. Тэглээ гээд эмээгийнх нь хэлэх дуртай “Бодоод бодоод бодын шийр дөрөв” гэгчээр өөр хувцас олдоогүй, өөрийг хайх цаг ч байхгүй болохоор яая гэхэв. Хувь заяаны тоглоом шоглоом гэдэг л энэ байх даа гэж бодоод эвлэрчээ.
Амархүү шинэ жилийн үдэшлэг болох газар бүр эрт очив. 
 
Эрт очсны ч хэрэг гарчээ. Хүнгүй өрөө олж тэнэг гайхал Дон Кихотын тэнэг хувцсыг хэнд ч харагдалгүй өмсч амжив. Хэн нэг нь харчихвал Дон Амархүү гээд шоглоод ч байх юм билүү? Ээжийн хүү гэсэн хоч дээр нь бас нэг тэнэг хоч нэмэгдэнэ. Ядаж байхад энэ нэг тэнэг жад... барьж явахад төвөгтэй гэдэг нь. Нэг орой хорвоогийн хамгийн тэнэгийн дүрд тоглож дээ. За яахав, ганцхан орой юм чинь тэсээрэй гэж тэр өөрийгөө зориг жуулав.
 
Шинэ жилийн үдэшлэг багт наадам удахгүй эхэллээ. Эргэн тойронд нь эрээн мяраан хувцастай, элдэв багтай янз бүрийн “танихгүй” хүмүүс. Урдхан талд нь нэгэн бүдүүн ноёнтон. Хантаазтай хүрэн торгон дээл, улаан залаатай малгай өмсөж бас нүүр амаа будчихжээ. Их л эрхэмсэг нэгэн юм байхдаа гэдийчихээд тун чиг додигор сэтгэл хангалуун зогсоно. Амархүү түүнийг танив. Тэр мундаг ноёнтон бол хэлтсийнх нь дарга Дорлиг байлаа. Дарга царайлчихаад багт наадмаар үүнээс өөр хувцас олдоогүй юм болов уу, тэгж яривал миний хувцас дээр юм гэж Амархүү бодов. Дорлиг угаасаа л дарга түшмэлийнхээ ажилд дуртай, энэ ажлаа алдахаас үхтлээ айж сайд дарга нарын бөгсийг долоох нь холгүй явдаг хүн. 
 
Тэгсэн мөртлөө хэлтсийн хэддээ ямар дээрэлхүү гээч. Тиймдээ ч багт наадам болохоор өөр хувцас ч мэдээж хайгаагүй, жинхэнэ сонирхол нь, үнэн царай нь илэрч байна. Түүнийгээ нуух ч үгүй байна. Бүр цагаандаа гарчээ. Дарга сайдын багтай хувцас гэж байхгүй болохоор л хуучин цагийн дарга түшмэл болох ноёны хувцас сонгож дээ. Энэ одоо тэгээд хэн гээч ноён бэ? Балган уу? Аль эсвэл Дүлзэн үү? Тэр мэнгийг нь ... гэж бодонгуут Амархүүгийн инээд нь хүрэв. Дорлигт будаг шунхаар хиймэл мэнгэ тавих шаардлага ч байсангүй. Төрөлхийн мэнгэ нь зохижээ, зохиж.
 
Амархүү Дорлигт үнэн голоосоо дургүй байлаа. Дорлиг ч Амархүүд дургүй. Амархүү яамныхаа хамгийн үлгэр жишээ ажилтны нэг. Тэр хэзээ ч ажилдаа хоцорч байсангүй. Яамнаас гарсан бүх л дүрэм журмыг яг таг биелүүлнэ. Үүрэгт ажлаа хамгийн сайн хийнэ. Хамт олон нь ч түүнд сайн. Гэтэл Дорлиг түүнд яагаад ч юм дургүй, үргэлж л түүнээс өө сэв  хайна. Магадгүй өөрөөс нь илүү мэдлэгтэй, чадвартай, хамт олондоо нэр хүндтэй болохоор өөрийнх нь суудалд санаархдаг гэж боддог байх.
 
