Хэдийгээр Монгол Улсын Үндсэн Хуулийн 1.2-т
 
«Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн»
хэмээн тунхагласан боловч; хэдийгээр Монгол Улс 1992 оноос хойших ихэнх сонгуулиар эрх баригчдын солио хийж ирсэн боловч, Монголын улс төрийн дэглэм нь ардчилсан бус, харин олигарх дэглэм юм. Олигарх дэглэмийн суурь 1992 оны Үндсэн Хуулиар тавигдаж, улмаар «Улс төрийн намын тухай» болон «УИХ-ын сонгуулийн тухай» хууль тогтоомжуудаар бүтээгдсэн. Харин эдүгээ олигархуудын дотоод тэмцлийн үрээр уг дэглэм задран унах үүд, хаалга нээгдээд байна. Тиймээс үүссэн нөхцөл байдлыг ухаарч, олдож буй алтан боломжийг шүүрч нэгэнт нээгдсэн үүд, хаалгыг зад дэлбэлж, олигарх дэглэмийн хана, хэрэм, хашаа саадыг нурааж иргэний туйлын, хагацашгүй эзэн эрхээ эгүүлэн авч улс орондоо, хувь заяандаа эзэн болохыг эх орон нэгтнүүддээ уриалах зорилгоор эл нийтлэлийг тэрлэв.
 
 
Эл нийтлэл эрхэм уншигч танд Монголын эдүгээгийн ардчилсан гэдэг дэглэм хэрэг дээрээ олигарх дэглэм болохыг харуулахын дээр, түүний эрх зүйн эх сурвалж, суурь, үүсэл, гарал, үндсэн бүтэц, тогтолцоог харуулах болно. Улмаар олигархуудын дотоод дажин самуунаас улбаалан, АН-д эдүгээ өрнөж буй шинэчлэлийн улмаас уг дэглэмийн задралын үүд хаалга нээгдэж, үндэс суурь нь тавигдаад байгааг харуулахыг хичээлээ. Эцэст нь энэхүү дэглэмийг нураах, иргэний эрх, эрх чөлөөгөө олж авах хамгийн дөт, хялбар арга замыг та бүхэнд толилууллаа. Улс Монголын иргэн танд үүссэн нөхцөл байдлын учир холбогдлыг ухаарч, энэхүү түүхэн боломжийг шүүрч АН-аар хязгаарлагдаж байгаа хувьсгалт шинэчлэлийг улс Монголын ололт болгож, эх орон, хувь заяандаа эзэн суухад тань тус, нэмэр болох болов уу гэж найдна.
 
Уг сурвалж
 
Oлигарх дэглэм орших боломжтой байгаа нь  улс төрчдийн муугаас ч, бизнес эрхлэгчид улс төр рүү орж, улс төр бизнес хутгалдсанаас ч, мөн «мөнгөний сонгуулиас» ч болж байгаа. Гэхдээ олигарх дэглэмийн үндсэн эх сурвалж нь Монгол Улсын Үндсэн Хууль, «Улс төрийн намын тухай», «УИХ-ын сонгуулийн тухай» хууль зэрэг төр байгуулах хууль тогтоомжууд Монгол Улсын иргэдийн дийлэнх олонхийн сонгогдох буюу нэр дэвших, дэвшүүлэх эрхийг шууд ба шууд бус замаар хязгаарлан, цуцалсан төдийгүй уг эрхийг цөөн тооны этгээдүүдийн гарт өгөхөөр хуульчилсанд байгаа юм. Чухам иргэдийн нэр дэвших, дэвшүүлэх эрхийг хязгаарласан, цуцалсан төдийгүй түүнийг цөөн тооны этгээдүүдэд хуулиар олгосон учир тэрхүү эрхийг баригч цөөн тооны этгээдүүдийн засаглал буюу олигарх дэглэм тогтчихоод байгаа юм. Олигархууд нэр дэвших, дэвшүүлэх эрхийг монопольчилсноор бусад иргэдийн сонгогдох эрх цуцлагдаад зогсохгүй тэдний сонгох эрх нь ч хүртэл үгүйсгэгдэх боломжтой болсон юм. Чухам энэ л Монголын олигарх дэглэмийн эх сурвалж.
Ардчилсан дэглэмийн хамгийн суурь зарчим нь тухайн улсын ард буюу иргэн бүр төр барих, төр засах хэрэгт тэгш эрхтэй оролцох боломжоор хангагдсан байх явдал. Төр барих, төр засах хэрэгт тэгш эрхтэй оролцох боломжийг хангах суурь механизм нь иргэн бүр төр барих, төр засах хэрэгт сонгох, сонгогдох адил, тэгш эрхтэй байх явдал. Чухам ард буюу иргэн бүр сонгох, сонгогдох адил тэгш эрхтэй байж л аливаа дэглэм ардын эрхтэй буюу ардчилсан дэглэм болж байгаа юм. Харин сонгох, сонгогдох адил тэгш эрхтэй байхын үндэс нь иргэн бүр тухайн улсын сонгуульт бүх албан тушаалд нэр дэвших, дэвшүүлэх эрхтэй байх явдал. Чухам иргэн бүр ийм эрхтэй байж байж л сонгох, сонгогдох, улмаар төр барих эрхээ бүрэн дүүрэн эдлэх боломжтой байдаг. Энэ бол ардчилсан дэглэм. Мэдээж уг эрхээ эдлэх, эс эдлэх нь ард, иргэн таны эрх!
 
