2016 оны УИХ-ын сонгуулиар томоохон ялагдал хүлээсэн АН ялагдлынхаа шалтгаан, хариуцлагаа хэлэлцэхээс гадна шинэ удирдлагаа сонгох, намынхаа дотоод ардчилал, шинэчлэл өөрчлөлтийн талаар ид ярьж байна.
 
Улстөрийн хүрээний сонирхол татсан сэдвийн нэг болох уг асуудал хэвлэл мэдээллийнхний анхаарлын төвд байгаа. Тэгвэл одоогоос 10 жилийн өмнө тус намд бас л маш төвөгтэй байдал үүсч, намын даргаа шинээр сонгох, намаа хүнд байдлаас гаргах, нэр хүндийг нь аврах, шинэчлэх талаар ярьж байсан юм.
 
Тухайн үед тэд асуудлаа АН-ын Онц их хурал зарлан хуралдуулах замаар хэлэлцэж байсан бөгөөд уг үйл явцыг миний бие парламентын сэтгүүлчийнхээ хувьд сурвалжилж байснаа “Үйл явдал. Байр суурь. Баримт” номондоо оруулсан билээ. Тэрхүү сурвалжлагаа одоо хураангуйлан хүргье.  
 
АН-ын Онц их чуулган (хурал) эхэллээ. Онц гэдэг тодотголтой болоод ч тэр үү төлөөлөгчдийн дийлэнх нь эхнээсээ маш идэвхтэй байгаа нь ажиглагдсан. Ямартаа ч хурал аядуу зөөлөн уур амьсгалд эхлээгүй. Энэ намд үнэхээр олон асуудал хуримтлагдсаныг илтгэх мэт бараг бүгдээрээ л үг хэлэх гэж яарч байгаа нь мэдрэгдсэн. Эхлээд АН-ын дарга Р. Гончигдоржийн хэлсэн богинохон үг нь төлөөлөгчдөө нэг л зүйлд уриалан дуудсан шинжийг бүрэн агуулсан байлаа. “Нам маань хагарч бутрах ёсгүй. Улам хүчирхэгжих хэрэгтэй. Ингэхийн тулд эв нэгдэл чухал” гэсэн нэг тиймэрхүү утгатай үг хэлнэ лээ.
 
Гэхдээ Р. Гончигдорж “Эх орон-Ардчилал” эвслийг тараасан, хамтарсан Засгийн газрыг унагаасан, дараа нь АН-ын хүчийг сулруулах гэсэн тэр хүмүүст АН эв нэгдэлтэй байгаагаа харуулах хэрэгтэй” гэдэг үгээрээ үндсэндээ М. Энхсайхан нарыг “яллаад” авав. Ингэж хэлсний дараа танхимд бөөн шуугиан үүссэн нь хурлын төлөөлөгчид дээрх үгийг хоёр янзаар хүлээж авч байгаа хэрэг.
 
Нэг ёсондоо Р. Гончигдорж, М. Энхсайхан гэсэн хоёр талыг баримтлагчид ялгарч харагдсан гэхэд болно. Хамгийн гол нь Гончигоо дарга энэ үгээрээ хөөгдсөн хүмүүсийг намдаа эргүүлж авахгүй, “Үүрд баяртай” гэж үдэх сонирхолтой байгаагаа тодоос тод ойлгуулаад авав бололтой. Угаасаа хэзээ ч бие, биеэ хүлээн зөвшөөрөхгүй хүмүүс юм байна гэдэг бодол тухайн үед олон хүний толгойд шууд буусан болов уу.
 
Гэвч 1500 орчим төлөөлөгч дотор даргынхаа энэ санааг дагахгүй хүн байсан нь мэдээж. Зарим нь тэсэлгүй хэлэлцэх асуудлын түрүүнд намаас хөөгдсөн хүчтэй лидерүүдээ эргэж татах талаар ярих хэрэгтэй гэдэг байр сууриа нэлээд эмоцитойгоор илэрхийлж гарсан. Тухайлбал,  1996-2000 онд УИХ-ын гишүүн байсан Д. Энхтайван индэр дээр гүйхээрээ гарч ирээд “Нэг санал хэлье. Бид 1990 оноос хамт явсан журмын нөхдөө эгнээнээсээ хөөлөө гэж үү? МАН Х. Чойбалсангаа хөөгөөгүй байхад манай цөөн хэдэн дарга намынхаа гишүүдийн оролцоогүйгээр М. Энхсайхан, Ж. Наранцацралт, М. Сономпил нарыг “цаазалчихаж”. Тэгэхээр энэ асуудалд нухацтай хандая, эргэж ярья. Бүр хэлэлцэх асуудлын эхэнд оруулья” гэж ширүүхэн хэлэхэд зааланд “хайя хүүе” болоод явчихав.
 
