Монголд шударга ёсноос “эрхэм” зүйл алга. Учир нь манай улстөрийн намууд, улстөрчид эрх мэдэлд хүрэхээсээ өмнө,  хүрсэн хойноо ч шударга ёсны тухай ярьдаг. “Шударга юм гэж байхгүй боллоо”, “Шударга ёс бол ус агаар”, “Шударга  ёсгүйгээр улс нийгэм урагшаа явахгүй” гэж ирээд л ам уралдан шударга ёсыг магтан дуулцгаадаг. Ёстой л өдөр шөнөгүй ярьсаар дөрвөн жилийг барна гээч. Дараа нь гарч ирсэн эрх мэдэлтнүүд ч өмнөх 4 жилд шударга ёсыг шороотой хутгаж хаясанд харамсахын дээдээр харамсч байгаагаа “өнгөт”-өөр халаглаж илэрхийлнэ. Мөн л “Ард түмэн шударга ёсыг  хүсч байна”,  “Би, бид шударга ёсыг тогтооно” хэмээн уянгалуулна. Тэдний халааг авах ирээдүйн эрх баригчид ч мөнөөх л гарт баригдаж, нүдэнд харагдаж өгдөггүй шударга ёсыг “шүтэж” гарч ирэх нь дэндүү ойлгомжтой эмгэнэл.
 
Шударга ёс бол ерөөсөө л хариуцлага. Гэтэл асуудалд орсон албан тушаалтан хариуцлага хүлээсэн тохиолдол хэр олон бэ? Ингээд бодохоор шударга  ёс нь улстөрчдийн  хамгийн хэлэх дуртай үг, трэнд болсноос хэтэрсэнгүй. 27 жилийн турш л шударга ёс гэж залхтал чалчлаа шүү дээ.
  Эгэл жирийн төрийн албан хаагч ажлаасаа хусагдах нь хэнд ч падлийгүй. Тэр хүн цаашаа юу хийж, яаж амьдрах нь төрд, хэн нэгэн даргад хамаагүй. Харин албан тушаалтан огцорлоо гэхэд дараагийн мест нь хүлээж байдаг. Хэчнээн сүр дуулиан болж “зайлууллаа” ч дор хаяж ямар суудалд залж буйг би бүгдээрээ л харж байгаа.
  Жирийн иргэн хүний хэргийг цагдаа шүүх даанч амархан шийднэ. Харин албан тушаалтнууд нэгнийхээ идэж уусныг баримттай, баримтгүй дэлгэж, тэр ч байтугай ямар бүлэглэлд (мафи) харьяалагдаж  хууль бус юу хийж байсныг нь зарласан бол өөр. 
Нэгэн шударга нь “дэндсэн” дарга албан тушаалын наймаа хийгээгүйгээ омогтойхон “нотолж”, нэгнийгээ “Чи Монголын төрөөс хулгай хийгээгүй юү” гэж сүр ихтэй чичлэхэд нөгөөх нь “Чиний авлигаар томилсон бүх дарга нарт үгүй гэж хэлнэ. Төрийн хулгайч, тонуулчдад гишгэх газар байхгүй шүү” хэмээн өндөр дуугаар заналтайхан хариу барина. Харамсалтай нь иймэрхүү асуудлын учиг хэрүүл зодооноос хэтрэхгүй л дээ. Яагаад гэвэл шударга ёс энэ нийгэмд байхгүй.
Уг нь нийгмийн болж бүтэхгүй байгаа бүхэн шударга ёс хэрхэн алдагдсаны илрэл нь үнэн. Гэхдээ үүнийг засч залруулахын төлөө үе үеийн шийдвэр гаргагчид дорвитой ажил хийгээгүйг Монголын нийгмийн  байж байгаа царай, монголчуудын амьдрал харуулж байна. Авлига, албан тушаалын лообий, бохир хуйвалдаан, урвалт шарвалт, гүтгэлэг, хэлмэгдүүлэлт, хүний эрх зөрчигдөх үзэгдэл, хуулийн гажуудал, цалин хөлсний хэрүүл  өнгөрсөн 27 жилд буурсан уу? Худлаа! Гэр хорооллын нөхцөл байдал, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, сургууль цэцэрлэгийн хүртээмж, бусад нийгмийн асуудал сайжирсан уу?  Бас л үгүй! Улс орны хөгжлийг хойш нь чангаагч эдгээр сөрөг үзэгдлүүд шударга ёс алдагдсаны шууд тусгал шүү дээ.  Энэ бүгдийг шийдээгүй цагт юу ч өөрчлөгдөхгүй, бахь байдагтаа л  үлдэнэ.
Шударга ёс гэдэг эрхэм дээд чанарыг  эрх мэдэлд хүрэх хэрэглүүр, ард олонд таалагдах үг болгож ашиглаж байгаа цагт байдал хэзээ ч өөрчлөгдөхгүй. Хамгийн харамсалтай нь ийм цаг үеийн хохирогч нь ердөө Монгол Улс, Монголын ард түмэн. Ийм учраас л “Тусалж чадахгүй ч сэтгэл нь сайхан юм даа” гэдэг шигээ “Шударга ёсны талаар ярьж байгаа нь их юм” гэж уужуу сэтгэлээр хүлээцтэй сонсч суусаар цаг хугацааг алдмааргүй байна. 
“Хаана шударга ёс байна, тэнд хувхай мод ч цэцэглэнэ” (Шота Руставели)
 
             Дажсүрэнгийн Лхагвадорж