Харин нэр дэвших, дэвшүүлэх эрх цөөнхийн гарт төвлөрсөн нөхцөлд төр барих хэрэг нь зөвхөн тэр цөөнхийн онц эрх болон хувирч улмаар цөөнхийн буюу олигарх дэглэм тогтдог. Учир нь нэр дэвших, дэвшүүлэх эрхгүй иргэдийн сонгогдох идэвхтэй эрх цуцлагдах төдийгүй, тэдний сонгох эрх ч үгүйсгэгдэж, улмаар тэдний төр барих эрх ч үгүйсгэгддэг. Түүгээр ч барахгүй тэдний сонгогдох эрхээ эдлэх эсэх нь нэр дэвших, дэвшүүлэх эрхтэй этгээдүүдээс хамааралтай болдог. Тухайлбал иргэн нэгэнт нэр дэвших, дэвшүүлэх эрхгүй бол сонгуульд өөрийн эсвэл, өөрийн хүссэн этгээдийн нэрийг дэвшүүлэн идэвхтэй оролцох эрхгүй, улмаар сонгогдох боломжгүй буюу идэвхтэй эрхгүй болж байгаа юм. Ийм нөхцөлд тухайн иргэний сонгогдох эрх эдлэх эсэх нь ямагт нэр дэвшүүлэх эрхтэй этгээдээс хамаарна. Тиймээс нэр дэвших, дэвшүүлэх эрхгүй иргэний сонгогдох идэвхтэй эрх бүрмөсөн цуцлагдаж, түүний сонгогдох эрх эдлэх эсэх нь нэр дэвшүүлэх эрхтнээс хамааралтай учир түүнээс хараат болдог.
 
Улмаар иргэн нэгэнт нэр дэвших, дэвшүүлэх эрхгүй бол «сонголтын цэс» буюу «нэр дэвшигчдийн жагсаалт» дээр өөрийнхөө эсвэл өөрийнхөө хүссэн нэрсийг сонголт болгон оруулах боломжгүй. Харин бусдын тулгасан цэсээс аль нэгийг нь «дугуйлах» болдог. Дугуйлж байгаа нь юуны түрүүнд нэр дэвших, дэвшүүлэх эрхтнүүдийн сонголтыг л баталгаажуулж өгч байгаа л хэрэг юм. Ингэж баталгаажуулахыг үл хүссэн иргэд сонгуульд оролцдоггүй юм. Тиймээс энэ дэглэм нь нэр дэвших, дэвшүүлэх эрхгүй иргэдийн хувьд хэрэг дээрээ нэр дэвших, дэвшүүлэх эрхтнүүдийн эрхэнд, «хүний эрхэнд», «бусдын эрхэн дор» орших дэглэм юм. Харин нэр дэвших, дэвшүүлэх эрхийг барьж байгаа этгээдүүд сонголтын цэсийг зохиодог учир «луувангаа юу лаагаа юу» нь тэдний дурын асуудал. Чухам ийм дэглэм Монголд тогтчихоод байгаа юм. Тийм ч учраас «офшоортон л биш шүү» гэсээр байхад «С. Баярцогтыг эсвэл Сү. Батболдыг дугуйл!» гэж тулгаж чадаж байгаа юм. 
 
 Үндсэн Хуулийн суурь: Намын онц эрх мэдэл
 
Харамсалтай нь коммунист дэглэмийг халсан 1990 оны ардчилсан хувьсгалын үрээр батлагдсан 1992 оны Монгол Улсын Үндсэн Хууль эдүгээгийн олигарх дэглэмийн суурийг тавьсан юм. Уг Үндсэн Хууль
 
«Улсын Их Хурлын тухайн сонгуулийн дүнд бий болсон нам, эвслийн бүлэг тус бүрээс Улсын Их Хурлын дэд даргыг сонгоно» (24.1.);
«Улсын Их Хуралд суудал бүхий нам дангаараа буюу хамтран Ерөнхийлөгчид тус бүр нэг хүний нэр дэвшүүлнэ» (31.2);
«Улсын Их Хуралд олонх суудал авсан нам, эвслээс нэр дэвшүүлсэн хүнийг; аль ч нам, эвсэл олонхын суудал аваагүй бол хамгийн олон суудал авсан нам, эвсэл бусад нам, эвсэлтэй зөвшилцөн нэр дэвшүүлсэн хүнийг; хэрэв хамгийн олон суудал авсан нам, эвсэл бусад нам, эвсэлтэй зөвшилцөж Ерөнхий сайдад нэр дэвшүүлж чадаагүй бол Улсын Их Хуралд суудал авсан нам, эвсэл зөвшилцөн олонхоороо нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг тав хоногийн дотор Улсын Их Хуралд оруулах» (33.2)
хэмээн хуульчилж 1) зөвхөн нам, эвсэлд УИХ-ыг удирдах, Ерөнхий сайд, Засгийн газрыг байгуулах эрхийг, 2) зөвхөн УИХ-д суудалтай нам, эвсэлд л Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх онц эрхийг олгосноор ардчилсан бус дэглэмийн суурийг хуульчилсан юм. 
 
Эдгээр заалт мэдээжийн, зүй ёсны мэт боловч хэрэг дээрээ Монгол Улсын иргэд та, бидний туйлын (absolute), хүнийсгэгдэшгүй эсвэл хагацагдашгүй (inalienable), эзэн (sovereign) эрх болох төр барих эрхийг хурааж нам хэмээх бүтэц эсвэл байгууламжид (establishment) өгсөн хэрэг байв. Ингэснээр зөвхөн нам УИХ-ыг байгуулах, удирдах, Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх, Засгийн газрыг байгуулах онц эрхтэй болсон юм. Чухам эдгээр заалтуудаас болоод Монгол Улсын иргэн хэн боловч, түүний дотор УИХ-ын гишүүд ч тэр УИХ-ыг удирдах, Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх, Ерөнхий сайд, Засгийн газрыг байгуулах эрхгүй болж та бидний иргэний эзэн эрх хүнийсгэгдэж, та бид төр барих, төр засах эрхээ алдсан байна. 
 
