УИХ-ын гишүүн Р. Амаржаргал тун саяхан “Ямар өртэй гэж МАХН-ыг Засгийн газарт байлгаад байгаа юм бэ? Сонгуулиас өмнө хөөх хэрэгтэй” гэж шуудхан мэдэгдлээ.
Ганц Р. Амаржаргал ч биш ийм бодолтой өөр олон хүн АН-д бий. Сүүлийн үед тэдний цаашаа санаа нь илэрхий цухалзаж эхэлсэн нь  Засгийн газрын бүтцэд өөрчлөлт орж магадгүй гэдэг яриаг дагуулав бололтой.
 
 Ч.Сайханбилэгийг огцруулах санал дээр МАХН цөөнх болсон. Үүнийг Н.Энхбаярыг Шадар сайд болгох тохироогоор наймаалцсан байр суурь гэж тухайн үед тайлбарлаж байлаа. Гэхдээ Ч.Сайханбилэг суудалдаа үлдсэний дараа З.Энхболд, Ч.Сайханбилэгнар МАХН-ыг хулхидлаа гэсэн бор шувуу дорхноо нисэлдэж билээ. АТГ ашиг сонирхолын зөрчилтэй учир Н.Энхбаяр Шадар сайд болох боломжгүй гэсэн бичиг ирүүлсэн.
 
Үүнийг АН-ын дарга болоод тус намын УИХ дахь бүлгийн дарга нар эелдэгхэн хүлээж авсан учраас тэгж ойлгоход хүргэсэн байх. Хамгийн гол нь ялтай хугацаа нь дуусаагүй гэгдэж буй хүнийг танхимдаа залчихаар намын ч, Засгийн газрын ч нэр хүндэд халтай гэж үзсэн байхыг үгүйсгэхгүй. Үүнээс болоод Засгийн газрын нэг субьект МАХН сөрөг хүчин МАН-даа тал засч эхэлсэн. Сонгуульд хамтарч орох талаар ч ил шулуун ярих болов. Үүний дараахан МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, Эрүүл мэнд, спортын сайд  Г.Шийлэгдамба учир битүүлэг их мөнгөний хэргээр саатуулагдлаа.
 
  Н.Энхбаяр “МАХН-ыг МАН-тай хамтрах яриа гарч эхлэнгүүт эрх баригчид айж, биднийг хууль шүүхээр дарж авах гэж байна” гэж мэдэгдэж, Г.Шийлэгдамбыгаа өмгөөлж дуугарсан ч байдал түүний санаснаар болсонгүй. Г.Шийлэгдамба нь даргынхаа эсрэг зүйл ярьж асуудлыг улам хурцдуулав.
 
   Энэ цаг мөчөөс ч гэх үү Засгийн газраа дангаараа байгуулах боломж АН-д эрхзүйн талаасаа байхгүй учир “Шударга  ёс” эвслийг ёс төдий сугандаа хавчуулж явахаас өөр аргагүй. Угаасаа үндэс язгуураараа Н.Энхбаяртай харш, элэг буруу хүмүүс гэдгийгМАХН ойлгосон байх. Өөрөөр хэлбэл, улстөрийн ашиг сонирхолоор л АН-д ашиглагдаж ирснээ  “ухаарч”эхэлж байх шиг байна.
 
  Харин одоо мэр сэр сонсогдоод байгаа Засгийн газраас МАХН-ыг хөөх яриа тийм ч амархан бүтэхгүй байх гэж улстөрийн хүрээнийхэн болоод судлаачид эргэлзэж байна. Учир нь АН сонгуулиар шүүхдэж байж 2, урвуулж байж 1 гишүүн нэмж арай гэж 34 гишүүнтэй болсон. Засгийн газраа дангаараа байгуулахад 5 суудал хэрэгтэй.
 
 МАХН-ыг гаргалаа гэхэд танхимаа бүрдүүлэх асуудал зовлонгүй шийдэгдэнэ гэхэд хэцүү. Тэгээд ч сонгууль хаяанд ирсэн үед засагтайгаа ноцолдож, цагийг барахгүйгээ эрх баригчид мэдэж байгаа байх.Гэхдээ МАХН-ыг жийснээр нэр хүндээ өсгөнө гэдэг итгэл үнэмшил давамгайлбал хэцүү дээ. Боломжгүй зүйл Монголын улстөрд байдаггүй гэдэг байхаа.
 
Д. Лхагвадорж