Агаарын бохирдлоос болоод алтан дэлхийд хүн болон төрж чадаагүй мянга мянган нялхсын өмнөөс таньд хандан өршөөл эрэх минь. 
Сүүлийн жилүүдэд миний нэгэн адил нярай хуүхдүүд хэвлийдээ амьгүй болж зулбалт эрс ихэсч байгааг юуны өмнө та анхааралдаа аваарай. Хорвоо ертөнц дээр хүний амь тэр тусмаа нялхсын амь нас та нарын хариуцлагагүйгээс егүүтэж байгааг ярих олон олон гэрчүүд байгааг та сонсоно биз дээ. 
Агаарын бохирдлоос үүдэн нярайн цусны улаан бөөм хүчилтөрөгчийн хангамж муу учир бидний тархинд очих хүчилтөрөгч багасдаг гэнэ. Ингээд бидний хүссэн хүсээгүй хэвлийн дотор байхад минь тархины даралт ихсэх өвчний суурь нь тавигдчихдаг юм байна. 
 
Өнөөдөр Улаанбаатарт төрж байгаа бидний үеийнхэн бараг 100% тархины даралттай төрдгийг эрхбиш та мэддэг байх гэж найдна.  
 
Агаарын бохирдолтой энэ үед миний чацуутнууд хэвлийд байхдаа л хүчилтөрөгчийн дутмагшилтай болдог учраас толгой маань занхайдаг юм байна. Ийм занхгар толгойтнууд ээжүүдийнхээ төрөлтийг хүндрүүлдэг, толгой гадагшлахгүй удахаараа бид дахиад хүчилтөрөгчийн дутагдалд ордог гэнэ. Ингээд бидний тархинд хоёр дахин илүү шингэн хурж, тархины даралттай болдог юм байна. 
Агаарын бохирдлоос болоод бидний эхчүүдийн бие организм маш ихээр хордож байна.
 
Утаанаас үүдсэн маш жижиг хэмжээний тоосонцрууд /РМ 2.5/ тэдний судасны нарийсал үүсгэдэг учир судасны хатуурал өвчинд нэрвэгдэх болсон байна.   
Хамгийн аймшигтай нь агаарын бохирдлоос үүдэн нярай бидний цус бохирдож зүрхний цорго цоорсон байдаг учраас хорт бодисууд цусанд минь шууд ордог ажээ. 
Азтай төрсөн ч бидний үеийхний дотор зүрхний цорго нь цоорхой, тагнай нь сэтэрхий хүүхдүүд өдрөөс өдөрт нэмэгдэх боллоо.  
Агаарын бохирдлоос үүдсэн зүрх судасны өвчлөл ихэсч, жилд дунджаар 5000 гаруй хүний зүрх хаагдаж, амь насаа алдаж байгааг та анхааралдаа аваарай. 
Энэ хотод өдөр бүр мэндлэх хэдэн зуун үрсийн амь амьдралыг дэнслэх их үүрэг таньд өнөөдөр ногджээ. Таны үр ач нарыг бурхан тэнгэр ивээх болтугай.
 
 
Хорвоод мэндэлж чадалгүй буцсан үрсийг төлөөлөн хотын иргэн Ш.Пүрэвсүрэн мутарлав.
 
2018-2-28