Нам нь иргэдийн сайн дурын нэгдэл, нам байгуулах, намд элсэх, эсэх нь иргэн бүхний эрх нь мэдээж төдийгүй, иргэд сайн дураар нэгдэж нам-тал болон саналаа нэгтгэн нийтийн буюу төрийн хэрэг, бодлогод тусгах, нөлөөлөх, улмаар олонх болж нийтийн буюу төрийн хэрэг, бодлогыг шийдэх эрхтэй болохыг эрмэлзэх нь мэдээжийн хэрэг. Гэхдээ та бидний улс төрийн аливаа эрх, түүний доторсонгох, сонгогдох эрх та, бидэнд зөвхөн иргэн учраас л олгогдож буй туйлын, хүнийсгэгдэшгүй, эзэн эрх юм. Тиймээс энэ эрх өөр ямар нэг гишүүнчлэл, харьяаллаар хязгаарлагдах, хүнийсгэгдэх ёсгүй юм. Мэдээж та бид сайн дураараа нэгдэж нам-тал болон өөр өөрсдийн эрхээ сайн дураараа хэн нэгэнд эсвэл байгууллагад шилжүүлж, төлөөлүүлж болно. Тэр нь нам байж болно. Харин тэгээгүй байхад бидний энэ эрхийг хүнийсгэсэн бүтэц, байгууламжийг хөндлөнгөөс, дээрээс тохоож, тулгаж болохгүй юм. Чухам тийм учраас л АНУ-аас эхлээд Франц, Герман, Итали, Япон гэх мэт өрнөдийн ардчилсан улс орнууд хэдийгээр иргэд нь нам-тал болж төр барих хэргээ зохион байгуулдаг, улс төрийн намгүйгээр тэдний улс төрийн амьдралыг нь төсөөлөх боломжгүй ч Үндсэн Хуулиараа намд ийм онцгой эрх олгох нь битгий хэл, фашист нам мэтийг үүрд хориглосныг эс тооцвол намын тухай заалт оруулсан нь ч ховор. Учир нь ардчилсан бүгд найрамдах улсын үндэс нь иргэн байдагт оршино.
Нөгөө талаар Монгол Улсын иргэд нийтээрээ хэлэлцээд нам хэмээх байгууламжид нийтээрээ төр барих эрхээ сайн дураараа шилжүүлэхээр шийдсэн байсан ч тухайн байгууламж нь бидний иргэний туйлын, хүнийсгэгдэшгүй эзэн эрхээ эдлэхэд саад, хязгаар болох бус харин бидний эрхээ эдлэх, хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлэх индэр, тайз, платформ л байх ёстой юм. Түүгээр ч барахгүй ямар ч улс төрийн нам мөнх биш шиг, ерөөс улс төрийн намгүй ч үе байсан, нам байх ч албатай бус. Харин иргэнгүй ардчилсан бүгд найрамдах буюу бүгдээр засаглах төр улс гэж хэзээ ч байхгүй. Тиймээс ардчилсан бүгд найрамдах дэглэмд иргэний эрх ямар өөр нэг гишүүнчлэл, харьяаллаар хязгаарлагдаж, тодорхойлогдох ёсгүй юм. Тиймээс Үндсэн Хуулийн дээрх заалтууд Монгол Улсын иргэдийг нам ба нам бус, засаглагч ба засаглуулагч гэсэн 2 үндсэн ангид хувааж, намын гишүүн иргэдэд засаглах эрхийг олгож байгаа мэт боловч хэрэг дээрээ иргэн бүрийн төр барих эзэн эрхийг хүнийсгэж байгаа юм. Энэ нь мэдээж Үндсэн Хуулийн 1.2-т тунхагласан төрийн үйл ажиллагааны зарчмуудыг үгүйсгэсэн төдийгүй, бүгд найрамдах буюу республикийн засаглалын бүгдийн (публик) хэргийг (рес) бүгдээрээ засаглах суурь үзэл санаанд ч харш юм.
 
Чухам энэ хүнийсгэлт, чухам нам хэмээх байгууламжид иргэн бүрд байх ёстой эрхийг хурааж онц эрх болгон өгсөн нь Монгол дахь олигарх дэглэмийн Үндсэн Хуулийн суурь болж байгаа юм. Чухам энэ хүнийсгэлт, энэ монополь эрхийн «ачаар» МАХН-ын гишүүд, дэмжигчдийн хүчээр 4222 санал авч, 28.76 хувийн саналаар сонгогдсон О.Баасанхүү хэмээх гишүүн мөнөөх л МАХН-ын үнэмлэхийнхээ хүчээр «нам болж» Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх онцгой эрхийг атгаж Н. Энхбаяраар «бөгсөө долоолгон», Ц. Элбэгдоржоор «хошуу дэвсүүлэн» үнэд хүрэхийн туйлыг эдлэхийн сацуу иргэний бор зүрх, бодлого, үйлдлээрээ 11029 санал авч 41.61 хувийн саналаар сонгогдсон С. Жавхлан хэмээх гишүүнийг «эсгий хийх газар нохой хэрэггүй, чи энд юу хийгээд өлөнтөөд» байгаа юм бэ гэж нулимж чадаж байна бус уу. Үүнийг юу гэх вэ? Монгол Улсын иргэд, түүний дотор УИХ-ын гишүүд тэгш эрх, төр барих эзэн эрхээ эдэлж байна гэх үү? Эсвэл «нам дагаж», «бөгс долоож», «цүнх барьж», «хор найруулж» гүйгсэд онц эрхээ эдэлж байна гэх үү? Чухам ийм учир Монголын залуус «нам дагах», «бөгс долоох», «цүнх барих», «хор найруулах» мэргэшлийг сонгоод байгаа бус уу? Чухам та бидний туйлын, хагацашгүй, эзэн эрхийг хасаад, тэдгээр эрхийг намд өгчихсөн учир, Монгол Улсын иргэний улс төрийн эрх намын гишүүнчлэлээр хязгаарлагдаж байгаа учир л залуус ийм сонголт хийж байгаа юм.
 
Үндсэн Хуулийг 1992 онд баталсан АИХ-ын 430 депутатуудыг олигарх дэглэм тогтоох далд санаа өвөрлөж ингэсэн гэж буруутгах хэцүү ч тэдний ихэнх нь «төр, нийгмийг удирдан чиглүүлэгч» Үндсэн Хуулийн статусаасаа дөнгөж хагацсан МАХН-ын гишүүд байсан гэдгийг тэмдэглэх хэрэгтэй. Гэвч тэд мэдэхээсээ илүү мэдэхгүйн зовлонгоор ийм заалтуудыг баталсан болов уу. МАХН-ын «төр, нийгмийг удирдан чиглүүлэгч» статусыг халах гэж тэмцэж, өлсөж байсан манай ардчилагчид ч, хуулийн төслийг боловсруулалцсан Монгол мэргэд нь ч тэр дээрдэх юмгүй байсан юм болов уу даа. Харин зөвлөөд сууж байсан гаднын Үндсэн Хуулийн мэргэжилтнүүд ямар санаатай байсан, мөн батлагдаж байгаа заалтуудыг ойлгож байсан эсэх нь тусдаа асуудал. Хэрвээ Монголчууд далд санаа гаргахуйц хангалттай мэдлэгтэй, сэтгэлгээтэй байсан бол чухам эдгээр заалтууд нь нэгэн цагт Монголын төрийг гарах гарцгүй мухардалд оруулж, толгой сэгсрэхээс өөр аргагүй болгоно гэдгийг харах байсан биз ээ.
 
