АН өчигдөр: 
 
Ер нь  ардчиллынхан эхнээсээ нэг гэрт яваагүй шүү дээ. 1990 оны 2 дугаар сарын 18-нд  сард болсон  Монголын ардчилсан холбоо /МоАХ/-ны анхдугаар их хурлаар Монголын Ардчилсан Нам /МоАН/-ыг байгуулж байгааг зарлан тунхагласан хэдий ч цагаан морин жилийн хувьсгалд оролцсон болон ардчиллыг дэмжигч хүмүүс зөвхөн  энэ намын дээвэр дор нэгдэж нягтарч чадаагүй юм. Р.Гончигдоржийн байгуулсан Ардчилсан социалист хөдөлгөөнөөс Монголын Социал Демократ Нам мэндэлсэн бол Да.Ганболдын Шинэ дэвшилт холбооныхон  Монголын Үндэсний Дэвшлийн Нам /МҮДН/ гэгчийг байгуулж билээ. МоАХ-ны анхны ерөнхий зохицуулагч  С.Зориг ч гэсэн тухайн үед МоАН-ынхантай  ганзага нийлэлгүй  Бүгд  Найрамдах  Нам, дараа нь Нэгдсэн Намыг үүсгэж, бие даасан улстөрийн тоглолт хийж байлаа.
 
Ардчиллын  залуус тус тусдаа  улстөр хийж байсан ч эвсэл хэлбэрээр сонгуульд оролцохыг илүү үр дүнтэйд тооцож,  1992 оны УИХ-ын сонгуульд  МоАН, НН, МҮАН хамтарч оролцож үзсэн түүх бий. Гэхдээ ердөө тавхан суудал /МСДН-ын нэг суудлыг нэмээд/ авсан нь  амиа бодож амбицлаад явахгүй нь гэдэг сануулга болсон юм.
 
