1992 оны УИХ-ын анхны сонгуульд МАХН (МАН) 70 суудал авч ардчиллын  “памперс”-тай бацаануудаас хол тасархай түрүүллээ. Гэхдээ бадарчин баярлах болоогүй гэдэг шиг тэдний ялалт удаан насгүй байжээ. Ердөө нэгхэн жилийн дараа буюу 1993 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өвдөг шороодов. Энэ уналт нь эрчээрээ үргэлжилж 1996 оны УИХ-ын сонгуульд арай ядан 25 суудалтай хоцров. Ердөө дөрөвхөн жилийн өмнө 70 суудалтай таахалзаж байсан хашруудын хувьд аргагүй л хүнд цохилт. 
Харин зургаахан настай ардчилагчид ард түмний итгэл найдварыг даасангүй. Засгийн газраа дангаараа бүрдүүлэх хэмжээний суудал авсан мөртөө дотроо эв түнжингүй, байнга сөргөөцөлдөж байсанд хамаг буруу нь байсан юм. Өөрөөр хэлбэл, “Ардчилсан холбоо” эвслийн хоёр субьект болох МҮАН, МСДН хоёр нэгдмэл нэг хүчээр ажиллаж чадаагүйн гайгаар Засгийн газар нь 3 удаа огцорч байсныг монголчууд мартаагүй. Өөрөөр хэлбэл, сөрөг хүчин биш ердөө эрх баригч хоёр нам доторх фракцуудын зөрчилдөөн 3 удаа засгаа унагааж, тэр хэрээр ард түмний итгэл, дэмжлэгийг холдуулсан. Түүний хажууд МАН-ын эв нэгдэл атгасан гарыг санагдуулж байв. Даргынхаа өөдөөс, намын бодлогын эсрэг үг дуугарах хоншоортой эр бараг байгаагүй. Ёстой дотоод эв нэгдлийн хувьд нэг хүн шиг нягтарсны хүчинд 2000 оны сонгуульд 72 суудалтай болж үлэмж тасархай ялалт байгуулав. Харин 2005 онд Н.Энхбаярыг Ерөнхийлөгчөөр сонгогдож нөлөө нь намаасаа  буурч эхлэх үед тус нам дотор элдэв яриа гарч, хөдөлгөөнд орох шинж мэдрэгдэж эхэлсэн юм. УИХ-ын гишүүн асан Ө.Энхтүвшин, Ц.Оюунбаатар, М.Далайхүү  нарын “эксүүд” “Уламжлал- Шинэчлэл, Ардчилал-Шударга ёс” хэмээх урт нэртэй жигүүр байгуулж намынхаа удирдлага болоод бодлогын эсрэг зүйл ярих болов. Иймэрхүү үзэгдэл, хөдөлгөөнийг өмнө нь хараагүй хуучинсаг хүмүүс таагүй хүлээж авсан ч намын шинэ дарга М.Энхболд асуудлыг өөрөөр харж тэднийг тодорхой албан тушаалд томилж билээ. Тухайлбал, жигүүрийн ахлагч Ө.Энхтүвшинг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдаар залж, улмаар Хөвсгөлийн нөхөн сонгуульд илгээж УИХ-ын гишүүн болох боломж олгож байв.
 
Гэвч намд эхэлсэн доргион албан тушаалд дарагдсангүй, үл ойлголцол фракц бүлэглэлүүдээр илрэх шинж тэмдэг илэрхий ажиглагдсаар байлаа. Нэг ёсондоо шүүмжлэгчдийн амыг албан тушаалаар хааж зогсооход хэцүү болсон гэсэн үг. Юутай ч МАН доторх “эсэргүү” хөдөлгөөн М.Энхболдыг намын дарга болсноор намжаагүй бөгөөд 2007 он гараад удаагүй байтал Д.Тэрбишдагва, Ц.Шаравдорж, Т.Очирхүү, Л.Пүрэвдорж, Д.Арвин, Ц.Мөнх-Оргил, Д.Одбаяр, Ч.Улаан, Л.Одончимэд, Т.Ганди, Р.Нямсүрэн, Ч.Авдай, А.Цанжид нарын  гишүүд намын шинэчлэлийн асуудлыг ширүүхэн хөндөж, улмаар МАН-ын дарга, Ерөнхий сайд М.Энхболдод шаардах бичиг хүргүүлсэн нь яван явсаар 2007 оны 11 дүгээр сарын 8-нд  Үндэсний эв нэгдлийн гэх тодотголтой Засгийн газрыг огцруулахад хүргэж билээ. Ийм үр дагаврыг гадарласан хүмүүс дээрх гишүүддээ “Элсний 13” гэдэг нэр хоч зүүлгэж, намын болоод нийгмийн зүгээс дэмжлэг хүлээлгэхгүй арга сэдсэн ч амжилтанд хүрээгүй бөгөөд С.Баярт намын ч, засгийн ч эрх мэдлээ алдаж билээ. 
 