Дорлигийг нуруугаа үүрчихээд хөнгөн хөгжмийн аясаар монгол гутлынхаа ээтэн хоншоорыг ганц нэг хөдөлгөсөн шигээ үнэхээр л ноён аятай ихэмсэг зогсохыг хараад түүний дээрэлхүү зан нь улам тодрох шиг санагдахад Амархүүгийн дургүй хүрч цохиод авмаар санагдав. Юндэн л болдог байж, тэгээд бусад ардтай нийлж муу Балганыг заамдаж аваад эрүүг нь яйртал цохихгүй юу, аль эсвэл улаан цэрэг болж муу Дүлзэнг тэрийж унатал буудахгүй юу гэж бодов.
 
Гэнэт түүний тархинд нэг зоримог бодол зурсхийн орж ирэв. Яагаад болохгүй гэж. Амархүү Дон Кихотынхоо жадаар чанга гэгч хатгаад авав. “Май, ингээд чи биднийг дээрэлхэж бай”. Дорлиг цочоод ийш тийш харав. Нэлээд өвдсөн бололтой ярвайж байсан ч арай орилж ёолсонгүй. Амархүүд маш сайхан байлаа. Хэдэн жилийнх нь гомдол өшөө хорсол бага ч гэсэн тайлагдах шиг болов.
 
Тэгээд гайхаж цочсон Дорлигийг цааш хармагц өөрөө ч мэдэлгүй жадаараа өмнөхөөсөө илүү чанга хатгаад авав. Дорлиг энэ удаад яах аргагүй чангаар ёолоод эргэж харав.. Энэ бүдүүн ноёнтон юундаа хашгирч ёолоод маяглаад байгаа юм бол гэх шиг бүгд л түүн рүү гайхан харцгаана. Дорлиг ч ийш тийш өөрийг нь хатгасан гэмтнийг хайж харж байснаа Амархүүгийн хараахан гүйцэд нууж амжаагүй жадыг анзаарч хэн хатгаад байсныг сая ойлгов бололтой шуудхан хүрч ирэв. “Яаж байнаа?” гэж ууртай асуухад нь Амархүү “Тоглосон юмаа ” гэж хэлэх гэсэн боловч дуу нь гарсангүй. “Таньчихвал өнгөрлөө. Ажилгүй боллоо л гэсэн үг. Үгүйдээ л хорхой идсэн шүдэнд нь зуугдана” гэж бодоод үхтлээ айв. “Наадах чинь яагаа ч үгүй шүү дээ”, ”Дон Кихот бишээ”, “Дон Кихоттой тэнэг хүн л маргана даа”, “Тоглоом шүү дээ” гэж түүний тал талаас шуугилдав. Тэр багтай хүмүүсийн Амархүүг хамгаалсан ярианаас ажвал мэдээж нэг хэлтсийнхэн нь байлаа. 
 
Гэтэл нэг нь “Ямар ууртай ноён бэ? Сайдыг цохиод авах нь уу?" гэлээ. Дорлигийн шазуур зуусан ууртай царай дорхиноо өөрчлөгдөв. Гайхсан, сандарсан, айсан энэ царайг харах үнэхээр сайхан мөч. Ингэтлээ улаанаар будаагүй бол түүний 'царай үхсэн хүнийх мэт цайсан нь сандарч мэгдсэнээс нь илт байлаа. Гэвч Амархүү өөрөө айж сандарсан ч түүнийг нь анзаарахтайгаа байлаа. Тэрбээр нууж чадаагүй жадаа хойш таттал Дорлиг дахиад хатгах нь уу гэсэн шиг сандарч "Уучлаарай, сайд аа...” гээд үхээнц дуугаар сонсогдох төдий хэлээд түүнээс холдов. Амархүү өндөр намаараа ч өргөн бүдүүнээрээ ч үнэхээр сайдтай адилхан байлаа. 
 