Дээр өгүүлснээр ямар ч улс төрийн нам мөнх биш, ерөөс улс төрийн намгүй ч үе байсан, нам байх ч албатай бус. Энэ байдлын аль нэгэнд хүрдэггүй юм гэхэд дараах нөхцөл байдлуудын аль нэг нь үүсвэл Монголын төр яах вэ?
 
УИХ-д 76 бие даагч сонгогдвол яах вэ? Бүгд нам бус учир УИХ, Ерөнхий сайд, Засгийн газраа яаж байгуулах вэ? Ерөнхийлөгчид яаж нэр дэвшүүлэх вэ? Бүгд нам бус учир УИХ, Засгийн газар байгуулах, Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх эрхгүй гээд сонгуулийг хүчингүй болгох уу? Эсвэл бүгдийг нь юм уу аль нэг хэсгийг нь ялгаварлан нам бол, нам байгуул гэх үү? Тэгвэл өнөөдөр С. Жавхлан гишүүн яагаад өөрөө, өөртөө нам болж, эсвэл нам байгуулж, Ерөнхийлөгчид нэр дэвшүүлж болохгүй гэж? Нам тутмаас нэг гишүүн бусад нь бие даагчид байвал яах вэ? Тэгвэл өнөөдөр O.Баасанхүү гишүүн намын гишүүний хувиар Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэхээр ханхалзаж байгаа шиг намын гишүүн гишүүдэд нь УИХ, Засгийн газрыг бүрдүүлэх эрхийг олгоно гэх үү. Тэгвэл аль намд нь олгоно гэх вэ?
УИХ-ын 72 суудлыг нэгэнтээ авч байсан МАН «нэгэн сайн/муу өдөр» 76-ууланг авбал Ерөнхийлөгчийн ямар сонгууль болох вэ? Коммунизмын жилүүдийнх шиг «энхрий хайрт МАН-ынхаа» Бага хурлаас дэвшүүлсэн ганц нэр дэвшигчээ «батламжлаад», эсвэл «ёсчлоод» түүнийгээ ардчилсан сонгууль гэх үү? Бүр цаашлаад МАН ямар ч хүн дэвшүүлсэн нийт сонгогчдын 50 хувь нь түүнийг хэрхэвч дэмжихгүй бол яах вэ? УИХ-аа тарааж дахин сонгууль явуулах уу? Иймэрхүү нөхцөл байдлуудыг урьдчилсан харсан байх учиртай бус уу? Чухам төрөө ингэж гацаан, мухардуулах хууль бүтээсэн учир л АИХ тэртээ 1992 онд мэддэгтээ, санаатайдаа бус харин мэддэггүйнхээ харгайгаар олигарх дэглэмийн суурийг тавьсан нь лавтай юм. Мэдэхгүйн зовлон бэрх. Харамсалтай нь Үндсэн Хуулинд мэдэхгүйн харгайгаар орсон, түүний улмаас Монгол Улс сүүлийн 25 жил хямарсан зүйл зөвхөн энэ биш. Гэвч энэ бол жич асуудал.
Олигарх тогтолцоо: Нам, Төв байгууллага, Дарга
 
 Ямар ч байсан Монголын төр 76 бие даагч, 76 суудалтай нам гэдэг эвгүй явдалтай тулгараагүйн харгайгаар иргэдийнхээ улс төрийн эрхийг хурааснаа ч тоолгүй, С. Жавхлан мэтийн бие даагчдыг, сонгогчидтой нь «жийж», О. Баасанхүү мэтийн гишүүнийг бүхэл бүтэн нам болгон «тахиж» иргэдээ, төдийгүй УИХ-ын гишүүдээ гэгээн цагаан өдрөөр, түмний нүдэн дээр улалзтал нь ялгаварлан гадуурхсаар 25 жилийг ч ардаа орхиод зогсохгүй олигарх дэглэмээ улам бүр бэхжүүлсэн байх юм. Үүнийг харин мэдэхгүйн харгай гэх хэцүү. Харин эсрэгээр эрх баригчид санаатайгаар өөрсдийн эрх мэдлийг хадгалах, нэмэгдүүлэх, бэхжүүлэх зорилгоор хийсэн үйлдэл.
 