Ядаж байхад хурал даргалагчаар сонгогдсон Д. Дорлигжав “Хэлэлцэх асуудлыг Үндэсний зөвлөлдөх хороо шийдсэн. Тэр зарчмаараа л явна. Энэ хурлаа үнэхээр эмх замбараатай хийе гэж бодож байвал дэгээ барих хэрэгтэй. Хөөгдсөн хүмүүсийн хувьд гэвэл тэдний асуудлыг намын дүрмийн дагуу шийдсэн шүү дээ” гэж хэлээд тавьчихсан биш шуугианыг улам дэвэргэж орхив. Сэлэнгэ аймгийн Хөтөл сумын АН-ын дарга бас Энхтайван нэртэй төлөөлөгч босч ирээд “Бид энэ намыг шинэчлэхийн төлөө зорьж ирсэн. Хурлаа маш үр дүнтэй хийх ёстой. Гэтэл ҮЗХ-гоор хэлэлцэх сэдвийн дарааллыг баталсан гэнэ үү? Таны үгээр явах юм уу” гэж Д. Дорлигжав руу агсарч гарав.
 
Хурал даргалагч “Нөхөд минь, ямар ч байсан дэгээ барья. Одоо намын илтгэлийг С. Ламбаа тавина” гэснээр байдал арай намжив. Намын даргад нэр дэвших магадлалтай хүмүүсээс эхлээд ганцхан Ц. Элбэгдорж үг хэлсэн. Бусдад нь тийм боломж олдоогүй. Үүнд дургүйцсэн зарим төлөөлөгч дээгүүрээ угаасаа ийм хор найруулсан байна хэмээн өөр хоорондоо ярилцах нь чихний хажуугаар өнгөрсөнгүй. Экс Ерөнхий сайдын хувьд тайзан дээр гүйхээрээ гарч ирэх, гараа даллах зэргээр Америк сонгуулийн стилиэс чамгүй суралцсанаа харуулав. Угаасаа муугүй уран илтгэгч болохоор гоё сайхан үгээр төлөөлөгчдийн бодол санаа руу шууд л довтолж гарсан.
 
Төлөөлөгчдийн дунд “Онгод нь буусан яруу найрагч шиг санагдлаа” гэх хүн ч байв.Их удаан илтгэл тавьсан. Засгийн газар (2004-2006 онд ажилласан Ц. Элбэгдоржийн тэргүүлсэн Их эвслийн танхим) огцорсон болоод АН-ын нэр хүнд унасан шалтгаан, ажилгүйдэл, ядуурал, авлига, бас “Оюу толгой”-г ч орхилгүй ёстой хамж шимээд үгээр бөмбөгдөх шиг болсон. Ард түмний ядуу дорой байгаа нь ердөө л төр засгийн буруу гэж чангахан тодорхойлсон.
 
Ядаж эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг үгийг хэлсэнгүй. Мань эр ард иргэдийн амьдралыг дээшлүүлж, авлигаас Монголыг салгаж чадах улстөрийн хүчин бол ганцхан АН гээд  Үндэсний эв нэгдлийн Засгийн газрыг, өрсөлдөгч МАН-ыг үнэхээр хайр найргүй гөвөв. “Бид өмнө нь коммунистуудтай өрсөлдөж байсан бол одоо капиталистуудтай өрсөлдөх боллоо. Албан тушаалаа алдвал амьдралаа алдах, мөнгөө алдах, нэр төрөө алдах тийм хүмүүстэй өрсөлдөх боллоо” гэж үргэлжлүүлэв.
 
Юутай ч Ц. Элбэгдорж үг хэлснээр намын дарга болох санаатай яваа Э. Бат- Үүл нарт “үхлийн цохилт” өгсөн болов уу. Тус намын ҮЗХ-гоор баталсан дүрмээр бол АН-ын даргад нэрээ дэвшүүлэх эрх төлөөлөгч бүхэнд нээлттэй. Хэрэв намынхаа даргын суудалд горилохоор шийдсэн хүн анкет, өргөдөл, намын батлах, мөрийн хөтөлбөр гэсэн дөрөвхөн баримт бүрдүүлээд л гүйцээ. 
 
Үдээс хойш АН-ын Онц их чуулган асуудлаа хаалттай хэлэлцсэн. Тэгэхлээр намын даргад чухам ямар хүмүүс нэр дэвшиж байгааг шууд мэдэхэд хэцүү байлаа. Эх сурвалжийн мэдээлснээр бол Э. Бат-Үүл, Ц. Элбэгдорж, С. Баярцогт, З. Энхболд, Н. Алтанхуяг нар намынхаа тэргүүнд нэр дэвших нь тодорхой болсон бололтой юм. Хурлын завсарлагааны үеэр фракц, фракцаараа ялгаран аминчлан ярилцаж байгаа нь хэнд ч ажиглагдахаар байлаа.
 