“Намын эсрэг бүлэглэл”-ийн хандлага үргэлжилсээр 2012 оны 5 дугаар сарын 1 буюу УИХ-ын сонгуулийн өмнөхөн Д.Тэрбишдагва, Ч.Улаан, О.Чулуунбат нарын харьцангуй нэр нөлөөтэй кадрууд МАХН-д элслээ. МАН 30 хүрэхгүй суудал авч цөөнх боллоо. Энэ бол сонгуулийн өмнө МАН-ыг эв нэгдэлгүй мэтээр харагдуулсны нэгэн үр дагавар бөгөөд гишүүд нь гарч орж, дотроо эвдрэлцэх нь сонгуулийн үр дүнд нөлөөлдгийн илэрхийлэл болсон гэхэд болно.
 
 2012 оны сонгуульд олонх болоогүй ч олуулаа болсон АН бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлсний эхний жилдээ тун эв нэгдэлтэй харагдаж байсан ч хэсэг хугацааны дараа нам дотор нь бас л хэл үг гараад эхэлсэн. Шинээр бүлэг фракцууд үүсч, намын дарга болоод Засгийн газраа хатуу шүүмжлэх болсноор мөн л Н.Алтанхуягийн толгойлсон Шинэчлэлийн Засгийн газрыг огцруулж амжив. Эрх баригчид дотроо эвдрэлцэх нь сөрөг хүчинд үнэгүй олз, нийгэмд нэр хүндээ алдах гол шалтаг шалтгаан болдгийн жишээг нэгээр нэмсэн нь энэ буюу. Фракцуудын дайсагналцал 2016 оны сонгуульд есхөн суудал авч томоохон ялагдал хүлээхэд чухал үүрэг гүйцэтгэсэн нь нууц биш. Харин одоо тэд гайхалтай хурдан нэгдэн нягтарч байна. Хуваагдмал байдал нь эв нэгдлийг сарниулж, намыг инститиуцийн хувьд баллана гэж ойлгож, ирэх сонгуулийн ялалт бол эв нэгдэл юм гэж харж байна. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчийн сонгуулийн ялалт АН-ын урмыг бадрааж, үзэл санааны хувьд ч, зорилго чиглэл, бодлогын хувьд ч атгасан гар шиг байхад гол анхаархлаа хандуулахаар шийджээ. 
 
Харин эрх баригч МАН-ын хувьд эсрэгээрээ бужигнаад явчихлаа. УИХ-д 65 суудалтай хашир туршлагатай, буурьтай гэгддэг ууган улстөрийн  хүчнийг хэзээ ч ингэж алалцах хэмжээнд хүрнэ гэж олон хүн төсөөлж байгаагүй байх. Өнөө Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө нэр дэвшигчээ бараг л даян дэлхийг аврагч мэтээр л цоллож, магтах үгээ олж ядаж ахын сэтгэлээр үнсч, дүүгийн сэтгэлээр бахархаж байсан нь хаачив? 60 тэрбумын хэргээс үүдэлтэй уснаас хуурай гарах гэсэн нанчилдаан нь яах аргагүй хуваагдах процессийн эхлэл биш гэж үү? 
 
Намын даргын суудалтай зэргэцээд мөрдөж тагнасан, хөнөөхийг  санаархсан гэх мэт детектив киноны үйл явдал тус намд “амьдаараа” өрнөж, олныг алмайруулж гүйцлээ. АН алга ташааж сууж байгааг мэдэхийн дээдээр мэдэж байгаа хэрнээ ийн авирлаж байгаа нь МАН-д үнэхээр л том зөрчил үүссэний илрэл яах аргагүй мөн. Үг хэлээ амархан ололцоход их л хэцүү нөхцөл байдал үүслээ дээ. У.Хүрэлсүх үнэхээр хэлсэн үгэндээ хүрээд Шадар сайдын суудлаа өгөөд, иргэнийхээ хувьд улаан гараараа үзэлцэхээр шийдвэл зодоон өргөн хүрээг хамрах нь тодорхой. НИТХ-ын дарга Ц.Сандуй ч намынхаа гишүүдийн “буян”-аар огцрох бололтой. Гэхдээ тэр МАН-ын одоогийн эрх баригчдын зүгээс дэмжлэг хүлээж байгаа шүү дээ. 
 
Ямартаа ч эрх баригч нам эв нэгдэлгүй бол улам бүр хэрсүүжиж буй сонгогчид ямар дүн тавих нь  ойлгомжтой. Гэхдээ нэр бүхий улстөрчид, тодорхой бүлэглэлийн эрх ашиг байгаа цагт “энхрий хайрт” намынх нь хувь заяа тийм ч сонин биш байх.
 
  Дажсүрэнгийн Лхагвадорж