Чухам тийм санааны бүтээл бол 36 суудалтай МАН, 34 суудалтай АН хоёр эвсэж, Н. Энхбаяр, Ц. Элбэгдорж хоёр «өвөр түрийдээ орж» их хурал, засгийг залж байхдаа 2005 онд баталсан «Улс төрийн намын тухай» хууль юм. Энэ хуулиар Монголд хатуу гишүүнчлэлтэй (3.2), бүртгэлтэй (9.3.7), өмч хөрөнгөтэй (14.1.5), гишүүдийнхээ эрх, ашиг сонирхлыг хамгаалах эрхтэй, төрийн эрх мэдлийг авах онцгой эрхтэй, зорилготой хүмүүсийн улс төрийн нэгдэл, нам хэмээх байгууламж «бүтээгдсэн» юм. Үнэндээ, АН, МАН «үгсэн хуйвалдаж» өөрсдийгөө хөрөнгөтэй бол хөрөнгөтэй, ашиг, орлоготой бол ашиг орлоготой, улсын төсвөөс татаастай, иргэд, хуулийн этгээдүүдээс хөрөнгө, мөнгө «гувчаастай», төрийн ба төрийн харьяаллын албан тушаал, эрх мэдлүүдийг бүрэн «захиран зарцуулдаг» болгон дархалсан нь энэ байлаа. Ийнхүү нам хэмээх УИХ, Засгийн газрыг байгуулах, Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх онц эрхтэй бүтэц МАН, АН болж биежсэнээр улс орны дотор өөрийн «иргэншилтэй», өөрийн «эдийн засагтай», татаас, татвар авахаас өгөхийг мэддэггүй мөртлөө улс орныг иргэдтэй нь, эдийн засагтай нь захирдаг, засагладаг онцгой «компаниуд» бий болсон ньхэрэг дээрээ Энхбаяр ба Ко, Элбэгдорж ба Ко нарын засаглалын хөсөг байв.
Улмаар уг хуулийн 13.7-гоор «Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон Улсын Их Хурлын сонгуульд … нэр дэвшүүлэх асуудлыг намын Их Хурал, эсхүл намын Их Хурлаас сонгож байгуулсан намын төлөөллийн төв байгууллага шийдвэрлэнэ» хэмээн хуульчилсан нь Монголын иргэдээс намуудын хурааж авсан онц эрхийг, Н. Энхбаяр, Ц. Элбэгдорж хоёр «төв байгууллага» гэгчид төвлөрүүлсэн хэрэг байв. Харин энэ «төв байгууллагыг» хэрхэн байгуулах эрхийг «намын дүрмээр зохицуулахаар» (11.1.) заасан нь хэрэг дээрээ уг эрхийг Н. Энхбаяр, Ц. Элбэгдорж тэргүүтэй олигархууд өөрсдөдөө авч үлдсэн хэрэг байв. Тэдний бодож олсон нэр дэвшүүлэх онц эрхийг «хадгалах банк» «төв байгууллага» нь МАН-ын 310 гишүүнтэй Бага Хурал, АН-ын 228 гишүүнтэй Үндэсний зөвлөлдөх хороо хэмээх бүтцүүд бөгөөд тэдгээр нь чухамдаа намууд бөгөөд эдгээр нь чухам Монголын олигарх клубууд юм. Ийнхүү 430 коммунистын харгайгаар УИХ, Засгийн газар байгуулах, Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх онц эрхийг монопольчилж авсан намын биелэл болсон МАН, АН хэмээх тус бүрдээ 180 мянган гишүүнтэй хэмээх засаглалын хөсгүүд Н. Энхбаяр, Ц. Элбэгдорж нарын хичээл зүтгэлээр Монголын 2 сая шахам иргэний сонгох, сонгогдох эрхийг 500 гаран олигархын гарт багцалж дөнгөсөн юм.
 
Түүгээр ч барахгүй уг хуулийн 20.5-д «Намын дарга намын санхүү, төсвийн үйл ажиллагаанд захиран зарцуулах эрхтэйгээр оролцохыг хориглоно» хэмээн өөр хаана ч дурдаагүй, гэхдээ намын хамгийн их эрх мэдэлтэн болохыг нь заасан «намын дарга» хэмээх албан тушаалыг хуульчилсан нь хэрэг дээрээ намд даргын эрх, дарх, засаглалыг тогтоож намыг «даргын» вант улс, намын гишүүдийг даргын «албат» болгосон хэрэг байв. Энэ нь хэрэг дээрээ коммунист намыг сэргээж, Н. Энхбаяр, Ц. Элбэгдорж нар өөрсдийгөө Мао, Брежнев, Бал нар шиг «дарга» болгон дархалсан хэрэг байв. Улмаар «дарга» нар тус тусын вант улсдаа намын дүрэм хэмээх хуулийг нь зохион өгөхдөө «намын дарга нь намын тэргүүн, намыг төлөөлнө» хэмээн тогтоосноор Н. Энхбаярын ам, толгой МАН-д элссэн 180 мянган Монголын ам, толгой, Ц. Элбэгдоржийн ам, толгой АН-ын 180 мянган Монголын ам, толгой болон хувирч даргын ам харсан, дарга шүтсэн, даргагүй бол толгойгүй, тэргүүнгүй, амгүй, үггүй, хэлгүй, үзэл бодолгүй, амьгүй, амьсгаагүй «албатын» дэглэм эргээд сэргэсэн юм. 
 
Түүний зэрэгцээгээр Ц. Элбэгдорж, Сү. Батболд, Д. Дэмбэрэл нараар толгойлуулсан олигархууд өөрсдийн онц эрхээ хамгаалах, Монголын улс төрийг зөвхөн өөрсдөдөө өмчлөхийн тулд 2011 онд баталсан «УИХ-ын сонгуулийн тухай» хуулиараа нам бус иргэдийн нэр дэвших, дэвшүүлэх эрхийг цуцлан, тэдний сонгогдох эрхийг зүтгэж байж олж авдаг зүйл болгосон төдийгүй, түүнийг нь ч боомилсон юм. Өөрөөр хэлбэл, иргэн зөвхөн сонгогдох эрхээ эдлэх боломжтой болох буюу УИХ-д нэрээ дэвшүүлье гэвэл нэг тойргоос гэхдээ «тухайн тойрогт хамрагдах аймаг, дүүрэг бүрийн сонгогчдын төлөөллийг оролцуулсан» 801 дэмжигчийг олж, зохих бүртгэлийг үйлдэж сонгуулийн байгууллагаар зөвшөөрөл авсны дараа сая нэр дэвшигчдийн жагсаалтад нэрээ бүртгүүлэх боломжтой болох юм.
Монгол Улсын нам бус иргэн танд сонгогдох эрх байна уу? Өөрөөр хэлбэл сонгогдох эрх танд таны сонгох эрх шиг Монгол Улсын иргэний чинь хувьд шууд олгогдож буй иргэний туйлын, хагацашгүй эзэн эрх байна уу? Эсвэл сонгогдох эрх таны хувьд ажиллаж, зүтгэж байж хүртдэг, олж авдаг зүйл байна уу? Ажиллаж, хөдөлмөрлөж, зүтгэж байж хүртдэг, олж авдаг зүйлийг эрх гэдэг бил үү, хөдөлмөрийн үр дүн, үр шим, хөлс гэдэг бил үү? Тийм учраас Үндсэн Хуулиар Монгол Улсын иргэд сонгох, сонгогдох эрхтэй хэмээн тунхаглагдсан боловч эрх баригчид «УИХ-ын сонгуулийн тухай» хуулиар үүнийг цуцалсан байгаа юм. Улмаар энэ зүтгэж байж олж авдаг зүйлийг нь боомилохын тулд нам байгуулахаас ч олон дахин бэрх шаардлагуудыг тавьсан байна. Нам байгуулагдахын тулд Монголын нэг сая 900 мянган сонгогчдоос хаанаас ч хамаагүй 801 гишүүнтэй болох ёстой бол, эгэл иргэн зөвхөн сонгогдох эрхээ эдлэх боломжтой болохын тулд 10-аас 20 гаран мянган сонгогчтой тойргоос 801 дэмжигчтэй болох ёстой бөгөөд тэдгээр дэмжигчид нь «тухайн тойрогт хамрагдах аймаг, дүүрэг бүрийн сонгогчдын төлөөллийг оролцуулсан» байх ёстой юм. Ийнхүү намаас гадуур өрсөлдөгч гарч ирэхийг ч боомилсон байна.
 