Зөвшөөрөлгүйгээр индэрт хариалган гарч байсан Д. Энхтайван намаасаа хөөгдсөн М. Энхсайхан тэргүүтнийг эгнээндээ эргэж татаж оруулах хэрэгтэй гэдэг саналаа зөвшөөрүүлэхийн тулд хүн хүнтэй уйгагүй тулж харилцахыг хичээж, энд тэнд гүйнэ. Намаа шинэчлэх хөдөлгөөний Э. Золбаяр, Д. Болдхуяг нар ч тэрүүхэн тэндээ “төвхнөөд” амжсан байлаа.
 
Ц. Элбэгдорж, Э. Бат-Үүл, Р. Гончигдорж нараас өөр хүн намын дарга болох ёстой гэж үздэг тэдгээр залуус их хурлын дараа ямар шийдэлд хүрэх нь тодорхой бус юм. Тэдний хувьд зүгээр байсангүй, төлөөлөгчдөд хандаж ил захидал тараагаад амжсан. Тэр дотор нь “Хурал зарлах нь хууль бус, намыг шинэчлэх огтхон ч хэрэггүй гэж эсэргүүцэн бачимдаж байсан удирдлага, лидер гэх хүмүүс өнөөдөр худал, үнэн нь мэдэгдэхгүй ч шинэчлэл ярьдаг болсон нь нэг том алхам юм. Хэн нь жинхэнэ ёсоор шинэчлэхийн төлөө, хэн нь маск зүүсэн дүр эсгэгч болохыг шүүн тунгаах мэргэн ухаан танд бий” гэх мэт айхавтар өгүүлбэрүүд харагдана лээ.
Ц. Элбэгдорж АН-ын дарга боллоо 
 
АН-ын Онц их чуулган гуравдахь өдрөө үргэлжилж өндөрлөсөн. Намын даргын асуудлаас болж нэг өдөр нэмж хуралдсан хэрэг л дээ. Эхний өдөр АН-ын үзэл баримтлал, Үндсэн дүрмийг хэлэлцсэн. Энэ үеэр хэд гурван төлөөлөгч хэрүүл уруул хийснийг эс тооцвол асуудал ерөнхийдөө зовлонгүй шийдэгдсэн. Үзэл баримтлалаа ч сүртэй өөрчлөөгүй. Ганц нэг засвар орох нь орсон аж. Гэхдээ хуучин сонгож авсан барууны чиг баримжаан дээрээ үнэнч  үлдэхээр тохиролцжээ. Ажлын хэсгийн боловсруулсан Үндсэн дүрмийн төсөл ч нэг их цаг уясангүй тэгсхийгээд батлагдсан байна. Гэхдээ мэдээж  шинээр батлагдсан Улстөрийн намуудын тухай хуультай уялдуулж өөрчлөлт оруулсан байна. Харин намын даргаа сонгох  асуудал тэдний хувьд хамгийн хэцүү даваа байсан бололтой.
 
Зарим нь арай л босч зодолдоогүй. Ерөнхийдөө Ц. Элбэгдорж, Э. Бат-Үүл гэсэн хоёр “акул” дээр санал хуваагдаж байгаа нь мэдрэгдсэн. Тэднээс огт өөр хүнийг дэмжих, нэр дэвшүүлэх сонирхолтой хүмүүс мэр сэр байвч дээрх хоёр улстөрчийн нөлөөлөл тэр сонирхолыг аргагүй л бүдгэрүүлж байх шиг санагдсан. АН-ын ҮЗХ-ны батласан дүрмээр бол төлөөлөгчдийн хэн нь ч намын даргад нэрээ дэвшүүлэх эрх нь нээлттэй. Ц. Элбэгдорж, Э. Бат-Үүл нараас гадна З. Энхболд, Г. Батхүү, Н. Алтанхуяг гээд өөр хэд хэдэн хүний нэр дуулдаж байсан боловч нэрээ татах нь татсанаар сүүлийн шатанд Ц. Элбэгдорж, Э. Бат-Үүл, С. Баярцогт, Д. Энхтайван нар өрсөлдөхөөр тунаж үлдсэн.
 