Эргэн тойронд нь доогтой хөгжилтэй, бас түүнийг хөхүүлэн дэмжсэн инээд удтал сонсдов. Амархүү тайвширч түүний айж сандарсан царайг бодсноо Дорлиг гэж ийм үхээнц дорой амьтанд бид дээрэлхүүлж байсан юмуу? Үүнээс хойш ч ёстой үгүй дээ. Тэнэг мулгуу шаардлагыг нь шууд л эсэргүүцэж байх хэрэгтэй юм байна, зоригтой байя, хулчгар өөдгүй зангаа орхиё, хэлтсийнхээ хэддээ хэлье гэж бодов. Тэгээд сандарч тэвдсэн Дорлиг даргынхаа дэргэд очиж “За, за. Тоглосон юм аа. Жаахан л өвдөө биз. Эрчүүдийн тоглоом үүнээс ч хатуу байдаг шүү дээ, чинийх ч бас дутдаггүй дээ” гэж хэлээд дал мөрөн дээр нь алгадаж наргимаар санагдав. Гэвч Амархүү тэгсэнгүй. Дорлигийн айж сандарсан царайг дурсах тусам сайхан. Энэ бол түүний амьдралын хамгийн том нээлт, хамгийн дурсгалт мөч, хамгийн том ялалт байлаа.
 
Анхнаасаа л дургүй байсан багт наадам нь одоо түүнд таалагдаж эхпэв. Ямар ачтай буянтай хүн энэ санааг гаргадаг байнаа. Тэрбээр танхим дундуур хэсч баахан дураараа аашилж явснаа сэтгэлдээ нууцхан хайрлаж явдаг Урнааг гэнэт харав. Хэдийгээр нүүрэндээ эрвээхий баг өмссөн ч өндөр гоолиг нуруу, туялзсан бэлхүүс, цангинасан хөгжилтэй инээдээрээ танигдаж байлаа. Урнаа бол яамныхаа мисс л гэсэн үг.
 
Эр хүний сэтгэл татам гоо үзэсгэлэн, хөгжилтэй боловч ихэмсэг бардам зан, сайдын нуудгай гэсэн үнэн худал нь үл мэдэгдэх цуу ярианы чухам алинаас нь яамны эрчүүд эмээдэг юм бүү мэд Урнаа голдуу ганцаар явна. Амархүү Урнаагийн дэргэд очиж түүнийг бүжгэнд урив.
 
Бусад үед бол хэзээ ч түүнийг урихгүй байлаа. Өөрийг нь үл тоомсорлох вий гэхээс, түүнд гологдох вий гэхээс, бас урихад нь олны өмнө бүжиглэхээс татгалзах вий гээд айх олон шалтгаан Амархүүд байлаа. Урнаа нарийхан бэлхүүсээ туялзуулан тас тас инээж “Өнөөдөр ямар гоё үдэш вэ? Дон Кихоттой хүртэл бүжиглээд...” гэнэ. Өөрийг нь таньчихаад цаашлуулаад ч байгаа юм уу, Дон Кихотын хувцсыг нь дооглоод ч байгаа юм уу? Гэлээ ч түүний энэ бяцхан тохуурхал хүртэл Амархүүд сайхан санагдаж байлаа. 
 
Нөгөө хүршгүй мэт санагддаг, зүүдпэж хүсч мөрөөдөж явсан Урнаа гэдэг сайхан бүсгүй ийм энгүүн, ийм ойрхон байсан юм уу? Түүнээс анхилах хээр талын онгон цэцэгсийнх мэт тансагхан зөөлөн үнэр, хөгжмийн аясаар өд шиг хөнгөн эргэлдэн бүжиглэх, түүний дооглох мэт эрхлэх мэт ёжтой инээмсэглэл, шинэ жилийн үдшийн энэ гайхалтай орчин Амархүүд нэг л үл итгэгдэм зүүд зэрэглээ мэт, дээрээс эргэлдэн унах өнгө өнгийн цаасан ширхэг нээрэн л хөвсгөр зөөлөн цас мэт, тэр өөрөө Урнаагийн хамт үүлэн чанадад тэнгэрт хөвж яваа мэт санагдаж байлаа. 
 