Чухам ийм иргэд нь нэр дэвших, дэвшүүлэх эрхгүй, «даргаас» өөр амгүй, амьгүй, үггүй, үзэл бодолгүй, толгойгүй, тэргүүнгүй дэглэм Монголд оршиж байгаа учраас л хэнд ч үл мэдэгдэх Обама шиг хар залуу, эсвэл хэн бүхний элэг болсон реалити ТВ шоуны Трамп шиг шар хөгшин үг хэл, үзэл бодлоороо намыг дагуулж, улсын ерөнхийлөгчөөр сонгогдох боломжгүй байгаа юм. Учир нь Монголд иргэдийнхээ нэр дэвших, дэвшүүлэх эрхийг намд хураасан, нам нь зөвхөн «даргын» тайз, «даргын» индэр, «даргын» платформ болж хувирсан байхад ардчилсан улс оронд, иргэд нь нэр дэвших, дэвшүүлэх эрхээ эдлэхийн дээр нам нь иргэн хэн бүрийн түүний дотор Обама шиг ч харын, Трамп шиг ч шарын улс төрийн, үзэл бодлын тайз, индэр, платформ байдаг юм. Чухам тийм учраас л Ардчилсан намын нэр дээр Хиллари Клинтон, Берни Сандэрс, Мартин О Малэй, Линкон Чафии, Ларри Лэссиг, Жим Вэб нар, Бүгд Найрамдах намын хаяган дээр Доналт Трамп, Жэб Буш, Бэн Карсон, Крис Кристи, Тэд Крүз, Карли Фиорина, Жим Гилмоор, Линдсэй Грээм, Майк Хакабий, Бобби Жиндал, Жон Касик, Жорж Патаки, Рэнд Пол, Рик Пэрри, Марко Рүбио, Рик Санторум, Скот Уолкэр нар Ерөнхийлөгчид азаа үзэж болж байгаа юм. Гэхдээ эдгээр нь 2016 оны 11 сарын 9-ны байдлаар АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд азаа үзэхээр Холбооны Сонгуулийн Комисст нэрээ бүртгүүлсэн 1821 (БНН-ын 301, АН-ын 233, бусад намын 749, бие даагч 538) нэр дэвшигчийн дотроос бидэнд танигдахуйц болсон цөөхөн хэд нь гэдгийг тэмдэглэх хэрэгтэй. Сонгогдох боломж хомс ч 538 иргэн нэрээ дэвшүүлэх эрхээ эдэлж байгаагийн илрэл, биелэл юм. Хэдийгээр АНУ-ын конгрессод БНН, бa АН-аас өөр ямар ч нам суудалгүй боловч бусад намын нэр дээр 749 хүний нэр дэвшигдсэн байгааг харж байгаа байх. Энэ нь иргэдийнхээ туйлын, хүнийсгэгдэшгүй эрхэнд халдаж тэдний нэр дэвших, дэвшүүлэх эрхийг намд, эрх баригч намд, даргад хураах ёсгүйг л харуулж байгаа юм.
 
Ийнхүү иргэдийнхээ нэр дэвших, дэвшүүлэх эрхийг намд, гишүүдээсээ Бага хурал, ҮЗХ хэмээх «төв байгууллагад» хураачихсан, улмаар бүхний ам, хэл, үг, үзэл бодол, толгой, тэргүүн болсон «дарга» залчихсан нь Монголд тогтоод байгаа олигарх дэглэмийн суурь, бүтэц, тогтолцоо юм. 
 
Дэглэмийн задрал: Дотоод сонгууль, Сунгаа, Нэрээ дэвшүүлэх эрх
 
 Гэвч Н. Энхбаяр, Ц. Элбэгдорж нарын бий болгосон олигарх дэглэм задарч байна. Энэ задралын үндэс нь 1990 оны ардчилсан хувьсгалаар Монголчуудын олж авсан нэг том ардчилсан ололт болох олон намын тогтолцоо буюу түүний биелэл болж бүрэлдэн тогтсон АН юм. Чухам АН бий болсны үрээр Монголчууд олон биш ч гэсэн дээрчлэх сонголттой болж, хязгаарлагдмал ч гэсэн сонгох эрхээ эдлэхүйц болсон юм. Тийм учраас өнгөрсөн сонгуулиудад Монголчууд эрх баригчдыг байнга шахам «зайлуулж» ирсэн билээ. Чухам энэ зайлуулалтууд олигархуудын дунд хэрүүл, эрх мэдлийн дажин үүсгэж, олигарх клубд ч өөрчлөлт оруулдаг юм. Тиймээс олигархын задралын үндэс нь Монголчуудын сонгох эрхэнд байгаа боловч задралын үндсэн шалтгаан нь «тос дотроосоо өтдөг» жамаар олигархуудын өөр хоорондын эрх мэдлийн төлөөх тэмцэл юм. Мэдээж тэдний тэмцэл нь «загас толгойноосоо өтдөг» жамаар «дарга» учраас Мао шиг, Брежнев шиг, Бал шиг насаараа «дарга» байх гэсэн Н. Энхбаяр, Ц. Элбэгдорж нарын санаархлаас үүдэлтэй юм.
 