Тэд ээлжлэн мөрийн хөтөлбөрөө танилцуулав. Бүгдээрээ л энэ нам яагаад хүнд байдалд оров, цаашид нэр хүндийг нь хэрхэн сэргээх вэ, удирдлагын зүгээс ямар бодлого, менежмент боловсруулж хэрэгжүүлэх вэ зэрэг сэдвийн хүрээнд мөрийн хөтөлбөрөө аль болох ойлгомжтой, энгийнээр тайлбарлахыг хичээж байлаа. Гэхдээ үзэл бодол, байр суурь, арга барилын хувьд арай л зөрүүтэй юм даа гэдэг бодол хэн хүнгүй төрсөн байх. Э. Бат-Үүл УИХ-ын сонгуульд нэр дэвшихийн тулд намдаа 10 сая төгрөг өгдөг явдлыг эрс буруушааж, фракц бүлэглэлд хуваагдсаныг үзэн яддагаа илэрхийлсэн бол, Ц. Элбэгдорж АН-ын гол дутагдал нь хариуцлагын тогтолцоогүй явдал хэмээн тодорхойлсон. 
 
С. Баярцогт үгээ аядуу эхэлсэн. Сүүлдээ дуу нь чангарч, тэр хэрээр улсуудын анхаарал түүн дээр илүү төвлөрч байлаа. Ямар ч байсан энэ залуу хүмүүст таалагдах үг хэлэхээс аль болох зугатаая гэж бодож гарсан шиг байгаа юм. Хэлсэн үгэнд нь ердөө л шүүмжилсэн өнгө аяс давамгайлсан. Тэр зоригтой ярьсан. “Энэ хурлаас шинэчлэл харагдахгүй байна. Гадуур Болор цомын тэмцээн болж байна гэж ярьж байна шүү”  гэж бусад нэр дэвшигчдийн хэлээгүйг хэлж чадсан. Тэр хэрээр авах саналаа алдсан байж мэднэ. 
 
Дөрвөн нэр дэвшигчдээс төлөөлөгчдийн сонирхолыг хэл амаараа дутуугүй татсан хүн бол Д. Энхтайван. 1996-2000 онд УИХ-ын гишүүн байсан энэ хүнийг АН-ын даргад өөрийнхөө нэрийг дэвшүүлэх юм гэж үнэндээ олон хүн зүүдлээгүй  л дээ. Гэвч мань хүн АН-ын даргад зүтгээд зогссонгүй, тайзан дээрээс “Хэрэг болохоор ирчихээд бусад үед Америк явчихдаг хүмүүс хэрэггүй. Элбэгдоржийг Ерөнхий сайд байхад нь би уулзах гэж бүтэн хоёр гурван сар яваад чадаагүй. Ийм хүнийг дарга болгочихоор жирийн гишүүдтэйгээ уулзах юм уу? Одоогийн ҮЗХ тарах хэрэгтэй.
 
Ах дүү, хамаатан садангаараа дүүрсэн ийм удирдах дээд байгууллагаар яах юм бэ. Ер нь  өнөөдөр дарга сайд болчихоод явж байгаа хүмүүс ямар зовлонгоор дээшээ гарсан юм бэ? Тэд ардчиллын төлөө, намынхаа төлөө ганц шөнө нойргүй хонож үзсэн юм уу? Зарим хүн Г.Батхүүг намын даргад нэр дэвшүүлэх гэнэ. Үнэндээ би түүнийг АН-д оруулж ирэхдээ Чингис хаан шиг хүн болоорой гэж захиж байсан. Гэтэл ард түмний итгэлийг цуглуулдаг хүн дарга болохоос биш архи пиво цуглуулдаг хүн яавч дарга байж болохгүй” гэгчлэн ёстой авч өгсөн дөө. Хурлын төлөөлөгчид нэг инээж, нэг уурлан байж түүний яриаг дуусгасан. 
 
Нэр дэвшигчид мөрийн хөтөлбөрөө танилцуулна, дараа нь асуулт хариулт гэсээр байтал бүтэн өдөр өнгөрөх шахсан. Арай гэж дээрх бүх үзэгдэл дууссаны дараа нууц санал хураалт эхлэв. Орой 19 цаг өнгөрч байхад санал хураалтын дүн гарчээ. Ц. Элбэгдоржийн төлөө төлөөлөгчдийн 46, 4 хувь нь буюу 654 хүн, Э. Бат-Үүлийн төлөө 39,8 хувь буюу 561 хүн, С. Баярцогтын төлөө  190 хүн буюу 13 хувь нь санал өгсөн байлаа.
 
Харин Д. Энхтайваныг дөрөвхөн хүн л дарга болох нь зүйтэй гэж үзсэн юм. Онцлог нь хэн нь ч 50 хувиас дээш хувийн санал авч чадаагүй учир хоёр дахь шатны санал хураалт явуулах нөхцөл байдал үүссэн. Хамгийн олон хүний дэмжлэг авснаараа Ц. Элбэгдорж, Э. Бат-Үүл хоёр дээр дахин санал хураахад Ц. Элбэгдоржид АН-ын хувь заяаг авч явах хүндтэй бөгөөд хариуцлагатай үүрэг ноогдсон юм.
 
2006. 4 дүгээр сарын 2. 
Дажсүрэнгийн Лхагвадорж