 
Улмаар 1996 онд МоАН, МҮДН нэгдэж Монголын Үндэсний Ардчилсан Нам /МҮАН/-ыг байгуулсан бөгөөд  Ц.Элбэгдорж  анхны  даргаар нь сонгогдож байлаа. МҮАН 1996 оны сонгуульд  МСДН-тай “Ардчилсан холбоо” эвсэл байгуулан оролцоод 50 суудал авч анхны түүхэн гэмээр ялалтаа байгуулсан. Гэхдээ дотоод зөрчил нь эрх баригчдыг хүчгүйдүүлж,  улс орныг удирдан жолоодох чадамжийг сулруулж байлаа. Эдийн засаг, нийгэм ч дагаад туйлдсан. Үүнээс болоод нэр хүндээ алдаж эхэлсэн учир МСДН нь амиа бодож 2000 оны сонгуульд дангаараа оролцож билээ. МҮАН нь МШАН /Монголын Шашинтны Ардчилсан Нам/ гэгчтэй эвсэл байгуулж оролцоод дөнгөн данган нэг суудал чангаасан  юм. Ийм үр дүн эрх биш нэгийг бодогдуулсан нь лавтай бөгөөд тус тусдаа яваад амжилтад хэзээ ч хүрэхгүйг ухаарч, үр дүнд нь  ардчиллын төлөө гэсэн тав зургаан нам нэгдэж АН-ыг үүсгэн байгуулсан түүхтэй. Тэгээд бодохоор одоогийн АН 2020 он гараад 20 жилийнхээ нүүрийг үзсэн гэсэн үг. Хамгийн гол нь нэг намын зохион байгуулалтад  орсноор  эв нэгдэл нь бүрэн  хангагдсангүй. Дотоод зөрчил нь байн байн хурцаар илэрч, дахиад л задарч, хуваагдах үйл явц өрнөж байсан  юм. 2003 онд М.Энхсайхан АН-ын анхны дарга Д.Дорлигжавын оронд намын дарга болсон ч  улстөрийн хүчний хувьд төлөвших эхлэлийг тавьж чадаагүй. Түүнийг АН-ын дарга болоход  “Ганцаарчилсан,  дураараа, бие даасан тоглолт хийдэг М.Энхсайхан яг хэвээрээ байна” гэж дүгнэх гишүүд цөөнгүй байсан гэдэг. Ийм уур амьсгалаас АН-ын хоёрдахь даргыг огцруулах хөдөлгөөн эхлэх болсон. М.Энхсайхан 2004 оны сонгуулийн өмнөхөн “Эрэл”-ийн  Б.Эрдэнэбатын үүсгэн байгуулсан Монголын ардчилсан шинэ социалист намтай “Эх орон-Ардчилал”эвсэл байгууллаа.  Хэдийгээр түүний энэ тактикийг Э.Бат-Үүл тэргүүтэн дэмжиж байсан ч Р.Гончигдорж нарын хуучин соцдекүүд таалаагүй билээ. Улмаар 2004 оны сонгуулийн өмнө Р.Гончигдорж АН-ын дарга М.Энхсайхан руу хэвлэлээр ил захидал дайж, дургүйцлээ илэрхийлсэн юм. Хэдийгээр сонгуулийн өмнө АН-ын дотоод зөрчил илэрхий цухалзсан ч ард түмэн “Эх орон-Ардчилал” эвсэлд 36 суудал хайрласан. Энэ нь мэдээж сонгуулийн штабаа удирдаж орсон М.Энхсайханы гавьяа мөн боловч  Р.Гончигдорж тэргүүтэн түүнийг хүлээн зөвшөөрсөнгүй. Улмаар тэдний зөрчил хурцдаж,  М.Энхсайханыг гадаад томилолттой гэх хойгуур соцдекүүд Р.Гончигдоржийг АН-ын даргаар өргөмжилж, мөн оны 12 дугаар сард “Эх орон-Ардчилал” эвсэл задарлаа. М.Энхсайханы хувьд бууж өгсөнгүй, тамга тэмдэгээ булаацалдсан  хэрүүл болж, Дээд шүүхэд гомдол  гаргахдаа хүрч  байлаа. 2006 онд Ц.Элбэгдоржийн тэргүүлсэн  Их эвслийн Засгийн газрыг огцорсны дараа М.Энхсайхан Үндэсний шинэ нам /2011 онд нэрээ сольж Монгол Үндэсний Ардчилсан Нам болсон/-ыг байгуулж билээ. Тэр цагаас АН-д “Кроун, “МоАХ, “Зүүн хойд азийн нийгэмлэг, “Алтан гадас, “Шонхор”, МҮДН, “Нэг ардчилал” зэрэг олон тооны бүлэглэл үүссэн билээ.  
 
АН өнөөдөр:
 
“АН-д задрал хуваагдал бус бүр сүйрэл нүүрлээд байна” гэж гишүүд нь халагдах боллоо. “Нэр дэвшихийг горилж байгаа бол заавал 100 сая төгрөг тушаах ёстой” гэдэг хатуу болзол тулгасан нь олон хүний дургүйцлийг төрүүлж, намдаа байр суурьтай залуус нь олноороо дайжих болсон. Энэ давалгаа намын хуучин лидерүүдээр нь үргэлжилж, АН-ыг 100 сая төгрөгөө өгсөн хүмүүсийн түр зуурын бүлэглэл мэтээр харагдуулах болов. 
Ардчиллын үйл хэргийг эхлүүлж, АН-ыг удирдаж явсан Э.Бат-Үүл, Н.Алтанхуяг, АН-ын дэд дарга Б.Дэлгэрмаа,  мөн С.Баярцогт нар бие даан нэр дэвшихээ илэрхийлсэн нь  намаасаа нэр дэвших орон зай олдоогүйдээ биш  одоогийн удирдлагуудын бодлого, үйл ажиллагаа нь таалагдахгүй байгаа болоод л тэр. Нэг ёсондоо хүлээн зөвшөөрөхөд хэцүү хандлагаас дайжиж  хуучин лидерүүд нь арга буюу өөр сонголт хийлээ дээ.
 
