Өнгөрөгч 5 дугаар сарын 6-нд судлаач Д.Ганхуяг УИХ-ын гишүүн Д.Гантулгыг чөлөөлсөн УИХ-ын 49 дүгээр тогтоолыг Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж Үндсэн хуулийн Цэцэд хандсан. Д.Ганхуягийн хувьд сэтгүүлч Г.Уянгатай ойр дотно бөгөөд УИХ-ын гишүүн байхад нь зөвлөхөөр нь ажиллаж байсныг хүмүүс мэднэ. Г.Уянга одоо Ерөнхийлөгчийн зөвлөх. Ерөнхийлөгчийн хувьд УИХ-ыг тараах саналыг удаа дараа тавиад буй. Тэгэхээр судлаачийн Цэцэд хандах болсон шалтгаан нь цаанаа нэгэн тодорхой ашиг сонирхолтой уялдаж байна гэж харж болох талтай.Юутай ч Цэц 5 дугаар сарын 27-нд уг асуудлыг дунд суудлын хуралдаанаараа авч хэлэлцээд Д.Гантулгыг чөлөөлсөн 49 дүгээр тогтоол Үндсэн хууль зөрчөөгүй гэдэг дүгнэлт гаргалаа. 
 
Харин Сонгуулийн хуулийг цаашид улам боловсронгуй болгох, Сонгуулийн хууль, сонгуулийн үр дүнтэй холбоотойгоор цаашид маргаан гаргахгүй байх нөхцлийг улам нарийн тогтвортой бүрдүүлэх нөхцөлтэйгээр нөхөн сонгуулийг явуулах тухай, мөн сонгуулийн зардлыг улсын төсөвт суулгах шаардлагатай байна гэж үзэж 22 дугаар тогтоол Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн байна гэдэг дүгнэлт гаргасан юм. Цэцийн энэхүү дүгнэлттэй холбоотойгоор нөхөн сонгууль хойшлох, бүр болохгүй ч байж мэдэх нөхцөл байдал үүслээ.
 
Үндсэн хуулийн манаач гэгддэг институцийн шийдвэр гарсны дараахан нэр дэвшигчдээ тодруулж амжаад байсан АН, МАХН-ын удирдлагууд Цэц рүү хатуухан үгийг хайр найргүй нүүлгэж эхлэв. АН-ын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ “Хэнтийаймгийн 42 дугаартойргийн 17000 гаруй сонгогчдын эрх ашгийг Үндсэн хуулийн Цэц дэвсэлж байна. Цэц ерөнхийдөө эрх баригч намын хүслийг гүйцэлдүүлдэг гүйцэтгэгч байгууллага болж ээ гэдгээ илт харууллаа” хэмээн “харууслын нулимс” унагав.
МАХН-ын дарга Н.Энхбаярч “Үндсэн хуулийн Цэцийг хуулиа дээдлэх байх гэж харсан. Гэхдээ МАН тодорхой хүмүүст даалгавар өгч Цэцээс ийм шийдвэр гаргуулах гэж байгаа юм байна гэсэн мэдээллийг тавдугаар сарын 10-ны өдөр авсан. Би амьдралдаа янз бүрийн зүйл үзсэн учраас энэа суудалд даалгавраар хөдөлнө гэж харж байсан. Цэц жүжиг тоглолоо. МАН, АН хоёр эрх дархаа тогтоож байна.
 
Монгол Улс дарангуйллын тогтолцоо руу орлоо. Хүчирхийлэл үргэлжилж байна. Эмэгтэй хүнийг хүчиндэж байсан бол ард түмнийг хүчиндэж, саналаа өгөх эрхийг хааж байна. Харамсалтай нь шинэ МАНАН төрлөө” хэмээн хардлагаа итгэл үнэмшил болгож, түүнийгээ олон нийтэд тулгав.
 
УИХ-ын сул суудлыг битүүхэн зүүдэлж байсан ХҮН тэргүүтэй парламентад суудалгүй жижиг намуудын удирдлагууд ч яаж хоцрох вэ гэсэн шиг дээрх хоёр намтай санал нэг байгаагаа илэрхийлж эрх баригч намын даалгаврыг гүйцэлдүүллээ хэмээн ам уралдан мэдэгдээд авсан.Гэтэл улстөрийн хүрээнд зөвхөн дээрх хүмүүсийн хардлага, үзэл бодол ноёлж  байгаа юм биш,Цэцийн шийдвэртэй холбоотойгоор асуудлыг нөгөө өнцгөөс харж огт өөр анализ, дүгнэлтхийх хүмүүс ч байгаа юм. Тухайлбал, МАН-ын одоогийн удирдлагуудтай биш сууриараа унаж амжаагүй байгаа МАНАН бүлэглэлд гол учир нь байгаа гэнэ. Өөрөөр хэлбэл, Цэцэд МАН-ын одоогийн удирдлагууд биш,зарим талаар нөлөөгөө алдаагүй байгаа МАНАН бүлэглэл, тухайлбал АН-ын дарга С.Эрдэнэ нөлөөлсөн гэх хардлага байна. Учир нь улстөрийн том намын дарга, хүчтэй сөрөг хүчний лидер хэрнээ рейтингийн судалгаагаар эхний 10-т орж ирэхгүй байгаа С.Эрдэнийг эсэргүүцэх залуусын хөдөлгөөнд АН-д хэдийнэ өрнөөд эхэлсэн. Хэрвээ Хэнтийд ялагдвал намынхаа даргад хариуцлага тооцож, улмаар суудлаас нь авч хаях сонирхол тэдэнд байгаа. Дээр нь нэр нөлөө бүхий гишүүдээ, сүүлд Н.Алтанхуягийг намаасаа хөөсөн зэрэг нь С.Эрдэнийг гэх зарим гишүүдийнх нь сэтгэлийг хөргөж, улмаар намаасаа гарах нь гарч, тэсч үлдсэн зарим нь намын даргаа солих тэмцэл өрнүүлээд байна. Тийм учраас С.Эрдэнэ МАНАН-гаас дэмжлэг авч Цэцэд нөлөөлсөн, өөрөөр хэлбэл нөхөн  сонгуулийг явуулахгүй байх нь өөрт нь ашигтай гэдэг  байдлаар асуудалд хандсан гэж үзэх хэсэг байгаа юм. Хэдийгээр Дээд шүүх, прокурор, цагдаагийн удирдлагуудыг чөлөөлсөн ч МАНАН-гийн нөлөө шүүх, Цэцэд байсаар байна гэдэг байр суурь АН, МАХН-ын дарга нарын мэдэгдэлтэй зэрэгцээд ил тод сонсогдож эхэллээ.
 
 
Д.Лхагвадорж