Энэ задрал Ерөнхийлөгчийн сонгуулиар зайлуулагдсан Н. Энхбаяр «дарга» буцаад дарга суух гээд С.Баяр «даргад» хийгдэн, жийгдэн намаа хагалаж, сонголтын цэсэд хачир нэмснээр эхэлсэн юм. Гэхдээ энэ дажин олигарх дэглэмийг задлахуйц зарчмын ямар ч шинэ зүйл авчраагүй. Нэг «дарга» хоёр болж, нэг «дарга» нэмэгдсэн тооны л өөрчлөлт байлаа. Харин Н. Алтанхуяг «даргыг» чичлэн огцруулж, З. Энхболд «даргыг» ялагдуулан зайлуулж АН-д аврагчийн дүрээр ахин дарга суухаар улайрсан Ц. Элбэгдоржийн «хор», сонгогч олны олигарх-овшааруудыг үл тэвчих дургүйцэлтэй нийлээд тун нь хэтэрчихсэн нь олигарх дэглэмийн ээлжит дажиныг дагуулсан юм. Ц. Элбэгдоржийн «хэт алалт» түүний гар, хөлүүдийг ч арчиж, тэр нь харин цаг бусаар зайлуулагдсан Н. Алтанхуяг «даргад» эргээд дарга болно гэж зүтгэх боломж олгожээ. . Хэн нь дарга болохыг шийдэх ёстой ҮЗХ нэртэй олигархууд үндэслэгч, залгамжлагчийн талаараа тэнцэж, түлхэлдэж, толхилдож байхад ялагдсан өширсөн «дарга» З.Энхболд шазуур зааж үндэслэгч, залгамжлагч хоёрт үйлчилж өөрийг нь доромжилсон үхширсэн олигархуудаас бүрмөсөн салах арга сэдсэн нь АН-ын нэгэнтээ туршаад орхисон, Америкт сурахдаа технологийг нь харсан, ардчилсан гэж зөвтгөж болох, ард олны дэмжлэгийг авах арга болох дотоод сонгууль, сунгааг нэвтрүүлснээр олигарх дэглэмийн задралын үрийг үрслүүлээд байгаа юм.
 
З. Энхболдын дотоод сонгууль, сунгаандаа нэвтрүүлсэн зарчмын, хувьсгалт шинжтэй өөрчлөлт нь намын дарга, ҮЗХ болон Монгол Улсын Ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлэх эрхийг АН-ын 180 мянган гишүүнд олгосон явдал юм. Ийнхүү анх удаа намын «дарга», олигархуудын хураагаад авчихсан байсан нэр дэвших, дэвшүүлэх эрхийг намын гишүүддээ өгснөөр Монгол Улсын 180 мянган иргэн анх удаагаа Монгол Улсын Ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлэх эрхтэй болсон юм. Чухам энэхүү АН дахь ардчилсан хувьсгалын ачаар өнөөдөр Н. Алтанхуяг, Р. Амаржаргал, Г. Батхүү, Х. Баттулга, Э. Бат-Үүл, Л. Болд нар төдийгүй улс төрөөс аль эрт арилсан Баабар, сонгуульд тэр бүр амжилт гаргаад байгаагүй Д. Дорлигжав, П. Цагаан нар хүртэл нэрээ дэвшүүлээд байна. Өөр олон олон гишүүд нэрээ дэвшүүлэх үү яах уу гэж бодож байгаа байх! АН-ын 180 мянган гишүүнд баяр хүргэхийн ялдамд бүгдээрээ нэрээ дэвшүүлж анх удаагаа олдож буй энэхүү түүхт эрх чөлөөгөө эдлэхийн хамт, эрхээ хасуулсан элэг нэгт Монголчуудаа сэрээ гэмээр байна.
 
Айлын намын гишүүдийн эрх чөлөөнд атаархсан ах намын гишүүд «даргаасаа» дальдчивч, далд газар байж ядаж, бул хар чулуунд дарагдсан мэт байгаа нь ойлгомжтой. Нэг улсад, нэг хотод, нэг байранд амьдрах мөртлөө нэг нь Америкт нөгөөх нь Хятадад байгаа юм шиг байхаар аргагүй шүү дээ. Ядаж байхад «харц муу» Баабар, Бат-үүл, Дорлигжав хүртэл Ерөнхийлөгч болно гэж донгосоод, тунхаглаад, сагсуураад, басаад, басамжлаад байхад төр түшиж, ордонд заларч, яам сайдлаж, хурал даргалж, хууль тунхаглаж яваа Ц. Нямдорж, Ө. Энхтүвшин, Б. Бат-Эрдэнэ нар ямар нүгэл хийсэн гэж «даргад» хардагдаж, хялайлгагдаж, чичлүүлэгдэж, түмний доог, тохуу, даапаа болж явах билээ. Хяналттай, бүртгэлтэй, ханатай, хэрэмтэй, гишүүнчлэлтэй хаалттай нам байгаагүйсэн бол тэд аль эрт 11 онд Ар Монголд Өвөр Монголчууд дагаар орсон шиг АН-д дагаар орж, нэрээ дэвшүүлэх байсан биз ээ. Үнэнийг хэлэхэд үхширсэн, өмхийрсөн олигархуудаас өшөө авахыг бодсоноос бус үнэн зарчмын хувьсгал хийж байгаагаа З. Энхболд ч өөрөө ухаараагүй нь харамсалтай. Ухаарсан бол тэрээр аль эрт АН-ын үүд хаалгыг ард олонд нээж манай намд элссэн МАН-ын гишүүд ч хүртэл элссэн цаг, мөчөөсөө л эрх, эрх чөлөөгөө эдлэн Монгол Улсын Ерөнхийлөгчөөс эхлээд Монгол Улсын болон АН-ын сонгогддог бүх албан тушаалд өөрсдийн нэрсийг дэвшүүлэн өрсөлдөж болно оо гэж зарлаад Монгол Улсыг 1 сая 900 мянган сонгогчтой нь МАН-ын 179999 гишүүнийх нь хамт элсүүлж МАН-ын «даргыг» «албатгүй» шувталж байхгүй юу. Гэхдээ одоо ч оройтоогүй байгааг ойлгох биз ээ. 
 