 
 
Товчхондоо З.Энхболд гэдэг хүн АН-ыг удирдаж, ардчиллыг устгаж байна гэж тов тодорхой ганцхан юм хэлээд төрөлх намынхаа хаалгыг саваад гарцгаалаа. Гэхдээ бие дааж нэг дэвшихээр шийдсэн нь намаа бүрмөсөн хаяж байгаа хэрэг биш л дээ. АН-ыг ялагдуулж, улмаар С.Эрдэнэ, З.Энхболд нараас үүрд салах гэж байгаа улстөрийн акц.
 
 
 
Э.Бат-Үүл "“Манай намын “жинхэнэ” дарга З.Энхболд мэтийн ардчиллын дайснуудтай тэмцэхээр УИХ-ын сонгуульд бие дааж нэрээ дэвшүүлэхээр шийдэж хүсэлтээ өглөө. Намынхаа залууст Зи-г зайлуул гэж сануулсан байхаа” хэмээн заналтайхан мэдэгдсэн нь зөвхөн З.Энхболдын нэр хүндэд харш гэхээсээ АН-д халгаатай үйлдлэл. Үүнийг тэр өөрөө мэдэхийн сайнаар мэдэж байгаа. Гэхдээ намынхаа хувь заяагаар туг тахиад ч хамаагүй ардчиллын “дайснуудаасаа” салая, намаа цэвэрлэе гэж хатуу шийдэхэд хүрчээ.
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан, АН-ын даргын ахлах зөвлөх З.Энхболдын хувьд өөр рүү нь шууд чиглэсэн намын дотоод их үймээн самуун, эсэргүүцлийн хөдөлгөөнийг зогсоох ганц арга зам бол хуучин, шинэ гэлтгүй бүх эсэргүү этгээдүүдийг хөөн зайлуулах явдал гээд бүр итгэчихэж. Энэ нь түүнийг хэзээ ч асуудлыг яриа хэлцэл, зөвшилцийн замаар шийдэхийг хүсэхгүй,  өрвөлзсөн болгоныг нухчин дарахаас буцахгүй дарангуйлагч мэтээр зарим хүмүүст харагдуулж байна.  Түүнд ардчиллын анхдагч, эсвэл АН-ын дарга байсан нь огт хамаагүй, намын удирдлагуудын тушаал шийдвэрийг үг дуугүй дагах ёстой гэдэг ганцхан зарчим л эрхэм болохоор АН самуураад байгаа гэнэ. 
 
 
 
Э.Бат-Үүлийг мэдэгдэл гаргангуут З.Энхболд "Намаараа сонгуульд орохоо болиод, байгалийн баялаг хулгайлах зорилготой бүлэглэлээрээ сонгуульд ордог болоод удаж байгаа. Сонгууль бол зүгээр л тэр баялгыг авахад нь саад бологсдыг зайлуулах операци" гэж цахим хуудсаараа дамжуулан хариу барьсан нь “Та нар зүгээр л алга бол”гэж хашгирч байгаатай агаар нэг сонсогдож байгаа юм.
 
 
 
Өөрөөр хэлбэл, хулгайч нар явж л байг, харин бид бол цэвэр хүмүүс гэж шулуухан хэлчих шиг боллоо. Үүнээс үзвэл АН-д эхэлсэн “их дайн” сонгуулийн дараа улам ширүүрсч  С.Эрдэнэ, З.Энхболд нар намдаа үлдэх үү, эсвэл одоо намдаа гомдож туниад байгаа хуучин зүтгэлтнүүд нь АН-д үлдэх үү гэдэг шийдвэрлэх тулаан өрнөх нь тодорхой болчих шиг боллоо.  Энэ нам яг дундуураа хоёр хуваагдлаа. Тийм болохоор л АН-ын үндэсний бодлогын хорооны гишүүн Д.Мөнх-Эрдэнэ,  АН-ын шинэчлэлийн хөдөлгөөний тэргүүн Б.Галиндэв нар “Манай нам цаашдаа орших уу, эс орших уу? гэж бачууран асуугаад , байн байн хэвлэлийн хурал хийсэн биз ээ. АН учраа олох, эсэх нь хэнээс хамаарах бол? 
 
 
Дажсүрэнгийн  Лхагвадорж