“Хоёулаа маргааш уулзах уу?” Амархүү ингэж хэлсэндээ итгэж ядав. “Яах гэж?” “Ахиад л... ингээд л бүжиглэхгүй юу?" Түүний энэ тоглох аястай хэлсэн үгэнд тохирсон хариу ирэв. “Яагаад болохгүй гэж? Өдөр болгон бүжиглээд л ...” гэх нь тэр. Урнаа хөгжилтэйгээр бүжиглэж явснаа гэнэт царайгаа түвшин болгож “Чи гоё бүжиглэх юм аа. Ингэтэл чи хэн бэ?” гэж асуув. 
 
Амархүү нэрээ хэлж чадсангүй. “Дон Кихот” гэснээ ээрч түгдрэн “Маргааш хэлнээ” гэхэд Урнаа “Өөрөө л мэд...” гэлээ. Түүний дуу хоолойны өнгөнөөс гомдсон, дургүйцсэн, нэрийг нь үнэнээсээ мэдье гэсэн үү ямар нэг байдлыг Амархүү олж мэдэх гээд чадсангүй. Жирийн л нэг үгс. Гэрт нь хүргээд өгөх байтугай “Гэрт чинь хүргээд өгөх үү ?” гэж асууж ч чадсангүй. Дэмий л өөрийнхөө зориг зүрхгүй хулчгараа гайхаж байлаа.
 
Шинэ жилийн үдэшлэг багт наадмаа тараад Амархүү таксинд суусангүй. Пальтоныхоо захыг босгоод яаралгүйхэн алхлав. Хөвсгөр зөөлөн цас будрах их хотын нам гүм гудманд зүүрмэглэх моддын дунд үлгэр мэт багт наадмаа дурсан алхах шиг жаргал түүнд байсангүй. Өөрийг нь байнга дарамталж дээрэлхэж байдаг Дорлигийг айлгаж цочоосон, удтал мөрөөдсөн Урнаатайгаа бүжиглэн эргэлдсэн энэ сайхан мөчүүдээ дурсаадл алхаад баймаар... 
 
Гэнэт өөрт нь үл үзэгдэх, олон жил түүнийг хүлж баглаж байсан хүлээс тайлагдах мэт эрх чөлөөний цоо шинэ мэдрэмж шөнийн хүйтэн цэнгэг агаарын хамт цээж дүүрэн амтагдав. Цоо шинэ амьдрал, цоо шинэ мэдрэмж, хэн нэгэн өөрийг нь юу гэх бол гэж эмээхгүй, элдэв журам дүрэм гэхгүй өөрийнхөөрөө байх юутай сайхан... Маргаашнаас л шинээр амьдарнаа гэж бодсоор гэртээ оров.
 
Шинэ оны ажлын эхний өдөр. Он нь шинэ ч бүх зүйлс хуучнаараа эхлэв. Дорлиг бүгдийг цуглуулж улиг болсон дүрэм журам, тайлан төлөвлөгөө ярьж эхлэв. Бүгд түүний ярианаас залхсан ч хэн нь хэлж эс зүрхлэн дуугүй сонсоно.
 
Ахиад л хэн ч үл унших уртаас урт тайлан бичих. Хэлтсийнхэн нь үүнийг нойрны эм үйлдвэрлэх гэж нэрлэнэ. Бас хэзээ ч үл биелэх олон тоо хүснэгт бүхий төлөвлөгөө зохиох. Үүнийг бол Амархүүгийн хэлтсийнхэн мөрөөдлийн зураг зурах гэнэ. Дорлиг яриад л байв. Таван минутад ярьчих зүйлсийг тавин минут өнгөрсөн ч дуусаагүй л байв. 
 