Харин энэ бүхэн нүднийх нь өмнө, чихнийх нь хажууд гэгээн цагаан өдрөөр өрнөж, түм түжгэнэж, бум бужигнаж байхад харсан ч хараагүй юм шиг, үзсэн ч үзээгүй юм шиг, сонссон ч сонсоогүй юм шиг, дуулсан ч дуулаагүй юм шиг сохор, дүлий, хэлгүй царайлж бусдын үг, хэл, үзэл бодол, эрх, эрх чөлөөг хааж, хавчиж, бөглөж суугаа бул хар чулуу шиг «дарга» хэчнээн мэдрэмжгүй, хэчнээн мэдрэлгүй, хэчнээн харалган, хэчнээн харанхуй, хэчнээн бурангуй, хэчнээн дарангуй, хэчнээн ичгүүргүй, хэчнээн өрөвдөлтэй. Амьтны эрх, эрх чөлөөг боддоггүй юм гэхэд «албатаа алдаж, модоо барих» aюулын харанга дэлдэгдчихээд байхад анивчих ч үгүй алмай суух. Сүх далайтал, үхэр амар? Тэгээд бас болоогүй Монгол Улсын Ерөнхийлөгч болох санаатай? «Дарга» нь сэрдэггүй, сэтгэдэггүй тархи юм гэхэд намаа шинэчилнэ гэдэг Шинэчлэлийн хороо нөгөө Т. Аюурсайхан нар хаана байна? Намаа шинэчлэх төдийгүй аврах алтан боломж гарч ирчхээд байна бус уу? Эсвэл «даргынхаа» аманд дарагдаж суусаар шинэчлэх ч битгий хэл аврах ч юмгүй үлдэхээ хэрэг үү?
 
Гэхдээ хамгийн эмгэнэлтэй нь энэ бүх эрх, эрх чөлөөг АН-ын гишүүд, аав нь, ээж нь, эгч нь, ах нь, дүү нь, найз нь, нөхөд нь, танил нь, тал нь эдэлж байхад мэдрэх ч үгүй, мэдэх ч үгүй, өөрсдөд нь огт хамаагүй өөр улс орны хэрэг юм шиг байгаа өөрсдийгөө бид юу гэх вэ? Муусайн олигархууд, муусайн овшаарууд гэж орилох, занах, зүхэх мөртлөө, олигархад өшсөн хүн нүднийх өмнө нь тэр муусайн олигархуудыг өөрсдийнх нь оролцоотойгоор устгаад, арилгаад, арчаад арга, замыг нь заагаад, үүдийг нээгээд байхад хашааны гадуур бэлчих хонь, мал мэт яваад байгааг юу гэх вэ? Учрыг нь олж хужрыг нь тунгааж улс Монголдоо эзэн сууж боломж гээд ухасхийн босож, уухайлан түрж, түрхэрэн босож, түшин авч төрийн хуулиа засаж түмэн олноороо нэр дэвших, дэвшүүлэх эрхээ олж улс орондоо эзэн болохын оронд увайгүй царайлж, усан нүдэлж, ухаанд нь ухна ишиг унасан мэтээр муусайн олигархууд бие биенээ хэмнэж байна гээд жишим ч үгүй ярвайхыг юу гэх вэ? Үхэр Монголчууд бил үү эсвэл «тэнгэрийн үр» Чингисийн угсаа, саруул ухаант Монгол хүн бил үү бид?
 
Зөвлөмж
 
Энэ алтан боломжийг ашиглаж нэр дэвших, дэвшүүлэх эрхээ гартаа авч улс орон, хувь заяандаа эзэн сууж, улс шиг улс, иргэн шиг иргэн больёо гэвэл Монгол Улсын иргэн та бидэнд хэд хэдэн арга зам байна. Гэхдээ хамгийн хялбар, хамгийн дөт зам бол АН-д шаардлага, санал хоёрыг зэрэг тавих явдал. Шаардлага нь АН шинээр элссэн гишүүн бүрт элссэн цаг, мөчөөс эхлээд AН-ын гишүүний бүрэн эрхийг олгох, санал нь хэрвээ АН шаардлагыг ёсоор болговол Монгол Улсын иргэн бүр түүний дотор МАН-ын гишүүд, УИХ-ын гишүүд ч тэр, тухайлбал Ц. Нямдорж, Ө. Энхтүвшин, Б. Бат-Эрдэнэ өөрөөр хэлбэл Монгол Улсын Ерөнхийлөгч болох санаатай өөр хэн байна тэр бүр АН-д үтэр түргэн элсэх хэрэгтэй. Үнэндээ энэ шаардлага, санал нь АН-д ашигтай санал учир уг санал, шаардлагыг хүлээж авахгүй байх шалтгаан АН-д байхгүй. Ийнхүү АН-д элссэнээр та бид бүгд нэр дэвших, дэвшүүлэх эрхээ эдлэж, Монгол Улсын Ерөнхийлөгчид ч нэрээ дэвшүүлж, сонгох, сонгогдох, төр барих, хаших эрхээ бүрэн дүүрэн эдлэх боломжтой болно. Ингэснээр Монгол Улсын Үндсэн Хууль, «Улс төрийн намын тухай», «УИХ-ын сонгуулийн тухай» зэрэг бүх хууль тогтоомжийн бурангуй, дарангуй заалтууд утга учраа алдана. Мэдээж нэгэн зэрэг иргэний эзэн эрх, тэгш эрхийг зөрчсөн бурангуй, дарангуй хууль тогтоомжоо өөрчлөхийг УИХ-аас шаардаж, Үндсэн Хуулийн цэцэд ч хандаж болно. Гэхдээ ийм шаардлагатай шаардлагагүй та бүхнийг АН-д санал, шаардлагаа хүргэх мөчид л «дарга» сэрж дээрх хууль тогтоомжуудыг хүчингүй болгож, С. Жавхлан танд ч, Н. Энхбаяр танд ч, Ц. Нямдорж танд ч, Ө. Энхтүвшин танд ч, Б. Бат-Эрдэнэ танд ч нэр дэвших, дэвшүүлэх эрхийг тань олгох болно. Зөвхөн «Дарга», О. Баасанхүү хоёр л онц эрх дархаа алдана. Гэхдээ хоёрхон хүний онц эрх дархын төлөө хотол Монголын 2 сая сонгогчдын эрх ашгийг хохироож болохсон бил үү?  
 
Макс Планкийн Нийгмийн Антропологийн Хүрээлэн, зочин судлаач Др. Л. Мөнх-Эрдэнэ