Түүний энэ нуршуу яриаг тасалчих, зогсоочих аавын хүү тэдний хэлтэст байсангүй. Тэгтэл Амархүүгийн дэргэдэх Мөнхөөг эвшээж байхыг Дорлиг харчихжээ. “Мөнхөө гуай та миний ярьж байгааг, манай яамны бодлогыг эсэргүүцээд байнаа даа?” Мөнхөө Дорлигоос олон насаар дүү. Гэвч Дорлиг хэн хүнийг загнах болохоороо гуайлж эхэлнэ. Бусад үедээ өөрөөс нь хичнээн ах байсан ч чи гэнэ. Мөнхөө сандарч “Уучлаарай, дарга аа.  Тийм бодол байхгүй ээ. Зүгээр л өчигдөр их орой унтсан юм” гэв. Дорлиг даргын дуусах дөхөж байсан сунжруу яриа өөр сэдвээр өрнөв. Хүн өдөрт хэдэн цаг унтвал зохимжтой, америкчууд, хятадууд хэдэн цагунтдаг гээд... Тэр энэ сэдвээр саяхан ямар нэг юм уншсан бололтой, мэдлэгээ харуулах сайхан боломж олджээ. Бүгд л энэ нуршуу хурал шүү юм дуусаасай, энэ дэмий яриагаа зогсоогоосой гэж бодовч дув дуугай. Тэгтэл гай газар дороос гэгчээр Амархүү үзгээ унагачихав. Үзэг нь өнхөрсөөр Дорлиг даргын хөлд тулав. 
 
“Та нар намайг эсэргүүцээд байнаа даа... санаатайгаар яриа таслаад..." гэж тэрбээр уурсав. Танхимд ялаа ниссэн ч сонсдохоор нам гүм болов. “Үгүй дээ, ёстой санамсаргүй юм боллоо...” гэж Амархүү хэлэхдээ ээрч түгдрэн хар хөлс нь чийхрав. Амархүү өөртөө дургүй хүрч байлаа. Шинэ жилийн оройн нөгөө нэг их зориг зүрх хаачив. Нөгөө шинэ амьдрал, өөрийнхөөрөө амьдрах яасан. Цагаа болохоор бодсноор болдоггүй хорвоо ажээ. 
 
“Энэ үзэг шүү юмаа аваач...” гээд Дорлиг гутлынхаа хоншоороор 'Амархүүгийн ээжээсээ шинэ жилээр бэлгэнд авсан шинэхэн “Паркер” үзэг рүү заав. ”Урьд урьдынхаас ууртай байх чинь. Арай шинэ жилээр Дон Кихотын жадаар өөрийг нь хэн хатгасныг мэдсэн юм биш байгаа. Тэгвэл ч ахлах мэргэжилтэн болох гэж гурван жил энэ муугийн дээрэлхэхийг тэвчсэний хэрэг өнгөрлөө" гэж Амархүү сандрав. Түүнийг очиж үзгээ авахаар мөргөх шахам тонгойход Дорлиг өөдөөс нь нүүр харагдах шахам гялалзсан хар гутлынхаа хоншоороор үзгийг нь дөхүүлж өгөв.
 
Баатархүү өдөржингөө уруу царайтай өнжлөө. Ажил тараад гарч явтал яамны үүдэнд Урнаатай тааралдав. “Сайн уу? “ гэж мэндлэх нь нэг л ялдам дотно. Гэвч Амархүүд түүнийг анзаарах сөхөө байсангүй, “Сайн” гэж дуулдах төдий хариулаад бушуухан гарав. 
 
Амьдрал нь ч сэтгэл нь ч энэ бүрхэг өдрийн бүүдгэр тэнгэр шиг гунигтай, уйтгартай, ямар ч утга учиргүй санагдав. Гэтэл түүнд саяхан тааралдсан Урнаагийн шинэ жилийн орой хөгжилтэй инээмсэглэх сонсдох шиг болж, бас тэр үдэш Дорлигийн айж сандарсан харц үзэгдэж сэтгэлд нь бяцхан гэрэл гэгээ цацрах шиг болоод унтрав. 
 
Дараа жилийн наадам хол байна даа хол байна гэдэг шиг дараагийн шинэ жилийн үдэшлэг хол байна даа хол байна. Тэгээд ч дараагийн шинэ жилээр багт наадам зохиогоо ч билүү, үгүй ч бил үү гэж бодонгуут тэр цочих шиг болж алхаа нь хурдасч амьсгаа нь түргэсэв. Гадаа хүйтэн жавартай ч агаар цэвэрхэн, амьсгалахад сайхан байлаа.
 
 
 
Төрийн шагналт, доктор, профессор
Л.Хүрэлбаатар